Дэлхийн сонсгол хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ-ын мэдээлснээр 2024 онд дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Энэ тоо 2030 онд 630, 2050 онд 900 саяд хүрэхээр байгаа бөгөөд сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой гэж үздэг аж. Орчин үед хүүхэд, залуусын сонсгол муудах болсон шалтгаан нь техник технологийн хөгжилтэй холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, олон цагаар чихэвч хэрэглэх, хэт чанга дуу хөгжим сонсох, осол, гэмтэлд өртөх, чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчин, эм, тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэргээс үүдэлтэйгээр сонсголоо алдах тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа аж. Манай улсад ч мөн адил ийм шалтгааны улмаас хүмүүсийн чих хатуурч буйг эмч нар хэлсэн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй 7600, хэл, ярианы асуудалтай 3600 хүн амьдарч байна. Тэдний 894 нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд аж. Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулах, чих, хамар, хоолойн өвчлөл, осол, гэмтлээс сэргийлэх, чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх, хөгжмийг чихэвчээр удаан хугацаанд чанга дуугаар сонсохоос зайлсхийх, хэт өндөр дуу чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх, ухаалаг утасны аппликэйшн ашиглан орчны шуугианы түвшнийг тогтмол хэмжиж, их шуугиантай газраас холдож, чихээ түр амраахыг эмч нар зөвлөв. Ташрамд, манай улс Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулан, үзэл баримтлалыг батлуулан ажиллаж буй. Дохионы хэл нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний танин мэдэх, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, нийгмийн харилцаанд оролцоход чухал үүрэгтэй. Мөн ярианы хэлтэй зэрэгцэн оршдог, сонсголгүй хүний эх хэл гэж үздэг байна.
Ч.Болор