Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулсан хурал, хэлэлцүүлэгт голлох үүрэгтэй оролцож, байгаль, цаг ууртай холбоотой хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр талуудыг хангаж ажилласан Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.
-COP17-гийн хүрээнд ярьсан онцлог сэдэв, дэвшүүлсэн асуудал, гол шийдвэр, үр дүнгүүдийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Танай байгууллагынхан энэ арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож байгаа шүү дээ.
-Юуны түрүүнд “Өнөөдөр” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Цаг уур, орчны шинжилгээний газар энэ удаагийн талуудын бага хурлын хүрээнд Монгол орны цөлжилтийн атлас, үндэсний тайлан гаргах ажлыг гардан гүйцэтгэлээ.
Тайлан, судалгааныхаа үр дүнг олон улсын хурал эхлэхээс өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Мөн үндсэн үйл ажиллагааны үеэр танилцуулахаар төлөвлөсөн бүхий л илтгэл, мэдээлэл, шинжлэх ухааны суурь судалгааны тоо баримтуудыг үүнтэй уялдуулан өөрчилж, бэлдэж өгсөн. COP17-гийн үеэр гүйцэтгэсэн бидний гол үүрэг, ажил гэвэл энэ байна. Хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд хэд хэдэн асуудлаар үндсэн болон салбар хуралдаанд оролцлоо, мөн өөрсдөө ч зэрэгцээ арга хэмжээнүүд зохион байгууллаа. Юуны түрүүнд цаг уурын байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ, цөлжилт, ган гачиг, элс, шороон шуурганы өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодитой мэдээллийг шинжлэх ухааны болон үндсэн үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан иргэдэд хүргэлээ. Хэлэлцүүлгийн түвшинд бол олон улсын хамтрагч байгууллагууд, донорууд, мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй хамтран гурван арга хэмжээнд төвлөрөн ажиллалаа. Эхнийх нь бүс нутгийн элсэн болон шороон шуурганы эрсдэлийг бууруулахад чиглэсэн шинэ санаачилга.
Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан шороон шуурганы гол эх үүсвэр болдог орны хувьд Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллахаар боллоо. Үүнийг тойрсон эрдэм шинжилгээний, ажлын хэсгийн, олон нийтийн хурал, хэлэлцүүлэг зэрэг цөөнгүй арга хэмжээг зохион байгуулав. Дараагийн онцлох сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт болон цахим мониторинг, орчин үеийн хяналт шинжилгээтэй холбоотой юм. Цөлжилт, ган гачиг гээд байгаль орчны аливаа асуудлыг ул суурьтайгаар хөндөхийн тулд шинжлэх ухааны бат нот судалгааны үр дүн, тайлан хэрэг болдог. Харин эдгээрийг гаргахын тулд цаг уурын байгууллагын ажиглалтын сүлжээг ажигладаг.
Монгол орны 318 сум, сууринг хамарсан өртөө харуулын сүлжээ, 150 байршил дахь усны сүлжээ, 1550 цэгт байгаа хөдөө аж ахуйн мониторингийн цэгүүдийн мэдээлэлд тулгуурлаад цөлжилт, ган гачиг, хур тунадас, хөдөө аж ахуйн цаг уурын төлөв гээд нарийн мэдээллүүдийг гаргадаг гэсэн үг. Үүнийг орчин цагт хиймэл оюун, машин сургалт, хиймэл дагуул, супер компьютертой яаж холбож, тооцоолол, боловсруулалтыг нь илүү сайжруулах вэ гэдэгт олон талын байр суурийг нэгтгэн хэлэлцлээ. Удаах асуудал нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа. Ган гачиг, цөлжилттэй одоогийн нөхцөлд дасан зохицох, даван туулах бүхий л арга хэрэгслийг ашиглаж байгаагийн нэг нь техник, технологийн хөгжилд тулгуурласан үүлэнд зориудаар нөлөөлөх ажил юм. Дэлхийн цаг уурын байгууллага, Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн цаг уурын газрынхантай хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл өглөө. Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулахтай холбоотой ташаа ойлголт, мэдээлэл манай иргэдийн дунд их байдаг. Энэ үүднээсээ шинжлэх ухааны тооцоо судалгаа, үндэслэл, дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын сайн туршлагад тулгуурлан мэдээлэл хүргэсэн.
-Байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, эрсдэл зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж, бодитоор тооцоолох нь чухал. Ингэж байж илүү үр дүнтэй бодлого, хариу арга хэмжээ хэрэгжүүлнэ. Харин ийн хэмжиж, хянахад техник, технологийн боломж, хүн хүчний нөөц, чадавхаас эхлээд сорилт их. Манай улсын цаг уурын байгууллагын одоогийн чадавх, нөөц боломж хэр байна вэ?
