Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэмт хэрэг, гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарлажээ. Орон нутгийн буюу нийслэлийн төсвийн хоёр тэрбум 200 сая 500 мянган төгрөгийн үнийн дүнтэй уг тендерийг ирэх сарын 5-нд нээхээр төлөвлөсөн байна. Энэ сонгон шалгаруулалтаар компьютер, нөүтбүүк, таблет, дрон, зөөврийн микрофон, бичигч, энгэрийн камер, повербанк, интернэтийн болон хурлын танхимын төхөөрөмжүүд, нохой үргээгч, цахилгаан бороохой, 265 ширхэг гар утас зэргийг авах нь. Энэ дунд нэг анхаарал татах зүйл байгаа нь хяналтын 155 төхөөрөмж гэсэн нэрээр цахим бугуйвч авахаар зарласан явдал.

Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан. Энэ ялыг хэрэгжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцаж, цахим бугуйвч, хяналтын төхөөрөмж зэргийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг. Тиймдээ ч тус албанаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамандаа танилцуулж, Тагнуулын ерөнхий газарт мэдээллээ хүргэж байж тендер зарлан цахим бугуйвч худалдан авсаар ирсэн гэдгийг эх сурвалжууд баталж байна. Үүнийхээ хүрээнд энэ оны нэгдүгээр сард ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас 300 сая төгрөгөөр PT880 болон түүнтэй дүйцэх загварын цахим бугуйвч худалдан авах тендер зарлан, өнгөрсөн сард нээж, үр дүнд хүрсэн. Үүнээс өмнө 2024 онд Сангийн болон ХЗДХЯ-ны хяналтад ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас R12W, DDX04 цахим бугуйвч худалдан авах тендер зарлаж, үр дүн гарсан байдаг. Ийнхүү тендерээр худалдан авсан цахим гав ямар загвар, сери, дугаартай, аль аймаг, орон нутагт үүрэн холбооны ямар сүлжээг ашиглаж байгааг тагнуулын байгууллага хянадаг гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд хэлэв.

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба энэ онд шаардлагатай цахим гавны тендерээ оны эхэнд зарлан, сонгон шалгаруулалтаа дүгнэчихсэн байхад нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл загвар нь тодорхойгүй 155 ширхэг цахим гав авч юунд ашиглах гэж байна вэ. Бусад тоног төхөөрөмжийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эргүүлийн цагдаа нарт энгэрийн камер зэрэг төхөөрөмж хэрэгтэй нь мэдээж. Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд хурлаа хийх, дуу, дүрсийг нь бичих, хадгалах төхөөрөмж байх ёстой.
Гэтэл энэ бүгдэд хамаагүй, шүүхийн шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болдог зорчих эрх хасах ял шийтгэл, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх цахим гав буюу бугуйвч худалдан авах эрх таны удирдлага доорх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд бий юү. Тус бүрийг нь нэг сая төгрөгөөр тооцвол 155 цахим бугуйвч 155 сая төгрөг болно. Нийслэлийн төсвийн 155 сая төгрөгийг зувчуулах гэсэн арга юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
