Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин Б.Болдбаатар модон бөмбөгөөр олон жил тууштай хичээллэж, өдгөө дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан тоглогч болжээ. Тэрбээр 10 жилийн өмнө спортын талбарт хөл тавьж, амжилтаа хошой алтан медалиар эхлүүлсэн цагаас олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсоор буй. Тайландад 2018 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо медалиас атгаад алдсан бол энэ удаа шагналын тавцанд зогссон юм.Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж бий. 2026 он түүний хувьд хүсэл мөрөөдөлдөө хүрч, зорилгоо биелүүлсэн жил болж байна. Өнгөрсөн зургаадугаар сард болсон дасгалжуулагч, OУХМ М.Ганболд багшийн нэрэмжит модон бөмбөгийн УАШТ-д талбайн цохилтын (fairway) төрөлд улсын аваргаар тодорч, наймдугаар сард багийнхантайгаа Малайз улсыг зорин Перлис хотод зохион байгуулсан 10 дахь удаагийн ДАШТ-д оролцохдоо мөн эл төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
-Та энэ удаа зорилгоо биелүүлж, дэлхийн медальтнуудын нэг боллоо. Одоо танд зорьж, төлөвлөж буй ямар зүйл байна вэ?
-Баярлалаа. Намайг дэмжиж, урам хайрласан Монголынхоо ард түмэнд, гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагч, хамт олон, “Залуу од” клубийнхэндээ энэхүү баярыг хамтдаа хуваалцаж буйгаа уламжилъя. ДАШТ-д медаль хүртэнэ гэдэг миний олон жилийн зорилго байсан. Дэлхийн медальтнуудын нэг болох хүсэл мөрөөдөл минь энэ удаа бодит болж, шагналын тавцанд зогссон нь маш том урам, бас хариуцлага байлаа. Гэхдээ одоо “Зорилгодоо хүрчихлээ” гээд зогсохгүй. Энэ медаль дараагийн зорилгын маань эхлэл гэж бодож байна. Ур чадвараа улам сайжруулахын зэрэгцээ Монголын модон бөмбөгийн спортын хөгжилд өөрийн хэмжээнд хувь нэмрээ харамгүй оруулахыг хүсдэг. Тэр дундаа хүүхэд, залуучуудад эл спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн талбайтай, Монголын тамирчдыг дэлхийн түвшинд тогтмол өрсөлддөг болгохыг зорьж байгаа.
-Тэмцээний уур амьсгал ямар болох нь тухайн улсад очсон анхны өдрөөс мэдрэгддэг дээ.
-Малайз улсын чийглэг, халуун дулаан уур амьсгал Монголын хуурай, сэрүүн, эрс тэс цаг агаар, орчин нөхцөлөөс огт өөр юм билээ. Хааяа ширүүн бороо орох амаргүй санагдсаныг бодвол тэмцээний уур амьсгал сайхан байв. Олон орны тамирчид нэг дор цуглахаар дэлхийн тэмцээний зохион байгуулалт өргөн цар хүрээнд болдог нь мэдрэгдсэн. Перлис хотыг зорихоосоо өмнө бид тамирчдынх нь өмнөх тэмцээнд гаргасан амжилт, тоглох арга барил, техникийг сонирхож, багагүй судалсан юм. Миний хувьд улсынхаа далбааг бариад дэлхийн шилдгүүдийн дунд эх орныхоо нэрийг гаргах мөч хамгийн сайхан мэдрэмж байлаа.
-Тайландад 2018 онд зохион байгуулсан ДАШТ-д шагналт V байр эзэлж, ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн 16-д жагссаныг санаж байна. Тэгвэл үүнээс зургаан жилийн дараа медаль гардлаа.
