
Архангай аймаг бол баруун тийш чиглэх аялагч, жуулчдын хувьд аяны дөрөө мулталж алжаал тайлан тухлах хамгийн таатайбүснутагтзүй ёсоор тооцогддог. Үзэсгэлэнт байгалийн сайхан ньнүд хужирлаж, монгол хүний төрөлх зочломтгой зан сэтгэл сэргээхийн зэрэгцээ хөшиг номин хангайн найрсаг зөөлөн уур амьсгал цаанаа л тав тухыг мэдрүүлдэг учраас зуны амралтын үеэр Архангай руу дотоодын аялагчид хамгийн олноороо зорчдогийг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Ялангуяа 2023 онд Архангай аймаг өнөөгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар шинэчлэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор бүтээн босгосон “Ара комплекс”-т зохиогддог олон төрлийн фестивалиудыг зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Тухайлбал, 2025 оны Дотоодын жуулчдын түүвэр судалгаагаар хангайн бүсэд хамгийн олон буюу 1.5 (дотоодын нийт жуулчны 45 хувь) сая хүн аялсан бөгөөд үүнээс 429.8 мянга нь зөвхөн Архангай аймагт ногдож байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээсээ13 хувиар өссөн үзүүлэлт аж. Дотоодын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж, бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлснээс гадна орон нутгийн иргэд, жижиг, дунд үйлдвэрлэгчид, уран бүтээлчдийн оролцоог хангаж, хамтын үнэ цэнийг бий болгосон гэдгээрээ “АРА фестиваль” үүнд хэрхэн нөлөөлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо үнэлэн, “Tourism awards-2025” арга хэмжээний хүрээнд “Оны шилдэг эвент”-ээр шалгаруулсан билээ.
“АРА фестиваль нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, орон нутгийн түүх, соёл, уламжлал, гар урлал, хүнс зэрэг өвөрмөц онцлогтой үнэт зүйлсийг эвент аялал жуулчлалтай хослуулсан, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит үр дүнтэй, жуулчдын сонирхлыг татахуйц шинэлэг форматтай” хэмээн өнгөрсөн жил шагнал гардуулах ёслолын үеэр тодотгож байсан нь ортой аж. Энэ зун гэхэд л “АРА фестиваль”-ийн тайзнаа Ардын жүжигчин Т.Ариунаа, төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Г.Ариунбаатараас эхлээд урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг гадаад, дотоодын шилдэг артистууд, хамтлаг, дуучид цэнгэлдэхийг дүүргэн тогложбайна. “Phisical Asia” шоугаар монголчуудын эчнээ танил болсон Австралийн нэрт тамирчин, цахим ертөнцийн од Эдди Уильямс энэ жил гэр бүлийн хамт Архангайд зусан, өөрөө Томбаяр хэмээх нэртэй болж “Жааханбаяр” гэдэг даага хүртэл зүслүүлэн, түүнийгээ “Ара комплекс”-ын богино зайн морин тойруулгын уралдаанд сойж наадамчин олныг баясгасан нь саяхан. Ардын жүжигчин Т.Ариунаагийн тоглолтыг зорин очиж үзсэний хувьд хоол, хүнс, худалдаа, үйлчил гээ, ариун цэврийн байгууламж, дотоод, гадаад зохион байгуулалт зэрэг нь ярих юмгүй санагдсан. Ядаж л Улаанбаатар хотын шоу тоглолтууд шиг цэнгэлдэх дотроо шорлог хийлгэж зараад, үзэгчдээ хэдэн цагийн турш утаа май, хиншүү гээр “мансууруулдаггүй” юм билээ.
Өнөө цагт аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлье, дотоод, гадаадын аялагч, жуулчдыг олноор татъя гэвэл зөвхөн онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газар, нутгийн зон олны сайхан сэтгэл байгаад хангалтгүй. Жалга довондоотөвлөрч, “сайн дурынхан” оролдлого, туршилт хийснээрээ аялал жуулчлалыг хөгжүүлдэг бол өдгөө манайхан дэлхийд цойлохоор болсон. Гэтэл үгүй. Үүнд төрийн тогтвортой бодлого, төлөвлөлт, хувийн хэвшлийн чадварлаг менежмент, орон нутгийн идэвх, оролцоо бүгд чухал. Тэр дундаа дотоод, гадаад жуулчдын их урсгал цутгадаг долоодугаар сард тухайн орон нутгийнхан зорин очсон болон түүгээр дайран өнгөрсөн хүмүүст юу үзүүлж харуулах, ямар үйлчилгээ санал болгох вэ гэдэгт ухаанаа уралдуулах учиртай. Тийм ч учраас Архангай аймагт энэ сарын турш соёл, урлаг, спорт, аялал, амралт, интертайнмент арга хэмжээнүүдийг орон нутгийн ондоошил, ялгаралтай хослуулан, орчин үеийн эвент хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж буй.
Долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1 хүртэл “АРА фестиваль”-ийн хүрээнд ямар арга хэмжээ, шоу тоглолт, спорт өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулах тухай нэгдсэн хөтөлбөрөө сошиал хуудсаараа дамжуулан эртнээс олон нийтэд мэдээлж, тусгай сонин хүртэл хэвлүүлэн орон нутгийнханд тараасан нь авууштай байлаа. Хөдөө сумуудынхан нь “Өнөөдөр АРА дээр тийм тоглолттой, очиж үзнэ ээ” гээд л төлбөрт “тушаах” ааруул, өрмөө зэхэж аваад аймаг руугаа гараад явчхаж байна. “АРА дээр хотоос мундаг үсчин ирсэн гэнэ. Ганц угаахад 30 мянга, эрэгтэйчүүд үсээ засуулахад 60 мянга, эмэгтэйчүүдийн тайралт 80-100, будуулбал 120 мянган төгрөг гэсэн байна” гээд л саахалтайлынхан хотын үсчний ур чадварыг ч юм уу, эсвэл үнийг нь гайхан шогшрон ярилцана. АРА-г зорьж өдөр болгон маш олон хүн энд тэндээс ирдэг учраас хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний эрэлт их, ямар сайндаа лтөрийн албан хаагчид нь хүртэл наадмын амралтын өдрүүдээр гэр, шовгор барин хуушуур хайрч, “халтуур” хийцгээж буй гэлцэх вэ. Муу муухай, ичмээр зүйл биш шүү дээ. Орон нутгийн аялал жуулчлал бодитоор хөгжиж буй шинэ жишгийн үр өгөөж ийн ард иргэдэд нь хүрч буй юм.
Жуулчин татахын тулд заавал нүд хужирлам байгаль, нуур, далай, түүх дурсгалын үзмэр байх шаардлагагүй. Харин тухайн орон нутгийн өөрийнх нь онцлог, давуу тал, хүн ардын соёл, зан заншил, оролцоог нэгэн цэгт нэгтгэсэн чанартай арга хэмжээг тогтмол зохион байгуулж чадвал тэр нь аяллын гол зорилго болдог. Дэлхий даяар хөгжиж буй энэ чиг хандлага Монголд ч хүчээ авч эхэлсний тод жишээ нь “АРА фестиваль” гэхэд болно. Өмнө нь орон нутгийн баяр наадам, аливаа арга хэмжээ фестивалиуд тухайн сум, аймгийнхаа л хэмжээнд хязгаарлагдмал байсан бол өдгөө улс даяар төдийгүй олон орон, тив, дэлхийн энд хүртэл зохион байгуулалтаа сайжруулж болдгийг илтгэнэ. Сүүлийн гурван жилд тус фестиваль нь дотоод, гадаадын жуулчдыг зориуд татдаг, аймаг, орон нутагтаа эдийн засгийн эргэлт бий болгодог, бүс нутгийн хөгжлийг дэмждэг аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болон хөгжиж байна. Хамгийн гол үнэ цэн нь нэг удаагийн тоглолт, үзвэрт байгаа юм биш. Газар газраас зорин очсон аялагчид тухайн бүс нутагт байрланхооллож, төрөл бүрийн үйлчилгээ авч, үзвэр үзэж, худалдан авалт хийдэг. Нэг өдрийн арга хэмжээ байсан ч олон салбарын орлогыг зэрэг өсгөдөг эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог гэсэн үг. Гэвч манай Монголын хувьд орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд хамгийн их тулгамддаг асуудлын нэг нь зориод ирсэн болон дамжин өнгөрсөн жуулчдыг тогтоон барих үзвэр, үйлчилгээ дутмаг байдаг явдал. Өөрөөр хэлбэл, тэнд хэд хоногоор саатах шалтгаан хомс байдаг.
