Өөрийн тань хэлсэнчлэн, нийслэлийн төсөв хэзээ ч ийм “секси” байгаагүй юм шүү, Х.Нямбаатар аа. 2025 онд улсад нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлэхгүй байхаар үеэл ах Л.Оюун-Эрдэнэтэйгээ үгсэн тохирч, нийслэлийн төсвийг 3.8 их наяд төгрөгөөр анхлан баталснаа хэдхэн сарын дотор өнөөхөө 3-4 удаа тодотгосон. Мөн дотоод, гадаадаас бонд босгон, нийт зарлагыг 5.8 их наяд хол давуулаад буй “галзуу баян хот”-ын даргаасаа нийслэл чүүд үр дүн, хариуцлага нэхэх эрхтэй. 4.3 их наяд төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нэрээр зарцуулахдаа 50 хувийг нь зам, бродюрт нааж, “мөрөөдлийн метро”-ны ТЭЗҮ, зураг төсөлд нэг хэсгийг нь хийсгэж, гурван жилийн дараа дуусах Туулын хурдны замын газар шорооны ажилд 538.6 тэрбумыг булж, Урт цагааны гудамжинд 44 тэрбумыг цацаж, 600 саяар “пловдсон” гэхчлэн хэрээсээ хэтэрсэн тансаглал энэ жилжин үргэлжлэв.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 113 дугаар тогтоол баталсныг улаанбаатарчууд байтугай хэвлэл мэдээллийнхэн ч мэдээгүй өнгөрч. Учир нь нийслэлийн парламент дахь МАН-ын бүлгийнхэн үдэш оройн цагаар “орондоо” баталсан гэгдэж буй. Энэхүү “нууц” тогтоолд дурдсанаар 2025 оны нийслэлийн төсвийн нийт орлогыг 1.78 их наяд байхаас 1.1 их наядыг нь татварын орлого (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 940 тэрбум, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоос 52, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 120, газрын төлбөрөөс 89.5 тэрбум)-оос бүрдүүлэхээр баталжээ. Харин зарлагын хэмжээг 5.868 их наяд төгрөгөөр батлахдаа нийслэлийн Засаг даргад дийлэнх буюу 5.8 их наядыг нь хуваарилж, тэр дундаа урсгал зардлын дээд хэмжээг 1.3 их наядаар тооцсон байх юм. Х.Нямбаатарын ийн туйлж буй 5.8 их наяд төгрөг гэдэг бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн Монгол Улсын нийт төсөвтэй тэнцэх дүн.
Сайн, муугаараа дуудуулдаг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын мөнгөөрөө автозамтай холбогдоогүй байсан аймгуудыг гүйцээснээр баруун тийших аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй. Э.Бат-Үүл мээрийн үед 460-560 тэрбумын хооронд байсан нийслэлийн төсвийн зарлагыг өдгөө 10, хөрөнгө оруулалтын дүнг 20 дахин нугалсан хэрнээ юу хийж гийгүүлэв. “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж Үүл баатар Улаанбаатарын тэн хагасыг шахам донсолгож явсан үеийн төсвөөс 20 дахин их хөрөнгө оруулалт цацчихаад Х.Нямбаатарт “бродюр” гэдгээс өөр овоглочих олигтой ажил байна уу. Улаанбаатар хот утаатай, түгжрэлтэй, ундуй сундуй хэвээр, дээрээс нь бүр түлэх нүүрсээ ч урд хөршөөс авдаг болчхоод сууж байна.
УЛСЫН ТӨСӨВ “УЛАЙЖ”, УЛААНБААТАРЫНХ ХАХСАН ЖИЛ
Хэдхэн хоногийн өмнө Х.Нямбаатар нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Г.Нандинжаргалд өргөн барьж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндсэн таван бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийг бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд Туулын хурдны зам, Метроны төсөл, Сэлбэ-20 минутын хот орон сууцын иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлөх зардлын хамт тусгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн чиглэлд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө” хэмээх албаны мэдээгээр ам хаав. Монгол Улсын хүн амын тал хувийнх нь ажил, амьдралтай холбоотой нийслэлийн төсөв шүү дээ. Нөгөө ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөө, ил тод байдал хаана байна вэ. Нөгөө Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ яагаад нийслэл хэмээх “вант улс”-ын эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа юм. Нийслэлчүүдийн саналаар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид яагаад амаа үдүүлнэ вэ.
Нийслэлийн төсөв гэдэг Х.Нямбаатарын мөнгө биш, татвар төлөгчдийн халааснаас гардаг тул нийслэлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийтийн мэдээлэл авах, мэдэх эрхийг тэд хангах учиртай ч тэгсэнгүй. Хотын төсвийн хэлэлцүүлэг хэмээх нүд хуурсан арга хэмжээг саяхан Монголын хүүхдийн ордонд зохиосныг үйл явдал аль хэзээний болоод өнгөрсөн хойно албан мэдээнээс нь л мөн мэдэцгээв, нийслэлчүүд. “Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн” гэдгээс өөр орлого, зарлагын харьцаа, алдагдал, юунд түлхүү хөрөнгө оруулах зэрэг нь одоогоор “төрийн нууц” бололтой. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-ынх учраас олонхын бүлгээрээ хүч түрэн, төсвөө далдуур “боож” аваад, хуулийн хугацаанд өргөн барьсан нь тэр. Уламжлал ёсоор тэд батлагдсан төсвөө 2-3 тодотгох нь ойлгомжтой.
