Манай улс ирэх өвөл нийслэлд тээврийн нэгэн шинэ үйлчилгээ, маршрут нээхээр ажиллаж байна. Энэ бол одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы “автор”-той, түүнийг хотын дарга байхад буюу 2019 оны үед гэрээ хэлцэл байгуулж, эхлэлийг нь тавьсан дүүжин замын тээвэр юм. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Дүүжин тээврийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна” гэж саяхан мэдэгдсэн нь иргэд, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан. Олонх нь “Өдөр алдаад шөнө гэгчээр дүн өвлөөр дүүжин тээвэр ашиглалтад оруулж, иргэдээ эрсдэлд оруулах нь” хэмээн түүнийг буруутгасан юм. Харин би үүнийг Улаанбаатар хотын өвлийг үнэд оруулах гэсэн алсын хараатай, аялал жуулчлалыг хөгжүүлэх далд зорилготой бодлого, шийдвэр гэж эерүүлэн харж байна. Утаа униар, тоос шороо, түгжрэл, төвлөрөлдөө дөжирсөн нийслэлийг агаараас тольдох боломжийг гадаадын жуулчдад олгож, улаанбаатарчуудад хотоо холоос харж уужрах хосгүй тансаглалыг эдлүүлэх шинэ “үйлчилгээ” нэвтрүүлж яагаад болохгүй гэж.
Угаасаа энэ төрлийн тээврийн үйлчилгээг дэлхийн улс орнууд голдуу аялал жуулчлалын зорилгоор үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газрууддаа түшиглэн нэвтрүүлдэг юм билээ. Швейцар улс гэхэд үзэсгэлэнт Альпийн нуруунд ийм “тансаг” тээвэр үйлчилгээнд явуулдаг. Харин манай улс энэ тогтсон жишгийг эвдэж, хамгийн тохиромжгүй орчинд, тодорхойгүй зорилгоор, тооцоо судалгаагүйгээр, их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн байж ийм үйлчилгээ нэвтрүүлсэн анхдагч орон болоход тун ойртлоо. Иймд үүнийг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож ашиглах санал дэвшүүлж байна. Ичсэн хүн хүн ална, айсан хүн айл эвдэнэ гэдэг. Манай улс дүүжин замын тээврийн төслийг санаачилж, хэрэгжүүлэхдээ яг л ийм алдаа гаргасан. Нийгэмд ач холбогдолгүй, хэрэгцээгүй ажилд мөнгө үрэх гэлээ гэсэн шүүмжлэлийг тойрохын тулд санаачлагчид нь анх энэ төслийг “нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах” тодотголтойгоор оруулж ирсэн. Тооцоо судалгааг нь бүрэн гүйцэд хийгээгүй, хэрэгцээ шаардлагыг нь бодитой тодорхойлоогүй байхдаа Францын Засгийн газартай санхүүгийн хэлэлцээр байгуулж, 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авсан. Ингээд төслийн ажлыг эхлүүлэх болоход нийгмийн зүгээс шүүмжлэл ундарч, газар чөлөөлөхөөс эхлээд бөөн бэрхшээл тулгарсан юм.
Нөлөөллийн судалгаа дахин хийх, маршрутыг нь өөрчлөх шаардлагатай болсон тул уг төсөлд зориулж байгуулсан ашиглалтын өмнөх захиргааг хүртэл Засгийн газрын шийдвэрээр татан буулгасан. Энэ хугацаанд Францаас авсан зээлийн хүүгийн тоолуур гүйж, гүйцэтгэгч компанид урьдчилгаанд өгсөн мөнгө “тэг зогсолт”-ын зардал болж хувирсан бол манай улс дүүжин тээврийн зам тавих маршрутаа тодорхойлох гэж мунгинасаар 2025 оны хавартай золгосон билээ. Өөрөөр хэлбэл, эл төсөл нь нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан гэхээсээ илүү зайлшгүй байдалд буюу өрийн барьцаанд орсон учраас л нийслэлийнхэн арга буюу ажлыг нь эхлүүлсэн юм. Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газрынхан “Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотод нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл тогтоно. Иргэд Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад түгжрэхгүй, тав тухтайгаар туулах боломж бүрдэнэ. Нэг удаад 10 хүн суух боломжтой, 800 кг-ын даацтай 98 кабин ашиглалтад оруулна” гэж мэдээлж буй. Харин иргэд үүнийг шинэ үйлчилгээ, боломж гэдэг талаас бус, хэрэгцээгүй ажил, их эрсдэл, үрэлгэн зардал хэмээн хүлээн авч буй. Гүйцэтгэгч болох Францын “Пома групп” компани онцгой байдлын байгууллагынхантай хамтран өндрөөс аврах дадлага, сургуулилалт зохион байгуулсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсаны дараах олон нийтийн хандлага, хариу үйлдэл үүнийг гэрчилнэ. Энэ янзаараа дүүжин тээвэр нийтийн хэрэглээ бус, нэн ховор “үзмэр” болж, нийслэлийнхэн төсөл хэрэгжүүлсэн нэр зүүгээд өнгөрөх магадлал тун өндөр.
