Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүү дийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдох, Д.Цэрэннадмид нар “Мантуушийн маапаан” цуврал нийтлэлээрээ шалгарсан юм.
-Тэд хууль бус дулааны сүлжээгээ холбочихвол Улаанбаатар мөсөн хонгил болоход бэлэн байна-
Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс нутаг хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон “Мантууш”-ийн мөрөөр сурвалжиллаа. Манайхан Зайсангийн амыг байшингаар дүүргэлээ, Богд уулыг “Байшин уул” болголоо гэж хэдэн жилийн өмнөөс улиг болтол шуугьсан. Одоо модыг нь ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьсан, одоо ч барьж байна. Хаан уул ч аяа алд, хүнээр бол бөөрнөөсөө төнхүүлсэн Богд өнөөдөр амьсгаа ч авах тэнхэлгүй ёолж, цус нь нуур болтлоо тунан, мод бутыг нь хугачих бүрд уйлж чарлах байсан биз. Тун удахгүй Зайсан толгой битгий хэл, Богд уулын тал нь байхгүй болж, тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрэх дүр зураг тодорхой болжээ.
Биднийг Зайсангийн автобусны эцсийн буудалд буухад “Хүүхдийн хорих” гэж нэрлэдэг 401 дүгээр ангийн хашааг тойруулан барьж буй орон сууцын барилгын эргэн тойронд ажлын хувцас өмссөн хятад, монгол хүмүүс эргэлдэж, цемент, хайрга ачсан том оврын авто машинууд тоос манарган давхилдаж, уулыг тэр чигээр нь булгалах гэж байгаа юм шиг өргөгч цамхагууд өрсөлдөх адил сэрийлцэж байх. Орон сууцын хороолол ХААИС-иас цааш хальж, аль хэдийнэ уулын модыг хярган газартай нь тэгшлээд эхэлчихэж. Одоо барьж буй болон дутуу орхисон, дөнгөж сууриа тавьж байгаа, эсвэл ашиглалтад орох дөхсөн барилгуудын завсар зайгаар том, том хашаа хатгасан харагдана. Том хашааны буланд ёс юм шиг нэг айл буулгасан нь сахиул бололтой. Тэрхүү айлаас аль компанийн эзэмшил, эсвэл хэн гэдэг эрхмийн өмч болох, газрын зөвшөөрөлтэй, эсэх талаар асуухад ам нээхгүй. Зарим нь нохойгоо сул тавьчхаад хамраа ч цухуйлгахгүй. Нэгэнт баригдаад айлууд нь орчихсон хотхонуудын үүдэнд хоёр хүн товхийтэл амьдарчихаар бяцхан байшингуудтай. Дөхөөд очвол тэр нь нохойны үүр байх аж. Цаахна талд нь түрүүчийнхээсээ арай том улаан тоосгон байшин барьсан нь харуул, жижүүр нарын ажлын байр гэнэ. Мөн л хэн ч гарч ирэхгүй, хашхираад нэмэргүй, нохойд уруулбал өөрсдийн хохь болж таарах янзтай. Хятад ажилчидтай компаниуд бол гадуураа гүйдэг хаалгатай өндөр хэрмэн хашаа босгож, хэнийг ч оруулдаггүй юм байна. Жижүүр нь монгол хүн байх ч биднийг “Яв, яв” хэмээн нохой шиг хөөгөөд огтхон ч ойртуулсангүй. Төрийн тусгай хамгаалалттай Зайсан буюу зөвхөн бая чуудад зориулсан дархлагдсан хотхонуудын нийтлэг дүр төрх ийм. Хэн ийм болгочихов. Энэ асуултадБайгаль орчны үе үеийн сайд нар, хотын захирагч нарыг буруутай хэмээн амтай болгон ярьж байна. Компаниуд тэднээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэжгазрын зөвшөөрөл авдаг. Түүнийгээ орон сууц болгон зарж мөнгө угаадаг нь нууц биш. Амташсан хэрээ 13 эргэнэ гэгчээр дахиад л газар авдаг, нөгөөх нь ч өгдөг. Ингэж авч, өгөлцсөөр нэг л мэдэхэд Зайсангийн ам, Нүхт, Богд уул орчимд бүхэл бүтэн хороолол босоод байгаа учир нь эндээс эхтэй. Дархан цаазат газар, төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт жирийн иргэн тэр болгон газрын зөвшөөрөл авч чадахгүй. Тийм хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Энэ бол мөнгө, эрх мэдэл бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн хийж чадах ажил. Анхнаасаа ойлгомжтой, ил явж ирсэн ч далд цэцэглэсэн авлигын сүлжээ. