Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Өнөөдөр” сонины Шуурхай мэдээний албаны дарга Хэнзээгийн Болормаа “Тамгатай боол” нийтлэлээрээ шалгарсан юм.
“Эрүүл чийрэг хүдэр биетэй, 18-39 насны, гэмт хэрэгт холбогдоогүй, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, ямар ч ажлыг алжаалгүй нугалах хүчтэй боолууд байна шүү. Авах хүн байна уу. 24 цаг тасралтгүй ажиллах тэнхээтэй, гахай, тахиа тэжээх, адуу маллах, усан онгоц засах гээд ямар ч ажил хийж чадна. Аваарай”. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ийм “худалдаа” явагддаг. Тэдэнд ийм наймаа эрхлэхэд нь манай улсын Засгийн газар тусалдаг юм. Ээлжит “худалдаа” энэ жилийн эцсээр болно. Тэр үеэр ойролцоогоор 3000 боол зарна гэсэн тооцоо гарчээ. Манай иргэд 1994 оноос БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Тус улсын тал 1998 оноос манай үйлдвэрлэлийн дадлагажигчдын эхний хэсэг болох анхны 500 ажилчныг албан ёсоор хүлээн авсан байна.
Өнгөрсөн онд явуулсан хүн ам, орон сууцын тооллогын дүнгээс үзвэл тус улсад 30-аад мянган монгол иргэн зургаагаас дээш сар ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор оршин сууж байгаа аж. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр 25 мянга гаруй монгол иргэн үйлдвэрүүдэд ажиллаж, 1667 хүн солонгос иргэнтэй гэр бүл болж, 450 хүүхэд эцэг, эхээ даган очсон байна. Оюутан, мэргэжил дээшлүүлэгч 500, хувиараа аж ахуй эрхлэгч, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөгчийн газрын гэр бүлийн гишүүд нийт 300 орчим монгол тэнд байгаа.
Төр цөөн ч гэсэн хүнээ харьд “боолын гэрээ”-гээр ажиллуулснаар тэдэнд ар гэрийнхээ амьдралыг өөд татах боломж олгож буй ч 18-39 насны, ид хийж бүтээх үедээ яваа залуусаа хар ажилд хэт нухлуулан, зүрхийг нь үхүүлж, ирээд ямар ч ажил хийх чадваргүй, үр хүүхдэдээ хэдэн жил харагдах насгүй болгохыг нь дэмжиж байгааг нь яавч зөвтгөх аргагүй. Яах вэ, гадаадад байгаа монголчуудын ар гэртээ гуйвуулдаг мөнгө Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нэг хэсэг чамгүй үүрэг гүйцэтгэж ирэв. Овоо хэдэн айлын амьдрал сайжирсан байх. Гэхдээ дээрдүүлэх гэсэн биш дордуулж, амиа алдсан, гэр бүл салсан, хүүхэд өнчирсөн, ХДХВ/ ДОХ-ын халдвар авсан, тэрийгээ Монголд ирээд тараасан, хийж бүтээх насаа үрсэн гээд түүнээс ч олон айлыг бараан сүүдэр дайрч, “Яах гэж Солонгос явуулав” хэмээн толгойгоо шаахад хүргэсэн нь үнэн. “Байрны, болж өгвөл нэмээд машины мөнгө хийгээд ирнэ ээ” гээд явсан аав, ах, дүү, хань, хүү чинь хариас эргэж ирсэн үү. Ийм асуултыг ойр тойрныхоо хүмүүст тавилаа. Эргэн тойрны маань дөрвөн хүн тутмын нэг нь хэн нэгнийгээ гадаадад, тэр дундаа БНСУ руу ажил хийлгэхээр явуулсан байв. Байрны мөнгө олсон, хоосон ирсэн, юун мөнгө, тахир дутуу болсон, мөнгө манатай амьд ирсэн нь зол, балгадаг болж ирээд тэндээс олсныгоо үрээд дууссан, усанд хаясан чулуу шиг алга болсон гэх зэрэг янз бүрийн хариулт тэднээс сонсов.