60.7 сая еврог одоогийн ханшаар тооцвол 250 орчим тэрбум төгрөг. Энэ бол дүүжин тээврийн төслийн бидэнд мэдэгдэж байгаа ил зардал буюу зөвхөн гадаадаас авсан хөнгөлөлттэй зээлийн дүн. Үүний хүү болон төслийн бэлтгэл ажилд улсын төсвөөс зарцуулсан мөнгө, буруу шийдвэр гаргаж, 6-7 жил тэг зогссоноос үүдэлтэй алдагдал зэргийг тооцвол уг дүн хагас их наяд руу дөхнө. Нэг сонголтыг хийснээр нөгөө талд гарч байгаа илүү өгөөжтэй, чухал боломжуудыг золиослохыг эдийн засгийн ухаанд алдагдсан боломжийн өртөг гэдэг. Энэ үүднээсээ дүүжин тээврийн төсөлд зарцуулсан, төсөвлөж буй мөнгөөр нийгмийн тулгамдсан бодитой ямар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой байсан бэ гээд харвал даанч хайран, харамсалтай харьцуулалт гарна. Жишээлбэл, Францын Засгийн газраас олгосон 250 орчим тэрбум төгрөгөөр гэхэд нийтийн тээврийн сүлжээг өргөтгөж, их багтаамжийн 200 орчим цахилгаан автобус худалдан авах боломжтой гэнэ. Хот төлөвлөлтийн төслүүдэд ажилладаг нэгэн мэргэжилтэн ийм тооцоо гаргажээ.
Дүүжин тээврээс ялгаатай нь цахилгаан автобус зардал чирэгдэл илүү багатай, түгжрэлийг бууруулахад бодитой үр нөлөөтэй аж. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх буюу боловсролын салбарын дэд бүтцийг сайжруулах замаар нийслэлийн төвийн дүүргүүдийн зорчих хөдөлгөөний эрчмийг бууруулахад энэ мөнгө багагүй хөрөнгө оруулалт болох байж. Ийм хэмжээний мөнгөөр олон улсын стандартад нийцсэн, тус бүр нь 1000 хүүхдийн багтаамжтай 15-20 сургууль, эсвэл цэцэрлэгийн цогцолбор өлхөн барих боломжтой. Тэрчлэн гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар Улаанбаатарын утаа, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлж болох байсныг ч мэргэжилтэн хэллээ. Энэ хэмжээний санхүүжилтээр нийслэлийн хамгийн их төвлөрөлтэй 5-6 байршилд инженерийн шугам сүлжээ өргөтгөн шинэчлэх ажил хийж, багадаа 10-20 мянган айлыг амины орон сууцад ая тухтай амьдруулах боломж бүрдүүлэх сонголт ч нийслэлийн удирдлагуудад байж.