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрлөөс шууд л их мөнгө, авлига үнэртэж байгаа юм. Үүнд М. Энхболд болоод Улаанбаатарыг удирдаж ирсэн хотын дарга нар, Т.Бадамжунай тэргүүтэй хотын менежерүүд,улстөр,бизнесийнашиг сонирхлоор нэгдсэн “Хотын фракц”-ыг холбоотой гэлцдэг. Газрын алба болон бусад асуудал хотын мэдэлд багтдаг бол авлигын энэхүү сүлжээ цааш “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Улаанбаатар дулааны сүлжээ”, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилга, хот байгуулалтын яам руу салбарладаг гэж байгаа. Дээр нэр дурдсан эрхмүүд бол өөрсдийн гар хөлийг саадгүй зор чуулах, нэг үгээр хэлбэл дураар нь тонгочуулах бүхий л боломж бололцоог нээхийн тулд эрх мэдлээ ашиглан “Ногоон гэрэл” асаагч нар юм. Тэгвэл гардан гүйцэтгэгчид нь хэн бэ. Төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат Богд уул, Зайсангийн амыг орон сууцаар дүүргэсэн бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй компани олон бий. Тухайлбал, “Уушги цохио”, Сөүл вин”, “Роял нью кэстл”, “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, Сөүл групп, “Бодь’’ групп, ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп, Солонгосын хөрөнгө оруулалттай G.SS.M компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” компанийн барьсан болон одоо барьж буй гоё нэртэй хотхонууд. Мөн Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр (ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцын барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж) зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог хэмээн иргэд хэлж байна. Түүн дотор охин компаниудаар баг хийж, Зайсанг барилгаар дүүргэсэн ихээхэн эрх мэдэл бүхий хамгийн том компани нь “Мантууш”, эзэн нь ГӨнөрболор гэх эмэгтэй. “Сөүл” групп, “Уушги цохио”, “Сөүл вин”, “Роял нью кэстл” бол түүний “охид”.“Мантууш”- ынхан өмнө нь “Грийн вилла”, “Роял кастл”, “Сөүл роял каунти” зэрэг хотхныг Богд уулын ард барьж, өндөр үнээр зарсан. Тэнд Н.Багабанди, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХын гишүүн асан, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, Ерөнхий сайд асан С.Баяр нарынх амьдардаг хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. “Сөүл” групп буюу “Мантууш” компанийн захирал Г.Өнөрболор гэх эмэгтэйн тухай ч хэвлэлүүд олон удаа бичсэн. Зарим нь “Зайсангийн тэргүүн хатагтай”-гаар тодруулсан удаатай. Зайсангийн “савдаг” гэж нэрлэх гээд хэл халтирсан нь тэр байх л даа. Г.Өнөрболор гэж хэн бэ гэдэг асуултад Солонгосын компанид орчуулагч хийж байгаад мөнгөтэй солонгостой сууж, их хөрөнгийн эзэн болсон, хуучнаар “Жаргалан” кафе (Хүүхдийн парк дотор байрладаг) буюу сүүлд “Сөүл” гэж нэр, зүсээ өөрчилсөн рестораныг хувьдаа авснаар улс төрчидтэй сүлбэлдэх болсон гэв. Монгол охидыг ширээний үйлчлэгчээр ажиллуулж, садар самуунд уруу татдаг нууц бизнесээр зарим улс төрчийг уургалсан гэх мэдээллүүд хэвлэлийн шарласан хуудаснаа түүх болж үлджээ. Үүнээс нэг зүйл анхаарал татаж байгаа нь энэ бүхэн Г.