Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын хүрээнд болсон “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д ирээдүйгээс ирсэн буюу цаасан дээр “амилсан” нэгэн хотын удирдлага оролцож, цугласан олныг гайхшируулжээ. Энэ уулзалтын үеэр хотын удирдлагууд хэт төвлөрлөөс улбаатай экосистемийн доголдол, ногоон дэд бүтцийн хүртээмж гээд хүн ам ихтэй суурин газруудад нийтлэг тулгамддаг бэрхшээлүүдийг хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бол өнөөх дарга “Монголчууд бид хотын газрыг зоосны нүхээр биш, хариуцлага гэж харах цаг болсон. Бид цаашид хотын газарт хөрөнгө оруулах хариуцлагын тогтолцоог бий болгоно” хэмээн тэс хөндлөн зүйл ярьжээ. Ингээд зогсохгүй ирээдүйд тус хотод суурьшин амьдрах иргэдэд ипотекийн зээл олгоно, орон сууцын хөнгөлөлттэй хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан хүмүүсийг ч харж үзнэ гэхчлэн том ам гарсан байх юм.
Тус хотыг бүтээн байгуулах төлөвлөгөө, зураг төсөл, үзэл баримтлалтай энэ өдрүүдэд танилцаж буй гадаадын зочид төлөөлөгчид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид ямархуу ойлголт, төсөөлөлтэй буцаж байгааг үнэндээ таамаглах аргагүй. Харин дарга нарын мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд “цэцэглэсэн” эл хотыг байгуулах ажил яаж эхлээд, ямархуу байдлаар өдий хүртэл үргэлжилснийг монголчууд мэдэхийн хувьд төслийг олон улсын төлөөлөгчдөд ийн итгэл төгс танилцуулсанд баахан санаа зовж, уйлах уу, инээх үү гэдэг л болж байх шиг. Зарим нь бүр “Монгол дарга нарын мөрөөдлийн төлөвлөгөөг аль болох цөөн хүн сонсоосой” гэж залбирах нь холгүй хэлж ч байна.
Энд чухам ямар бүтээн байгуулалт, хотын талаар ярьж байгааг уншигчид хэдийн гадарласан болов уу. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн хот байгуулах тухай асуудлыг манай улс сүүлийн 15 орчим жилийн турш ярьж, албан ёсны тогтоол, шийдвэр гаргаад зургаан жил хэртэй болж буй ч яг одоогоор баахан дарга, албан тушаалтан, инженерийн дэд бүтэц нэртэй хэдэн шугам хоолой, станцын суурь барилгаас өөр зүйлгүй байгаа. Ийм байхад үүнийг “Ирээдүйн ногоон, ухаалаг, тогтвортой хөгжлийн жишиг хот” гэдэг тодотголтойгоор онцлох төсөл болгож олон улсын төлөөлөгчдөд танилцуулж буй нь үнэндээ ичмээр явдал.
Нийслэлийнхэн “Хүннү хот” төслийн ажил эрчимтэй үргэлжилж, юу юугүй оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болсон мэт ойлголт, мэдээллийг сүүлийн үед нийгэмд түгээх боллоо. Нийслэлийн Нэгдсэн төслүүдийн удирдлагын газрынхан гэхэд хамгийн сүүлд энэ сарын 10-нд “Хүннү хот дахь “Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрч, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр бүрдүүлэх үндсэн ажил дуусах шатандаа орлоо. Хотын инженерийн дэд бүтцийн суурь ажлууд эрчимтэй урагшилж байгаа нь цаашид барилга, байгууламж, орон сууц, төрийн байгууллагуудын цогцолбор, боловсрол, үйлчилгээний бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэх үндэс болж байна” хэмээн мэдээлсэн билээ. Тэрчлэн тус хотын бүтээн байгуулалтын ажил хариуцсан хүмүүс COP17-гийн үеэр “Улаанбаатар хотын тээвэр ложистикийн бүх үйл ажиллагааг Хүннү рүү шилжүүлж, нисэх буудал, сургууль, цэцэрлэг байгуулах замаар ойролцоогоор 80 мянган ажлын байр бий болгоно. Одоогоор 2000 гаруй ажлын байр бий болгоод байна” гэж зарлав. Гэвч нидэр дээрээ шинээр байгуулах хотын инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний ажлын зураг төсөл ч бэлэн болоогүй байна. Хэдийгээр нийслэлээс “Инженерийн дэд бүтцийн суурь ажлууд цэгцэрсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээж буй ч цэвэр, бохир ус, дулаан, харилцаа холбоо, цахилгааны иж бүрэн шугам сүлжээний зураг төслийг нь ч бүрэн боловсруулж дуусаагүй гэх. Хот байгуулах ажил зуун задгай, хоосон тал дээрх зураг хэвээрээ гэсэн үг. Ийм байхад дарга, захирагч нэртэй хэдэн хүн ипотекийн зээл, эдийн засгийн чөлөөт бүс, ногоон хот, газрын менежмент, ухаалаг хөрөнгө оруулалт зэрэг тэнгэрийн гэмээр зүйлс ярьж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа нь даапаалал гэлтэй.
