НҮБ-ын хүүхдийн сан болон “Монполимет” групп, “Монцемент билдинг материалс” компанийнхан хамтран Дорноговь аймгийн Өргөн сумд чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим ангийг өнгөрсөн пүрэв гарагт ашиглалтад орууллаа. Энэхүү ангид сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай зөөврийн компьютер, чихэвч болон олон төрлийн программ гээд хэрэгцээтэй бүхэн бий. Хэдийгээр алслагдсан бүс нутаг боловч Улаанбаатарт суралцаж буй хүүхдүүдийн адилаар мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн, XXI зуунд шаардлагатай, хэрэгцээтэй дижитал, цахим ур чадварыг суралцах боломж ийнхүү нээгдэж буй юм. Тус сургуулийн сурагчид цахим ангитай болсноор мэдээллийн технологийн хичээлд илүүтэй дурлах болсноо энэ үеэр хэлж байв.
ӨРГӨН СУМД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БАРИХ НЬ
Тус цахим анги нь 30 хүүхдийн суудалтай бөгөөд суралцагч бүрд зориулсан компьютертой. Мөн тус сургуулийн 18 багшийг хиймэл оюуны Google Gemini AI сургалтад хамруулжээ. Улмаар багш нар хичээл төлөвлөлт, сурагчдын ахицыг үнэлэх зэрэгт хиймэл оюуныг хэрхэн ашиглахад суралцсан байна. Ингэснээр тэд эл ангийг үр дүнтэй ашиглаж, сурагчдын болон эцэг, эхчүүдийн цахим ур чадварыг дээшлүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд “Таблеттай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө Өргөн сумд ерөнхий боловсролын сургууль барих төслийг эхлүүлж буйгаа эл компанийнхан онцлов.
НҮБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Ян Му “Бид “Монцемент билдинг материалс” компанитай хамтран Өргөн сумд цахим анги байгууллаа. Энэхүү ангийг хамгийн сүүлийн үеийн техник, технологи, өндөр хүчин чадалтай зөөврийн компьютер, хэрэглээний программ зэргээр бүрэн тоноглосон. Мөн “Таблеттай багш” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүллээ. Энэ нь орон нутгийн алслагдсан сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тэгш сургалтыг хүргэх зорилготой хөтөлбөр юм. Ингэснээр багш нар сургалтын материал, хэрэглэгдэхүүнээ таблет дээрээ суулгаад л ашиглах боломжтой. Хүнд цүнх, эсвэл цаас чирч явах шаардлагагүй болсон” гэв. Мөн тэрбээр англи хэлний багш нарыг чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх төслийг салбарын яамтай хамтран хэрэгжүүлж буйгаа дурдсан юм.

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН АЖИЛТНУУД ХҮҮХДҮҮДЭД СОНИРХОЛТОЙ БАЙДЛААР ХИЧЭЭЛ ОРДОГ
“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Монцемент” үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд байрладаг. Мөн манай ажилтнуудын 50 гаруй хувийнх нь хүүхдүүд тус сургуульд суралцдагаараа онцлогтой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, сургалтын чанарыг хэрхэн сайжруулж, бидний зүгээс юу хийж болох вэ гэдэгт нэлээд анхаарсан. Ингээд үсрэнгүй хөгжлийг эл сумд авчрах зорилгоор дижитал буюу цахим анги, танхимыг бий болгож, Gemini зэрэг хиймэл оюуны бүх төрлийн программаар бүрэн хангалаа. Нэлээд сайн хүчин чадалтай компьютероор тоноглосон. Хүүхдүүд маань өмнө нь зөвхөн нэг ээлж ороод л тардаг байсан бол одооноос сургууль дээрээ өдрийн туршид хорвоо ертөнцтэй танилцах боломж бүрдсэн гэж бодож байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгч болсноор манайх нэлээд олон төсөл, хөтөлбөрт оролцоод байна. Үүний нэг нь “Таблеттай багш” хөтөлбөр юм. Сургуулийн өмнөх насны 600 гаруй хүүхдэд бид сургалт орсон. Мөн зуныг хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш авчирч, сургалтад хамрууллаа. Цаашид бид сургалтын чанартаа илүүтэй анхаарч ажиллана. Түүнчлэн оюутан солилцоо гэдэг шиг мэргэжилтэн солилцооны санаачилгыг дэвшүүлээд буй. Ингэснээр манай үйлдвэрт ажилладаг инженер технологийн ажилтнууд болон химич, физикчид маань хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хичээл орж байгаа” гэсэн юм.
