Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал нь эрэлттэй, тэргүүлэх болон багш мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг олгох шалгуурыг өндөрсгөсөн байна. Тодруулбал, багш мэргэжлээр суралцагчид голч дүн нь 2.7-гоос, элсэлтийн шалгалтын оноо нь 480-аас дээш бол тэтгэлэг олгодог байв. Харин энэ хичээлийн жилээс 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй, элсэлтийн шалгалтын оноо нь 650-иас дээш тохиолдолд 100 хувийн тэтгэлэг олгох гэнэ. Харин 3.0-3.3 хүртэлх голч дүнтэй, элсэлтийн шалгалтын оноо нь 620-649 бол 70 хувийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэснээ Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч П.Зохихсүрэн танилцууллаа.
Тэрбээр “Суралцагчийн сурлагын амжилтад үндэслэн тэтгэлгийн хэмжээг шатлалтай тогтооно. Хэрэгцээгээ зөв тодорхойлох шаардлага үүссэн. Багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчид 2024 оноос тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 9800 сурагч хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт 50 мянга орчим багш ажиллаж байгаагаас Боловсролын зээлийн сан 10 мянган оюутанд тэтгэлэг олгожээ. Өөрөөр хэлбэл, энэ нь багш мэргэжлийн хэрэгцээг нь хангахуйц хэмжээнд хүрсэн. Гэхдээ математик, физик, хими, биологи зэрэг байгалийн ухааны чиглэлийн, мөн монгол хэл бичиг, уран зохиол, орос хэл, түүх, технологийн чиглэлийн багш дутагдсан хэвээр. Харин сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багшийн сул орон тоо байхгүй. Мөн биеийн тамирын 900 гаруй багш илүү байх жишээтэй. Иймд дутагдаж байгаа чиглэлд эл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хичээлийн жилээс байгалийн ухааны чиглэлд багш нараа бэлдэх бодлого баримтална” гэв.
Ч.Цэлмэг