Цахим орчинд, ялангуяа фэйсбүүк болон бусад сүлжээнүүдээр "нууцлагдсан тоо таавал шагнал авна" гэх мэт залилангийн тоглоомууд олширч байна. Залилагчид энэ төрлийн тоглоомыг ашиглан хүмүүсээс хувийн мэдээлэл авах, эсвэл урьдчилгаа төлбөр нэхэж залилдаг нь түгээмэл болжээ. Тэгвэл цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүйг цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр онцоллоо. Өөрөөр хэлбэл, нууцлагдсан тоо таагаад та шагнал авах биш алдах нь их байх болно. Харин мөнгө олох гэхээсээ илүү алдаж, бас өрөнд орж, эцэс сүүлдээ эрүүгийн хариуцлага ч хүлээж болзошгүйг хуулийн байгууллага анхаарууллаа. Тоглоомын залилан гэж юу болох талаар тов сэрэмжлүүлэг хүргэе.
- Тоглоомын залилан гэж юу вэ
- Залилагчдын арга: Ийм тоглоомууд нь ихэвчлэн "тоо таагаад шагнал хож" эсвэл "энэ үгийг зөв таавал бэлэг авна" гэх мэт энгийн уриалгаар хүмүүсийг татдаг. Эдгээр уриалгууд нь ихэвчлэн орчуулгын програм эсвэл хиймэл оюун ухаан ашиглан бичсэн байдаг тул үг найруулга нь эвгүй, алдаатай байх нь олонтаа. Зарим тохиолдолд шагнал авахын тулд урьдчилгаа төлбөр төлөх шаардлага тавьдаг.
- Түгээмэл шинжүүд: Эдгээр тоглоомууд нь ихэвчлэн хэт өндөр шагнал амлаж (жишээ нь: үнэтэй утас, их хэмжээний мөнгө гэх мэт), маш амархан нөхцөлүүд санал болгодог. Түүнчлэн ийм төрлийн зарууд ихэвчлэн фэйсбүүк группүүд дээр тавигддаг бөгөөд хувийн мэдээлэл эсвэл төлбөр нэхдэг.
- Сэргийлэх арга: Ийм тоглоомын талаар болгоомжтой байх нь чухал. Хэтэрхий их шагнал амлаж байгаа эсэхийг эргэлзэж хараарай. Албан ёсны эх сурвалж мөн эсэхийг шалгаж, хэзээ ч хувийн мэдээллээ үл таних хүмүүст өгөхгүй байх хэрэгтэй. Шагнал авахын тулд урьдчилгаа төлбөр нэхэх нь залилангийн хамгийн нийтлэг арга тул иймэрхүү саналыг хүлээж авахгүй байх нь зүйтэй. Хэрэв та ийм төрлийн залиланг олж харвал олон нийтийн сүлжээнд бусдад сэрэмжлүүлээрэй.