-Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилох хуулийн цоорхойг ашиглах уу-
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн чуулганаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. 1991 оны нэгдүгээр сард баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан, Засгийн газар төрийн өмчит компани (ТӨК)- уудад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилсон нь эрх баригч намд Монголын мөнгөний авдрын түлхүүрийг шууд атгуулж байна хэмээн олон нийт шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, БЭТ-ийн гэх тодотголтой дээрх хууль Үндсэн болон бусад хууль, олон улсын гэрээ, конвенцод нийцэхгүйг Засгийн газар мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өдий хүрсэн юм.
Энэ талаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болголоо. Цаашид Монгол Улс эрх зүйт тогтолцоогоо хадгалах, Үндсэн болон бусад хуулиа дагаж мөрдөж хэвшихэд чухал алхам болов. 1991 оны уг хуулиар Засгийн газар хувийн хэвшлийн компанид ч онцгой дэглэм тогтоох эрх нь нээлттэй байсан. Үүнээс шалтгаалж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд айдастай болсон. Энэ нь зөвхөн бизнесийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэл бий болгов. Монголд хөрөнгө оруулбал Засгийн газар нь онцгой дэглэм тогтоогоод, урирдаад явчихдаг гэсэн таагүй мэдээлэл олон улсад түгвэл юу болох вэ. Зарим хүн онцгой дэглэм тогтоосны хүчинд ТӨК-иудын ашиг, орлого нэмэгдсэн гэж дүгнэх нь өрөөсгөл. Учир нь гадаад нөхцөл байдал онцгой дэглэмийн үед нэн таатай байсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон тухайн үед зэсийн зах зээлийн үнэ тонн тутамдаа 4800 ам.доллароос 9000-10 000 ам.долларт хүрсэн. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн нь зэсийн эрэлтийг дэлхий даяар өсгөсөн. Мөн хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон 2020-2021 оны үед ч төмрийн хүдэр, алтны дэлхийн зах зээл дэх үнэ өссөн нь экспортын орлогыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компанийн ашиг, орлогын өсөлт нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, экспортын эрэлт зэргээс хамаарч байсан тул БЭТ, онцгой дэглэмийн сайн нөлөө гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Тэгвэл эсрэгээрээ муу ажилласан гэж дүгнэсэн ТӨК-иудын ТУЗ, гүйцэтгэх удирдлага яагаад хариуцлага хүлээсэнгүй вэ. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль ТӨК-иудын удирдлагыг хариуцлагаас мултлах халхавч байж болохгүй. Цаашид төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, мэргэжлийн удирдлагатай, улс төрөөс хараат бус засаглалтай болгон хөгжүүлэх нь чухал” гэв. Үүнийг олон нийт ч хүсэж буй. Гэвч амьдралд биеллээ олох болов уу.
БЭТ ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН УУ
Харамсалтай нь, дээрх хуулийг хүчингүй болгосон ч төрийн болон хувийн хэвшлийн компаниудад Засгийн газрын нөлөө, БЭТ-өө шургуулах хууль, эрх зүйн орчин байсаар буйг судлаач, хуульчид хэлж байна. Тухайлбал, Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Тэгшбаяр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас БЭТ томилох агуулга байсаар. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд (үүнд Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээд болон төрийн өмчит хуулийн этгээд хамаарахгүй болно) дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглосон. Хэрэв эл шаардлагыг биелүүлээгүй нь төрөөс бүрэн эрхт төлөөлөгч томилох үндэслэл болох ба бүрэн эрхт төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ нь нэг ёсондоо томоохон ордтой холбоотой хувийн хэвшлийн байгууллагад БЭТ томилох нь байна. Гэтэл БЭТ-ийн томилгоотой холбоотой асуудал цөөнгүй. БЭТ-ийг Засгийн газар томилсон гэдэг утгаараа эрх мэдэл нь ТУЗөөсөө давчихаж байгаа юм. ТУЗ-ийг үл ойшоож, Засгийн газартай шууд харилцдаг. Энэ бүхэн “Онцгой дэглэм тогтоосон” гэсэн малгайн дор явдаг учраас хуулийн үйлчлэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Шилэн данс, Тендерийн, Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй. ТӨК-иудын гол үйл ажиллагаа нь тендертэй холбоотой байдаг шүү дээ. Мөн БЭТ томилсноор компанийн үйл ажиллагаа өөрчлөгдөж, ажлаасаа гэнэт халагдсан хүн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч “Онцгой дэглэм байсан” гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Тэгэхээр БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болголоо гээд БЭТ томилох асуудал бүрэн дуусгавар болоогүй гэсэн үг. Үүнтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалтад анхаарах хэрэгтэй. Бусад хуульд ч ийм заалт бийг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбарт асуудал үүсэхэд шууд л БЭТ томилж байсан шүү дээ. Үүнийг 1991 оны дээрх хуулийн дагуу юу, эсвэл ийм зохицуулалт шигтгэсэн өөр хуулийг баримталсан, эсэхийг мэдэхгүй” гэв.
