МУИС-ийн Хууль зүйн сургуульд 33 дахь жилдээ багшилж буй Дашдэлэгийн Бадам нь Монголын эрүүгийн эрх зүйн салбарын томоохон эмэгтэй эрдэмтдийн нэг. Түүнтэй насанд хүрээгүй хүнд ял оногдуулах онцлог, тулгамдаж буй асуудал, эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн талаар ярилцсаныг хүлээн авна уу.
-Та хууль зүйн онолын мэдлэг, практик туршлагатай хүн. Одоо өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа юу?
-Миний хувьд 1996 оноос өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Гэхдээ төдийлөн удаагүй ээ. Хичээл зааж, судалгаа хийхийн хажуугаар ингэж ажиллах нь бэрхшээлтэй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаанд байлцах, гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан даруй уулзахаас эхлээд үндсэн ажлын хажуугаар зориулах цаг, зав хомс. Одоо бол иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр голчлон ажиллаж байна даа.
-Багш хүн өмгөөлөгчөөр ажиллахад давуу тал бий юү?
-Мэдээж бий. Багш нар онолын мэдлэг сайтай учраас өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учрах нь бага гэдгийг онцлох хэрэгтэй. Хичээл заахын тулд хууль зүйн практикийг судлахаас өөр аргагүй. Харин хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу нэлээд урт хугацаанд үргэлжилж, зарим тохиолдолд хэрэг шүүхээс прокурорт буцдаг тул үндсэн ажил орхигдох сул талтай.Түүнчлэн эмэгтэй хуульчийн хувьд онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон зэрэг хүнд тохиолдлуудад өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс татгалзах үе ч бий шүү.
-Эмэгтэйчүүд эрүүгийн эрх зүйгээр мэргэших нь цөөн гэдэгтэй та санал нийлэх болов уу. Эл чиглэлийг сонгосон шалтгааныг тань сонирхмоор байна.
-Би 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Хууль зүйн ангийг төгссөн. Тэр жил манайх бие даасан сургууль болж, бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн юм. Үүнийг дагаад мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй болсон. Бүхэл бүтэн академик тэнхим шинээр бүрэлдэж байсан тул амжилттай суралцсан төгсөгчдөд сургуульдаа үндсэн багшаар үлдэх санал тавих, тэднийг мэргэшүүлэн дадлагажуулах шаардлага үүссэн нь цаг хугацааны хувьд давхацсан л даа. Анх намайг сургуулиас криминалистикийн лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг хариуцан ажиллуулахаар лаборантаар томилж байв. Ингээд тухайн үеийн нөхцөл байдал, надад хичээл заасан ахмад багш нарын маань чиглүүлэг багагүй нөлөөлсөн учраас эрүүгийн эрх зүйн салбарт мэргэшин ажиллахаар шийдсэн. Ер нь хүн өөрийн сонирхсон салбартаа л амжилт гаргаж чадна.
-Нөгөөтээгүүр, өмгөөлөгч хүн нийгмийн хэцүү, бараан талтай өдөр бүр нүүр тулдаг. Тиймээс цаг хугацааны явцад амьдралын сайн сайхан талыг олж харахад хэцүү болдог юм шиг. Тэгэхээр сэтгэл зүйгээ хамгаалж, ажил, амьдралаа зааглах нь чухал байх.
-Хэрэв өмгөөлөл миний амьдралын гол эх үүсвэр, өдөр тутмын үндсэн ажил байсан бол хэрэг тус бүрд анхаарлаа бүрэн зориулж, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйн хэрэг. Өмгөөлж буй хэрэгтээ хэт хөтлөгдөх, нийгмийн хандлагад санаа зовох, хэргийн хувь заяа хэрхэх бол гээд сэтгэл зүйн дарамтад орох явдал түгээмэл ажиглагддаг. Тэр бүрийг өөртөө тусгавал хямрах учраас хувийн эмзэглэлээр бус, ажил гэдэг өнцгөөс харж, өөрийгөө чөлөөлөх нь чухал юм шиг.
-Тэгэхээр ажил гэж харах нь их чухал байх нь.
-Тийм.
-Гэмт хэргийн мэдээг олон нийт маш эмзэг хүлээж авдаг. Иргэдийн энэхүү сэтгэл зүйд дөрөөлөн шүүхээс урьтаж бусдыг яллах, түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хуульчид өөрсдийн пиараа хийх тохиолдол бишгүй болсон нь нууц биш. Та энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Та яг л өнөөгийн байдлын талаар хэлж байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог хүмүүс байх бол түүнийг нь сенсацлах хэвлэл мэдээллийнхэн ч бий. Би аль алийг нь буруутгана. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт л шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, тухайн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л аливаа хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл үүнийг огт мэдэхгүй байж шууд дүгнэн олон нийтийг турхирах нь их болжээ. Энэ бол эрх зүйт ёсонд маш аюултай. Бүр хуулиар хориглох нь зүйтэй гэж хэлмээр байна. Энэ нь цаашлаад шүүх эрх мэдлийн тогтолцоонд хар толбо суулгах вий.
