Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “М банк арена”-д ид өрнөж байна. Лигт оролцдог багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх нь дотоодын тоглогчидтойгоо гэрээ хийжээ.
Дасгалжуулагч А.Алтан-Очир (ерөнхий), Г.Наранбаатар, Ц.Чинзоригт (туслах) нарын удирдлагад бэлтгэл сургуулилалт базааж, лигт тоос өргөж буй “Завхан бродерс” багийнхан улирлын эхний тоглолтоо “Хасын хүлгүүд”-ийнхэнтэй хийж, IV үед оноогоор илүүрхсэн ч 81:91-ээр хожигдов. Тэднээс легионер Маккензи Мур 25 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт өгснөөс гадна гурвын хаалт гүйцэтгэсэн. Түүний энэ амжилт тус багт шинэ эрч хүч, олны хүлээлт, итгэл төрүүлэх чухал үзүүлэлт байв. Дараагийн ээлжит тоглолтдоо “Монголианс” багийг 95:70-аар буулгаж авсан юм. Тус багийнхан сүүлийн үед сагсан бөмбөгийн талбарт хүч түрэн гарч ирж буй залуу тамирчдаас Э.Ирмүүнийг эгнээндээ нэгтгэжээ. Түүний хувьд Зүүн Азийн залуучуудын наадмын 18 хүртэлх насныхны 3x3 төрөлд аваргалж, өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлснээр өөрийн ур чадвараа харуулсан юм. Мөн ихэр тоглогчдын нэг Э.Тулга, шилдэг хамгаалагч Т.Мэндбаяраар хүч сэлбэсэн. Тэдний ур чадвар, хамгаалалт багийнхаа тоглолтын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй. Э.Тулгын нөгөө ихэр болох Э.Түшиг “Хасын хүлгүүд” багт тоглодог. Ах, дүү хоёр дээд лигтнэгнийхээ хүчтэй өрсөлдөгч болон тогложбайгаа нь олны сонирхлыг ихэд татаж байна.
Одоогоор тус багт Маккензи Мураас гадна хоёр легионер хүчин зүтгэж буй. Лиделл Элмор 206 см өндөр, 86 кг, төвийн довтлогчийн байрлалд тоглодог. АНУ-д 1998 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн тэрбээр NBA-гийн g лигийн “Вестчестер никс” багт тоглож байжээ. Тэгвэл Юма Ишибаши 190 см, 90 кг, хамгаалагчийн байрлалд тоглодог. Тэрбээр Японы B1 лигт “Сендай 89ers” багт тоглож, амжилтын замналаа эхлүүлсэн байна. Харин тэднээс өмнө тус багт хөл тавьсан Маккензи Мур 198 см, 86 кг, хамгаалагчийн байрлалд тоглодог. Түүний хувьд Шинэ Зеланд, Бельги, Грек, ОХУ, Турк, Польш, Израиль, Филиппин улсын багт тоглож туршлага чамгүй хуримтлуулсан.
“Дархан юнайтед” багийнхан улирлын анхны тоглолтоо “BCH Khights”- ийнхэнтэй өрнүүлж, ана мана өрсөлдсөн ч сүүлийн мөчид ялагдал хүлээсэн. Дотоодын тоглогчдынхоо ур чадварт түшиглэж буй тус багийг одоо 12 дугаартай тоглогч Б.Даш-Очир ахалж буй. Тэдэнтэй гурван легионер нэгдэн, ялалтын төлөө тулалдахаар ирсэн. АНУ-ын тамирчин, Энтони Нельсон өдгөө 26 настай. 1996 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн, 193 см өндөр, холбогч, хамгаалагчийн байрлалд тоглодог. Тэрбээр улсынхаа “Сетон холл” болон “Манхэттэн коллеж”-ийн NCAA багт гол тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Хурдтай, овсгоотой зангаараа тоглолтыг удирдаж, оноо авах чадвараараа энэ спортын хорхойтнуудад хэдийн танил болсон тэрбээр Манхэттэны их сургуулийг 2023 онд төгсөж, Японы B3 лигт “Ниигата Альбирекс” багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жил багтаж тоглосон юм.