Харамсалтай нь, тэд бодитой бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд бус, бодлогогүй төсөл туршихад энэ мөнгийг зарцуулав. Дүүжин замын тээвэрт зарцуулсан төсөв үнэ цэнтэй хөрөнгө оруулалт биш, санхүүгийн дарамт болж байгааг Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбооны гишүүн, архитектор Н.Ганжишир хэллээ. Тэрбээр “Энэ төсөл хотын түгжрэлийг шийдэхгүй. Багахан нөлөө ч үзүүлэхгүй. Харин түгжрэлийг дээрээс нь харах боломжийг л хүмүүст олгоно. Гэхдээ хэн өвлийн хүйтэнд “кабль кар”-д суугаад эрсдэл үүрэхийг бодох вэ. Аюулгүй байдлын баталгаа ч байхгүй шүү дээ. Тийм л аюулгүй, найдвартай юм бол нийслэлийнхэн (нийслэлийн ЗДТГ-ынхан) Яармаг дахь шинэ байр луугаа дүүжин тээврээр өдөр тутам зорчих хэрэгтэй. Ингэж чадвал түгжрэлийг бууруулахад нэмэртэй үлгэрлэл болно, хүмүүст итгэл үнэмшил төрнө. Дүүжин замын тээврийн төсөл ирээдүйд хотын төсөвт дарамт учруулсан урсгал зардлын “хар нүх” болох нь тодорхой. Одоо ч дарамт учруулсаар байгаа” гэсэн юм. Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээвэр явуулж эхэлснээр тухайн чиглэлд зорчигч автомашины тоо 1000 орчмоор цөөрч, замын хөдөлгөөний ачаалал 15 хувиар буурна гэсэн эерэг тооцооллыг нийслэлийнхэн танилцуулж байгаа.
Гэвч эл тооцоолол бодитой, эсэх нь тодорхойгүй. Албаныхан чухам юунд үндэслэж ийм “том” тоо, өндөр хувь гаргаснаа тайлбарлаж чадахгүй байгаа. Түүнчлэн тус чиглэлд тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх болсон нь хөдөлгөөний эрчим, орчны саад, авто болон төмөр замын сүлжээнд холбогдох боломжгүй байдал зэргийг харгалзсан гэж тэд тайлбарладаг. Хачирхалтай нь, энэ үндэслэл нь ч эргэлзээтэй. Учир нь дүүжин замыг хамгийн анх Баянхошуу Ханын материал-Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Долоонбуудал-Дарь-Эх-Сансарын тойрог гэсэн хөдөлгөөний ачаалал ихтэй хоёр маршрутын дагуу тавихаар төлөвлөж, ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулсан. Гэвч тухайн чиглэлд газар чөлөөлөхөд бэрхшээлтэй байсан учир дахин хэд хэдэн байршил, маршрут тодорхойлсны эцэст одоогийнх дээр арга буюу тогтсон. Төслийн үндсэн маршрут болох Яармаг-Хархорин чиглэлийг түгжрэл бууруулах тооцоо судалгаанд үндэслэж бус, газар чөлөөлөхөд хялбар гэдэг шалгуураар сонгосон гэдэг. Мөн үүний дараагийнх буюу өдгөө ТЭЗҮийг боловсруулж буй гэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүүхдийн парк чиглэлийн маршрут ч яг л ийм шалгуураар “шигшигдэж” үлдсэн юм билээ. Саяхныг хүртэл нийслэлийнхэн Зайсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлнэ гэж ярьж, төлөвлөж байгаад гэв гэнэт л өөрчилчихсөн. Энэ бүгд дүүжин замын тээврийн төслийг эхнээс нь түгжрэл бууруулах тооцоо судалгаанд үндэслэж хэрэгжүүлээгүйг харуулж байна. Иймд албаныхны хэлж буй өөдрөг тооцоолол, эерэг төсөөлөлд шүүлтүүртэй хандах учиртай. Нийслэлийн удирдлагуудын хэлснээр дүүжин тээврийн эхний чиглэлийг товлосон хугацаанд ашиглалтад оруулбал дээр дурдсанчлан манай улс дэлхий нийтийн жишгийг олон үзүүлэлтээр эвдсэн анхдагч орон болох нь. Үүнийг ашиглаад бид дэлхийн хамгийн хүйтэн, бохир агаартай нийслэлээ дүүжин тээврээр дамжуулан олон улсад сурталчилж яагаад болохгүй гэж. Давуу тал болгож ашиглах өөр боломж эрж хайгаад ч алга байна шүү дээ, дүүжин тээврийн төсөлд.
Н.МИШЭЭЛ