Өнөрболор гэх тэр эмэгтэйн ов заль уу, түүнтэй суусан солонгос эр зальжин нөхөр үү. Хэн тэднийг давраав гээд асуулт гарна. Дахиад л улс төрч, эрх мэдэлтнүүдийн урт жагсаалт үргэлжилнэ. Энэ бүхнийг түр орхиж, одоо Богд уулын ар хормой, Зайсангийн аманд “Мантууш”-ийн тарьсан балаг ямар хэмжээнд хүрсэн хийгээд нийслэлийнхэнд хэрхэн аюулын харанга дэлдэж эхэлснийг баримтаар хүргэе. Юуны өмнө Зайсангийн ам, Богд уулыг байшингаар дүүргээд зогсохг үй, одоо ч нүх сүв үлдээлг үй барилгаар чигжиж буй “Мантууш” компани хариуцлагаас бултаж, өнөө маргаашгүй дампуурлаа зарлах гэж юм байна (зарлачихсан байж ч магадгүй). Тус компани 2007 оны дөрөвд үгээр сарын 16-нд анх Сүхбаатар дүүргийн Татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-нд НӨАТ төлөгчөөс гарснаа албан ёсоор тэмдэглүүлжээ. Хуулиараа бол нэг жилийн хугацаанд татвар төлөлгүй байж байгаад дампуурлаа зарлах боломжтой. Угаасаа компаниудынмөрддөг зарчимэнэ. Тэгэхээр одоо “Мантууш” компани гэрээ байгуулах эрхгүй, мөн хариуцлага хүлээх чадваргүй гэсэн үг. Барилгын хуулиар тухайн объектыг барьснаас хойш гурван жил өнгөрсөн бол чанарын асуудлыг хариуцахгүй гэсэн үг. Хэрэв одоо “Мантууш” компанийн нэрээр Зайсан, Богд ууланд ажил эхлүүлсэн, дууссан бол хариуцлагаас аль хэдийн бултчихсан байж болзошгүйг дуулгая. Одоо харин нийслэлийнхэн, тэр дотроо Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдын тав тухад заналхийлж буй “Мантууш”- ийн өөр нэг маапааныг сөхье. Зайсан дахь Хорих 401 дүгээр ангийн ард барьж буй орон сууцын хорооллыг “Мантууш”-ын “охид” барьж байгаа. Тодруулбал, “Сөүл вин”, “Роял нью кэстл” компани “Жигүүр Гранд”, “Карказ”-ийнхантай дөрөө харшуулан орон сууц барьж байна. Хорих ангиас баруун тийш “Зайсан хороолол”-ын урд уулын мод руу шулгуулан барьж буй хорооллыг хамгаалагч нь “Сөүл вин”-ийх гэж хэлж байсан. Биднийг төөрөлдүүлэх гэж худал хэлээгүй бол хятад ажилчдаар тун нууц байдалд бариулж буй хувийн хауснуудын гүйцэтгэгч нь “Мантууш” болж таарна. Мөн зарим хамтрагчийн нэр тодорхойгүй бөгөөд харуул, хамгаалалтынхнаас эхлээд барилгын ажилчид ам чанга байна. Хамгийн гол нь орон сууцын эдгээр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох юм бол Зайсангийн амныхан, цаашилбал Хан-Уул дүүргийнхэн ташраараа халах тухай ойлголт байхгүй мөсөн хонгил болох бүрхэг ирээдүй хүлээж байна. Хамгийн аймшигтай нь ингэж холбох дулааны сүлжээг “Мантууш” компани одоогоос хоёр жилийн өмнө өөрсдөө хулгайгаар хийж, тэр нь юу юугүй холбоход бэлэн болчихсон. Шинэ хорооллын барилгын ажил дуусгаж, ашиглалтад хэзээ мөдгүй орохыг хүлээж байна. Уг нь хууль бус, зөвш өөрөлгүй газарт барьсан барилгуудыг улсын комисс хүлээж авах учиргүй. “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийн аль аль нь дулаан, цахилгааны урьдчилсан нөхцөлийг шийдэж өгөх ёсгүй. Яагаад гэвэл хот төлөвлөлтөд ороогүй дур мэдэж барьсан байшингууд шүү дээ. Гэтэл өмнө нь барьсан хорооллуудыг нь боломжоороо шийдээд өгчихсөн гэнэ. Тиймээс “Мантууш”-ийнхан болдог юм хэмээн даварч дахин шинэ хороолол сүндэрлүүлж буй. Тэдний ард болгож өгнө гэж амласан хүмүүс ч байгаа нь мэдээж.