Марлон Жонсон 1994 онд төрсөн, 208 см өндөр. Төвийн тоглогч, хүчний довтлогчийн байрлалд тоглодог. Японы тамирчин Масахару Катаока 40 настай. Холбогч, 186 см өндөртэй. Мияги хотод арванхоёрдугаар сарын 24-нд төрсөн. Улсынхаа B1 лигт тоглохдоо “Ринг тотиги брекс” багт (2008-2012), “Киото ханнариз”-д (2012-2013, 2017-2019), “Леванга Хоккайдо” (2013-2015), “Сэндай 89ers”-т (2015-2017, 2019-2025) тогложээ.
Дархан-Уул аймгийн унаган тоглогчдоос холбогчийн байрлалд тоглож буй М.Мөнхзолбоог үзэгчид багийнхаа гол найдвар, харин Д.Билгүүндарьяаг шаргуу хөдөлмөр, тууштай хамгаалалтаараа нөхдийнхөө түшиг тулгуур, хүчирхэгар тал болно хэмээн дүгнэсэн бол О.Содонжамц У.Дөлгөөн нарыг энэ улиралд өөрийн үнэ цэн, авьяас, ур чадвараа дахин батлан харуулах байх хэмээн ярилцаж буй. Тус багийнхан энэ удаа Монголын сагсан бөмбөгийн томоохон төлөөлөл, дээд лигийн аварга, тэргүүн тоглогч, ОУХМ И.Эрхэмбилэгтэй гурван жилийн гэрээг үзэглэв.
Дээд лигийн 2025-2026 оны улиралд тэд өмсгөлийнхөө зүүн энгэрт Дархан хотын 2000- аад оны сагсан бөмбөгийн од, 1999 оны өсвөр үеийн УАШТ-ий шилдэг тоглогч, оюутны лигийн “ШУТИС Шаркс”, дээд лигийн “Лионс” багийн тоглогч Г.Баярмагнай агсны “6” дугаарыг байршуулжээ.
“Монголианс” багийнхан тоглолтын гараагаа “Омни Эрдэнэт майнерс”- ийнхантай эхлүүсэн ч 69:82-оор ялагдаж, хоёр дахь тоглолтоо “Завхан бродерс”- ын эсрэг хийж, 70:95-аар хожигдсон юм. Ялагдаж яваад ялдаг тамирчин бий. Дээд лигт анх удаа оролцож буй тэднийг хөгжөөн дэмжигчид нь унах бүрдээ илүү хүчтэй босож, хол явах эрч хүчээ олох байх хэмээн найданхарж буй. “М банк арена”-д үргэлжилж буй тоглолтод “Сэлэнгэ бодонс”-ынхныг 85:79-өөр буулгаж авахад легионеруудаас Байрон Веслигийн долоон самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт их нөлөөлжээ.
Түүнээс гадна хамгаалалт, самбарын тоглолтоороо нэрд гарсан Жонатан Галлоуэй тус багт хөл тавьсан нь тэмцээний уур амьсгалыг илүү сонирхолтой болгосон. Тэрбээр 211 см өндөртэй. “UC Irvine Ant¬eaters” багийн төлөө тоглох хугацаандаа Big West Conference-ийн “Оны шилдэг хамгаалагч” шагналыг гурван удаа дараалж хүртжээ. Дани, Хорват, Швейцарь, Турк, Финлянд, Чех, Кипр зэрэг Европын олон улсын лигт тоглож, аваргын цом өргөж байсан тэрбээр Гуам улсын шигшээ багийн гол тоглогч. Түүний хувьд багийнхаа хамгаалалтын цөм болж, шинэ улиралд үзэгчдэд сэтгэл догдлуулсан тоглолтуудыг бэлэглэх нь эргэлзээгүй.
