Мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цаг үед улс орны онц чухал үүрэгтэй байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), түүний харьяа газар, хэлтсийн ажилтнууд удаа дараа увайгүй үйлдэл өдүүлсээр ирэв. Иргэний, үл хөдлөх хөрөнгийн, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хөтөлж, үнэн зөв мэдээллийг бүрдүүлж байх ёстой эл байгууллагын цөөнгүй ажилтан улс төрчид, баячуудын үдийн хоолны мөнгийг халаасалж, бусдад давуу байдал олгосныхоо төлөө Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын үүдийг сахиж, прокурор, шүүхийн хаалгыг татаж буй тохиолдол олон. Уг нь “Нэг иргэн-нэг бүртгэл” гэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УБЕГ, түүний харьяа байгууллагын ажилтнууд нэг хүний регистрийн дугаарыг ашиглан өөр хүний нэр, зурагтай бичиг баримт үйлдэж өгөөд хээл хахууль авсан нь ч бий. Хэвлэсэн гадаад паспорт, иргэний үнэмлэх зөөдөг ажил эрхэлдэг жолооч нь хүртэл хэн нэгний гуйлтыг гүйцэлдүүлж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууддаа нөлөөлөн бусдад хууль бус бичиг баримт гаргуулсан үйлдэлдээ шүүгдэгчийн ширээнд суучихсан. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан нь хээл хахууль аваад бялуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн үйлдэлдээ ял шийтгүүлсэн. Энэ мэтээр улсын бүртгэгч нартай холбоотой, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд тав, арван төгрөг халаасалсан хэргүүдийг АТГ-ынхан ар араас нь прокурор, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсээр байгаа юм. Тэдгээрийн нэгийг уншигчдадаа хүргэе. Газар өмчлөгч, эзэмшигч таны мэдээллийг улсын бүртгэгч буруугаар ашиглах эрсдэл байдгийг ташрамд сануулъя.
Б.ХАНБААТАР АВЛИГЫН ХЭРЭГ ӨДҮҮЛЖ, ДАХИН ШҮҮХИЙН ХААЛГА ТАТАВ
УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан П.Мөнхтогтох, өмнө нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.Ган-Утас гэх эмэгтэй болон иргэн Б.Ханбаатар нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Иргэн Б.Ханбаатар өмнө нь маш ноцтой хэрэг өдүүлж, ял шийтгүүлж байсныг зарим уншигч санаж буй биз ээ. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2015 оны есдүгээр сарын 24-нд удирдлага дороо ажилладаг малын эмч бүсгүйг хээр аваачин зодож хүчирхийлэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, албан тушаалаа ашиглан эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндэж, тохуурхан даажигнаж, зовоон тарчлаасан хэрэг өдүүлж байв. Анхан шатны шүүх 2016 оны зургаадугаар сарын 15-нд түүнд чанга дэглэмд есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх уг ялыг хэвээр нь үлдээсэн билээ. Тэрбээр уг ялыг 2019 оноос өмнө эдэлж дууссан бололтой. Өдгөө Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч буй агаад энэ үедээ улсын бүртгэгчид хээл хахууль өгч, авахад хамжигчаар хамтран оролцсон хэрэгт буруутгагдсан байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээс эш татан уг хэргийн товч утгыг танилцуулъя.
Б.Ханбаатар УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын бүртгэгч П.Мөнхтогтохтой үгсэн тохиролцож, түүгээр хэлүүлэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэгэн байцаагчаар 2019 оны зургаадугаар сарын 10-нд иргэн Т.Б, М.Д нарын иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа гаргуулан авсан аж. Улмаар уг иргэний үнэмлэхийн лавлагаануудыг ашиглан тухайн өдрөө Т.Б гэх хүний эзэмшлийн 296 ам метр газраас 211.6-г нь худалдан авч буй мэт хуурамч гэрээ байгуулсан гэнэ. Мөн иргэн М.Д-ын эзэмшлийн 335 ам метр газраас 213.1-ийг нь Б.Ханбаатар нэр дээрээ худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийгээ нотариатч С.М гэх хүнээр гэрчлүүлжээ.
Үүнээсээ хойш дөрөв хоногийн дараа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд Б.Ханбаатар нэр дээр гаргуулан авч, 212 ам метр талбай бүхий газрыг иргэн Ц.Б-т худалдан борлуулж, 38.1 сая гаруй төгрөгийн ашиг олсон байна. П.Мөнхтогтох, Б.Ханбаатар нарын энэ үйлдлийн улмаас улсад 32.5 сая шахам төгрөгийн хохирол учирсан гэнэ.
