Нийгэмд асуудал үүсэх бүрд дарга нарын олныг тайвшруулж, “гал унтраах”, буруу зөрүүгээс эвтэйхэн булзах шалгарсан арга нь “Холбогдох байгууллагад чиглэл өгсөн”, “Хүчингүй болгоно, ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно”, “Хууль санаачилж, батлуулна” гэх хоосон, хуурай мэдэгдэл болжхувирсан. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө хууль батлуулсан нэр зүүхийн тулд хаа хамаагүй сэдэв рүү “үсчих” нь ч үүнд хамаатай. Чуулган завсарлахаас өмнө буюу баяр наадмын “урь орж”, иргэд налайсан үед ар хударгаар үй олон хууль ар араас нь угсруулан батлуулдаг нь ч нууц биш. Манай улсад өдгөө 936 хууль хүчин төгөлдөр үйлчилж буйгаас 352 нь байнга дагаж мөрдөх, нийгмийн харилцааг тогтвортой зохицуулсан шинжтэй бол 257 нь нэг удаагийн, 200 орчим нь тодорхой хугацаанд үйлчлэх, 127 нь зарим хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр 900 давсан хуулийн дөнгөж тал хүрэхгүй хэсэг нь л нийгмийн харилцааны “тулах цэг” болж, үүргээ гүйцэтгэж байна.
Гэтэл хууль тогтоох байгууллагынхан жил ирэх тусам эрх зүйн тогтолцоо, системд ямар үр дүн үүсгэх, бодит амьдралд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хуулиуд “үйлдвэрлэсээр”. “Иргэд ядуу зүдүү байгаа учраас мөнгө хэвлээд тараая” хэмээн цамнаж болохгүйтэй адил асуудал үүсэх бүрд түүнийг зохицуулсан шинэ хууль баталж, хийдэл үүсгэн эрх зүйн тогтолцоогоо хорлоод байж болохгүйг тэд ойлгохгүй байна уу, эсвэл зориуд цаг нөхцөөдөг хэрэг үү.
ХЭНИЙ Ч “МЭДЭХГҮЙ” ХУУЛИЙГ ХЭН МӨРДӨХ ВЭ
2024 онд баталсан, 30 зүйл бүхий Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэж та сонсож байв уу. Малчныг эрүүл мэндийн тусламж, боловсролын үйл чилгээнд хамруулж, мэдлэг, ур чадвар олгоно гэж их л сүрхий пиардсан энэ эрх зүйн баримт бичиг гарснаар бодит байдал дээрдсэн, эсэх нь эргэлзээтэй. Манай улсын 1000 дөхсөн эрх зүйн баримт бичиг дунд энэ мэтчилэн нийгэм дэх хэрэгцээ, шаардлага нь бага, хэрэгжилтийн судалгаагаа хангалтгүй хийж, “сэтгэл хөөрлөөр” баталсан хууль жин дарна. Тэгвэл хуулиудыг ар араас нь “машиндах” ашиг сонирхол юуных вэ.
УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг авч үзвэл 2000 онд нэг удаагийн чуулганаар 19 орчим хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр товлодог байсан бол 10 жилийн дараа энэ тоо 28 болж, сүүлийн жилүүдэд дунджаар 66 хууль тогтоомжийн төслийг (2021 онд 73, 2022 онд 64, 2023 онд 62) төлөвлөн хэлэлцэх болжээ. Түүнч лэн тов, дараалалд тусгаагүй хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд сэм шургуулан, нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх боломж энэ үеэс нээлттэй болсон юм.
Аливаа хууль тодорхой зорилго, чиглэлтэй байх ёстой. Энэхүү зорилгын хэрэгжилт нь түүний практик үйл ажиллагаа гэдэгтэй хууль чид санал нийлэх биз. Хууль буюу эрх зүйн хэм хэмжээг амьдралд хэрэглэх үндсэн дээр төрийн эрх бүхий субъектийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хууль зүйн практик хэмээдэг. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүрэх зорилго, чиг хандлагатай уялдуулах, хоёрдмол утгагүй бичиж, цаг үеийн бодит нөхцөл байдалтай нийцүүлэх нь эрх зүйн онолын суурь ойлголт юм, уг нь. Нийгмийн харилцаа хувьсахын хэрээр хууль тогтоомжоо өөрчлөх, боловсронгуй болгох нь зүйн хэрэг ч “Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна”, “Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг Үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэнд нь заан цол олгоно” гэж зүтгүүлтлээ “уйдаж” болохгүй.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хотын даргаасаа эхлээд “Хоёр жилийн дараа 1000 хүүхдийн зуслан ашиглалтад оруулна”, “Хотын захиргааны хуучин барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно” гэхчлэн “хайр” зарлалаа. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиас гадна Гэр бүлийн, Боловсролын ерөнхий зэрэг хуульд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгачхаад байхад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тэргүүтэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж, үүнийг нь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрсөн сарын 26-ны хурлаар хэлэлцэхийг дэмжсэн байх жишээтэй. Үүгээр хүүхдийн хичээлээс гадуурх сургалтад хамрагдах үйл ажиллагаа, эцэг, эх, иргэний нийгмийн байгууллагуудын эрх, үүргийг зохицуулах юм гэнэ.
