УИХ дахь АН-ын баасан гарагт “Төсвийн бодлого-Бизнесийн орчин” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүд, эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, бизнесийн төлөөлөл оролцсон. Тэд сүүлийн жилүүдийн төсвийн бодлого, орлого, зарлагын бүтэц, төсвийн тэлэлтийн эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлсэн нөлөөллийг дүгнэн, 2027 оны төсвийн төсөл хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар санал солилцлоо.
Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 41.3, зарлага 43.6, алдагдал хоёр их наяд төгрөг байхаар тусгасан. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар “2027 оны төсвийг энэ хэвээр баталбал инфляц 2-3 хувиар өсөх байх. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ нэмж, бусад арга хэмжээ авна. Зээлийн хүүг бууруулах боломж багасна. Долоодугаар сард бизнесийн дундаж зээл 17.4 хувьтай байгаа” гэв. Эдийн засагчид ирэх оны төсөвт бүх мөнгөн урсгалыг хамж, нэг дор бөөгнүүлсэн, зардлыг жилийн дотор 30 хувиар өсгөсөн, төсвийг дагалдуулан хөнгөлөлт эдлүүлдэг нь шударга өрсөлдөөнийг боомилж байна гэх мэтээр шүүмжилжээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Би хоёр зүйл дээр хатуу зогсох ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Мөн Төсвийн хүрээнийхээ мэдэгдэлд багтааж төсвөө өргөн барих ёстой. Эл Засгийн газарт ухаарах боломж байхгүй. Олонх болж чадахгүй, огцорч ч магадгүй ийм нөхцөлд тэд төсвийн төсөлд сайн сайхан л зүйлд амлана. Асуудалд хоноцын сэтгэлээр хандаж байгаа улс төрчид хариуцлага хүлээхгүй. Засгийн газар ойр ойрхон солигдож буй суурь шалтгаан бол төсөв тэлдэг байдал” гэсэн юм.
С.Уул