Тэгвэл газрын жинхэнэ эзэн Т.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Би 2020 оны зургаадугаар сард газраа өөр хүний нэр дээр шилжсэн гэдгийг мэдсэн. Б.Ханбаатар гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан юм. Б.Ханбаатартай уулзахад “П.Мөнхтогтох гэх залуу надад таван сая төгрөг өгье. Иргэний үнэмлэхийг чинь ашиглая” гээд мөнгө өгөхөөр нь бичиг баримтаа өгсөн гэж хэлсэн. Б.Ханбаатар мөнгөө аваад, тухайн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн. Мөн нотариатчтай уулзахад “Би мэдэхгүй, таны лавлагааг барьж ирсэн болохоор худалдах, худалдан авах гэрээг баталсан” гэж байв. Би П.Мөнхтогтохыг эдгээр хүмүүстэй холбоотой гэж үзэж байна. Би очоогүй байхад намайг газраа зарсан мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэг сая төгрөгөөр зарсан гэрээ хийсэн байдаг. Гэрээнд миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Тэгэхээр газрын албаны болон улсын бүртгэлийн ажилтан нар хамтран албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Би Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст газрын хэмжээгээ өөрчлүүлж нэр дээрээ авах талаар 2019 онд очиж уулзсан. Тэгэхэд П.Мөнхтогтох байсан. Тэгэхэд компьютероосоо шүүж үзээд “Та энэ газрыг дахин авах эрхгүй юм байна” гэсэн. Тэгэхээр би тэнд очиж газрын мэдээллээ санамсаргүй байдлаар өгснөөс П.Мөнхтогтох энэ газрыг зарж болох юм байна гэсэн сэдлийг авсан гэж ойлгож байгаа” хэмээжээ. АТГ-ын мөрдөгчид энэ хэргийг шалгах явцдаа холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлж авсан бөгөөд УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын бүртгэгч П.Мөнхтогтох нь өөрийн эрхээр мэдээллийн санд нэвтэрч хэд хэдэн газрыг сонирхож үзэж байсны дотор дээрх хүмүүсийн өмчлөлийнх байсан гэнэ.
ДОЛООН ЖОЛООЧИД ГАДААД ПАСПОРТ ГАРГАЖ ӨГӨӨД 1.2 САЯЫГ ХАЛААСАЛЖЭЭ
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.Ган-Утас П.Мөнхтогтох нар хууль журмаа зөрчин хэд хэдэн хүнд гадаад паспорт гаргаж өгсөн хэрэгт буруутгагдсан юм. Г.Ган-Утас гэх эмэгтэй өмнө нь Монголд байхгүй, Швед зэрэг Европын оронд амьдарч байсан хоёр ч хүнд өөр хүний нэр дээр гадаад паспорт гаргаж өгсөн хэрэгт холбогдож, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жил хасуулж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нэгэн аж.
Улсын бүртгэлийн байгууллагын энэ хоёр ажилтан орон нутагт амьдарч, ашигт малтмал тээвэрлэн хил давуулдаг жолооч нарын гадаад паспортыг хууль зөрчин сунгаж, гаргаж өгснийхөө төлөө хамтран хахууль авсан хэрэгт холбогдсон байна. П.Мөнхтогтох, Г.Ган-Утас нар 2020 оны аравдугаар сарын 12-ноос мөн оны арваннэгдүгээр сарын 30-ны хооронд үндэсний энгийн гадаад паспортын хуудас дууссан, олон улсын ачаа тээврийн жолооч Ц.С, Р.Н, Д.Н, О.Х, Ж.Э, Б.М, С.М нарын гадаад паспортыг шинээр гаргаж өгөөд Б.А гэх хүнээр дамжуулан нийт нэг сая хоёр зуун тавин мянган төгрөгийн хахууль авсан гэнэ. Түүнээсээ 550 000-ыг нь П.Мөнхтогтох хувьдаа авсан бол Г.Ган-Утас нь 700 000-ыг нь хувийнхаа дансанд хийлгээд 233 000 төгрөгийг нь гадаад паспортын үйлчилгээний төлбөрт өгчээ.
Уг нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.6-д “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний А/207 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний улсын бүртгэлийг хөтлөх журмын 9.2-т “Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл хөтлөхөд 16-гаас дээш насны иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ)-ийн бүртгэл, 16-гaac доош насны хүүхдийн эцэг эх, эсхүл асран хамгаалагчийн биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ)-ийн бүртгэлд үндэслэнэ” гэж журамлажээ. Хууль, журмын эдгээр заалтыг зөрчиж, улсын бүртгэлийн дээрх хоёр ажилтан өөрсдийн биеэр ирээгүй, захиалга өгөөгүй долоон жолоочид гадаад паспорт шинээр гаргаж өгөөд 1.2 сая гаруй төгрөг авсан нь банкны данснуудад хийсэн шалгалтаар тодорхой болсон аж.
Эдгээрээс гадна П.Мөнхтогтох нь иргэн Д.Ч-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд хүчингүй болгож өгөөд нийт 5.3 сая төгрөгийг дөрвөн удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.
БУСДЫН ГАЗРЫГ “ДЭЭРЭМДЭН” ЗАРЖ, ОЛСОН ОРЛОГЫГ ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд П.Мөнхтогтохыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 18 сая, мөн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хязгаарлаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноов. Уг ялуудыг нэмж нэгтгэн П.Мөнхтогтохын нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, 31 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Г.Ган-Утасыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэм буруутай гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Б.Ханбаатарыг бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцон, төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасан, есөн сая төгрөгөөр торгох ял оноосон аж. Баянгол дүүргийн нутаг, III, IV хороолол дунд нэр бүхий иргэдийн өмчилж авсан газрыг “дээрэмдэн” өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад, зарж олсон орлогын 24.9 сая гаруйг нь П.Мөнхтогтохоос, 19 саяыг нь Б.Ханбаатараас гаргуулж, улсын орлогод оруулахаар болов. Харин газраа “дээрэмдүүлсэн” иргэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй гэдгийг шүүх тайлбарласан байна.