Монгол Улсын 2026 оны төсвийг батлахдаа нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд төгрөг байх, Татвар төлөгчдөө талхих төлөвлөгөө хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр тооцсон. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ шиг Х.Нямбаатарын толгойг илэхгүй, 263.7 тэрбум төгрөгийн орлого улсад төвлөрүүлэхийг үүрэг болгож. Ерөнхий сайд Г.Занданшатарыг томилогдох үед улсын төсөв 2024 оны мөн үетэй харьцуулахад хоёр их наяд орчим төгрөгөөр дутсан байсан тул нийслэлээс нэмэлт эх үүсвэр татахаар долоодугаар сард хотын төсөвт тодотгол хийж, 130 тэрбумыг татан төвлөрүүлсэн юм. Улсынх нь данс “улайчхаад” байхад нийслэлийн төсвийн орлого тавдугаар сарын 30-ны байдлаар 300 тэрбум төгрөгөөр давж биелсэн тул аргагүй биз. Гэхдээ хариуд нь Х.Нямбаатарт дахиад л 270 тэрбумын бонд босгох баталгааг Г.Занданшатарын Засгийн газар гаргаж өгөх сураг бий. Уг нь 100, 200 тэрбумыг улсад төвлөрүүллээ гээд нийслэл ихэнх томоохон төслөө гаднын зээл, хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа учраас хотын төсөвт тэгтлээ хүнд ачаа болохгүй.
ТАТВАРЫН СУУРИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, ХАМРАГДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ
Нийслэлийн төсвийн гол ачааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд үүрдэг. Тухайлбал, нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаас 86 хувь буюу 3.3 тэрбум нь татварын, 14 хувь нь татварын бус орлогоос бүрдэж байв. Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжүүдийн төлдөг татваруудаас нийслэлийн төсвийн 90 орчим хувь нь бүрддэг. Энэ нь нийслэлийн төсвийг уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудынх шиг савлагаа, гадаад зах зээлийн нөлөөллөөс ангид байлгаж, орлого, гүйцэтгэл нь харьцангуй тогтвортой байх нөхцөл болдог. Нийслэлчүүд бид татвараа хангалттай төлж байгаа. Х.Нямбаатар мээрийн үед хотын татвар хүртэл хоёр дахин нэмэгдсэн. Мөн л түүний үед нийслэлд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмчхээд байгаа хэрнээ нийтийн тээврийн хүртээмж, орчин нөхцөл туйлын хангалтгүй хэвээр.
Ядаж бид төлсөн татварынхаа хариуд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхээ эдэлж чадахгүй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр гэх мэт наад захын төрийн үйлчилгээг ч иргэн хүний ёсоор зохих хэмжээнд авч байгаа бил үү. Гэтэл өнөөгийн нийслэлийн удирдлагууд “амташсан хэрээ 13 дахина” гэдэг шиг 2026 оны нийслэлийн төсвийн төсөлд “Бизнес эрхлэгч дийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж онцгойлон тусгасан байх юм. Ирэх жил нийслэл дахиад татвар төлөгчдөө л талхих нь.
Энэ эзэрхэг, дээрэнгүй, эрх дураараа мээрийн үед л улаанбаатарчууд татварын буулга, торгуулийн мөлжлөг дор шулуулсаар жинхнээсээ “улныхан” болох нь. Манжийн дарлалаас ч илүү хорлонтойгоор маниусыгаа өр зээл, татвар, торгуулиар залхаан цээрлүүлж, найрлага нь тодорхойгүй “найрка” түлшээрээ нийтээр нь хоморголон устгах “геноцид” хийж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй уч раас Х.Нямбаатар гэдэг хотын захирагч нэг өдөр суудлаасаа бууна. Харин нийслэлчүүд бид дааж давшгүй их өртэй үлдэнэ. Учир нь 2028 оноос түү ний үеэлийнхээЗасгийн газрыг өмнөө “барин” зүтгүүлсээр гадаад зах зээлээс босгосон 500 сая ам.долларын, дотоодод гаргасан 500 тэрбумын бондуудын эргэн төлөлтийг манайх хийж эхэлнэ.
Монгол Улсыг эрчимтэй хөгжлийн замд хүргэх 14, нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөл гэж өөд уруугүй сэнхрүүлж, төсвийн мөнгийг тархи угаалтад хайр гамгүй цутгасан үеэлүүдийн хоосон мөрөөдөл эхнээсээ хана мөргөж буй. “Чөмөггүй байж туг ширээ бөхтэй” гэдэг шиг уран зөгнөлт амлалтаа тасралтгүй өгсөөр байгаа ч Х.Нямбаатарын метронд сууж, 20 минутын хот дундуур дүүжин тээврээр зорчихоосоо өмнө нийслэлчүүд өрөнд баригдаж, Улаанбаатар хот дефолт зарлах хэмжээнд хүртлээ доройтох нь одоо бол илүү үнэмшилтэй санагдана.
Л.Аргамжин