
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-нд эхэлнэ. Нийслэлд долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд 32 улсын 1200 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангилалд ур чадвараа сорих нь. Эх орондоо гурав дахь удаагаа зохион байгуулж буй эл тэмцээнд улсаа төлөөлж оролцохоор эрх авсан Монголын баг дасгалжуулагч, ОУХМ Н.Баярмөнхийн удирдлагад “Ширэн бээлий клуб”-т бэлтгэл сургуулилалтаа базааж буй.
Ташрамд дуулгахад, БНСУ-ын Сөүл хотод болсон “Kimunyong cup international open tae¬kwondo championship 2026” тэмцээнд 71 орны 3000 тамирчин өрсөлдсөнөөс манай улсын багаас өсвөр үеийнхний ангилалд 23 кг-д Э.Энх-Үйлс, 42 кг-д Г.Энхзол, 33 кг-д З.Тогтуунаа, 41 кг-д Б.Гэрэлтсондор, 55 кг-д О.Амаржаргал нар тэргүүлж, алтан медальтай иржээ. Мөн тус улсын Мужу хотод “2026 оны дэлхийн таеквондогийн түншлэлийн хөтөлбөр” сургалт болоход 24 орны 78 шүүгч, дасгалжуулагч, тамирчин хамрагдаж, таеквондогийн спортын орчин үеийн онол, арга зүй, дасгалжуулалт, шүүлтийн шинэчлэл болон олон улсын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Монголын таеквондогийн холбоог төлөөлөн шүүгч, дасгалжуулагч О.Хос-Эрдэнэ, Э.Эрдэнэсүрэн, М.Балжинням, Г.Уянтөмөр нар уг сургалтад хамрагдаж, батламжаа гардан авчээ.