-Монгол Улсын цаг уурын салбарын үндэс суурийг 1924 онд тавьсан гэж үздэг. Зуун дамнасан туршлагатай алба. Манай байгууллагын хамгийн том давуу тал нь 1936 оноос хойших Монгол орны цаг уурын нөхцөл байдлын ажиглалтын мэдээг төвлөрүүлэн хадгалдаг явдал. Архивын мэдээ, өгөгдлийн сан гэдэг бол цаг уурын салбарт юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй зүйл шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, урьдчилан мэдээлэх боломж хомсодсонтой холбогдуулан сүүлийн үед НҮБ-ын зүгээс эрт сэрэмжлүүлгийг иргэнд бүрд хүргэхэд нэлээд ул суурьтай анхаарч, энэ чиглэлээр тодорхой зорилт, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2027 он гэхэд дэлхийн улсуудыг, ялангуяа буурай хөгжилтэй, арлын, хөгжиж буй орнуудын иргэдэд гамшгийн мэдээллийг цаг алдалгүй хүлээж авдаг боломжийг бүрэн бүрдүүлье, эрт сэрэмжлүүлгийг 100 хувь хүргэдэг болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнийг Уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллага, санхүүжилтийн бусад механизм дэмжиж буй. Манай цаг уурын байгууллагын хувьд 2025, 2026 онд техник, технологийн түвшинд нэлээд том дэвшлүүд гаргасан. Өнгөрсөн онд супер компьютерууд хэрэглээнд нэвтрүүлж, тооцоолол, судалгааг илүү бодитой хийх нөхцөл бүрдүүллээ. Мөн Монгол орны томоохон голууд дээр усны түвшин, урсац, үерийн эрсдэлийг хэмждэг системийн сүлжээг үүсгэлээ. Бүх аймгийн төвд цаг уурын болон агаарын чанарын автомат станц шинээр суурилуулсан. Өнөө жил гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баруун болон хангайн бүсэд доплерын радар хэмээх дэвшилт төхөөрөмж байршууллаа. Тэрчлэн агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн хоёр төвийг ашиглалтад оруулсан. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн цаг уурын байгууллагаас хот, суурин газрын олон төрлийн гамшгийн эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх, хиймэл оюунд суурилсан серверийг хүлээн авлаа. Энэ бүгдээс харахад, цаг агаарын өгөгдөл, мэдээ, мэдээлэл боловсруулах хүчин чадал бүхэлдээ сайжирч байна. Яг одоогийн байдлаар найман хиймэл дагуулаас өдөр тутам мэдээлэл хүлээн авч, зайнаас тандан судлах үүрэг гүйцэтгэж буй. Харин бидний хамгийн том сул тал бол анхан шатны буюу цаг уурын харуулуудын тоног төхөөрөмжийн хоцрогдол. Нийт харуулын 65 хувь нь механик, гар ажиллагаатай багажаар цаг уурын ажиглалт, судалгаа хийж байгаа. Энэ бол асар том сул тал. Уг нь Монгол Улс Миниматагийн конвенцоор мөнгөн усны хэрэглээг халчихсан орон шүү дээ. Гэтэл цаг уурын анхан шатны нэгжид мөнгөн устай багаж хэрэгсэл өдий хүртэл ашигласаар байна. Үүнийгээ даруй өөрчлөх хэрэгтэй.
-Манай улс олон улсад мэдээлэл дамжуулдаг станц, өртөөнийхөө тоог энэ жил хоёр дахин нэмэгдүүлсэн байх аа?
-Өнөө жилийн онцлох ажлуудын нэг нь энэ юм. Монгол Улс өнгөрсөн хугацаанд цаг уурын 63 өртөөний мэдээллийг олон улсад дамжуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсын 1.5 сая ам км газар нутаг дээрх 63 байршлаас цаг уурын өгөгдөл, мэдээлэл дамжуулдаг байсан гэсэн үг. Олон улсын судалгааны байгууллагууд, прогнозын төвүүд үүнийг ашиглаж, цаг агаарын мэдээ, мэдээлэл боловсруулж ирсэн. Харин 2026 онд олон улсад мэдээлэл дамжуулдаг өртөөний тоог 138 болгож нэмлээ. Үүний үр дүнд цаг агаарын хамгийн нарийн, бодитой өгөгдлүүдийг олон улсад нээлттэйгээр дамжуулах боломж бүрдсэний зэрэгцээ иргэд, олон нийтийг баталгаат мэдээ, мэдээллээр хангах нөхцөл сайжирсан. Тухайлбал, өмнө нь бид төв, суурин газруудад өглөө, оройн цаг агаарын мэдээллийг л дамжуулдаг байсан бол одоо технологийн давуу талаа ашиглаад 10 хоногийн прогнозыг гурван цагийн давтамжтай өгч чаддаг болсон. Энэ бол маш том давуу тал.
