П.Наранбаярыг Боловсролын сайд байх үеэс буюу өнгөрсөн оны хавраас хойш яригдсан хотхоны бага сургууль байгуулах санаачилга юу юугүй ажил хэрэг болох нь. Өнгөрсөн мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулиудад ойрын гурван жилд үүсэх ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр шийднэ гэвэл 12 их наяд төгрөг давсан зардал хэрэгтэй. Харин оргил ачааллыг зөв зохион байгуулалт, оновчтой төлөвлөлтийн хүрээнд үр ашигтайгаар шийдэх боломжтой” хэмээгээд өнөө жил нийслэлийн хотхон, хорооллуудад 50 бага сургууль байгуулж, эхний ээлжид 26 мянга гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөснөө мэдээллээ. Харин нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төр, хувийн өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг хотхоны бага сургууль болгож өөрчлөн 2200 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв.
Сайд, дарга нарын төлөвлөж, тооцоолсноор болбол 2026-2027 оны хичээлийн жил эхлэхэд тус бүр нь 400-500 орчим хүүхдийн суудалтай 50 сургууль нээж, сурагчдыг элсүүлэх нь. Сургуулиудын ачаалал, элсэгчдийн тоотой уялдуулан цаашид жил болгон ийм сургуульшинээр байгуулж, сурагчдыг мянга мянгаар нь “шингээх” гэнэ. Ингэж явсаар хотхон, хороолол бүр сургуультай, гурван ээлжээр хичээллэх, сурагчид багталцаж шингэхгүй гэх зовлонгүй болох юм байх. Үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болж ирсэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, тэгш хамран сургах зорилтыг Н.Учралын танхим ийм “мэргэн арга”-аар шийдэхээр нэг талдаа гарчээ.
Боломж бололцоо, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзвал одоогоор үүнээс өөр зам үгүй, шийдэл байхгүй гэж сайд, дарга нар тархи угааж, шийдвэрээ хамгаалж байна. Угтаа энэ бол эцсийн шийдэл биш, гал намжаах гэсэн түр зуурын арга хэмжээ, бодлогогүй алхам юм. Давын өмнө буюу хэрэгжүүлэх хүртлээ бөөн чирэгдэл учруулна, хэрэгжүүлсний дараа ч холион бантан болно.
Боловсролын байгууллагынхан цэцэрлэгийн ачааллыг бууруулахын тулд хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлнэ гээд нэг хэсэг баахан дөвчигнөсөн. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан хүмүүст баруун, солгойгүй тусгай зөвшөөрөл олгож, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг “орлох” эрх өгсөн ч эцэстээ өнөөхөө хянаж чадахгүй, бүтэлгүй туршилт болоод дууссан юм. Хүүхэд сургах байтугай чөлөөтэй тоглох ч зай талбай, орчин нөхцөлгүй байрнуудад багачуудыг бөөн бөөнөөр нь хашиж, аргацаасан байдалтай өдрийг өнгөрүүлдэг гэж олон нийт үүнийг шүүмжилсээр зогсоосон. Сүүлдээ энэ нь хүүхдийн төлөө гэхээсээ илүү цэвэр ашгийн шинжтэй үйл ажиллагаа болж хувирсан билээ. Хотхон, хорооллуудад бага сургууль байгуулах санаачилга яг л ийм байдлаар замхарч болзошгүй.
Засгийн газар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд төлөвлөсөн гол ажил нь хотхоны бага сургууль байгуулах гэнэ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах гол арга нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр, хоёрдугаарт, чадварлаг багш, гуравдугаарт, гэрт нь ойр сургууль юм. Яг одоогийн нөхцөлд хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль” хэмээн ярьсаар байгаа. Угтаа энэ нь “томоохон сургуулиуд нэмж байгуулж хүчрэхгүй учраас гэрийнхээ ойролцоо хүүхдүүдээ аргалаад л сургаж байя” гэсэн үг. Хүүхдийг гэрт нь ойр сургах нь мэдээж цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс эхлээд давуу талтай. Гэхдээ энэ нь урт хугацаандаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шийдэж чадахгүй. Бага сургууль дүүргэсэн хүүхдүүд дунд ангиасаа өөр сургуулиуд руу шилжих шаардлага үүснэ. Энэ үед хотын төв, алслагдсан дүүргүүдэд сургуулийн ачаалал, анги дүүргэлт хэтэрч, өнөөх л хүртээмжийн асуудал хөндөгдөнө. Нэг ёсондоо өвчний учир шалтгааныг олж эмчлэхийн оронд зовуурь шаналлыг нь л хэсэгчлэн намжааж буйгаас өөрцгүй.