Зайсангийн аман дахь хэл ам татлаад буй дулааны шугам сүлжээний тухай тодруулахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийг зорив. Ингээд тус газрын дэд дарга, инженер Д.Баярсайхантай уулзаж цөөн асуултад хариу авлаа.
Д.БАЯРСАЙХАН: ШИНЭ ХОРООЛЛУУДЫГ ШУГАМД ХОЛБОХ БОЛОМЖГҮЙ
-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн хорих 401 дүгээр ангийн орчим Богд уул руу барилгын компаниуд дулааны шугам татсан юм байна. Хариуцсан байгууллагын хувьд танайд ямар мэдээлэл байна вэ?
-Зайсангийн орчмын мод, бут, сөөг устаж, оронд нь зүс буруу олон хорооллоор дүүрлээ. Гэхдээ тэнд нийслэлийн Хот төлөвлөлтийн газраас албан ёсны төлөвлөлт батлаагүй. Харин Байгаль орчны яамны зөвшөөрлөөр газар олгоод барилга бариад байгаа. Хот төлөвлөлт хийгдээгүй байхад барилга барихыг зогсооно гэж нийслэлийн Хот төлөвлөлтийн газраас өнгөрсөн жил бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл тэнд газар ухаад, барилга бариад байна. Гэхдээ нэгэнт тэнд барьчихсан байгаа барилгууд, тухайлбал томоохон орон сууцын хо рооллууд учраас Эрчим хүчний яамнаас нөхцөл нь өгөгдөж, дулааны шугамд холбосон. ХААИСийн орчим хуучин уурын зуухаар халдаг байсан учраас Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хү- рээлэнгийн хавьд нийтдээ зургаан кКаль хүчин чадалтай ДЦП барьсан байгаа. Түүний наад талд Туул голын эргээр бие даасан компаниуд орон сууцнууд барьсан. “Ногоон төгөл”, ХанУул дүүргийн хороо, цагдаа нэртэй баригдсан “Модунь хотхон”, ХААИС-ийн оюутны, багш, ажилчдын байр байдаг. Бурхантай болон танктай хөшөөний орчимд мөн хоёр талдаа арав арван кКалийн хүчин чадалтай ДЦП баригдсан. Түүний нэгээс нь “Анамо”, “Модунь”, “Жигүүр гранд” “Мантууш”-ийн орон сууцын хорооллууд дулаанаар хангагдаад байгаа. Нөгөө талд нь байгаа, тухайлбал Танктай хөшөөний урдуур “Импекс капитал”, “Номин”-гийн орон сууцууд байдаг. Сүүлийн үед иргэн Л.Гүндалайгийн авсан газарт “АПУ” компанийнхан орон сууцын хороолол барьж байна. Эдгээр барилгууд дулааны шугам сүлжээнд холбогдохоор ачаалалд нь багтсан байгаа. Харин одоогоор ямар нэгэн том хороолол нэмж дулааны сүлжээнд холбох бололцоогүй.