-Таны докторын судалгааны ажлын сэдэв “Насанд хүрээгүй хүнд ял оногдуулах онцлог түүний эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал”. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага насанд хүрэгсдийнхээс өөр байх ёстой гэсэн агуулга их анхаарал татлаа.
-Энэ хандлага эртнээс эхтэй. Өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэж байгаа нь хүүхдийн нийгэм, ёс суртахууны төлөвшил хараахан бүрэлдээгүй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, төлөвшиж гүйцээгүй сэтгэхүйгээрээ гэмт хэрэгт нэр холбогддог. Тиймээс энэ онцлогт нь тохирсон ял шийтгэл оногдуулах зайлшгүй шаардлагатай. Насанд хүрэгчид шиг ашиг хонжоо олох, шунахайн, эсвэл өс хонзонгийн сэдлээр гэмт хэрэг үйлдэх нь ховор. Ихэвчлэн тухайн үеийн ахуйн нөхцөл байдал, үе тэнгийнхний сөрөг нөлөөнөөс үүдэн ухамсаргүйгээр бусдын биед халдах, хулгай хийх, цаашлаад хүн амины хэрэгт холбогддог.
Бие хүн болж төлөвшиж амжаагүй өсвөр насныхны хувьд засарч хүмүүжих, өөрийн алдааг ухамсарлах боломж, орон зай хангалттай бий. Нэгэнт алдсан хүүхдийг нийгмээс шууд тусгаарлах нь хамгийн буруу гэх ойлголтод олон улс хэдийн нэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдэд ял оногдуулахаас илүүтэй хүмүүжүүлж, ухамсарлуулах, нийгэмшүүлэхийг урьтал болгох ёстой. Энэ нь эрүүгийн хариуцлага ба хамгаалалтын зарчмын тэнцвэрийг хангах тухай ойлголт болчихно. Хариуцлага хүлээлгэх ч тэр нь заавал эрүүгийн ял байх албагүй. Эвдэрсэн зан үйлийг засах, сэргээн хүмүүжүүлэх, дахин нийгэмшүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой байх тухай юм. Хүүхдийн эрх, нийгмийн шударга ёс, хүүхдийн хөгжил гэх гурван суурь ойлголтын дагуу өсвөр насныханд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлох олон улсын стандарт аль хэдийн тогтсоныг дурдах нь зүй. Манай улсын хувьд 2015 оноос өмнө хэрэгжиж байсан Эрүүгийн хуульд өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тухайлсан, бие даасан бүлэг байгаагүй. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг цөөн заалт байсан ч зарчмын хувьд насанд хүрэгчдэд ял оногдуулахтай ижил түвшинд зохицуулж ирсэн. Харин шинэ Эрүүгийн хуулиар өсвөр насныханд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тусгай бүлгийг хуульчилсан нь олон улсын жишигт нийцсэн томоохон дэвшил болсныг хэлэх хэрэгтэй.
Өнгөрсөн жил анхан шатны шүүхүүд 14- 15 мянган хэргийг шийдвэрлэсэн байна л даа. Үүнээс өсвөр насны хүүхдэд холбогдох 175 хэргийг шийдэж, гэм буруутайд тооцсон байх жишээтэй. Тэдгээрийн тал орчим хувьд нь ял оногдуулахаас зайлсхийж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Сайн дүр зураг мөн үү гэвэл тийм. Намайг докторын судалгааны ажлаа хийж байх үед буюу одоогоос 13 жилийн өмнө хүүхдэд холбогдох нийт хэргийн 70-80 хувьд хорих ял оногдуулж, түүнийгээ хойшлуулах, эсвэл тэнсэх байдлаар шийдвэрлэдэг, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт тодорхойгүй, эрх зүйн хийдэлтэй байсан шүү дээ. Олон улсын стандартын дагуу бол хүүхдийн хэргийг заавал мэргэшсэн цагдаа, прокурор, шүүх хянан шийдвэрлэх ёстой. Манайд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгууллаа гэж чухам их ярьсан ч хэрэгжсэн зүйл алга. Олон улсын практикт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг шүүх рүү шилжүүлэхгүйгээр түүнтэй ижил эрх хэмжээ бүхий өөр мэргэшсэн байгууллага хариуцлагын арга хэмжээ авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлдэг тогтолцоо бүрдсэн байдаг. Гэтэл манайд ийм зохицуулалт алга.