Гэрт ойр байлаа гээд сайн сургууль болчихгүй. Сайн сургууль гэдэг бол наад зах нь хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлсэн байхаас эхэлнэ. Цаашлаад сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчний нөөц, заах арга зүй, ур чадвар, туршлага, багш, сурагч, эцэг, эхийн үүрэг хариуцлага, эргэх холбоог хангасан байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулиудын орчин нөхцөл, хичээл сургалтын чанар нийтлэгээрээ ямар билээ. Нийслэл, орон нутгийн гэлтгүй хотын төвийн болон захын дүүргийн төрийн өмчит сургуулиуд л гэхэд ямархуу ялгаатай байдаг билээ дээ. Боловсролын салбарын цөм зарчим гэгддэг тэгш, хүртээмжтэй байдлыг бодлогын түвшинд шийдэж хүчрэхгүй өдий хүрсэн улс бага сургууль байгуулж, асуудлаасаа ангижирна гэвэл лөөлөө. Ёстой л цаг, мөнгөний гарз болно.
Ерөөс сургуулиудыг хотхон, хорооллын булан тохойд төвлөрүүлэх гэж байгаа нь л манайх шиг нягт суурьшилтай, замбараагүй төлөвлөлттэй, хяналтгүй орчинтой хотод хамгийн том асуудал юм. Сургалтын хөтөлбөр, хүн хүчний нөөцөөс урьдаар анхаарах зүйл нь энэ юм. Боловсролын яамнаас баталсан Орон сууцын хотхон, хороололд байрлах бага сургуулийн үйл ажиллагаагзохион байгуулахад баримтлах чиглэлд тусгаснаар бол хүн амын нягтрал их, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульгүй хотхон, хорооллуудад эхний ээлжид бага сургууль бий болгох гэнэ. Өөрөөр хэлбэл, хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, төвлөрөл ихтэй бүсүүдэд төлөвлөсөн гэсэн үг. Энэ хэрээрээ сурагчдад эрсдэлтэй. Зам, тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэхээс эхлээд нийтийн зориулалттай орон сууцад ойр байрладгийн хувьд орчны хүртээмжтэй холбоотой, ахуйн шинжтэй бэрхшээлүүдийг ч хүүхдүүд туулна.
Төвлөрөл ихтэй хотхонуудад үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад эхнээсээ ийм асуудлууд гарч, шүүмжлэл дагуулсаар байгаа. Нэгэн жишээ дурдъя. Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, “Алтай” хотхонд хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн нэгэн хувийн сургууль гэхэд тэндхийн оршин суугчдын хувьд хэрүүлийн алим, хүүхдүүдээ сургахаар элсүүлсэн эцэг, эхчүүдийн хувьд толгойн өвчин болоод байна. Тухайн сургууль нийтийн орон сууцтай залгаа байршдаг тул эцэг, эхчүүд зэргэлдээ байрных нь орцоор дамжин хүүхдээ зөөдөг. Үүнээс үүдээд оршин суугчид “Хөл хөдөлгөөн дийлдэхээ болилоо”, “Амгалан тайван байдал алдагдууллаа”, “Дуу чимээ үлэмж ихэслээ” гэх зэргээр дургүйлхэж, сургуулийн удирдлага болон СӨХ-той хэрүүл зарга байнга хийдэг аж. Сургуулийн гаднах талбайд биеийн тамирын хичээлд хамрагдаж байсан сурагчдын дээрээс айлын цонх хагарч, шилний үйрмэг газраар нэг хөглөрсөн асуудал ч дэгдэж. Түүнчлэн гэр нь ойрхон гэдэг үүднээс сурагчид хотхон дундуур ганцаар зорчих, ингэж явахдаа чихцэлдэж ядсан машинуудад дайруулах шахсантохиолдол ч байнга гардаг байна. Энэ бол хотхон, хорооллын хаяа бараадсан сургуулиудад нийтлэг байдаг бэрхшээл. Боловсролын асуудал хариуцсан байгууллагууд үүнд хяналт тавьж, нэгдсэн стандарт мөрдүүлж чаддаггүй атлаа ачаалал бууруулах нэрийдлээр ийм сургууль олноор байгуулах гэж буй нь харамсалтай. Зөвхөн орчны нөхцөл байдлыг нь авч үзэхэд ийм. Анги танхим, спорт заал, гал тогооны стандарт, шаардлагыг хөндвөл үүнээс ч ихийг ярих хэрэгтэйболно.
