Украины жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дэлхийн хошой аварга, “Токио-2020” зуны олимпын хүрэл медальт Дарья Билодид дэвжээнээс түр холдож, хөл бөмбөгт ур чадвараа сорих болжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард улсынхаа эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дээд лигийн “Металист 1925” багийнхантай анхны тоглолтоо хийж, “Ладомир”-ын тамирчидтай өрсөлдөхдөө 87 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан байна. Довтлогчийн байрлалд тоглодог жүдоч бүсгүй 2024 оны есдүгээр сард “Металист 1925” клубийн албан ёсны элч болж, улмаар бэлтгэл хийн үндсэн бүрэлдэхүүнд нь багтсан аж. 2025 оны хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би дахиж барилдахыг хүсдэг. Гэхдээ одоо тайван амьдралыг хүсэж байна” хэмээн өгүүлжээ.
Түүний аав Геннадий Билодид нь жүдобөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга бол ээж Светлана Кузнецова нь дасгалжуулагчаар ажилладаг. Дарья Билодид Азербайжаны Бакуд 2018 онд болсон ДАШТ-д 17 насандаа түрүүлж, жүдогийн дэвжээнд хамгийн залуу дэлхийн аваргаар тодрохдоо 48 кг-ын жинд Монголын жүдочдоос “Рио-2016” олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялж байв. Үүнээс нэг жилийн дараа Токиогийн ДАШТ-д оролцохдоо амжилтаа бататган дэлхийн хошой аварга болсон юм. Европын аваргаар гурван удаа шалгарсан түүний Токиогоос гардсан олимпын хүрэл медаль Украины эмэгтэй жүдочдын түүхэн дэх анхны медаль аж.