-Цаг уур, орчны шинжилгээний газар, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагынхан хамтран Монгол орны цөлжилт, газрын доройтлын зургаа дахь удаагийн тайлан, үнэлгээг боловсруулаад байна. Үүгээр манай улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжиж, доройтсоныг тогтоолоо. Энэ үзүүлэлт, үр дүнд үндэслэн цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Шинэ үнэлгээгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2021 оноос хойших хугацаанд таван хувиар нэмэгдсэн мэт харагдаж байгаа ч доторх ангиллыг нь үзвэл цөлжилтөд хүчтэй болон нэн хүчтэй өртсөн талбайн хэмжээ 16.2 хувиар буурсан үзүүлэлттэй буй.Цаашид бидний хийх гол ажил бол судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан салбар (газар тариалан, мал аж ахуй, дэд бүтэц, гамшиг, онцгой байдлын гэх зэрэг) тус бүрд тусгайлан бодлогын зөвлөмж боловсруулах юм. Нэн түрүүнд гангийн үндэсний төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Ган гачигтай хэрхэн тэмцэж, цөлжилтийг яаж сааруулах вэ гэдэгт төвлөрнө. Цөлжилтөд өртсөн газар нутгийн нийт хэмжээ нэмэгдсэн нь зарим талаараа мониторингийн чадавх сайжирсантай холбоотой байж болзошгүй. Өмнө нь тодорхойлж чадаагүй нөхцөл байдлаа энэ удаа илүү нарийвчлалтай гаргаад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Өмнөх судалгаануудад бид МОДИС хиймэл дагуулын мэдээг ашигладаг байсан бол энэ удаа “Сентинел”-ийнхийг мөн ашигласан. Тэгэхээр техникийн боломж нөхцөл судалгааны тоо, тооцоололд нөлөөлсөн байх магадлалтай. Магадгүй дараагийн таван жилийн судалгааны үр дүн одоогийнхоос ч нарийвчлалтай гарах болов уу. Технологийн хөгжил гайхалтай хурдтай байна. Бид хоцорчихгүйг л хичээх хэрэгтэй.
-Та яам, агентлагаас эхлээд байгаль орчны салбарт бодлого, шийдвэр гаргах түвшинд багагүй хугацаанд ажилласан туршлагатай. Энэ удаагийн талуудын бага хурлын гол ач холбогдол, үр нөлөөг хэрхэн харж байна вэ?
-Хурал зохион байгуулагч, хүлээн авагч орон гэдэг үүднээсээ манай улс цэнхэр, ногоон бүсэд аль алинд нь давуу эрх эдэлж байна. Хүссэн, өөрсдийн зүгээс санал болгосон бүх л арга хэмжээгээ энэ өдрүүдэд зохион байгууллаа. Цаг уур, орчны шинжилгээний байгууллага гэхэд 20 гаруй арга хэмжээ санаачлан зохион байгуулж, гадаад, дотоодын зочдыг урьж оролцуулан, санаа бодлыг нь сонсож, улс орондоо тулгамдсан асуудлыг олон улсын анхааралд орууллаа. Энэ бол Монголын талд бий болсон хамгийн том давуу тал. Нөгөөтээгүүр, байгаль орчны салбар дахь дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулж, оройлно гэдэг нь climate diplomacy буюу уур амьсгалын дипломат харилцаанд онцгой ач холбогдолтой. Тухайн улс том, жижиг байхаас үл хамааран дэлхий нийтийн асуудалд яаж анхаарч, ямар байдлаар оролцож байгаа нь чухал. Үүнээс шалтгаалаад уур амьсгалын санхүүжилт татах, шинэ хөтөлбөр, санаачилгаа бусад улс орноор дэмжүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг шууд болон шууд бусаар хүртэнэ. Ийм томоохон хурал олон дагалдах салбарын хөгжилд түлхэц үзүүлдэг. Хурал зөвлөгөөний аялал жуулчлал гэж тусдаа салбар байдаг шүү дээ. Монгол Улс өмнө нь ийм олон тооны зочин гийчнийг нэг дор хүлээж авч байгаагүй учраас зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, агаарын тээврийн салбаруудад тодорхой хэмжээний сорилт, шалгалт, туршлага болох байх. COP-ыг зохион байгуулж чадсан юм чинь гэдэг итгэл үнэмшлээр дараа дараагийн илүү томоохон, чухал арга хэмжээнүүдийг амжилттай хийх болов уу