Сургуулийн ачааллыг бууруулах хэрэгцээ шаардлагаар түрээ барьсан эл бодлогогүй шийдвэрт салбарын багш, судлаачид шүүмжлэлтэй хандаж буй. “Багшийн хөдөлмөр, хөгжлийг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагын судлаач Б.Энхсайхан “Үүнийг маш халгаатай зохицуулалт гэж үзэж байна. Бага сургууль байгуулахад ойролцоогоор 2-3 тэрбум төгрөг шаардлагатай. Сургуулиудад зөвхөн багш томилоод болчихгүй. Бүгд тусдаа захиргаа, үйлчилгээний ажилчидтай, гал тогоотой байхёстой. Цахилгаан, халаалтын зардал тогтмол гарна. Гэхмэтчилэн урсгал зардал ихтэй. Гэтэл энэ нь нэгдсэн том цогцолбор сургууль шиг үр ашигтай ажиллах боломж хязгаарлагдмал. Хүн ам ихтэй бүс, хотын захын хорооллуудад томоохон цогцолбор сургууль байгуулах төсөв хөрөнгө, хүний нөөцөө ингэж тарамдах хэрэггүй. Салбарын яамнаас баримталж буй “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги”, “Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль” санаачилгыг дэмжиж байгаа. Гэхдээ орон сууцын хотхон дунд зориулалтын бус байр, хуучин цэцэрлэг түрээслэх байдлаар олон жижиг сургууль байгуулахыг дэмжихгүй” гэсэн юм.
Харин бага боловсролын багшаар 20 гаруй жил ажилласан туршлагатай Э.Өнөржаргал “Олон жил ажиллахдаа хүүхдэд сургуулийн орчин ямар чухал болохыг ойлгосон. Тухайн сурагчийн сурлага, сэтгэл зүй, бие махбодод шууд болон шууд бусаар асар том нөлөө үзүүлдэг. Анги танхимын гэрэлтүүлэг, агааржуулалт, дуу чимээ, тэр бүү хэл, хана, хөшигний өнгө хүртэл хүүхдийн сэтгэл зүй, төвлөрөл, бүтээлч байдал, сурах хүсэл эрмэлзэл зэрэгт нөлөөлдгийг шинжлэх ухаанд баталчихсан. Манай улс хүүхдийг ямар нэг аргаар сургуульд багтааж, ширээнд хуваарилахыг зорьж ирснээс биш, энэ нарийн хэрэгцээг хангахад анхаарч байгаагүй. Орон сууцын хотхон, хороолол дунд бага сургууль байгуулна гэж байгаа нь хүүхдийн сурах эрх, аюулгүй байдлыг үл ойшоосон хэрэг. Наанадаж орчны дуу чимээг харгалзахгүй байна шүү дээ. Сургууль, цэцэрлэг болгон гаднаа ногоон байгууламжтай, зориулалтын заал, лабораторитой байна гэсэн журам хаана хэрэгжих болж байна. Яамныхан өөрсдийнхөө баталсан стандарт, норм дүрмийг ингэж баллуурдаж болохгүй” хэмээн ярилаа.
Гэрийн тань ойролцоо сургууль байгуулна. Таны хүүхдийг хамгийн ойр сургуульд хуваарилна. Энэ “амлалт” танд чихэнд чимэгтэй сонсогдож, сайхан санагдаж байж магадгүй л юм. Гэхдээ юу юуны туршлагагүй, нэгдсэн бодлого чиглэлгүй сургуульд та хүүхдээ санаа амар даатгаж чадах болов уу.
Н.МИШЭЭЛ