Аливаа Засгийн газрын ажлын гараа, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвийг эхний 100 хоногоор нь хэмждэг бичигдээгүй хууль улс төрд бий. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд энэ хугацаанд “дурсагдах” ажилтай байх гэж хичээдэг нь нууц биш. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал ч 100 хоногтоо хийсэн ажилтай, олонход таалагдсан шийдвэр гаргахыг эрмэлзжээ. УИХ-ын хаврын чуулганы төгсгөлөөр Засгийн газраас хэд хэдэн хуулийг яаралтай горимоор өргөн барьж, батлууллаа. Мөн хэдэн танхим дамнуулан үргэлжилсэн Оюутолгойн хэлэлцээрийн үр дүн түүний “туршилтын үе”-д таарч, оноо авав. Тиймээс Ерөнхий сайд өөртөө, танхимынхаа ажилдаа сэтгэл хангалуун байгааг өчигдөр болсон “100 хоног-100 чөлөөлөлт” хэлэлцүүлэгт тавьсан тайлан илтгэлээс нь харж болно.
Харин сөрөг хүчин эсрэг байр суурьтай байгаа. Тэд Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулсан, намрын чуулган эхлэхэд эл саналаа өргөн барихаа мэдэгдсэн юм. Ерөнхий сайд тэдний энэ шаардлагыг “улс төр хийж байна” хэмээн үзэж буй. Гэхдээ бодит үнэлгээг иргэд, аж ахуйн нэгжүүд л өгөх учиртай. Өнгөрсөн 100 хоногт бидний амьдралд тодорхой ахиц гарсан уу.
“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГААС ЯМАР ҮР ДҮН ГАРАВ
Н.Учрал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд МАН-ын даргаар, улмаар парламентын спикерээр сонгогдсон. Тэрбээр УИХын даргын хувиар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгаж, улс төр, эдийн засгийн эрх чөлөөг хамгаална гэсэн. Уг нь спикер хэдий ч эхнээсээ л Ерөнхий сайд мэт ажиллаж буйг тухайн үед иргэд шүүмжилж байлаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа дээрх санаачилгаа үндэсний хөтөлбөр болгон батлуулж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн дөрвөн чиглэлээр чөлөөлнө хэмээсэн.
Түүний Засгийн газарт хийсэн ажил хэмээн нэрлэх цөөнгүй жагсаалт байна. МАН доторх талцлын “дундын хувилбар” болж гарч ирсэн учраас Н.Учралд улс төрийн харьцангуй тайван үе таарлаа. Г.Занданшатарт 100 хоногийн тайлангаа тавих боломж ч, ажиллах олигтой хугацаа ч олдоогүй гэхэд болно. Нам доторх бү лэглэл нь түүнийг огцруулах гэж улс төр хийсэн учраас тэр. Тэгэхээр одоогийн Ерөнхий сайд азтай юм. Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хү рээнд Татварын багц, Эдийн засгийн эрх чөлөөний, Төрийн өмчит компанийн засаглалын, Нийгмийн даатгалын ерөнхий зэрэг хэд хэдэн хуулийг батлуулав.
Танхимаа байгуулахдаа бүтэц хэмнэж шалиагүй ч үндсэн чиглэлийн дөрөв, мөн ЭМЯ, Боловсролын яаманд дэд сайд үлдээж, бусдыг нь цомхотгосон. Татварын багц хуулийг баталснаар өртэй татвар төлөгчдийн данс хаадгийг зогсоож, асуудлаа шийдтэл алданги тооцохгүй болгов. 792 мянга хүртэлх төгрөгийн орлогод ХХОАТ авахгүй, хоёр сая хүртэлхэд нэг хувиар тооцно гэлээ. НӨАТ төлөгчийн 50 сая байсан босгыг 400 болгон нэмжээ. Импортын болон НӨАТ-ын төлбөрийг хоёр сараар хойшлуулах нь. Үл хөдлөх хөрөнгөө зарахад хоёр хувийн татвар авдаг байсныг болиулсанд иргэд талархаж байгаа.
