Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Мондэ” группийн “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Х.Болдбаатар энэ жилийн наадмын үндэсний сурын харваанд 40 сумнаас 38 онож, цолоо ахиулан Монгол Улсын даян мэргэн болсон билээ. Үндэсний сурын харваанд нум, сумыг тухайн хүний биеийн онцлог, цаг агаар, салхины зүг чигт тааруулан засах нарийн ухаан, эрдмийг ахмад харваачдаас өвлөн авч, зааж, зөвлөснийг нь хэрэгжүүлэн алтан шар зурхайд амжилт гаргасан. Түүнд сур харвааны эрдмээс зааж, элспортын замналд хөтлөн оруулсан анхны багш нь түүний аав Хасаг аж. Тэрбээр аавынхаа заасан суурь техник, уламжлалт дэг жаягийг баримтлан урианхай сур болон халх харваагаар олон жил тууштай хичээллэж, төрийн наадамд цэц сорин түрүү харваачаар хоёр дахь удаагаа тодорсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол, тэмдгээ гардаж авсных нь дараа түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигчдад хүргэе.
-Одоогоос 20 жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяраар 1024 хүчит бөх зодоглож байлаа. Та түүхт ой тохиосон тэр наадмаар үндэсний сур харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн. Харин энэ удаа улсын даян мэргэн цолны эзэн болж, нутгийнхаа зон олныг баярлууллаа.
-Тийм ээ. 20 жилийн өмнө Монгол түмэн түүхт ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхэд сур харвааны алтан шар зурхайд эрхий мэргэчүүдтэй цэц сорьж, түрүү харваачаар тодорч байсан дурсамжаа улсын даян мэргэн цол хүртсэн энэ өдөр эргэн санах сайхан байна. Намайг цолоо ахиулж, дахин түрүүлээсэй гэж хүлээж байсныг баярын өдрүүдэд наадамчин олноос их мэдэрлээ. Сур харвааны эхний өдрөөс дэмжиж байгаа нь асарт суугаа үзэгчдийн хүлээж авах хандлагаас анзаарагдсан. Сур харваагаар олон жил тууштай хичээллэхдээ хүмүүсийн итгэл, найдварыг дааж явсны үр дүнд цолоо ахиуллаа гэж бодож байна. Бэлтгэл сургуулилалт хийсэн газар, ивээн тэтгэсэн байгууллагуудын дэмжлэг, сурын зурхай, олны хайр хүндлэл гээд энэ жил намайг олон зүйл ивээлээ.
-Өндөр оноотой шилдэг найман харваач харвахад та нэг сум алдсан. Тэр үед хүмүүс уулга алдаж “Х.Болдбаатар мэргэн энэ удаа товх харваж л түрүүлэх нь дээ” хэмээн ярьж байхыг сонссон.
-Нэг сум алдахад харамсаагүй. Товх харвах нь наадмын сур харвааг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог. Гурван харваачийн хэн нь түрүүлэх бол гэж амьсгаа даран догдолж суух олныг харах надад ч сайхан байлаа. Тэргүүн байрын төлөө товх харвасан хоёр залуу надаас дүү. Тухайн үед “Би тэднээс олон жил харвасан тул илүү туршлагатай. Тиймээс түрүүлж сум тавих ёстой” гээд бодож байв. Монгол Улсын даян мэргэн цол хүртэхийг би20 жил мөрөөдсөн. Энэ бол бага хугацаа биш. Өнгөрсөн он жилүүдэд шилдэг найм, дөрөвт шалгарч, товх харвахад ч цөөнгүй гарсан даа.
-Түрүүлэх бөх, сур харваач, хурдан морь олонд андашгүй харагддаг гэдэг. Танд наадмын эхний өдрийн харваа юуг их мэдрүүлэв?