Хөшигийн хөндийд хот байгуулах тухай яриа, шийдвэрт иргэд яагаад ийм итгэл үнэмшилгүй байна вэ гэвэл хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай улсад шинэ хот суурин байгуулах байтугай дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлага нимгэн. Алслагдсан дүүргүүдээ дагуул хот болгож хөгжүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан ч ярихаас илүүг хийж хүчрэхгүй яваа. Шинэ нисэх буудалд түшиглэн хот байгуулах шийдвэр гаргаснаас хойш зургаан жилийн нүүр үзэж буй ч өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт бус, танилцуулга хийсээр л өдий хүрсэн. Нүдэнд харагдаж, гарт баригдах бодитой ажлууд хийгээгүй атлаа дизайн, зураг төслийн уралдаан, ерөнхий төлөвлөгөөний шинэчлэл, олон улсын форум, хурал зөвлөгөөн гэх мэт пиар, сурталчилгааны ажилд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсаар байна. Хоёрдугаарт, албаны хүмүүс үндсэн ажлаа урагшлуулахад бус, “поп” мэдэгдлээр олны анхаарлыг татаж, хуучин сэдвийг шинэ мэт харагдуулах улс төрийн шоу хийхэд анхаарсаар өнөөдрийг хүрэв. Байгуулаагүй хотынхоо нэрийг гурвантаа сольж (Аэросити-Шинэ ЗуунмодХүннү), өндөр хөгжилтэй орнуудын жишгээр Хүннү хотын нэр барьсан Захирагчийн ажлын алба, хөгжлийн корпорац гэсэн хоёр нүсэр бүтэц улсын төсвөөс санхүүжин өдөр тутам үйл ажиллагаа явуулж буй. COP17-гийн хуралдаанд гэхэд тус байгууллагуудаас дөрвийн дөрвийн албан тушаалтан оролцож байх жишээтэй. Тухайлбал, Хүннү хотын хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гүнболд, захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, ерөнхий инженер Д.Жаргал, ерөнхий архитектор Ө.Цэрэнбазар нар “хот”-оо төлөөлөн олон улсын хуралд оролцож байна. Эндээс “Хүннү хот” хэмээх төслийн баг төрийн ивээл, хаялга дор ямархуу өргөн “чиг үүрэг”, бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нь харагдана.
Хамгийн хачирхалтай нь, эл төслийн ажил олигтой урагшлахгүй байхад төлөвлөлт, зохион байгуулалтад нь оролцож буй нэртэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Зөвлөх инженер нэртэй нэгэн албан тушаалтан цөлжилтийн асуудлаарх бага хурлын үеэр “Дэлхийн улс орнууд шинэ хот байгуулах, хуучнаа дахин төлөвлөх байдлаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээг хангах бодлого баримталдаг. Олон улсад жишиг болсон хот төлөвлөлтийн яг энэ зарчмыг “Хүннү”-д баримталж, хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл бол орчин үеийн шаардлага, техник, технологийн хэрэгцээ, боломж нөхцөлд тулгуурлан Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх анхны оролдлого” гэхчлэн ярьж явна. “Хүннү хот”-ын төлөвлөлтийн олон улсын уралдаанд тэргүүлсэн гэх өөр нэг зөвлөх архитектор “Энэ хотыг Улаанбаатарын шинэ дагуул бүс болгоно. Хотын хамгийн чухал үндэс суурь нь ус. Тиймээс бид үүнийг төслийнхөө гол тулгуур болгосон. Манай багийнхны хамгийн гол зорилго бол хэн нэгэнд зориулсан ерөнхий төсөл биш, Монгол Улсын нөхцөлд зохицсон зүйл бүтээхэд оршиж байна” хэмээн утга авцалдаагүй зүйлс ярьжээ.
Түүнчлэн “Хүннү”-г дэлхийн хот байгуулалтын чиг хандлага, үзэл баримтлалын дагуу “15 минутын хот” концепцэд тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөснийг Захирагчийн ажлын албаныхан нь мэдээлж байна. Нийтийн тээвэрт тулгуурласан хүртээмжтэй дэд бүтэцтэй, төрийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн, байгаль орчинд ээлтэй ногоон хот цогцлоосноор эл концепц хэрэгжих гэнэ. Энэ мэтчилэн дурдвал “Хүннү хот”-ын мөрөөдлийн төлөвлөлттэй холбоотой шинэ мэдээ, мэдээлэл их. Дарга нарын төсөөлөлд “цэцэглэсэн” дагуул хотын зураг төсөл, төлөвлөлт жилээс жилд ийн улам баяжсаар байна.
Н.Дүүлэн