-Өндөрлөг газрууд руу шугам татахаар усны даралт буурч эвдрэл гарна гэж буй. Зарим хүн өөр тайлбар хэлэх юм?
-Хорих 401 дүгээр анги болон түүний урд талд, мөнуулруу гарсанхамгийнөндөрцэгүүдэдамины сууцын хотхонууд барихаар газар шорооны ажил эхлээд байна. Зарим нь ч баригдаад эхнээсээ дулааны шугам татъя гэсэн. Хоёр жилийн өмнө зөв шөөрөлгүйгээр дулааны шугам татсан компани ч байгаа, тухайлбал, “Мантууш”. Бид тэр асуудлаар нийслэлийн Хот газрын алба, хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаа гээд олон газар тухайн үед хандсан. Хэрэв тийш нь дулааны шугам татах юм бол хүчин чадал нь хүрэлцэхг үй. Ачааллаа дийлэхгүй. Шугам хүрэлцэхгүй, усны даралт буурах учраас өндөр газруудад байгаа байруудаа хангаж чадахг үйболно.Яагаад даралт буурч байгаа вэ гэвэл ДЦП нь өөрөө 1335 гэсэн хамгийн бололцоотой цэг дээр байрлаж байгаа. Шугам дотор явж буй ус өөрөө өндөр даралттай байдаг учраас цаашаа хол явах юм бол температур нь хөрч, тараалт нь доголдож, улмаар өндөрлөг газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болдог. Өөрөөр хэлбэл, даралт буурах юм бол ус нь уур болж хувираад тараалт нь доголдож хөлдөх аюултай. Энэ жил хотын дарга захирамж гаргаж, зөвшөөрөлгүй барилгуудыг дулаан хангамжид холбож болохгүй гэж үүрэг өгсөн. Тэр асуудлаар комисс ажиллаж байгаа. Үүний дараа бид “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Техник, хяналтын хэлтсийн дарга Э.Батмөнхтэй уулзсан юм. Түүнээс хяналт, шалгалтын ажил ямар байдлаар явагдаж байгааг тодрууллаа. Тэрээр тэнд баригдсан барилгууд зөвшөөрөлгүй баригдсан, тэгээд ч зөвшөөрөлгүй барилгууд руу дулааны шугам татаж болохгүй хэмээн ярьж байна.
Э.БАТМӨНХ: ДУЛААНЫ ШУГАМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЮМ БИЛЭЭ
-Зайсанд зөвшөөрөлгүй татсан дулааны шугам аль компанийнх гэдэг нь тодорхой юм уу. Тэнд олон компани байгаа ч зөвхөн “Мантууш”-ийнх гэж яриад байна.
-Ерөөсөө л зөвшөөрөлгүй шугам барьсан юм билээ.“Мантууш”-ийн нэр дээр ч зөвшөөрөл байх гүй. Бариад газар доор булчихсан юм байна лээ. Бид тэдний хүмүүсийг барьсан байх гэж ойлгож буй.
-Тэнд байгаа компаниудын аль нь тэдний харьяанд байдаг юм бол?
-Тэрийг мэдэхгүй. Компанийн харьяаллыг нарийн мэдэхгүй юм байна.
-Зайсанд 3-4 жилийн өмнөхийг бодвол олон хороолол баригдсан. Тэр хорооллуудыг өнөөдөр дулаанаар хэвийн хангаж чадаж байна уу?
-Хэвийн байгаа. Гол нь хорих ангийн баруун, зүүн энгэр лүү баригдаж байна. Xувийн хаус хорооллуудыг өнөөдрийн нөхцөлд дулаанаар хангах бололцоогүй. Тэнд “Карказ” компани 40 гаруй жижиг таун хаус барьж байгаа. Хажууд нь “Могул таун” гээд хороолол баригдаж байна. “Могул таун” өөрийн эх үүсвэрээр дулаанаа хангаж байгаа. Гэтэл бид тэдэн рүү дулаан хангамж хүргэж чадахгүй байгаа. Бусдыг нь боломжоороо дулаанаар хангаж байна. Гол нь боломжтойг нь хангаж, боломжгүйг нь чадахгүй гээд байгаа юм. Зайсан толгойг тойроод дулаанд холбосон болон одоо ч холбох байрууд бий.