БНСУ-д ажил хийнэ гэдэг хүсэх юм биш гэдгийг тэнд очсон хүн бүр хэлдэг ч ахиухан хөлстэй ажил хийж, Монголд цалингаараа авч хүчрэхгүй байгаа орон сууц хэмээх мөрөөдөлдөө хүрэх гэсэндээ л хүмүүс тийш хошуурсаар. 2004 оны тавдугаар сард хоёр улсын Хөдөлмөрийн яам ажиллах хүчний асуудлаар “Санамж бичиг” байгуулж, арав дугаар сараас гэрээт ажилчид гэсэн “тамгатай боолууд” Өмнөд Солонгос руу хөвөрч эхэлсэн. Одоо ч цувсаар. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн долоодугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэв. Тэд уг нь 7000 хүн гэж тооцож байсан ч 9957 хүн хонон өнжин дугаарлаж байж бүртгүүлжээ. Тэдний 8326 нь энэ сарын эхээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа өгсөн байна. Бүртгүүлж амжаагүй, бүртгүүлчхээд шалгалтдаа очиж чадаагүй хүмүүс “Хайран боломжоо алдчихлаа” хэмээн харамсаж яваа байх. Харин тэдэнд “Харьд гайгүй цалинтай боол болохоор эх орондоо халаас хоосон хаан бол” гэж хэлмээр санагдаад болохгүй нь. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэж ардын маань зүйр цэцэн үг бийг санаж, сэрэх цаг хэдийн болжээ, монголчууд аа. Гадаадын аль нэг оронд очоод монгол гэж өөрийгөө танилцуулахад “Өө, Чингисийн Монгол” гэж дотночлон хүлээж авдаг ч цаашаа хараад ярвайдгийг нь мэдэхийн дээдээр мэдсээр байж үнэ хүндээ алдан алдан, цөөхөн монголчууд гадаадад доншуучлах хэрэг байна уу. Өөрсдөө л эх орондоо аз жаргалаа бий болгохгүй бол бурхан лав бидэнд туслахгүй.
АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Турк, Чех, Казахстан гээд монголчуудын олноороо очдог, ажилладаг, харлаж үлддэг, амьдардаг улсын иргэд одоо биднийг хялайж ч харахаа байж, тэнд монгол хүний нэр хүнд навс уначихлаа. Одоо дахиад 5154 монгол харьд очиж тамаа цайхын тулд адуу шиг шүдээ татуулж, хонь мэт тарган туранхайгаа шинжүүлэхээр эрүүл мэндийн үзлэгт орох өдрөө хүлээж сууна. Тэдний хэд нь элэгний В, С вирус, тэмбүү, сүрьеэтэй хэмээн гологдох бол. Шалгаж, шинжиж, сонжиж эцэст нь нэг юм тэнцлээ ч ажилтай болдоггүй. БНСУ Хөдөлмөрийн бирждээ нэрсийг нь байршуулаад чилийтэл хүлээлгэнэ дээ. Хоёр жил нүдээ ширгэтэл горьдоод явж чадахгүй хоцрох нь олон. “Солонгос явна аа” гээд банкнаас зээл авчихсан, гэр хашаагаа зарчихсан хэдэн зуун залуус өрөнд баригдаж, “өтөж” дуусдагийг бид мэднэ. Монгол иргэдээ ингэж адуу мал мэт зүслүүлж, эрүүл өвчтэйгээр нь шигшүүлээд харьд боол болгож явуулах ажлыг төр өөрөө зохион байгуулдаг гэхээр ой гутах юм. Засгийн газар ингэх ёсгүй.
2007-2010 онд манай улс 7822 хүнээ БНСУ руу “боолын гэрээ”-гээр явуулжээ. 2011 он гарснаас хойш 916 иргэн мөн л тийм шугамаар нэмж явсан байна. Тэдний олонх нь эрчүүд. “Би монгол эр хүн” хэмээн энд цээжээ омог бардам дэлддэг эрчүүд маань тэнд очоод бусдын өмнө бөхөлзөж, уруу царайлан дорой дуугарч явдаг гэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Өнөө Бөртэ чонын удам, Чингисийн, мөнх хөх тэнгэрийн тамгатай төрсөн энэ тэр ч байхгүй. Ердөө л хөлсний ажилчин, боол. БНСУ-д ажиллахаар явж буй иргэд маань тухайн ажилласан мэргэжлээрээ сертификат юм уу, мэргэжлийн үнэмлэхтэй болоод ирдэг бол бас яая гэх вэ. НХХЯ-наас иргэдээ эх орондоо ирэхийн өмнө нь тэнд хийж байсан ажлын чиглэлээр нь сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх, сертификат олгуулах саналыг Өмнөд Солонгосын талд тавьсан ч шийдээгүй байгаа аж. Энд бас нэг юм бий.
Усан онгоцон дээр ажиллаж байсан, оймс ууталж, ачаа зөөн, оёсон хувцасны утас түүсээр хоёр, гурван жилийг барсан хүнийг ямар мэргэжил эзэмшсэн гэх вэ. Тийм ажил хийж байсан хүн буцаж ирээд юу хийх вэ. Солонгосчуудын монголчуудаар хийлгэдэг ажлын дийлэнх нь тийм л юм байдаг. Харахад амархан, хөнгөн юм шиг хэрнээ хийгээд ирэхээр яс хавтайм, тэсвэр тэвчээр барсан, галзуурмаар ажлыг монголчуудаас өөр хэн ч хийдэггүй. Хийх ч үгүй. “Тамгатай боол” болох гэж алаг үрээ өнчрүүлж, элгэн садныхаа элгийг нь эгшээн, харийн нутагт шар махтайгаа хатах хэрэг байхгүй. Бор гэртээ богд бол, монголчууд аа. Муу ч гэсэн чиний гэр. Монголоо Монголд нь, эрхэлдэг ажилтай, авдаг цалинтай, подхийсэн амьдралтай байлгах үүрэг ТӨР таных болохоос боол болгож харьд илгээх биш билээ.
Х.Болормаа