-Тухайн жил болсон ДАШТ надад маш том сургамж болсон. Олон улсын тэмцээнд анх удаа оролцсон нь тэр. Миний хувьд шилдэг тамирчидтай өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд 16-д жагсаж байв. Тухайн үед дэлхийн медаль авах боломжтой юм байна гэсэн итгэл төрсөн. Гэхдээ хүсэл байгаа нь хангалтгүй. Үүний цаана олон жилийн бэлтгэл, алдаа оноо, ялагдал, дахин босох итгэл, тэвчээр хэрэгтэйг мэдрээд л явж байна. Энэ удаагийн медалийг гэнэт аваагүй. 2018 онд эхэлсэн тэр зорилгын үргэлжлэл гэж боддог. ОУХМ Б.Баянбулаг ахтайгаа хүрэл медалиас мултарч байсан бол одоо энгэртээ зүүгээд ирсэндээ баяртай байна.
-Тамирчин хүн зорьж оролцсон тэмцээнээсээ медаль хүртээд догдолж байсан мэдрэмжээ хэзээ ч мартдаггүй юм билээ.
-Үгээр хэлэхэд хэцүү мэдрэмж байсан. Олон жил бэлтгэл базааж, заримдаа ялагдан урам хугарч, больё гэж бодсон үе бий. Тэр үед амаргүй, хүнд санагдсан мөч бүхэн санаанд орж ирдэг юм билээ. Шагналын тавцанд зогсож байхдаа хамгийн түрүүнд “Энэ бол зөвхөн миний медаль бус. Намайг дэмжсэн гэр бүл, багш дасгалжуулагч, хамт олон, найз нөхөд, Монголын модон бөмбөгийн бүх тамирчны медаль юм” гэж бодсон. Хайртай бүхнээ сэтгэлдээ багтаагаад бүх мэдрэмжийг мэдрээд, дахиад жаахан хичээхгүй яав даа гэж зогсох мөч сайхан санагдсан.
-Дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөөд хүүгээ медаль хүртэхэд ээж тань их баярласан байх. Медаль хүртчихээд баярт мэдээгээ түрүүлж дуулгав уу?
-Ээж миний хамгийн том дэмжигчдийн нэг. Би тэмцээн бүрийн өмнө ээж рүүгээ харж, инээгээд “Хүү нь тэмцээндээ явлаа” гээд ерөөл өргүүлээд гардаг. Медаль хүртсэн баярт мэдээгээ ээждээ дуулгах агшин надад маш онцгой байлаа. “Хүү нь дэлхийн аваргаас медаль авлаа” гэхэд ээж их баярласан. Тамирчин хүн тэмцээн дээр ганцаараа тоглодог ч ард нь гэр бүл, хайртай хүмүүс нь сэтгэлээрээ дэмжиж, хамт өрсөлддөг юм шүү дээ. Надад ээж “Миний хүү ч бөхчүүд шиг дэмжлэг сайтай байсан бол мандаж байгаа даа” гээд битүүхэн бодлоо хэлээд инээдэг юм.
-Бэлтгэл хэрхэн базааснаас амжилт шалтгаалдаг. Энэ жил дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд та өмнөх жилүүдийнхээсээ илүү анхаарал хандуулсан бололтой.
-Туршлагаас харахад дэлхийн түвшний тэмцээнд жижиг зүйл хүртэл үр дүнд нөлөөлдөг юм байна. Тиймээс энэ удаа өмнөхөөсөө илүү хариуцлагатай хандсан. Олон жил хичээллэж, олон улсын тэмцээнд оролцож сурсан, зааж зөвлөх, асуудлаа ярилцах түшигтэй ОУХМ Э.Энх-Алдар ах, Б.Хишигжаргал эгч нартай хамт явсандаа баярлаж байгаа. Зөвхөн бөмбөг цохих техникээ сайжруулах бус, биеийн хүч, тэсвэр хатуужил, сэтгэл зүй, талбай унших чадвар, цохилтын сонголт гээд олон зүйл дээр анхаарсан. Мөн тэмцээний үед өөрийн сэтгэл хөдлөлийг хянахыг их хичээлээ. Модон бөмбөг бол биеийн хүчээр тоглодог спорт биш. Толгой, сэтгэл зүй, тактик маш чухал. Зарим үед хүчтэй цохихоос илүү зөв шийдвэр гаргах нь оноо авчирдгийг мэдэрсэн.