Харин “АРА фестиваль” хүмүүсийг зөвхөн очоод буцах бус, тодорхой хугацааг тухайн бүс нутагт өнгөрүүлэх, аяллаа төлөвлөх шинэ боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтайг зохион байгуулагчид онцолсон юм. Жишээ нь, зөвхөн Архангай аймгийг зорин очсон аялагчид 6-7 хоног хангалттай гэж үздэг байсан бол одоогоор элхугацаа нэг өдрөөр уртасжээ. Энэ нь аялал жуулчлалын салбарт хамгийн үнэ цэнтэй үзүүлэлт болох “жуулчны саатах хугацаа”-г нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй байгааг илтгэнэ. Учир нь жуулчин, аялагчид, орон нутгийн иргэд ч зөвхөн нэг арга хэмжээнд оролцоод зогсохгүй өөрсдийгөө жирийн үзэгч төдий биш, хамтдаа үр өгөөжтэй дурсамж бүтээж буй оролцогч гэдгээ мэдэрч, сэтгэгдэл өндөр буцдаг байна. Ийм оролцоо бий болсон цагт фестиваль зөвхөн нэг байгууллагын биш, тухайн орон нутгийн хамтын бахархал болон төлөвшиж, тогтвортой оршин тогтнож хөгждөг жамтай. Эдинбургийн урлагийн, “Коачелла”, “Гластонбери” зэрэг дэлхийн нэр хүндтэй фестивальтухайн хот, бүс нутгийнхаа хөгжлийн бэлгэ тэмдэг болж, орон нутгийн түүх-соёлын аялал жуулчлалаар эдийн засгаа тэтгэгч томоохон брэндүүд болсон байдаг. Монголд энэ жишгийг нутагшуулах эхлэл нь АРА шиг орон нутгийн онцлогийг түшиглэсэн чанартай, хүмүүсийн жил бүр зорин очихоор хүлээдэг фестивалиудыг чанартай, тогтвортой зохион байгуулах явдал юм. “АРА фестиваль”-ийн туршлага орон нутагт шинэ хандлага бий болгожээ.
Энэ жилээс эхлэн аймаг, орон нутгууд өөрсдийн онцлогт тулгуурласан фестивалиудыг санаачлан зохион байгуулж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарт эерэг дохио болж байна. Хөвсгөлийнхөн “Хөх баавгай”, Булганд “Тайга”, Хэнтийд “Go Dadal”, “Чингис”, Ховдод “Жангар” фестиваль зохион байгуулсан бол өмнөговийнхон Түмэн тэмээний, баян-өлгийчүүд Бүргэдийн, өвөр хангайнхан Сарлагийн, хөвсгөлчүүд Цааны, булганчууд Айргийн баяраа хийх товооар араасаа зарлажээ. 2026 онд Монгол Улсын Засгийн газар соёл, аялал жуулчлал, спортын 140 гаруй арга хэмжээг нэгтгэсэн үндэсний эвентийн цаглавар гаргасан бөгөөд үүний хүрээнд аймаг бүр өөрийн онцлогийг харуулсан фестивалиудыг түлхүү зохион байгуулж эхэлсэн. Уг хуанлид соёл, урлаг, аялал жуулчлалын 99, спортын 14 арга хэмжээ, 27 MICE (хурал, үзэсгэлэн, олон улсын арга хэмжээ) тусгасан нь Монгол Улс аялал жуулчлалыг улирлын чанартай биш, жилийн турш үргэлжлэх эвентэд суурилсан салбар болгон хөгжүүлэх бодлого барьж буйг илтгэнэ хэмээн албаныхан онцолсон. Гэхдээ агуулга биш, хэлбэрт анхаарч, гоёнэртэй фестиваль зохион байгуулахын төлөө өрсөлдөж уралдах бус, нэгнээсээялгарч ондоошиход утга учир нь оршихыг мартаж болохгүй.
Аймаг бүр фестивальтай болох нь бүс нутгийн брэндийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг татах шинэ төрлийн бүтээгдэхүүн болж, орон нутгийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах боломжтой. Гэвч сэтгэлийн хөөрлөөр бусдыг дагаж намирах бус, тухайн фестиваль яагаад зохион байгуулагдаж байгаа, ямар үнэ цэн бүтээж буй, дараа дараагийн жил хүмүүс дахин зорьж очих шалтгаан болж чадах уу гэдэг асуултуудад эхлээд түгдрэхгүй хариулахуйц байх ёстой юм. Олон улсын жишгээс харахад ч амжилттай яваа фестивалиудын нууц нь тухайн орон нутгийн дахин давтагдашгүй онцлогийг илэрхийлж чаддаг уу, тэндхийн иргэд, үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагууд бодитоор оролцож, үр өгөөжийг нь хүртэж байна уу, жуулчид тэндхийн өвөрмөц соёл, зан заншил, туршлагыг мэдэрч буцавуу гэдгээр ньилэрхийлэгддэг. Иймд аймаг бүр өөрийн гэсэн түүх, соёл, уламжлал, байгаль, цаг уур, хүмүүсийн амьдралын хэв маягийг дахин давтагдашгүй брэнд болгон, цаашид түүнийг тогтвортой авч явж чадвал Монголын аялал жуулчлал илүү өрсөлдөх чадвартай болно. Тэгэхгүй бүгд адилхан хөтөлбөртэй, нэгэн хэвийн агуулга, хэлбэртэй тоглолт үзүүлж, хэлцсэн юм шиг ижил өнгө төрхтэй худалдаа, үйлчилгээний асар эгнүүлсэн “нэг зохиолтой” фестиваль хийгээд байвал ганц хоёрхон жилийн дараачаас хэн ч тоохгүй, утгаа алдана.
Л.Аргамжин