Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол энэ сарын 16, 17-нд хөл хөдөлгөөн, үймээн шуугиантай болж өнгөрлөө. Өнөө жил Богд Очирваанийг тахих ёслолд 40 орчим мянган сүсэгтэн оролцсон гэнэ. Урьд байгаагүй олон хүн Хангайн нурууны ноён оргилыг зорьсон тул хайрханы бэл хормой, хажуугаас нь эх аван урсдаг цэнгэг уст Буянт голын эрэг хүн, машины хөлд дарагдаж, улаан шороогоор хавсарга тавьсан аж. Угаас ган гачиг, хуурайшилт ихтэй, өвс ургамал тарчигхан байсан газарт тахилгын ёслолыг сүр дуулиантай зохион байгуулсан нь олон талаараа муу үлгэрлэл болж, хүрээлэн буй ор чинд багагүй эрсдэл учруулсныг нутгийн иргэд ярьж байна.
Энэ жил Завхан аймгийн нийт нутгаар зуншлага тааруу, гундуу байгаа гэнэ. Иймд тахилгад оролцогчдыг хөрс, ногоо талхиж, шинэ зам гаргахгүй, ил задгай бие засаж байгалиа бохирдуулахгүй байхыг нутгийн малчид эртнээс анхааруулжээ. Гэвч хөлхөлдсөн олны үймээнд энэ анхааруулга “сарниж”, хог, шороонд дарагдсан байна.
Тайлга тахилгын үеэрх үйл ажиллагаанд зориулж, Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас их болон нүү дэлчдийн отог байгуулж, холбогдох хүмүүс хянаж, зохион байгуулалтад нь анхаарсан ч тооцооллоос давсан олон хүний хөлд чирэгджээ. Түүнчлэн тухайн бүсэд аялж явсан гадаад, дотоодын жуулчдад багагүй чирэгдэл учруулсан гэнэ.
Уул, усны тахилга бол байгаль дэлхийгээ танин мэдэж, газар, шороотойгоо гүн хүндэтгэлтэй харьцаж ирсэн нүүдэлчин түмний сүсэг бишрэл, уламжлалт ухаан, ёс заншлын нэгээхэн хэсэг юм. Харин үүнийг мухар сүсэг, ухвар мөчид хандлагаар ийн алдагдуулж, тахилга нэрийн дор найр наадам шиг нүсэр үйл ажиллагаа зохион байгуулж, байгалиа бохирдуулах болсон нь нэн харамсалтай. Үүнийг Төрийн тэргүүн, шашин, соёлын зүтгэлтнүүд нь хөхиүлэн дэмжиж, оройлон оролцож буй нь бүр ч гунигтай. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн зорилгод “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр нэгдэж, COP17-г эх орондоо зохион байгуулах эрх авч, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах санаачилга гаргасан улс арай л өөр байх ёстой биш гэж үү.
Н.Дүүлэн