ЖАМ ЁСНЫ ЭРХЭД ЯМАР Ч ЯЛ ХАЛДАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ
-Тэгэхээр энэ нь тухайн хүүхдэд оногдуулж буй хорих ялын сөрөг нөлөөг саармагжуулж байгаа арга хэрэгсэл гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Үүнд жишиг болсон улс бол Герман. Тэд бүр 1923 онд Өсвөр үеийнхний шүүхийн тухай хуулийг бие даан баталж байсан түүхтэй. 100 жилийн өмнө гээд бод доо. Өсвөр насныханд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын гол үзэл баримтлал нь яллаж цээрлүүлэхэд биш, хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстой. Уг хуулиараа хүүхдэд хүлээлгэх хариуцлагын хүмүүжлийн зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн өмнөх шатанд зогсоох, шударга ёсыг нөхөн сэргээх үзэл баримтлалыг тогтоож, хүмүүжлийн, сахилгын, эцсийн шат болгож, хорих шийтгэл оногдуулахаар хуульчилсан нь өдгөө олон улсад хамгийн сайн жишигт тооцогддог байна.
-Өнөөгийн Эрүүгийн хуульд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” хэмээх тусгай бүлэг бий. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” гэж байна. Энэ дунд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ гэж их дурдагддаг. Үүнийг хэрэгжүүлэхэд хүүхдийн эрх хангагдаж чадаж байгаа юу?
-Манай улсын хувьд өсвөр насны хүүхэд ял шийтгэлээс гадуурх эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүмүүжүүлэх арга хэмжээ авах уламжлал 1926 оны “Шүүх цаазын бичиг”-ээс эхлэлтэй шүү дээ. Гэвч 1995 оны Эрүүгийн хуулийн нэмэлтээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хуулиас хассан нь ухралт болсон түүхтэй. Өнөө хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль дахь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэм хэмжээний хувьд зөрчилтэй, учир дутагдалтай. Хамгийн наад зах нь “хүмүүжлийн чанартай албадлага” гэх уламжлалт нэр томьёо өөрөө орчин үеийн эрүүгийн эрх зүйн хандлагад нийцэж байгаа, эсэхээс эхлэн эргэн харах шаардлагатай. Олон улсын жишигт үүнийг нөлөөлөл, хүмүүжил, боловсрол, хамгаалалтын арга хэмжээ гэх ойлголтоор хэрэглэж байхад манайх “албадлага” гэх үгийг ашигласан нь цаад утгаараа ял, шийтгэлийн шинжийг агуулж байгаа биз. Мөн нэмэгдэл албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан нь цаашлаад хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлийг ч үүсгэж буй. Тиймээс энэхүү зохицуулалтыг өсвөр насныханд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго, олон улсын стандартад нийцүүлэн нэн даруй шинэчлэх шаардлагатайг хэлмээр байна.
-Дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах нь ялын зорилгын нэг хэсэг. Олон улсад хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэхийг эрмэлздэг болжээ.
-“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж одоогийн хуульд байгаа. Хүн хэдий гэмт хэрэг үйлдсэн ч түүний эдлэх жам ёсны эрхэд ямар ч ял халдахгүй байх ёстой. Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд манай судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Нүүдлийн соёл иргэншилтэй, тархай бутархай суурьшдаг манай орныхонд энэ төрлийн ял тохирохгүй гэж үзэх жишээтэй.
-Магадгүй л юм.
-Хорих ял тухайн хүнийг нийгмээс бүрэн тусгаарладаг учраас нүсэр зардалтай. Харин энэ төрлийн шийтгэл нь улсын төсөвт эдийн засгийн хувьд хэмнэлттэй, зардал чирэгдэл багатай учраас ялтан заавал нийгмээс тусгаарлагдалгүйгээр ажил хөдөлмөрөө хэвийн эрхлэх, гэр бүлтэйгээ хамт байх боломжтой гэж ойлгож болно. Гэвч олон улсад уг шийтгэлийг хүний эрхийг тодорхой хэмжээнд зөрчдөг гэж шүүмжлэх нь бий. Тухайлбал, төлбөрийн чадвартай нь цахим төхөөрөмжийн зардлаа төлөөд энэ ялыг эдэлж, чадваргүй нь хорих ялаа эдэлдэг. Бас олон сарын турш зүүдэг цахим гаваас ялгарах цахилгаан соронзон долгион хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг ч юм уу. Олон улсад уг ялыг 3-6 сарын хугацаатай хэрэглэдэг бол манайд маш урт хугацаагаар оногдуулдаг. Түүнчлэн манай зарим аймагт цахилгаан тасарснаас болоод төхөөрөмжөө цэнэглэж чадаагүйг ялаас зайлсхийсэн гэж үзээд шийтгэлийг хорих ялаар солих эрсдэл ч үүсгэдэг нь нууц биш. Олон улсын практикт цахим гавын 24 цагийн хяналтыг хувийн хэвшлийн компаниудтай хамтран хэрэгжүүлэх зохицуулалт байдаг ч энэ нь цаанаа хүний хувийн нууцад халдах асуудал дагуулдгийг хэлэхэд илүүдэхгүй. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, согтуурах, мансуурах донтой иргэдийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх нь зохимжгүй болчхож байгаа юм.
