Үндэсний болон чөлөөт бөх хэмээх хоёр өөр ертөнцөд зэрэг амжилт гаргаж, монгол түмнээ олимп, дэлхийн дэвжээнд баярлуулж яваа хүн бол Мөнхтөрийн Лхагвагэрэл. Түүнийг зөвхөн улсын гарди цол, эсвэл дэлхийн дэвжээнээс хүртсэн медалиар нь тодорхойлбол хэтэрхий хайрцагласан хэрэг болох биз ээ. Учир нь спортын хорхойтнууд, бөх сонирхогчдын дунд тэрбээр “Яруухан бөх” хэмээх өөрийн гэсэн тодотголтой болсон нэгэн. Энэ нэршил нь нэг талаас түүний төрсөн нутаг болох Завхан аймгийн Яруу сумтай холбоотой. Нөгөө талаас дэвжээн дээрх хурд, тэсрэлттэй хөдөлгөөн, уран барилдааныг нь илэрхийлдэг аж. Залуу насны эрч хүч, төлөв даруу зан, дулаахан инээмсэглэлээрээ М.Лхагвагэрэл спортын хорхойтнуудын хүндэтгэлийг хэдийн хүлээжээ. Завхан нутгаас тӨрсӨн тав дахь гарди Аймгийн арслан цолтой аавынхаа барилдахыг харж өссөн 10 настай хүү “Аав шигээ л бөх болно” хэмээн мөрөөддөг байв. Харин өнөөдөр тэрбээр дэлхийн дэвжээнээс хүнд буюу 125 кг-ын жинд медаль хүртсэн Монголын анхны бөх болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. Олон хүн түүнээс “Чөлөөт бөх үү, эсвэл үндэснийх үү” гэж асуудаг. Харин түүний хариулт тун энгийн.
“Би хоёуланг нь хослуулна” гэдэг. Тэрбээр “Үндэсний бөх лав барьцнаас барилдахад сургадаг. Энэ нь чөлөөт бөхөд маш том давуу тал болдог. Харин чөлөөт бөх надад хурд, мэдрэмж өгдөг” хэмээн ярьсан удаатай. Энэхүү “давхар хөдөлгүүр”-ийнхээ хүчээр тэрбээр Цэргийн наадамд дараалан түрүүлж, хурц арслан цол хүртсэн бол өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар ес даван улсын гарди цолонд хүрсэн билээ. Ийнхүү Завхан нутгаас төрсөн тав дахь гарди, улсын хэмжээнд энэ цолыг хүртсэн 14 дэх бөхөөр М.Лхагвагэрэл тодорсон юм. Ах нарынхаа дутууг гүйцээсэн нь Монголын чөлөөт бөхийн үе үеийн шилдгүүд хүнд жингийн дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийг зорьж, зүтгэсээр ирсэн. Харин ах нарынхаа атгаж чадаагүй тэрхүү түүхэн медалийг хүртэх хувь М.Лхагвагэрэлд тохиожээ. Тэрбээр “Токио-2020” олимпын наадамд анх удаа оролцохдоо шагналт V байрт шалгарсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга, Туркийн алдарт бөх Таха Акгүлд дийлдэн, медалийн оосроос атгаад, алдсан билээ. Гэвч залуу бөх бууж өгсөнгүй, шантарсангүй. Олимпын дараахан болсон ДАШТ-ээс хүрэл, дараа жил нь мөнгөн медаль хүртсэнээр монгол түмний олон жил хүлээсэн тэрхүү орон зайг нөхсөн юм. Дэлхийн медальтай эх орондоо буцаж ирэхэд нь сэтгүүлч түүнээс “Хамгийн сайхан нь юу байв” гэж асуухад “Дэлхийн медальтан болоод аавдаа үнсүүлэх л хамгийн сайхан байлаа” хэмээн хариулсан нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн.