-Энэ жил бэлтгэл тааруухан базаалаа гэж өөрийгөө голж байсан ч наадмын хоёр дахь өдрөөс итгэл төрж эхэлсэн. Би улсын наадмын хана харваанд анх удаа 20 онож үзлээ. Тэр үед “Надад түрүүлэх боломж байгаа л юм байна” гэж бодсон. Өмнө нь голдуу 19 онодог байв. Наадмын өдрүүдэд бие, сэтгэл зүйгээ өмнөх жилүүдийнх шигээ тайван байлгасан. 2005 оны наадмаар эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул А.Хонгор гуай улсын мэргэн цол хүртэж, нутгийнхныгаа баярлуулсан бол би дараа жил нь түрүүлж байлаа. Түрүү харваачаар тодрохын өмнөх орой А.Хонгор мэргэн надтай холбогдохдоо “Чамд авьяас, ур чадвар, туршлага байна. Чиний нум, сум сайхан таарчээ. Энэ жилийн сур харваачдаас чи түрүүлэхээр өнгөтэй харагдана. Би 20 жил хичээллээд улсын мэргэн цол хүртсэн. Миний булган сүүл болж, энэ жил түрүүлээрэй” гэж хэлсэн. Наадмын өдрүүдэд бөх, морь, сур, шагайн харваачдыг дагаж нутгийн зон олон, уул, ус нь дагаж ирдэг гэдэг нь үнэн. Намайг товх харвахаар сурын талбайд гарахад аав, ээжийн минь хамаатан садан, ахан дүүс, найз нөхөд үзэхээр асарт хэдийн ирсэн байлаа.
-Сур харваачид түрүүлснийхээ дараа “Наадмын бэлтгэл хийсэн газрын үр өгөөж бий” хэмээн онцлон өгүүлдэг. Та ч гэсэн энэ талаар ярих байх.
-Галынхаа 30 гаруй харваачтай Төв аймгийн Батсүмбэр сумын ойролцоо бэлтгэл хийхээр гарсан. Манай харваачдаас нэг нь тэнд зуслангийн газартай юм. Наадмын бэлтгэл хийсэн газрын үр өгөөж гэж байлгүй яах вэ. Тиймээс баярлаж талархсанаа илэрхийлж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Харваачид уул ус, зурхайдаа хүндэтгэн залбирч авшгийг нь хүртдэг юм шүү дээ. Би энэ удаа эрүүл мэндийн шалтгаанаар өмнөх жилүүдийнхээсээ бэлтгэл тааруухан базаасан. Өнгөрсөн тавдугаар сард хагалгаанд орсон тул эмч “Та гурван сар нум битгий татаарай” гэж зөвлөсөн юм. Наадмын харваанд олон жил харвасан туршлага, ур чадвартаа тулгуурлаж, мэдрэмжээрээ цэц сорьсон. Түрүүлэхэд нутаг ус маань түшиж, олны эрч хүч нөлөөлсөн болов уу. Энэ бүхнийг надад ирсэн хамгийн сайхан буян гэж бодож байна.
-Таныг залуу харваачдын зарим нь багш аа гэж хүндэтгэн дуудаж харагдана. Гарынхаа шавь нарыг бэлдэж эхлэв үү?
-Би шавь бэлтгээд нэлээд хэдэн жил боллоо. Миний удирдлагад бэлтгэл хийдэг харваачдаас аймаг, улсын цол хүртсэн 10 гаруй хүн бий. Спортын мастер цолтон ч цөөнгүй. Багш хүн шавь нартаа зөвхөн сур харвааны техникийг бус, хүлээцтэй байх хатуужил тэвчээр, бие, сэтгэлийн хатыг ч бас суулгадаг. Надад ахмад харваачид ийм байхыг сургасан болохоор би ч бас шавь нартаа энэ талаар заадаг.
-Энэ жилийн наадмын сур харвааны тэмцээнд түрүүлсэн харваачдын олонх нь шинэ нум, сумаар харваж эхний таван байрт шалгарсан байна билээ.
-Би хуучин нумаараа олон жил харваж байгаад гурван жилийн өмнө шинэ нум, сум урлуулсан. Тэр нумаараа энэ жилийн наадмын харваанд оролцлоо. 20 жилийн өмнө анх цэц сорьсон нумаа гэрийнхээ хойморт хүндэтгэн залсан. Энэ ташрамд, үндэсний сур харваагаар сонирхон хичээллэж буй залууст “Нэг өдрийн амжилтад бүү яар. Олон жилийн тууштай хөдөлмөр чинь чамайг хэзээ нэгэн цагт төрийн наадмын зурхайд дуудуулна” гэж хэлье.