-Модон бөмбөгөөр хичээллэсэн Монголын долоо дахь үеийн шигшээ багийн тоглогчдын нэг нь та. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд нэг бус удаа оролцсон болохоор гадаадын тамирчидтай хэрхэн тоглохоо тооцоолсон байх.
-Би өмнө нь тоглолтыг өөрөөсөө илүү гэж хүлээж авдаг байсан. Харин олон жил өрсөлдөж, туршлага хуримтлуулаад ирэхээр энэ хүн бол өрсөлдөгч, би ч бас түүний адил дэлхийн тэмцээнд тоглож буй тамирчин гэж хардаг болсон. Хэн нэгнийг хэт их дөвийлгөж, өөрийгөө доогуур үнэлж болохгүй. Тэмцээнд өрсөлдөгчийнхөө тоглолтыг ажиглаад ямар цохилт сайн хийж, ямар үед алдаа гаргаж байгааг маш их анзаарч тоглосон.
-Монголын багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсын тамирчид байв. Тэмцээний үед онцолж харсан бүхнээ сонирхуулаач.
-Тэмцээнд оролцохоор ирсэн тамирчдаас сахилга бат, сэтгэл зүйн тогтвортой байдал, бэлтгэл сургуулилалт, техник дээрээ маш сайн ажилласан нь анзаарагдсан. Гэхдээ модон бөмбөгийн хувьд аль нэг улсыг энэ бол хамгийн хүчтэй гээд урьдчилж хэлэхэд хэцүү. Тухайн өдөр хэн өөрийгөө илүү сайн удирдан, талбайн тоглох орчин нөхцөлд зөв дасан зохицож, цохилтоо сайн хийнэ, тэр давуу талтай болдог. Би өрсөлдөгч бүрээсээ ямар нэг шинэ зүйл сурахыг хичээсэн. Нэгийнх нь цохилтын техник, нөгөөгийнх нь бөмбөгөө байрлуулах арга, заримынх нь сэтгэл зүйн тайван байдал миний анхаарлыг их татсан шүү.
-Азийн орнуудаас Индонез улсын шигшээ түрүүлсэн. Дэлхийн аваргаар тодорсон багийнхнаас хойшид хэрэгжүүлэх ямар гол зүйлийг олж харав?
-Индонезийн тамирчидтай бид өмнө нь олон улсын тэмцээнүүдэд таарч байсан. Тэдний тоглолт их сонирхолтой. Техник сайтайгаас гадна тоглолтын нөхцөл байдалд хурдан дасан зохицдог шиг санагддаг. Тэднээс тэмцээний туршид анхаарлаа алдахгүй, бөмбөг бүрийг бодож тоглох байдлыг их анзаарсан. ДАШТ-д нэг бөмбөг хүртэл шийдвэрлэх нөлөөтэй шүү дээ. Бид талбайн цохилтын хос болон ганцаарчилсан, багийн төрөлд ихэвчлэн Индонез, Малайз улсын шигшээ багтай учраа таардаг. Тэд биднийг хожих гэж энэ удаа багагүй сандарлаа. Биднийг хожоод дараагийн багтай сандралгүй тоглож, аваргаар шалгарч буй харагдсан. Тиймээс хойшид Монголын тамирчид зөвхөн биеийн бэлтгэл бус, тоглолтын тактик, сэтгэл зүй, өрсөлдөгчөө унших чадвар дээр илүү системтэй ажиллах хэрэгтэй. Би олон индонез найзтай болж байгаа. Мөн Малайз, Тайванийн багийнхан сайн өрсөлдөж, эхний гурван байрт шалгарлаа.