ЯЛ ЭДЭЛЖ ДУУССАН ХҮНИЙГ ХОРИХ АНГИЙН ХААЛГААР ГАРГААД Л ОРХИЧИХДОГ
-Тэгэхээр таны хувьд эрүүгийн ял эдлүүлэх бодлогын сул тал юу юм бэ?
-Өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нэлээд муу баримт бичиг гэж судлаачийн зүгээс хардаг. Олон улсын туршлагад өсвөр насныханд оногдуулах эрүүгийн хариуцлага, ял эдлүүлэх ажиллагааг тусгайлан бие даасан хуулиар зохицуулдаг болохоос биш, манайх шиг нэг хуулийн дотор хагас дутуу, өөх ч биш, булчирхай ч биш байдлаар тусгаддаггүй. Хүүхдийг насанд хүрсэн ялтантай ижил орчинд ял эдлүүлж буй нь хамгийн харамсалтай. Нэн ялангуяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг дурдаж болно. Эрүүгийн ялын зорилго хэрхэн хэрэгжих нь ял эдлүүлэх байгууллагын үйл ажиллагаа, тэнд хүний эрхийг хэрхэн хангаж, ялыг хуулийн дагуу эдлүүлж байгаа, эсэхээс шууд хамаардаг. Манай хорих ангиуд сургалт, хүмүүжлийн ажил нэртэй олон хөтөлбөр хэрэгжүүлдэг ч энэ нь социологи, сэтгэл зүйн шинжлэх ухааны үндэслэл тааруу. Манайд ял эдэлж дууссан хүнийг хорих ангийн хаалгаар гаргаад л орхичихдог. Тэр хүн яаж нийгэмших юм бэ. Хүн хорих ангид нийгэмшдэг үү, үгүй юү гэдэг өөрөө асуудалтай шүү.
-Нийгмийн амьдралд эргэн орж, хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдэгтэй санал нийлнэ.
-Ял эдэлсэн хүний нийгэмшил хэр зэрэг хангагдсаныг тодорхойлох хамгийн гол шалгуур нь тухайн иргэн суллагдсаныхаа дараа нийгэмд хэр зэрэг биеэ зөв авч явж, хэвийн амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж чадаж байгаагаас шууд хамаарах нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр ял эдлээд гарсан хүний дараагийн амьдрал, нийгэмших асуудалд хэн ч анхаарал хандуулахгүй байгаа нь манай ял эдлүүлэх бодлогын хамгийн том сул тал. Манай улсад ял эдлүүлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан анхны бие даасан хууль нь 1931 онд батлагдсан “Аливаа хэрэгтэн ялтныг засан сайжруулах тухай” хууль байв. Энэ хуульд маш дэвшилтэт, хүмүүнлэг зохицуулалтууд туссан байдаг л даа. Жишээ нь, хорих ял эдэлж буй иргэн нэг жил ялаа эдэлсний дараа долоо хоногийн хугацаатай гэртээ харьж, малаа хариулах, өвс хадлангаа бэлтгэх, гэр орондоо туслах боломжийг олгодог байх жишээтэй. Энэ нь ялтан суллагдахад ядаж л гэр бүл нь салж сарниагүй, үр хүүхэд нь эцэг эхийгээ ойлгох боломжийг бүрдүүлж, тухайн өрх ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх сэтгэл зүй болон нийгмийн суурийг хангахад нэн тустай байсан. Түүнчлэн ялтныг хорих ангид байхад нь хөдөлмөр эрхлүүлж, цалингийнх нь тодорхой хувийг идэх хоол, өмсөх хувцасны өртөгт суутган үлдсэн хэсгийг нь орон нутгийн төсөвт байршуулан хадгалж, суллагдахад нь өгдөг, мөн суллагдсаны дараа ажлын байранд зуучлах зэрэг тогтолцоог орон нутаг бүрд байгуулахаар хуульчилсан жишээтэй. Өнөөдөр манайд ялын нийгэмшүүлэх зорилгыг хангахад яг ийм бодит дэмжлэг, цогц механизм дутагдаж байна. Гадаад орнуудад энэ чиглэлээр шашны болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллах нь элбэг. Ялын үр нөлөө гэдэг бол зөвхөн ял эдлүүлэх тухай бус, суллагдсаны дараах нийгэмших явц, боломжийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ гэдгийг онцолъё.
Д.ХҮСЛЭН