Сүүлийн жилүүдэд манай улсад гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүдийн дийлэнх нь уул уурхайн салбар, тэр дундаа төрийн өмчит компанитай холбоотой байгааг олон судалгаа нотолдог. Тухайлбал, 2021-2025 онд УИХ нийт 12 удаагийн Ерөнхий хяналтын сонсгол хийсний дөрөв нь уул уурхайн салбартай холбогдож буй. Засгийн газраас 2019 оноос хойш дөрвөн удаа шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой”, хуучнаар “Монголросцветмент”, “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” зэрэг компанид онцгой дэглэм тогтоосноос хамгийн олон буюу дөрвөн удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилжээ. Ингэж олон удаа онцгой дэглэм тогтоож, БЭТ томилох нь авлигын эрсдэлийг арилгаж, компанийн засаглалыг сайжруулах оновчтой арга зам биш байсныг харуулсан хэмээн судлаачид дүгнэж буй юм. Үүнийг батлах нэг жишээ нь, ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгооны асуудлаар Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгааны дүгнэлт юм. Улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2020-2024 онд хийсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, дүгнэсэн бөгөөд энэ хугацаанд дээрх компаниудад ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусдыг нь огт сонгон шалгаруулаагүйг илрүүлсэн байна.
ТӨР ЗӨВХӨН НОГДОЛ АШГАА ХҮРТСЭНЭЭР ОРОЛЦОО НЬ ДУУСДАГ
Засгийн газраас төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй хэмээн хэчнээн сайхан амладаг ч өөрийн төлөөлөгчөө ажиллуулж, бүхий л шийдвэр, эрх мэдлийг атгандаа байлгах гэсэн атгаг санаа нь энэ мэт хэвээр. Төрийн өмчийн компанийн бүх түвшний удирдлага, тэр бүү хэл, дунд шатны мэргэжилтнүүдийг хүртэл төрийн оролцоо, улс төрчдийн шахаагаар томилдог нь нууц биш. Засгийн газраас хараат тэд төрөөс гаргасан шийдвэрийн дагуу л хөдлөхөөс бус, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаггүй. “Төрийн өмчийг хувьчилна гэдэг төрийн оролцоог зөвхөн хувьцаа эзэмшигчээр хязгаарлаж, ногдол ашгаа хүртсэнээр оролцоо нь дуусах ёстой. Гэтэл Монголд Компанийн тухай хуулийн зохицуулалт бараг үйлчилдэггүй. Төрийн болон орон нутгийн өмчийн, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Засгийн газрын журам, тогтоол, тэмдэглэл, толгой компани, эсвэл хувь эзэмшигчийн удирдамжийн дагуу шийдэж байна. Тэгвэл олон улсад нийтлэг Компанийн тухай хуулиар зохицуулж, бусад асуудлыг компанийн дотоод засаглал, бодлого, журмаар шийддэг” хэмээн судлаач Д.Тэгшбаяр онцолсон.
Улсын хэмжээнд 2023 оны эцсээр төрийн болон орон нутгийн 355 компани үйл ажиллагаагаа явуулж буйн 123 нь төрийн өмчийнх. Гэтэл 2024 онд ТӨК-ийн тоо 19-өөр нэмэгджээ. Харин 2025 онд Засгийн газраас төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10- 66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж, нээлттэй компани болгохоор шийдвэрлэсэн. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг.
Ийнхүү дээрх хуульгүй томилгоо онцгой дэглэмийн үед буюу “Ковид-19” цар тахлын үеэс эрчимжсэн. Албан тушаалтан болон хүний нөөцийн томилгоог сонгон шалгаруулахгүй явуулж, худалдан авалтын гэрээг тендерийн зохицуулалтгүй шууд байгуулсан нь ТӨК-ийн удирдах ажилтны томилгооны судалгаанаас харагддаг. БЭТ-ийн үйл ажиллааг хянах зохицуулалт байхгүй, хариуцлага хүлээхгүй, түүгээр ч зогсохгүй, өөрийгөө урамшуулсан ч ямар ч шийтгэлгүй үлдсэн. Компанийн ТУЗ, БЭТ хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл маргаан, асуудал дагуулж байв. Даарин дээр давс гэгчээр 2024 оноос бүтээмж, хяналтын менежер гэх гоё нэртэй, шинэ албан тушаалтан “мэндэлсэн”. Мөн л томоохон гурван компани болох “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэс Тавантолгой”-д дээрх мэргэжилтнийг томилж, компанийн гүйцэтгэх удирдлагын багт харьяалж, сардаа 5-8 сая төгрөгийн цалин олгож байлаа. Энэ мэт төрийн болон орон нутгийн өмчит компанид өрнөсөн эцэс төсгөлгүй эрх мэдлийн төлөөх тэмцэлд иргэд хохирсоор. Бүтээмжгүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг Засгийн газрын хяналт, улс төрөөс ангид байлгаснаар үр дүнд хүрч, зах зээлийнхээ зарчмаар хөгжинө хэмээн судлаачид үздэгийг дурдахад илүүдэхгүй биз. Нэг хуулийг хүчингүй болгох нэрээр нөгөөг нь зүтгүүлэх сонирхол хэнд байна вэ.
Ч.Цэлмэг