Ашиг олно гэхээс илүү алдагдал авчирдаг төрийн өмчит компани (ТӨК)-иудыг цэгцлэх ажлыг Г.Занданшатар эхлүүлж, Н.Учрал үргэлжлүүлж мэдээлсэн. ТӨК-иудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудыг чөлөөлж, улс төрчдийг энэ “салбар”-аас хол байлгах нөхцөлийг Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуулиар бүрдүүлсэн гэж буй. Ашиггүй ажиллаж байсан 14 компанийг татан буулгаж, 260 орон тоог цомхотгосон. Ингэснээр жилд хүртэх үр ашгийг 67.3 тэрбум төгрөг болгох тооцоо хийжээ. Төр бүх салбарт хуруугаа дүрдгийг, гэнэтийн шийдвэр гаргадгийг зогсооно гэв. Мөн гадаадын банк оруулж ирэх боломж бүрдүүлнэ хэмээсэн. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зөвшөөрөл, шат дамжлагыг цөөрүүлж, зарим төрлийн үйлчилгээг бичиг цаасгүйгээр хийдэг болсон. “Оюутолгой” төслийн менежментийн зардлыг найман их наядаар бууруулж, Монгол Улсын хүртэх өгөөжийг таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн нь энэ Засгийн газрын хийсэн хамгийн том ажил яах аргагүй мөн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 их наяд төгрөг хэмнэх боломж бүрдэв. Гурван жил тутамд гэрээний нөхцөлийг сайжруулах хэлэлцээ хийхээр болж, үр өгөөжийг нь энэ оноос хүртэхээр тохиролцож чадсан. Энэ бүхэн мэдээж зөвхөн Н.Учралын гавьяа биш. Өмнөх Засгийн газрууд хэлэлцээрийг эхлүүлж, ахиулж өгсний хүч. Үүнээс гадна суурь тэтгэврийн шинэчлэлийг хийж, нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх боломж бүрдүүлжээ.
Гэхдээ дээр дурдсан эерэг шийдлүүд одоо ч бодит болоогүй. Хуулийг нь баталсан ч хэрэгжүүлэх хугацаа нь голдуу ирэх оны нэгдүгээр сараас эхэлнэ. Хоёр сая хүртэлх төгрөгийн цалинд нэг хувиар тогтоосон ХАОАТ-ыг бүр 2028 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр тусгасан нь хоржоонтой. Ерөөс цонхны цаанаас чихэр долоолгосон шийдвэрүүд гэхэд болно. Учир нь эдгээрийн үр дүнг бид өнөөдөр хүртэхгүй. Энэ Засгийн газар тулгамдсан асуудлуудыг шийдэх оролдлогыг огт хийгээгүй биш, гэхдээ гүйцэд бус байна.
“СААРМАГЖУУЛАХ” АЖИЛЛАГАА
100 хонож буй Засгийн газраас 100 хувийн үр дүн нэхэх боломжгүй. Гэхдээ МАН бол сүүлийн 10 жилийн турш засгийн эрхийг барьж буй нам. Хүн нь л солигдсоноос нам нь өөрчлөгдөөгүй уч раас нийгэмд тулгамдсан олон асуудлыг эхний 100 хоногт эхлүүлсэн болж дүр эсгэхээс илүү бодлогыг нь залгамжлах учиртай байв. Харин тэд тэгж чадсангүй. Үүний хариуцлагыг сөрөг хүчин Н.Учралын Засгийн газраас нэхсэн юм.
Сайхан ярианыхаа талд ч хүрэхээргүй, хагас дутуу шийдлүүд гаргасан болж, тэгснээ хэрэгжүүлэх хугацааг нь тэр даруй биш, 1-2 жилийн дараа тавиад буйг нь АН-ынхан “Улс төрийн хоосон тоглолт” хэмээн үзэж байна. Сөрөг хүч ний шаардлагыг Ерөнхий сайд Н.Учрал үнэхээр үл тоож байна. Эх орноо хамгаалахаар явсан залуус амь нас, эрүүл мэндээрээ хохироод байхад сууриар нь өөрчлөх арга хэмжээ аваагүй, салбарын сайддаа ч хариуцлага тооцсонгүй. Мөн сөрөг хүчний гишүүдээс санаачилсан бараг бүх хуулийн төслийн араас өөрсдийн хувилбарыг өргөн барьж, хүчийг нь тарамдуулах, “саармагжуулах” ажиллагааг өнгөрсөн 100 хоногт явуулав.
Иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг бодитоор бууруулахын тулд хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох төслийг Ж.Баярмаа тэргүүтэн санаачилсан. Тэгмэгц Засгийн газар Татварын багц хууль оруулж ирээд, үүндээ “792 мянган төгрөг хүртэлх цалинд ХАОАТыг тэглэнэ” гэсэн. Ижил төслүүдийг нэгтгэж хэлэлцдэг учраас явцдаа дээрх санаачилга нь “Хоёр сая хүртэлх цалингаас нэг хувь” боллоо. Эдийн засагт учирч буй олон саад тээгийг шийдэхээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилмагц Бизнесийн эрх чөлөөний тухай хууль өргөн барив. Эдгээрийг нэгтгэж батлах зуурт сөрөг хүчний зорилго бүдгэрэв. Б.Түвшин гишүүн хоол, унааны мөнгөнөөс шимтгэл авдгийг зогсоох, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс хоёр хуулиар давхардуулан татвар суутгадгийг болиулах гэх мэт заалт бүхий Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл оруулж ирснийг Засгийн газрын санаачилсантай нэгтгээд, “манантуулж” орхисон. АН-ын дарга О.Цогтгэрэл “Бидний дэвшүүлсэн үзэл санааг хэрэгжүүлэх хүсэл эрх баригчдад алга. Тиймээс л хагас дутуу дэмжсэн болж аргацааж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2028 оноос мөрдөнө гэсэн нь үүний жишээ. Хэрэгжүүлж амжихаас нь өмнө цуцалчихдаг хүмүүс шүү дээ” гэсэн юм.
АН-ынхны санаачилсан зорилгод хүрээгүй хэдий ч хоёр сая хүртэл төгрөгөөс ХАОАТ-ыг нэг хувиар авч, үл хөдлөхөө зарахад төр хоёр хувийг нь татварт авдгийг зогсоож буйд иргэд баяртай байгаа. Харин энэ Засгийн газрыг гэгээлэг шийдвэрүүд бидний амьдралын хөрсөн дээр буугаагүй байна. Өчигдөр тайлангаа тавихдаа Ерөнхий сайд Н.Учрал “Бид дэлхийд өрсөлдөх чадвараараа 79 орноос 69-д явж байна. Инфляц 11.2 хувьд хүрсэн. Хэдийгээр экспорт өсөж, гадаад худалдаа нэмэгдсэн ч өрхийн амьжиргаанд нөлөөлдөггүй нь төрийн эдийн засаг дахь оролцооноос болж байгаа” хэмээн ярьжээ. Бодит байдлыг “төсөөлөөд” байгаа бололтой. Гэвч мэдэрч чадсангүй. Таны засагласан өдрүүдэд махны үнэ тэнгэрт хадсан нь өөрчлөгдсөнгүй. 2016 онд 26 мянган төгрөгөөр дөрвөн кг мах авдаг байсан бол өнөөдөр 980 граммд л энэ мөнгө хүрэлцэнэ. Нөөцийн хямд мах нийлүүлэх нэрээр 1990-ээд оны картын бараанд дугаарладаг бүрхэг үеийг буцаан авчирлаа. Бодит өртгөөс хэт хямд үнээр нийлүүлсэн нь ийм дүр зураг бий болгоод байна. Уржигдархан л АҮЭБЯ-ны Төрийн нарийн бич гийн дарга нь бензин, шатахууны үнэ нэмэхгүй гэсэн атал тэр орой нь л 300 төгрөгөөр өсчихлөө. Таны гаргасан сайхан санаачилга, шийдвэрүүдийн үр өгөөжийг бид эхний 100 хоногт лав мэдэрсэнгүй. Өрнөөс өрний хооронд толгой гашилгаж, үнийн өсөлт, татварт дарлуулсан хэвээр л байна. Тэгэхээр иргэд танд “сайн” дүн өгч чадахгүй нь.