НЭГИЙГ БАТЛАХЫН ТУЛД НӨГӨӨ 99-ИЙГ ӨӨРЧИЛНӨ
Өөр нэг ойрын жишээ. УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын зарим гишүүний хамт өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийсэн. “Цаашид төрөөс дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. Уг хуулийг баталснаар Монгол Улсад гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Банкны тухай хуулийг Хөрөнгө оруулалтынхтай уялдуулж зохицуулсан. Банк, санхүүгийн байгууллага хямд эх үүсвэр татахыг дэмжиж, суутгах татварыг таван хувь болгон бууруулж байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид очих зээлийн хүү буурна. Төрийн оролцоог аль болох бууруулж, хувийн хэвшилд зах зээл, орон зай нээж өгнө” гээд уг төслийг дагалдуулан 99 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэв. Үүнтэй агуулга ижил Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг аль өнгөрсөн онд өргөн барьчхаад буйг тэд лав мартсан бололтой. “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна”, “Хувийн хэвшлийнхнийг дэмжиж, татварын дарамтыг бууруулна” гэж хэчнээн жил улиглав.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, татвар, бизнесийн эрх зүйн мэргэшсэн зөвлөх Б.Баасандорж манай сонины 2025 оны аравдугаар сарын 7-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “Эрх зүйн тогтолцоо, хэрэглээнд ямар үр дүн авчрах нь тодорхойгүй хууль “үйлдвэрлэсээр” байх уу. Эрх зүй нь нийгмийг үр ашигтайгаар зохицуулж чадахгүй болох үзэгдлийг хууль тогтоомжийн инфляц гэж нэрлэж буй. Энэ мэт өмнөх уламжлал, сонгомол эрх зүйн тогтолцоогоо эвдэхгүйгээр хуулийг системчилж бичихгүй бол асуудал бүрийг шинэ хууль батлах замаар шийднэ гэж байхгүй” хэмээснийг энд дурдах нь зүйтэй. Хууль зүйн доктор А.Солонгын “Хууль тогтоомжийн системчлэлийн асуудалд” судалгаанд “Үндэсний эрх зүйн тогтолцоо шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжиж чадахгүй байна. Хууль тогтоомж өөр хоорондоо авцалдаа муутай, хэм хэмжээний давхардал, хийдэл ихтэй байгаа тул нэгдсэн арга барилаар системчлэх зайлшгүй хэрэгцээ бий” хэмээн онцолсон удаатай. Үүнийг цааш дэлгэрүүлье.
2015 онд баталсан, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Хууль тогтоомжийн тухай хуульд энэ талын бүх харилцааг нарийн, тодорхой тусгасан. Үүний хүрээнд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль, тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг түгээмэл ашигладаг. Гэвч 20202024 онд байнга дагаж мөрдөх 352 хуулийн 50-ыг нь шинэчлэн найруулснаас 28 хуульд л хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг баталсан аргачлалын дагуу хийжээ. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд боловсруулсан 254 хуулийн төслийн дөнгөж 39 хувьд л олон нийтийг оролцуулсан, төсөл боловсруулах үйл явцын нээлттэй байдал, иргэдийн оролцоо зохих түвшинд хангагдаагүйг бусад судалгаанд онцолсон байна.
“ЯАРАЛТАЙ ГОРИМ” ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ БОЛОВ
Өнгөрсөн найман жилийн хугацаанд 69 хуулийг яаралтай горимоор баталжээ. Тэр дундаа сүүлийн дөрвөн жилд 120 гаруй хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулалгүйгээр баталсны 45 нь яаралтай горимынх. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавар бүхий хуулиуд ч үүнд багтсан байх жишээтэй. Түүнчлэн 2024 оны Үндэсний баялгийн сангийн, түүнийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлт буюу стратегийн орд эзэмшигч хуулийн этгээдийн 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших, энэ заалтыг хэрэгжүүлээгүй хувийн өмчит хуулийн этгээдэд бүрэн эрхт төлөөлөгч томилох зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлэн, нэлээд шүүмжлэл дагуулсан нь саяхан.
2025 оны байдлаар нийт 50 гаруй хуулийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлж, баталсан байна. Үүнээс хоёр нь л буцсан байдаг. Байгалийн гамшиг, осол, бусад хямрал гэх мэт урьдчилан тооцох боломжгүй гэнэтийн нөхцөл байдал, түүний эрсдэл, үр дагаврыг бууруулах, арилгах арга хэмжээг хойшлуулшгүй авах шаардлага үүссэн, түүнийг нотолсон байх, цаг хугацааны хувьд байнгын шинжтэй тогтвортой үйлчлэх зохицуулалт агуулаагүй буюу нэг удаагийн шинжтэй байх зэрэг нь яаралтай горимоор хууль батлах үндэслэл ч дээрх хуулиуд уг шаардлагыг хангасан, эсэх нь тун сэжигтэй.
Энэ мэтчилэн эрх баригчдын гоё нэртэй “пайз зүүж”, ажил хийсэн болж харагдах шилдэг арга нь хэнд ч хэрэгцээгүй хууль батлах болоод байна. Хууль олон байхдаа бус, нийгмийг үр ашигтайгаар зохицуулж, үр дүн үзүүлэх нь хамгийн чухлыг хууль тогтоогчид одоо ойлгомоор сон. Батлуулсан хуулиараа уралдалгүй асуудалд нухацтай хандаж, ажлаа хийхдээ “поп” зангаа хойш татахыг нийт хууль тогтоогч, санаачлагчид сануулах нь зөв биз.
Д.Хэрлэн