-Малайз, Тайванийн багийн дасгалжуулагч тамирчдаа хэрхэн бэлтгэл хийлгэдэг, тоглох арга барил, тактикийг сонирхож судлав уу манайхан?
-Судлалгүй яах вэ. Тэмцээний үед зөвхөн өөрийн тоглолтдоо анхаарахаас гадна бусдын бэлтгэл, тоглолтыг ажиглах боломж гардаг юм. Малайзын тамирчид тоглох талбай, цаг агаарын нөхцөлдөө маш сайн дассан байв. Хаана хэрхэн цохих тал дээрээ бэлтгэл сайтар хийсэн нь анзаарагдсан. Тайванийн тамирчдын хувьд техник, тоглолтын сахилга бат сайн байлаа. Бид ч тэдний тоглохыг ажиглаж, өөрсдийнхтэйгээ харьцуулсан. Монголын тоглогчдод хамгийн хэрэгтэй зүйл бол томоохон тэмцээнд байнга оролцож, туршлага хуримтлуулах юм.
-Медалийн төлөөх тоглолтын өмнө Ж.Загас багш шавьдаа ямар зөвлөгөө өгөв?
-Медалийн төлөөх тоглолтын өмнө багш хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг зөвлөж, “Өөрийнхөө тоглолтыг л гарга. Эхнээсээ базаад тоглоорой. Өмнө нь бэлтгэл дээр хийж байсан зүйлээ гаргана шүү” гэж хэлсэн. Тэр мөчид хүний дотор маш олон бодол орж ирдэг юм билээ. Медаль авах болов уу, алдчих вий гэх бодол төрнө. Гэхдээ тийм бодолдоо автаад эхэлбэл тоглолтоо алдах эрсдэлтэйг өөртөө сануулж байв. Амьсгалаа жигд байлгаж, өөртөө итгэлтэй тоглохыг хичээсэн. Медаль авах, эсэхийг шийдэх мөчид биеэс илүү сэтгэл зүй хамгийн их ажилладаг юм билээ.
-Та сонирхогчоос илүү мэргэжлийн түвшинд тоглодог тамирчдын нэг тул тив, дэлхийн тэмцээнд оролцохдоо сандарч тэвдэлгүй өрсөлддөг болсон биз ээ?
-Олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсон тул өмнөхөөсөө тайван болсон. Гэхдээ огт сандардаггүй гэж хэлэхгүй ээ. Медалийн төлөө тоглох нь ямар ч тамирчны хувьд сэтгэл хөдөлгөсөн мөч. Ялгаа нь гэвэл өмнө нь сандарсан үедээ яахаа мэддэггүй байсан бол одоо сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэдгийг мэддэг болсон. Сандрах нь муу зүйл биш, харин тэр мэдрэмжээ зөв ашиглавал анхаарлаа илүү төвлөрүүлэхэд тустай.
-ДАШТ-ий тоглолт халуун бүгчим цаг агаар, аадар бороотой өдрүүдэд болсон гэсэн. Монголын тамирчид цаг агаарын ямар ч нөхцөлд тэмцээнээ үргэлжлүүлдэг тухай сонсоод бахархаж байлаа.
-Тийм нөхцөл байдал тохиолдож байлаа. Монголын тамирчдын хувьд цаг агаарын ийм нөхцөлд тоглох нь мэдээж нэг талдаа давуу талтай, нөгөө талдаа бас хэцүү л дээ. Халуун бүгчим агаарт, чийг ихтэй үед бие хурдан ядардаг. Бороо ороход талбайн байдал өөрчлөгдөнө. Бөмбөгний хөдөлгөөн, цохилтын хүч, чиглэл хүртэл өөр болдог. Гэхдээ цаг агаарыг шалтаг болгож болохгүй. Бүх улсын тамирчид ижил орчинд тоглож байгаа учраас бид нөхцөл байдалдаа дасан зохицоод тоглолтоо үргэлжлүүлэх нь чухал. Бид монгол хүн ямар ч нөхцөлд шантардаггүйг харуулахыг хичээсэн.