-Хорих ангийн баруун урд руу хятадууд барилга барьж байна. Компанийнхаа нэрийг нуугаад, өөр компанийн нэр хэлж төөрөлдүүлээд байх юм. Тэнд ямар компани барилга барьж байгаа юм бол. Дулааны асуудал яригдаж байгаа учраас та бүхэн мэдэх байх?
-Мэдэхгүй. Ямар ч байсан тэнд олон жижиг таун хаусны суурь ухаж байгаа харагдсан.
Д.ШИНЭХҮҮ: БИДНИЙ МЭДЭЛ ХҮРДЭГГҮЙ
Зайсанд барьсан барилгууд бүгд газрын зөвшөөрөлгүй. Хот төлөвлөлт хийгдээгүй газар компаниуд барилга барьсны гол буруутан нь Байгаль орчны үе үеийн сайд нар гэдэг. Энэ талаар хэвлэлүүд тухайн үед их ч бичсэн. Бүр хэн хэнд хэч нээн хэмжээний газар хаана өгснийг хүртэл жагсаалтаар гаргасан нь цөөнгүй. Энэ тухай нэхэн тодруулахад Богдхануулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү “Бидний мэдэл хүрдэггүй юм шүү дээ. Дээрээс дарамт шахалт ихтэй. Байгаль орчны сайд нар 2003-2008 оны хооронд газрын зөвшөөрлүүд өгсөн байдаг. Тэдний л хийсэн ажил. Түүнийг нь сүүлийн үеийн Байгаль орчны яам ч цэгцлэх гээд дийлээгүй” хэмээсэн. Түүнээс улбаалан нэг зүйлийг санаж байна. Тухайлбал, Тус газрын даргаар Д.Төмөрхүүг ажиллаж байхад БОЯ-ны дархан цаазат газрыг хамгаалах удирдлагын газрын дарга А.Намхай “Битгий энд тэнд ярилцлага өгч, элдэв юм яриад бай” гэж дарамталж байж. Ер нь газрын наймаатай холбоотой их хутгуушийн нэг нь тэрхүү А.Намхайг гэлцдэг. Одоо тус газрын дарга өөрчлөгдөж н.Эрдэнэчимэг гэдэг хүн болсон юм билээ. Цаашид түүний болоод Шинэчлэлийн Засгийн газрын шинэтгэлийн үр дүн харагдах болоогүй болохоор хэлэх юм алга. Д.Шинэхүү даргаас та миний сонирхсон асуудлаар ярилцлага өгч болох уу гэхэд “Би өөрийн хийсэн гэгээтэй юмаа л ярина. Өөр бусдын тухайд ерөөс ярихгүй” гэв. Дархан газар хариуцсан шат шатны олон байгууллага байх хэрэг байна уу. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар гэж сүрхий том нэртэй газар уг нь байх л ёстой. Гэтэл тэдэнд үүргээ биелүүлэх эрх мэдэл даанч алга. Дархан газрын асуудлыг галт уул юм гэж бодвол тэнд буцлаад байгаа асуудал нь дээр дурдсан баримтууд мөн. Тэрхүү галт уул хэзээ нэгэн цагт дэлбэрвэл мөн ч олон хүний эрх ашиг хөндөгдөх нь мэдээж. Харин мэргэжлийн хяналтынхан Зайсанд хот босгож байгаа тухай ярих болохоор үгнийх нь өнгө өөрчлөгдөөд тэр мэднэ, энэ мэднэ гэж мухардуулахыг оролдож байна. Яагаад гэхээр, тэд дээрээс бүүр дээрээс даалгавартай бололтой. Барилга, техникийн хяналтын байцаагч нарын хэнтэй ч уулзсан “Бид зөвхөн барилгын чанарыг л шалгадаг” гэх юм. Харин дархан газрын бүс хариуцсан улсын ахлах байцаагч Ш.