•АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотын Сибрайт далайн эрэгт хүчтэй давлагаанд өртсөн 10 настай хүүг баатарлагаар аварч буй дүрс бичлэг нь нийгмийн сүлжээнд тархаж, дэлхий нийтийн анхааралд орсон Райдер Уильямсыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд урьж, “Иргэний дээд хүндэтгэл” үзүүлэхээр болжээ. •Монгол Улсад саяхан болсон IMC-2026 олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулахад гаргасан зарим зардлыг шийдэхийн тулд хувийн сууцаа худалдахаас аргагүйд хүрээд буйгаа нийгмийн сүлжээнд хуваалцсан багш Б.Идэржавхланг Ерөнхий сайд Н.Учрал хүлээж авч уулзан, шаардлагатай санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болов.
Зэрвэс харвал энэ хоёр үйл явдал тун төстэй. Зохиол бүтээлтэй жишвэл үйл явдлын шугам, өрнөл, тайлал нь бараг ижил. Аль алинд нь бусдын, нийгмийн сайн сайхны төлөө зориг, золиос гаргахад бэлэн хоёр залуу “гол дүр” бүтээсэн. Харин төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн өмнөөс тэдэнд талархал илэрхийлэн, хүндэтгэл үзүүлснээр иргэдээ сонсдог, хамгаалдаг, анзаардаг мэдрэмжтэй, сайн улс төрчийн дүрээр нийгэмд тодорч буй. Гэхдээ нарийн анзаарвал энэ хоёр кэйс газар, тэнгэр шиг ялгаатай. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп 16 настай аврагч залууд хүндэтгэл үзүүлэхээр болсон нь сошиалын хүчинд автаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргасан хэрэг огт биш. Иргэний зориг, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэм болгосон улс орнууд эх орныхоо, бусдын төлөө баатарлаг гавьяа байгуулсан, хүний амь аварсан зоригтнуудад ийн хүндэтгэл үзүүлдэг нь тогтсон үзэгдэл. АНУ “Иргэний дээд хүндэтгэл”-ийн медалийг 57 жилийн өмнөөс олгож эхэлжээ. Аврах ажиллагааны үеийн дүрс бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаагүй байсан ч америкчууд Райдер Уильямсыг иргэний хоёр дахь өндөр дээд шагналд яаж ийгээд л “тодорхойлчих” байж. Тодорхойлсоор ч иржээ. Харин нөгөө тохиолдлын хувьд бол цэвэр пиарын шинжтэй үйл явдал гэж хэлж болно.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн IMC-2026 олон улсын олимпиадыг Монголд зохион байгуулах нь үнэхээр л тийм бахархам, чухал ач холбогдолтой үйл хэрэг байсан юм бол Засгийн газар эхнээсээ энэ арга хэмжээг дэмжсэн шиг дэмжиж, санхүүжилтийг нь бүрэн шийдчих ёстой байсан юм. Олон улсын нэр хүндтэй олимпиадыг эх орондоо анх удаа гардан зохион байгуулахаар зориглосон багш нарыг цахим сүлжээнд зовлонгоо бичтэл нь чирэгдэл учруулахгүй байлаа. Даанч тэд хэрэгтэй цаг үедээ шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хамтарч ажиллаж чадаагүй учраас л болоод өнгөрсөн хойно нь гэмээ цайруулах шийдвэр гаргалаа. Хэрэв багш залуу нийгмийн сүлжээнд энэ талаарх асуудлаа бичээгүй бол, магадгүй хуваалцаад ч тэр нь хүмүүст гавьтай хүрээгүй бол Засгийн газрын тэргүүн эл олимпиадын талаар олигтой мэдээлэл ч үгүй, хөшигний ард чухам юу болсон талаар анзаарахгүй өнгөрөх байв. Олимпиад зохион байгуулсан хүмүүс нь шаварт унасан шарын эзэн болж, хохироод үлдэх байлаа. Үүнд л хамаг гол учир, ялгаа бий. Ажиглах нь ээ, манай улсын сайд, дарга нар сүүлийн үед яг ийм байдлаар буюу сошиалд нийтэлсэн хэн нэгний гомдол, шүүмжлэлийн мөрөөр ажиллаж, арьсаа, албан тушаалаа хамгаалахын төлөө улайрцгаадаг боллоо. Хэн, ямар асуудал дэвшүүлж, юу хөндсөнийг нь чухалчилж бус, хандалт, хийрхэл, нийгмийн уур амьсгалд хөтлөгдөн бодлого, шийдвэр гаргадаг моод дэлгэрүүлэв. Сошиалд дэгдсэн “гал” болгоныг унтраах гэсэн сайд, дарга нарын туйлшралын үр дүнд хэн чанга, тод хашхирсан нь асуудлаа шийдвэрлүүлдэг, төрийн байгууллагынхны анхааралд ордог бурангуй үзэгдэл ч нийгэмд газар авлаа.
