Ухаа худагийг ярихын тулд Тавантолгойн ордыг тайлбарлах хэрэгтэй болно . Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг 1940-1989 он хүртэл нийтдээ 12 удаа хийжээ. Ингэхдээ 1978 онд 250 200, 1979 онд 933 600, 1982 онд 21 106 900, 1983 онд 1 203 600, 1984 онд 1 582 235, 1986 онд 2 192 800, 1989 онд 16 697 702 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын төсвөөс гаргасан байна. Энэ нь нийтдээ 43 967 037 төгрөг болж буй бөгөөд үүний 16 637 702 нь Ухаа худаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хийсэн хайгуулын зардал аж . Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог . Баруун өмнөд, Бор толгойн, Зүүн, Ухаа худагийн, Цанхийн хэсэг гэж хуваагддаг юм.
Ухаа худагийн хэсгийг 1974-1977 онд бүлэгчилсэн геологийн зураглалын ажлаар илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа, 1984-1986 онд эрэл, 1984-1987 онд урьдчилсан хайгуул хийж гүйцэтгэсэн. А+В+С1-225 899.7 мянган тонн, С2-133 327.2 мянган тоннын нөөцтэй.
“Тавантолгойн коксждог нүүрсний ордоос тенологийн дээж авч, хагас заводын туршилт хийлгэх тухай” Улсын төлөвлөгөөний комиссын 238 дугаар тогтоол 1983 оны есдүгээр сарын 14-нд батлагджээ.
Тогтоолд “Тавантолгойн ордоос хагас заводын туршилт хийлгэх технологийн дээж авах зорилгоор явуулах уулын ажлын төсөл, төсвийг аравдугаар сарын 15-ны дотор зохиож, нэвтрэлтийн ажлыг 1984 оны хоёрдугаар улиралд багтаан бүрэн дуусган, дээжийг авч зохих журмын дагуу Оросын холбогдох институтэд явуулахыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд даалгасугай” гэжээ.
Энэ дагуу хийгдсэн Ухаа худагийн ордын урьдчилсан хайгуулын үр дүнг Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны хурлаар хэлэлцсан байна.
Тэр хурлын тэмдэглэлд “Ухаа худагт 1984- 1986 онд хэрэгжүүлсэн эрэл үнэлгээний ажил нь онц чухал хэрэгцээт К болон Ж маркийн коксжих нүүрсний талбайг илрүүлэх зорилготой байв. Ухаа худагийн хэтийн төлөв бүхий талбайд урьдчилсан хайгуулыг 1987 онд хийсэн. Энэхүү талбай дахь нүүрсний үзүүлэлт нь Цанхийн талбайн нүүрстэй ойролцоо байна
Ухаа худагийн талбайд эрэл хайгуулын шатанд нийт 25 327.3 тууш метр эзэлхүүнтэй 11 цооногийн дийлэнхийг талбайн зүүн хэсэгт өрөмдсөн байна.
Ухаа худагийн талбайд 624 метр зузаантай нүүрсний ордын ил хэсэгт 1-16.51 метр зузаантай, үйлдвэрлэлийн зориулалттай 11 давхраас болон түүний нийлмэл давхаргуудаас тогтоно. Нийт ашигт давхаргын зузаан нь 51.43 метр, эдгээрээс үйлдвэрлэлийн ач холбогдолтой долоон давхарга байх бөгөөд нийт ажлын зузаан нь 31.48 метр.
Нүүрсний найрлагыг эрдсийн бүрэлдэхүүн, метаморфизмын зэрэглэлээр тодорхойлдог. Нүүрсийг коксжих, тослог, хийн нүүрс гэж ангилна. Ухаа худагийн болон Цанхийн талбайн төв хэсгээс авсан өрмийн дээж, 1, 2, 3, 5 дугаар налуу амнаас авсан дээжүүдтэй 0, III, IV давхаргын нүүрсний чанарыг харьцуулж үзэхэд тэдгээр нь үндсэн технологийн үзүүлэлтүүдтэй ижил буюу ижил төстэй болохыг харуулж байна.
Гурван цооногоос авсан фракцын шинжилгээгээр Ухаа худагийн талбайн нүүрс нь Цанхийн талбайн төв хэсгийн нүүрстэй төстэй байна
Ухаа худагийн талбайн уул техникийн болон гидрогеологийн нөхцөлийг хангалттай судалсан. Ухаа худагийн талбайн ирээдүйн карьерын 100 ба 200 метрийн гүнд орох усны хэмжээ 80-100 м3/ цаг байна гэж тооцоолсон. Талбайн гүний ус нь Цанхийн адил давслаг, сульфатын ионы агууламж 880-1020мг/л болжихэсдэгтул бетон болонтөмөр бетон бүтээцтэй харьцахад сульфатын түрэмгий чанар ихэсдэг. В+С1+С2+Р1+Р2 ангиллаар Ухаа худаг, Бор толгой, Зүүн талбайн нүүрсний нийт нөөц нь тооцооллын хил хязгаарт 1346.7 сая тонн, үүний 286.4 сая тонн нь коксжих нүүрс юм. Түүний дотор +1200 түвшинд 928.4 сая тонн, үүнээс 235.8 сая тонн нь коксжих нүүрс байна.