WHR ТЕХНОЛОГИ АШИГЛАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ 35-40 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ
Цахим ангийн нээлтийн дараа бид “Монцемент-Өргөн” үйлдвэртэй танилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгаль цаг уурын хэвийн байдал алдагдаж, хүлэмжийн хийн ялгарал сүүлийн жилүүдэд нэмэгдсээр буй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал билээ. Тэгвэл дотоодын томоохон үйлдвэрүүдийн нэг болох “Монцемент”-ийнхэн байгаль орчны нөлөөллөө бууруулахын зэрэгцээ дэвшилтэт технологид суурилсан WHR технологийн тусламжтайгаар үйлдвэрлэлээс гарсан хаягдал дулааныг эрчим хүч болгон ашиглаж байна. “Монцемент билдинг материалс” компа нийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Монполимет групп анхаанаасаа байгаль орчинд ээлтэй технологийг бүх салбартаа нэвтрүүлж ирсэн. Монцементэд ч энэ соёл суусан гэж хэлж болно. Бид байгаль орчинд хамгийн сайн гэсэн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чадсан. Ингэхдээ зөвхөн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэхээс гадна усаа хэмнэж, 90 хувь хүртэл дахин боловсруулж, түүнийгээ саарал ус болгоод хүргэлтийн систем болон бусад үйл ажиллагаандаа ашиглаж байна” гэсэн юм. Хаягдал дулааныг ашиглах WHR технологи нь Монголд төдийгүй гадаадад ч цөөхөн байдаг бөгөөд үр дүнд нь 120 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний хэрэглээг 35-40 хувиар бууруулсан аж. Мөн нүүрс хүчлийн хийн ялгарлыг 100 мянган тонн хүртэл бууруулжээ. Энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тус үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ болон зардал буурч, хүлэмжийн хийн ялгарал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл эрс багассан гэнэ. Өөрөөр хэлбэл, нарийн тоосжилт ялгарахгүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний оролцоогүй дэвшилтэт технологийн шийдлийг ашиглан үйлдвэрлэл явуулдгаараа давуу талтай юм. Эл байгууллагынхан цаашид байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, инновац, нийгмийн хариуцлагад тулгуурлан тогтвортой хөгжлийн жишгийг тогтоон, ирээдүйд ногоон цементийн үйлдвэрлэл рүү шилжих зорилготойгоо ч онцоллоо.
“Монцемент-Өргөн” үйлдвэрийн цахилгааны хэлтсийн менежер Н.Батмөнх “Манай үйлдвэр төсөл байх үеэсээ эхлээд л ногоон технологийг мөрдөж ажилласан. Монголд цор ганц WHR технологийг нэвтрүүлсэн. Таван мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, эх орондоо нутагшуулан, өдгөө монгол инженерүүд ажиллаж байна. Мөн ажилтнуудынхаа ухамсарт эрчим хүчээ хэмнэх нь эх дэлхийд хэрэгтэй гэдэг санааг суулгах зорилгоор олон төрлийн сургалт зохион байгуул¬даг. Бас жил бүр эрчим хүч хэмнэх сарын аян зарладгаараа онцлогтой. Ингэснээр сүүлийн 10 жилд дөрвөн сая мод тарьсантай тэмцэх хэмжээний эрчим хүч хэмнэсэн. WHR техно¬логийг хамгийн энгийнээр тайлбарлавал монгол гэртэй зүйрлэж болно. Бид гал түлж, хоол хийж, гэрээ дулаацуулдаг шүү дээ. Тэгвэл энэ үед яндангаар гарч буй халуун агаараар эрчим хүч үйлдвэрлэж, хөргөгч, зурагтаа асааж байна гэсэн үг. Нийт эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг WHR хангаж байгаа юм” гэв.
Э.Сүйлэн