Дэвжээн дээр өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгодоггүй ширүүн бөхийн цаана аавынхаа өвөрт эрхлэх дуртай эгэл даруу, дулаахан хүү оршдогийг монгол түмэн энэ үед мэдэрсэн гэхэд болно. “БЯр, Чадалтай байхаас илҮҮ хҮн Чанартай, жудагтай Яваарай” Аливаа амжилт, ялалтын ард тамирчны хүч хөдөлмөрөөс гадна сэтгэлийн тэнхээ, хувь хүний мөн чанар оршдог. Дэвжээн дээр өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгодоггүй ширүүн бөхийн ард аавынх нь үнэтэй захиас бий. Аймгийн арслан Д.Мөнхтөр хүүдээ “Ард олныхоо хайр, хүндэтгэлийг даана гэдэг асар том хариуцлага. Бяртай, чадалтай байхаас илүү хүн чанартай, жудагтай, даруухан яваарай” хэмээн үргэлж сануулдаг аж. Барилдаан бүрийнх нь дараа алдаа, оноог нь хэлж, зөвлөдөг аавынхаа үгийг хүү нь ч хичээнгүйлэн тусгаж авчээ. Тиймдээ ч өдгөө М.Лхагвагэрэл нэр төрөө хичээж, олны хайр, хүндэтгэлийг дааж яваа биз. Багш, дасгалжуулагчид нь түүнийг бэлтгэл сургуулилалтдаа сахилга баттай хандаж, өгсөн даалгаврыг ягштал биелүүлдэг, хариуцлагатай тамирчин хэмээн үнэлдэг. Хүнд жингийн буюу 125 кг-ын бөх атлаа хөнгөн жингийн тамирчин шиг хурд, мэдрэмжтэй барилддаг нь түүний дэлхийн түвшинд өрсөлдөх гол “зэвсэг” болжээ. Ингэхдээ өрсөлдөгчөө хүчээр дарангуйлахаас илүүтэй хурд, мэдрэмжээрээ барилдааныг өөртөө ашигтайгаар эргүүлдэг нь түүний онцлог. Бөх сонирхогчдын дунд М.Лхагвагэрэл бол шинэ үеийн монгол бөхийн нүүр царай, үлгэр дуурайл болсон нэгэн. Дэвжээнд гарахдаа инээмсэглэж, төлөв даруу байснаа барилдаж эхлэхдээ тэсрэлттэй, уран мэх үзүүлдэг нь үзэгчдийг хэзээ ч уйдаадаггүй.
Түүний барилдааныг сонирхолтой болгодог өөр нэг зүйл нь хүчтэй өрсөлдөгчөөсөө эмээж, хэт хамгаалсан байдлаар барилддаггүй. Ялахын төлөө дэвжээнд гардаг ч барилдааны өнгө аясыг өөрийнхөөрөө авч явж чаддаг. Тиймээс түүний барилдаан зөвхөн онооны төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, суудлаас нь өндөлзүүлдэг билээ. Гэхдээ дэвжээн дээрх тэр ширүүн бөх амьдрал дээрээ тэс өөр аж. Байгальд аялах, морь унах, найзуудтайгаа сагсан бөмбөг тоглох дуртай. Өөрөөр хэлбэл, чөлөөт цагаараа морин дэл дээр салхи сөрөн давхиж, найзуудтайгаа тоглож, эгэл жирийн жижигхэн зүйлсээс амьдралын баяр баяслыг мэдэрдэг залуу байх нь. Хүн олон нийтэд амжилтаараа танигддаг ч түүнийг хүн хэвээр нь авч үлддэг зүйл бол гэр бүл, нутаг ус, нөхөрлөл, хүмүүжил байдаг. М.Лхагвагэрэлийн хувьд ч ялгаагүй. Тэрбээр хэл ам дагуулсан зүйлгүй, даруухан явж ирсэн нэгэн. Дэвжээн дээрх ялалтаа даруу зангаар, олны хайрыг хариуцлагаар үүрч яваа нь түүний бас нэгэн эрхэм чанар. Тиймдээ ч түмэн олон түүнийг ирэх олимпын наадамд нэрээ дуурсгаж, дэлхийн аваргын алтан медаль хүртээсэй хэмээн тэсэн ядан хүлээж, дээлийнх нь захыг мушгин сууна.
Э.СҮЙЛЭН