Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний шуурхай хуралдаанаар хотын 90 байршилд гадаадын франчайз үйлчилгээтэй авто зогсоол барихаар төлөвлөснийг иргэд, олон нийтэд мэдээлсэн билээ. Ингэснээр зогсоолын тоо 70 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо ч гаргасан байв. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ гэж албаныхан тооцсон. Тэгвэл уг ажил өдгөө хэр зэрэгурагштай явж буй талаар тодруулахад өнөөх франчайз гэх гоё нэршил ч үгүй болж, нийслэлийн 50 байршилд төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулахаар болсныг хэллээ.
Хотод машин барьж, төвөөс ямар нэгэн үйлчилгээ авна гэдэг бэрх. Зогсоолгүйн зовлон их, байгаа хэдийнх нь үнэ тэнгэрт хадчихсан болохоор иргэд төв зам дагуу, эсвэл зориулалтын бус газар машинаа байрлуулахаас өөр аргагүйд хүрдэг. Авто зогсоолуудын удирдлага, зохион байгуулалт өдий болтол нэгдсэн бодлого, шийдэлгүй, төлбөртэй үйлчилгээ явуулдаг хэдхэн хүний “өнгө үзэмжээр” үнэ тогтоож ирсний горыг иргэд лнуруундаа үүрч яваа. Уг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид аль эрт буюу 2019 онд нийтийн эзэмшлийн төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байж. Гэвч одоо л эхнээс нь ажил хэрэг болгож байгаа аж. Тодруулбал, “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”- ийг төр, хувийн хэвшлийнтүншлэлээр 2023 оноос хэрэгжүүлж, өдгөө 21 байршил дахь авто зогсоолын үйл ажиллагааг эхлүүлээд буй юм байна.
НИЙСЛЭЛД 119 676 АВТО ЗОГСООЛ ШААРДЛАГАТАЙ
Дэлхийн банкнаас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119 676 зогсоол шаардлагатай гэсэн. Тодруулбал, төвийн зургаан дүүргийн 1801 байршилд автомашин байрлуулах тэмдэг, тэмдэглэгээ бүхий зориулалтын 113 356 зогсоол байгааг судалгааны багийнхан тоолжээ. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр бөгөөд нэг жолооч машинаа байрлуулахын тулд дунджаар 26 минут бэдэрч буйг ч тогтоосон байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд байранд амьдарч буй айл өрхүүд 199 676 тээврийн хэрэгсэлтэй хэрнээ орон сууцын хорооллууд нь 80 мянган л зогсоолтой. Энэ нь зогсоолын хүртээмж 40 хувьтайг илтгэх үзүүлэлт юм.
Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Хотод 06.00-20.00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин ямар байгааг, түүгээр үйлчлүүлэх зорилгыг судлахад харилцан адилгүй дүн гарсан. Өдрөөр оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцын бүсэд зогсоолын эрэлт өндөр. Хүртээмжийг одоогийнхоос нэмэгдүүлж, 75 хувьд хүргэх нөөц бололцоо бий. Ингэхийн тулд одоо байгаа авто зогсоолуудын ашиглалтыг нэмэгдүүлэх, шинээр байгуулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээн мэдээлж байв. Үүнээс төлбөртэй зогсоолуудын менежментийг тордох төсөл нь л урагштай яваа аж.
“ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДУРААРАА ҮНЭ ТОГТООДОГ БАЙСАН”
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанийнхан “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн ач холбогдол, үр өгөөжийн талаар тэднээс тодруулахад “Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2014 онд 443 мянга байсан бол өнгөрсөн жил 796 мянга болж нэмэгдсэн. Үүний улмаас иргэд явган хүний зорчих хэсэг, авто замын нэгдүгээр эгнээ гэхчлэн сул чөлөөтэй талбай юу л байна түүнийг зогсоол болгож, хөдөлгөөнд саад учруулсаар ирсэн. Тиймээс эдгээр асуудлыг бага ч болов шийдвэрлэх нэг гарц нь төлбөртэй зогсоолуудыг менежментээр сайжруулах явдал юм. Төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн, тээврийн хэрэгслийн стандарт бүхий зогсоолын нэгдсэн удирдлагын систем бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд барилга, байшингийнхаа ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хашлага татаж, зогсоолын төлбөр авдагявдалбуурна. Иргэд ч сул зогсоол хайж замын түгжрэл үүсгэх нь багасаж, цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх боломжтой. Нийслэлийн хэмжээнд 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн мэдлийн барилгын ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоолын үйл ажиллагааг төлбөртэй, дураараа явуулж ирсэн. Энэ бүхнээс үүдээд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын нэгдсэн системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Төслийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 50 байршилд үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулан, нэгдсэн системд холбох юм. Хотын төвд зогсоолын тоог цаашид нэмэгдүүлэх боломж бага тул байгаа хэдээ өөд нь татаж, зөв зохистой ашиглах нь зүйтэй” гэсэн юм.
Төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн байршил сонгох, төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажлыг нийслэлийн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хариуцаж буй аж. Төсөл хэрэгжүүлэгчид одоогоор 26 байршилд тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 21-ийнх нь үйл ажиллагааг эхлүүлжээ. Бусад тавыг нь ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад оруулнагэсэн. Тоног төхөөрөмж суурилуулсан зарим байршилд өмнөх хариуцагч нар нь иргэдээс авто зогсоол ашигласны төлбөр, хураамж хууль бусаар авах, техник хэрэгслийг нь эвдэж гэмтээсэн тохиолдол ч гарчээ.
ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛНО
Хотын даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Авто зогсоолуудын нэгдсэн бүртгэл, төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлж, тээврийн хэрэгслийн ил, далд, автомат, олон давхар зогсоолуудыг дэвшилтэт техник, технологи ашиглан шинээр барьж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн тусгажээ. Төлбөртэй зогсоолуудыг системчлэх дээрх төслийн хүрээнд тоо нь2400-гаар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь нийслэлд шаардлагатай 119 мянган зогсоолын хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ зогсоолуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгох ажил үүнээс эхэлж буйг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанийнхан онцолно лээ.
Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төслийг нийслэлийн Засаг даргын 2023 оны холбогдох захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг, 50 байршил дахь нийтийн эзэмшлийн зогсоолын менежмент, засвар арчлалтыг хариуцан гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулахыг үүрэг болгож байж. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, 2023 оны тавдугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 28 хүртэл нээлттэй тендер зарлажээ. Уг тендерт хуулийн долоон аж ахуйн нэгж оролцсоноос “Эн ти би” болон “Грейпсити Монгол” ХХК-ийнхан төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна. Тэд гэрээт хугацаандаа Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлагын дагуу засвар, үйлчилгээ (талбайн тохижилт асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээ)-г тогтмол хийх, зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер, шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг суурилуулах, зогсоол захиалгын үйлчилгээ бий болгох гэх мэт ухаалаг систем хөгжүүлэх, төлбөр тооцооны цахим хэтэвчийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн “Smartсar” системтэй холбогдох, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй байх зэрэг үүрэг хүлээх гэнэ.
ТӨСӨВТ 131 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ ГЭВ
Төсөл хэрэгжүүлэгчид дээрх байршлуудад мод тарьж, ногоон байгууламж бий болгох, цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан хурдан цэнэглэгч станц ч суурилуулах аж. Гэрээт компаниуд төсөл хэрэгжүүлэх 12 жилийн хугацаанд зогсоолын нийт орлогынхоо тодорхой хувийг татварт төлж, нийслэлийн төсөвт нийт 131 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоолол гарчээ. Авто зогсоолын нэг цагийн төлбөрийг зах зээл дэх үнээс 4-5 дахин хямд байхаар талууд гэрээндээ тусгажээ. Зогсоолуудад машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх тул нийслэлд төлөх мөнгө нь ч дагаад өснө гэж албаныхан үзэж байна. Цаашид иргэдийг худалдаа наймааны болон эмнэлэг, төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд нь зориулж, өмнө нь зөвшөөрөлгүй машин тавьдаг байсан, III, IV хороолол, Хүүхдийн 100 зэрэг орчмын авто замын нэгдүгээр эгнээг зогсоол болгож, гар утасны аппликейшнээр сул зогсоолын байрлалыг харах, захиалга өгөх боломжоор хангах гэнэ. Эдгээр буюу техник, технологийн ажлыг авто зогсоолуудыг засаж, шинэчилсний дараа үе шаттайгаар хийх ажээ.
Гэвч төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулах эдгээр 50 байршлын арвынх нь газар доогуур дулааны шугам сүлжээ дайран өнгөрсөн гэх шалтгаанаар төслөөс хасжээ. Мөн 10 байршил дахь төлбөртэй зогсоолуудын үйл ажиллагааг өмнө нь явуулж байсан хувь хүн, аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн газрыг нийслэлд эргүүлэн өгөхөөс татгалзаж, асуудлыг шүүхээр шийдүүлнэ хэмээн төслийг гацааж байгааг ч хэлсэн. Тиймээс албаныхан 30 байршил дахь зогсоолуудыг шинэчилж, нэгдсэн системд холбох ажлыг хийж байна гэв.