-Индонезийн тамирчид сонирхолтой тоглолт өрнүүлдэг. ДАШТ-д оролцохдоо аваргаар нэг бус удаа шалгарсан шилдэг тамирчных нь цохилтыг харсан. Одоо түүний техникээр тоглодог гэж өмнө нь мөн өгүүлсэн. Түүнтэй энэ удаа таарав уу?
-Тийм ээ. Тэр тамирчны тоглохыг би өмнө нь олон удаа ажиглаж харсан. Түүний цохилтын техник, бөмбөгөө удирдах арга нь надад их таалагддаг. Би хэн нэгний техникийг яг хуулбарлаад тоглодог гэхээсээ илүү өөртөө тохирох зүйлийг нь сурахыг хичээдэг. Дэлхийн шилдэг тамирчнаас суралцах нь тоглолтоо хөгжүүлэх нэг арга барил гэж боддог. Энэ удаа ч тэдний тоглохыг анхааралтай ажигласан. Өрсөлдөгчөө хүндэтгэнэ гэдэг суралцахын эхлэл юм.
-Монголын шигшээ энэ удаагийн ДАШТ-д шинэ залуу тамирчдаас хүч сэлбэж, багаа бүрдүүлжээ. Туршлагатай тоглогчийн хувьд тэдэнд тэмцээний үед зааж, зөвлөх зүйл хэр их гарсан бэ?
-Маш их гарсан. Би шигшээ багт анх орж, олон улсын тэмцээнд тоглохдоо ахмад тамирчдаасаа их зүйл сурч байв. Одоо өөрийн мэддэг, олон жил хуримтлуулсан туршлагаа дүү нартаа хуваалцах нь миний үүрэг гэж боддог. Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ барих, өрсөлдөгчөө хэрхэн ажиглах, нэг алдаан дээр удаан бодож суухгүй байх, өөртөө итгэх талаар ярилцаж л явлаа. Шинэ тамирчид маань зоригтой, хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэдэнд зөв чиглэл, тогтмол бэлтгэл, олон улсын туршлага өгч чадвал Монголын модон бөмбөгийн спортын ирээдүй сайн байгаа нь харагдана.
-Монголд модон бөмбөгийн олон улсын стандартад нийцсэн талбай байдаггүй нь амжилт гаргахад нөлөөлдөг байж болох. Хэрэв талбайтай болчихвол манайханд үүнээс ч илүү амжилт гаргах боломж бий санагддаг.
-Үүнтэй санал нийлнэ. Манай тамирчид авьяас, зорилго, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл тэсвэр хатуужилтай. Харин олон улсын стандартад нийцсэн талбай, бэлтгэл тогтмол хийх орчин дутагдалтай байгаад харамсдаг. ДАШТ-ий талбайд очоод анх удаа мэдэрч буй нөхцөлтэй шууд өрсөлдөнө гэдэг амаргүй шүү дээ. Хэрэв Монгол стандартад нийцсэн талбайтай болчихвол тамирчид тэмцээний нөхцөлөө урьдчилан мэддэг болох юм байна гэж бодогдсон. Хойшид төр засгийн удирдлагууд улсдаа модон бөмбөгийн стандартад нийцсан талбай байгуулж, биднийг жаахан ч гэсэн дэмжээд өгөөсэй. Монголын модон бөмбөгийн холбооноос ингэж хичээнгүйлэн гуймаар байна аа. Тэр тусмаа хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, спортоор хичээллэх эко орчин бүрдүүлэхэд модон бөмбөг маш тохиромжтой шүү дээ.
-Өнгөрсөн он жилүүдэд халширч шантарсан, унаж боссон, ялагдаж ялсан, урам авч урагшилсан өдөр хоног олон байсан биз. Тэр бүхэнд өөрийгөө ялж, өнөөгийн амжилтад хэрхэн хүрсэн бол?