Бадамхандтай уулзахад “Би мэдэж байвч юм хэлэхгүй. Манай хэлтсийн даргатай уулз. Тэр хүн танд юм хэлж өгнө” гэв. “Та нараас Зайсан дахь барилгын компаниудад удаа дараа шаардах хуудас өгч байсан бол аль нэгийг нь үзүүлж болох уу” гэхэд “Албан бичгээр хүсэлт гаргаж байж үзэж болно” хэмээн цааргалав. Энэ бүхнээс харахад, мэргэжлийн хяналтынхан эртнээс бүр дээрээсээ даалгавартай ажиллаж ирсэн бололтой. Үүнийг салбарын шинэхэн сайд нь анхаарч, одооноос эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэдгийг дуулгая. Эцэст тэмдэглэхэд, бид өмнөх сурвалжилгаа Зайсанг барилгаар дүүргэсэн “Мантууш” хэмээн эхлүүлсэн. Мөн зарим компани нэрээ нууж, өөр компанийн нэр хэлж биднийг төөрөлдүүлж байсныг ч дурдсан. “Бодь’’ групп, ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп,Солонгосын хөрөнгө оруулалттай G.SS.M компани,“Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” “Дабу”, “Сарнайх”, “Анома” гээд 20 гаруй компани Зайсанд барилга барьсан, зарим нь одоо ч үргэлжлүүлэн барьж байна. Тухайлбал, “Сарнайх” гэхэд л уулын ус буух урсац буюу нэг үгээр хэлбэл гольдирлыг нь юу ч үгүй өөрчилж, нүхэн гарц маягийн арк гаргаж, барилга барьсан харагдана лээ. “Жигүүр гранд” гэхэд л хууль зөрчсөн маш ноцтой зүйлүүд анзаарагдсан. “Могул таун” ч түүнтэй адил. “Бөх бат” гэдэг компани Богд уулын арын байгаль орчныг сүйдэлсэн нь нүд хальтирмаар. Хайрганы карьер ч тэнд цөөнгүй. Тэр дотроос “Мантууш”-ийн барилгууд солонгос материал буюу шахмал хуванцраар барилгын тулгуур хийснээрээ сондгойрч байсан бол Зайсангийн барилгын компаниудын олонх нь уулын залуу моддыг булга татаж авчраад барилгын тулгуур хийсэн нь халагламаар. Тэндхийн компаниуд бүгд л хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан. Зайсан хэмээх дархан уулын нэгэн ам экологийн сүйрэлд бүрэн автжээ. Тэд олон нэр бүхий хуулийн заалт дээгүүр алхсан юм билээ. Гэвч тэр бүхнийг уудлахаар тэнд очсон хяналт шалгалтынхан жижигддэг аж. Бидний уулзсан хүмүүсийн ярианаас үзвэл холбогдох газрууд түүний албан тушаалтны эрх мэдэл, дархан газар дураараа авирлагчдын эрх дархын дэргэд үнэндээ л юу ч биш байдаг нь нотлогдож байна. Шамбааралдсан барилгуудын дундуур аль нэгийг нь зориод очихоор нэрээ өөрчилж, зүсээ буруулах нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, бүгд л “Мантууш”- ийн нэрийг барих юм. Ямар сайндаа “Такси цоохор машин” шог дуунд “Энэ олон замын хаагуур нь явах вэ, та минь ээ” гэдэг шиг манай сурвалжлах багийнхан буцах замдаа “Зайсангийн олон Мантууш” гэж хошигнож байх вэ дээ.
Ч.Үл-Олдох, Д.Цэрэннадмид