Дарга нар өөрийнх нь эсрэг дуугардаг, шүүмжилдэг хүмүүсийг албан тушаалд томилж “дуугүй болгодог” явдал манай улсад улс төрийн хүрээнд түгээмэл. Тэгвэл одоо “асуудал ярьсан” иргэдийг хүлээж авч уулзан, найр тавих байдлаар дуугүй болгодог үзэгдэл хаа сайгүй дэлгэрлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын гишүүд, газар, агентлагийн дарга нар нь хүртэл ийм барилаар ажлаа явуулж, нийгмийн шүүмжлэл, шүүлтээс болгоомжилж байна. Одоогийн Засгийн газрын тэргүүн үүнийг оройлж буй учраас дээрх жишээг зориуд дурдав. Ерөнхий сайд сошиалд гомдол бичсэн иргэнийг хүлээж авч уулзан, асуудлыг шийдвэрлэж байгаа нь өнгөц харахад маш эерэг, гэгээлэг үйл явдал боловч засаглалын хувьд тогтолцооны сул тал юм. Үүнийг доор дэлгэрүүлье. Нэгдүгээрт, иргэний асуудлыг шийдэх ёстой анхан шатны нэгжүүд, зохих чиг үүргийн байгууллагынхны өмнөөс Засгийн газрын тэргүүн түрүүлж хөдөлснөөр төрийн системийн, үйлчилгээний уялдаа холбоог алдагдуулж, үнэ цэнийг нь унагаж байдаг гэнэ. Энэ нь “Ерөнхий сайд оролцож байж л ажил, асуудал шийдэгддэг” гэсэн буруу зарчим, жишгийг нийгэмд тогтоодог. Магадгүй дээрх тохиолдолд Б.Идэржавхлан багшийг боловсролын салбарын зохих болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, дуугарсан нь хождог, дуугарч чаддаггүй, дуугарах боломжгүй мянга мянган хүн хохирч үлддэг тогтолцоо бий болно гэсэн үг.
Иргэд асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд заавал цахим орчинд анхаарал татаж, “шуугиан тарих” ёсгүй шүү дээ. Гуравдугаарт, улс төрчид нэг хүний гомдлыг шийдэх байдлаар арьсаа хамгаалсаар байвал тогтолцооны гажиг ужгирна. Асуудлын уг сурвалж, үндсэн шалтгаантай бус, зөвхөн шинж тэмдэгтэй нь тэмцэж, нүднээс далдлах, түр зуур намжаах арга хэмжээ авахыг улс төр, нийгэм судлалд симптоматик хандлага гэдэг. Ийм хандлага удаан үргэлжилбэл системийн хэмжээний гүн хямралд хүргэдэг урхагтай. Манай сайд, дарга нар сошиалаар ажлаа явуулж, гал унтраах арга хэмжээ авсаар байвал нийгмээ ийм хямрал руу л хөтөлнө гэсэн үг. Өөр нэгэн жишээ. Малайзад амиа алдсан охиныхоо хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн төлөө олон жил тууштай зүтгэсэн Гавьяат багш С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал саяхан хүлээж авч уулзан, орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа “20 жил охиныхоо төлөө явахдаа хоёр өрөө байраа худалдсан түүнд Ерөнхий сайд гурван өрөө орон сууц бэлэглэлээ” гэсэн мэдээлэл сошиал орчинд битүү тархаж, Засгийн газрын тэргүүнийг өөд уруугүй магтсан сэтгэгдэл хөвөрсөн. Тогтолцоо талаас нь харвал энэ нь мөн л гажууд шийдвэр, гал унтраах зорилготой үйлдэл. Асуудлыг углуургаар нь шийдэх хүсэлгүй, зүгээр л өөрийгөө гол дүр болгож тодрох гэсэн явуургүй оролдлого.
Түүнд нэн хэрэгтэй тусламж нь байр сууц үнэхээр мөн үү, Засгийн газрын тэргүүн үүнийг олгох нь зөв үү гэдэг өнцгөөс авч үзэхэд л тогтолцооны хямралтай холбоотой олон асуудлыг энд хөндөж болно. Магадгүй үүний оронд түүнд шаардлагатай хууль, эрх зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх, дахин ийм явдал гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд анхаарах нь илүү үнэ цэнтэй, төрийн бодлогын түвшний арга хэмжээ байв. Харамсалтай нь, манай засаг сошиалын хандалт, хийрхэл, “утга уянга”-д хөтлөгдөн иргэддээ сэтгэл дэвссэн дүр үзүүлж, үүнийгээ хэвийн үзэгдэл болгож орхилоо. Ижил жишээ өчнөөн. Хотын дарга асан Х.Нямбаатар гэхэд урлаг, спортынхонд дэмжлэг нэрээр, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ гээд хувиасаа өгч буй мэтээр хэчнээн байр сууц улсаас бэлэглэчхэв ээ. Энэ бүгд эцсийн дүндээ мэргэжлийн, судалгаатай шийдвэр гаргах төрийн албаны дархлааг сулруулж, төсвийн үргүй зардлыг үлэмж нэмэгдүүлсээр байдаг нь харамсалтай.
Н.МИШЭЭЛ