Ухаа худагийн талбайд нүүрсний нийт нөөц 411.5 сая тонн, үүнээс 252.1 сая тонн нь коксжих нүүрс, 1200 метрийн түвшинд буюу 310-350 метрийн гүнд тус талбайн нүүрсний нөөц 291.8 сая тонн, үүнээс 208.3 сая тонн нь коксжих нүүрс байгаа бөгөөд нийт хөрс хуулалтын харьцаа нь 10 м3/т нүүрс. Хөрс хуулалтын харьцааны хувьд ил уурхайд хамгийн тохиромжтой 3 м3/т бүхий талбайн зүүн хэсгийн хайгуулын түвшин нь нарийвчилсан хайгуулын шатанд ойртсон бөгөөд нөөц нь 106.0 сая тонн, үүнээс 88.7 сая тонн нь коксжих нүүрс юм” хэмээн тэмдэглэлд тусгажээ. Улмаар тус зөвлөлөөс “Ухаа худагийн тал¬байн нүүрсний нөөцийг В+С1+С2 зэрэг¬лэлээр 288.6 сая тонноор, түүний дотор В+С1+С2 зэ¬рэг¬лэлийн коксжих нүүрсийг 206.8 сая тонноор баталсугай.
Орост хийсэн судалгааны үр дүнд Ухаа ху¬дагийн талбайн нөөц, түүнчлэн 0, III, IV давхаргын нүүрсний чанарын үзүүлэлт бараг ижил байгаатай холбогдуулан Ухаа худагийн талбайн нүүрсний нөөцийг үндэслэл болгон ашиглаж Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулахыг холбогдох байгууллагуудад зөвлөсүгэй.
Геологи хайгуулын ажил явуулахад гаргасан зардал болох 16 637 702 төгрөгийг Геологийн төв экспедицийн балансаас хассугай.
Ухаа худагийн талбайн хайгуул хийсэн нөөцийг Улсын нөөцийн хороонд хэлэлцүүлэхээр танилцуулсугай” гэсэн тогтоол гаргажээ.
Мөн Нүүрсний салбарын шинжлэх ухаан техникиийн зөвлөл 1989 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуралдаж, Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээх уулын үндсэн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн байна.
Тэндээс “Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээж ашиглах хөрс хуулалтын ажлын явцад уул геологийн зарим тодорхойлолт өөрчлөгдсөн. Зураг төсөл боловсруулах үед сонгон авсан уул тээврийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтын эхний жилүүдэд олж нийлүүлэх, ажиллуулах бодит боломж байхгүй байдлыг харгалзан үзэж, уурхайн ашиглалтад өгөх үеийн ажлын зурагт өөрчлөлт оруулан, батлагдсан төсөвт өртгийн хэмжээнд багтаан уг ажлыг хийж хийж гүйцэтгэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь тэмдэглэлд үлджээ.
Тухайн үеийн танилцуулгад “Тавантолгойн коксждог нүүрсний ордод 1985-1988 онд нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Ордын төвийн хэсгийг хамруулж нарийвчилсан судалгаа хийж тайланг хамгаалаад байгаа. Энэ ажлын үр дүн нь өмнө хийгдсэн судалгаанаас нөөцийн хэмжээ өөрчлөгдөөгүй, цаашид судалгаа үргэлжлэн хийгдэж нөөц тогтоогдох тул энэ онд хөдөлгөөн хийхдээ хуучин хэвээр нь авав.
Нүүрсний чанар нь сайн, хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Уул геологийн болон техникийн нөхцөлийн хувьд одоогийн VIII давхаргад ашиглалт явуулж байгаа хэсэгт нүүрсний давхарга нь 30-45 градусын уналттай болж буй тул хөрс гэнэт зузаарч байгаа юм. 1988 оноос IV давхаргаас олборлохоор хөрс хуулалтын ажил хийж байгаа бөгөөд 1990 оноос нүүрс олборлох зорилготой байна.
1989 онд А, В зэргийн нөөцөөс ашиглалт явуулаагүй. С1 зэргийн нөөцөөс 137.3 мянган тонн нүүрс олборлож орон нутгийн түлшний хэрэгцээг хангасан. Ашиглалтын явцад таазны цэвэрлэгээгээр 1.9 мянган тонн нүүрсийг С1 зэргийн нөөцөөс хаягдал болгов. 1990 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ба¬лансын үлдэгдэл нь А зэргээр 16747.56, В зэргээр 70 739.6, А+В зэргээр 87487, С1 зэргээр 1 131 168.4, А+В+С1 зэргээр 1 218 654.8, С2 зэр¬гээр 377 692.28, бүгд 1 596 347.2 мянган тонн балансын нөөц¬тэй байна” гэж тэмдэглэн үлдээжээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