- Ялагдсан үе цөөнгүй бий. Амжилт гаргахгүй, бэлтгэл хийсэн зүйл тоглолт дээр гарахгүй үе ч зөндөө байсан. Гэхдээ би нэг зүйлийг сайтар ойлгосон. Тамирчин хүн хамгийн түрүүнд өрсөлдөгчөө бус өөрийгөө ялдаг байх ёстой. Ядаж л инээгээд үлдсэн аав, ээжийнхээ төлөө хичээгээд үзэх хэрэгтэй. Өчигдрийн өөрөөсөө өнөөдөр арай илүү болох. Өчигдөр хийж чадаагүй зүйлээ өнөөдөр хийж сурах, алдаагаа хүлээн зөвшөөрөх. Ялагдсан үедээ шалтаг хайх бус, юун дээр алдсанаа ойлгох зэрэг зүйлс намайг өнөөгийн амжилтад хүргэсэн гэж боддог. Өмнө нь олон удаа шагналгүй буцсан. Гэхдээ тэр бүрд “Дараа үүнээс илүү хичээнэ” гэж өөртөө хэлдэг байлаа.
-Спортын талбар тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Тиймээс цаг хугацаа үнэтэй гэсэн бодол хааяа төрдөг юм.
-Тийм ээ, цаг хугацаа бол тамирчны хамгийн үнэтэй зүйл. Нас ахих тусам зөвхөн биеийн хүчээр тоглох боломж багасдаг ч туршлага, тактик, сэтгэл зүйн давуу тал нэмэгддэг гэж бодож байна. Тиймээс өөрийнхөө давуу талыг туршлагадаа тулгуурлаж бий болгохыг хичээдэг. Техник нэг өдөрт бий болдог зүйл биш. Нэг цохилтыг хэдэн мянган удаа давтсаны үр дүнд биеийн хөдөлгөөнд өөрийнх болтол суудаг. Би одоо ч өөрийгөө болчихсон гэж боддоггүй. Дэлхийн медальтнаар тодорсон өдрөөс өөртөө тавих шаардлагаа улам өндөр болгосон.
-Боломжгүй зүйл гэж хаана ч байдаггүй гэдэг үг бий. Хүн өөрийгөө дайчилж чадвал амжилт гаргадгийг та ч бас харууллаа.
-Миний дараагийн зорилго бол энэ амжилтаа улам ахиулах юм. Өөрийнхөө хувьд ДАШТ-ий медалийн өнгийг ахиулах, шилдэг тамирчидтай тогтмол өрсөлдөх зорилготой. Манай улсад энэ спортод авьяастай хүүхэд, залуус олон бий. Гагцхүү тэднийг зөв чиглүүлж, бэлтгэл хийх орчин, талбайтай болгох хэрэгтэй байна. Модон бөмбөгийн холбооноос жилдээ хоёр тэмцээн зохион байгуулвал тамирчдын ур чадвар, техник сайжирч, оролцоо ч нэмэгдэнэ. Магадгүй эко дүүрэг, эко (woodball) парк, эко хороо аяны хүрээнд талбай хийж, хэрэгжүүлээд дүүрэг, аймаг, сумын хороодтой хамтран ажиллаж болно шүү дээ. Миний хувьд олон жил хичээллэж, олон улсын тэмцээнд оролцлоо. Одоо дэлхийн медаль хүртсэн тамирчны хувьд дараагийн үедээ мэддэг зүйлээ зааж, зөвлөн дэмжих ёстой гэж бодогдож байна. Монголын модон бөмбөгийн тамирчид дэлхийн тэмцээнд медаль авч чадах болов уу гэх бус, ямар өнгийн медаль авах вэ гэж ярьдаг түвшинд хүрээсэй. Энэ ташрамд, амжилт руу тэмүүлж буй дүү нартаа “Шантарч суугаа бол яг одоо гүнзгий амьсгаа аваад дахиад нэг оролдоод үзээрэй” гэж хэлье.