Багийн ахлагч Б.Наранбаатар энэ удаа 2024-2025 оны улиралд “Налайх бизон” багт тоглож, авъяас чадвараараа онцгойрсон Э.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, 3x3 сагсан бөмбөгийн 21 хүртэлх насныхны шигшээ багийн тамирчин А.Билгүүн, оноо авалтын чадвараараа ялгардаг, шинэ залуу шинэ тоглогч М.Өлзийбат, лигийн аварга Г.Насанжаргал, Э.Дорж-Арилд нарыг багтаа авсан хамгийн зөв сонголт байлаа. Мөн оюутны лигт өөрийгөө амжилттай харуулсан, МУИС-ийн “Шонхорууд” багийн О.Төгөлдөр драфтын №9 сонголтоор тус багийн гишүүн болж, 2024-2025 оны улиралд “Бишрэлт металл” багт тоглож, шидэлт, хамгаалалт, тоглолтын мэдрэмжээрээ онцгойрсон Б.Сүхбат нэгдсэн нь тоглолтыг өрсөлдөөнтэй болгож байна.
“Ховд шонхорууд” багийнхан улирлын тоглолтоо “Дархан юнайтед”-ийнхний эсрэг хийж, 71:83-аар ялж, дээд лигийн анхны хожлоо авсан. Харин дараагийн тоглолтоо “Хасын хүлгүүд”-ийнхэнтэй өрнүүлсэн ч ялагдав. Тус багт Хонконгийн шигшээ багийн тоглогч Пок Юэт Юнг легионероор нэгдэж тоглож буй. Дотоодын тоглогчдоос С.Дугар-Эрдэнэ, Г.Лхагвацэнд нар гэрээ байгуулж нэгдлээ. Түүнчлэн оюутны лигт 23,2 оноо 3,4 оновчтой дамжуулалт, 5,1 самбараас бөмбөг авалт 5,5 бөмбөг таслалт дундчилсан,182 см өндөртэй С.Дөлгөөндалай, оюутны лигийн 2024-2025 оны улиралд оноо авалт болон оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн “МУБИС буганууд” багийн холбон тоглогч 180 см өндөртэй Х.Батболд, оюутны лигийн аварга, “Этүгэн ирвэсүүд” багийн төвийн тоглогч 198 см өндөртэй О.Өсөхбаярыг драфтын II сонголтоор сонгон авч багтаа нэгтгэсэн юм.
“Налайх бизон” багийнхан өнгөрсөн жил лигийн “Үнэ цэнтэй тоглогч” Т.Санчирыг нэгтгэж, улирлын өмнө лигийн аварга М.Тэлмэнг “BCH Knights”-аас урвуулж, өрсөлдөөнд орж ирсэн. Лигт оролцсон цагаасаа тэд өөрийн гэсэн өнгө төрх, фэнүүдийн хүрээлэл, соёлыг бий болгосон. Гайхалтай ялалтуудыг байгуулж, багуудад амаргүй өрсөлдөгч гэдгээ цөөнгүй харуулсан удаатай. “Омни Эрдэнэт майнерс” багт нэгдсэн Гавьяат тамирчин Т.Санчир одоогоор лигттоглох, эсэх нь тодорхойгүй байна. Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт “Налайх бизон”- ынхон түүнд цалингаа өгөөгүй” гэхэд “Налайх бизон” багийнхан хариу мэдэгдэл гаргасан. Тэд “Гавьяат тамирчин Т.Санчир манай “Налайх бизон” багтай хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гурван жилээр байгуулан одоог хүртэл багийн бүрэлдэхүүнд байгаа гэрээт тамирчин. Гэрээнд заасны дагуу цалин хөлсийг нь цаг тухайд багийн зүгээс тогтмол олгож байгаа нь үнэн болно. Лигийн журмын дагуу тамирчныг баг хооронд шилжих шилжилттэй холбоотой албан ёсны хүсэлт “Омни Эрдэнэт майнерс” багаас ирүүлээгүй болно” гэсэн юм. Үүнээс харвал тус багийнхан түүнд багаасаа чөлөөлөх бичиг хараахан хийж өгөөгүй байгаа гэлтэй. Одоогоор “Налайх бизон” багаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй бөгөөд M хөгжлийн лигт тоглож байгаа билээ.