АНУ-тай хийж буй дайн Иранд хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, дэд бүтцийг нь бусниулж, Ойрх Дорнодод бараг холбоотонгүй болгосон ч улс төрийн тогтолцоог нь сүйрүүлж чадахгүй байна. АНУ, Ираны өнөөгийн байдлын асуудлаар Оросын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнгийн Араб, Исламын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Григорий Лукьянов сэтгүүлч Дмитрий Поповын асуултад хариулсныг сонирхуулъя.
-Ираны улс төрийн тогтолцоо АНУ-тай хийж буй дайныг тэсээд буйн учир юунд байна гэж Та хэлэх бол?
-Шийтийн сургааль номлол дээр суурилсан үзэл суртал нь гол үүрэг гүйцэтгэж байна. Энэ үзэл суртал амьдрах чадвартай, хүн амынх нь үлэмж хэсэгт нөлөө ихтэй аж. Уг сургааль номлол иранчуудын тавьсан асуултад ойлгомжтой хариулт өгснөөр тогтолцооных нь найдвартай түшиг тулгуур болж байна. Түүнийгээ тойрч цэргийнхэн, улс төрчид, иргэд нь нягтраад санал зөрөлдөөнөө даваад гарчхаж байна. Түүнийхээ төлөө тэд амиа ч өгөхөөс буцдаггүй нь өнөөгийн ертөнцөд жир бус явдал ч гэлээ ийм хандлага Иранд үр ашгаа өгч байна. Ираны улс төрийн тогтолцоо нь бат бөх юм. Ираны дэглэм 1980-1988 оны Иран-Иракийн дайнаас аваад АНУ, Израилыг сөрөн зогсох хүртэл аливаа аюул, заналыг эсэргүүцэх их туршлага хуримтлуулжээ. Гадаадын илэрхий түрэмгийллийн нөхцөлд Иран энхийн үеийнхээс илүү чөлөөтэй, үр дүнтэй байж чаддаг юм байна. Эцэст нь Иран цэргийн батлан хамгаалах тогтолцоогоо тууштай сайжруулжээ. Тухайлбал, 2000-аад оноос л АНУ устгахыг шаардаж ирсэн пуужингийн хөтөлбөртэй болсон. Одоогийн дайны явцад хариу цохилт өгөх, хил хязгаараасаа гадна байлдааны ажиллагаа явуулж, дайсныхаа газар нутагт цохилт өгөх боломжийг энэ хөтөлбөр нь Иранд олгож байна.
-Израил, АНУ-тай хийж буй шинэ дайн Ираны дэглэмийн мөн чанараас үүдэлтэй байж болох уу?
-Одоогийн бодлогоо явуулаад хүчирхэг Иран улс тус нутагт байхыг Израил, АНУ хүсэхгүй байгаа. Ираны дэглэмийг солилоо ч юу ч өөрчлөгдөхгүй. Эдний харилцан эсэргүүцэл тийм түвшинд хүрсэнийг зөрчил эхлэхэд л олон ажиглагч тэмдэглэж байсан юм. Зэрэгцэн оршин тогтнож ирсэн урьдын загвар цаашид амьдрах чадваргүйг АНУ ч, Иран ч ойлгож ухаарсан. Шинэ загвар бий болгох нь зайлшгүй чухал ч тэр нь чухам ямар юм байхыг одоогоор тодорхойлж чадаагүй.
-Дайны одоогийн шатнаас Иран хэрхэн гарав?
-Дайны төгсгөл Ираны дайсны тооцоолж байснаас огт өөр болов. Дайснууд нь цэргийн дэд бүтцийг нь сүйрүүлж, тус улсыг тухайн бүс нутаг дахь Израил, АНУ-ын эрх ашигт аюул учруулах боломжгүй болгож, Ираныг Ойрх Дорнодод идэвхтэй тоглогч байхыг нь болиулахаар төлөвлөж байв. Тэгээд Ираны удирдлагыг дотоод асуудалдаа анхаарлаа төвлөрүүлдэг болгох зорилготой байлаа. Гэвч чадсангүй. Ираны улс төрийн тогтолцоо амь бөхтэй, бусдын өдөөн хатгалгад хариу өгөх чадвартайгаа харууллаа. Зөрчил эхлэхээс л хурцдаж байсан дотоод асуудал нь Ираныг сулруулсан ч гэлээ улс төр, цэргийн нөөц боломжоо дайчилж чадаад ялагдал хүлээсэнгүй. Тэгэхдээ Иран ихээхэн хохирол үзлээ. Юуны урьд дэд бүтэц болон хүн хүчний золиосыг нь хэлж болно. Энгийн иргэд төдийгүй, дээд удирдлагын хүмүүс, цэргийн албан хаагчид, төрөл бүрийн салбарын өндөр мэргэжлийн хүмүүсээ олноор алдав. Энэ нь тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд удаан хугацаанд нөлөөлнө. Байгаа бүх нөөц боломжоо дайчилсан нь батлан хамгаалах эрх ашгийнх нь үүднээс үр дүнгээ өгсөн ч үүнийхээ төлөө их “үнэ” төллөө. Эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын 10 жилийн нөөцөө урьдчилаад ашиглачихлаа. Ийм нөхцөлд тэртэй, тэргүй олон сорилттой тулгарах учраас хөгжлийн загвараа эргэж харах шаардлага гарч ирнэ.
-Өнөөгийн тохиролцоо Ираны эрх баригчдын эрх ашигт хэр нийцэж байна?
-Энэ тохиролцоо нь энхийн талаар зөвшилцөлд хүрчихлээ гэсэн үг биш. Талууд яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж, ярилцаж нягтлах асуудлуудаа тодорхойлоод л байна. Тал тус бүр бараг бүх асуудлаар нөгөөгийнхөө эрс эсрэг байр суурь баримталсаар байгаа. Иран болохоор бүс нутагтаа илүү шударга дэг журам тогтоох, АНУ-тай харилцах шинэ загвар бий болгох, Ойрх Дорнодод Ираны ашиг сонирхлыг хангах талаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх зорилготой байна. Түргэн мөчид шийдвэр түүнд хэрэггүй. Хийсэн дайн, үзсэн хохирол нь зөв үнэлэгдсэн, хэрэггүй юм хийчхэж гэхээргүй найдвартай үр дүнг л Ираны эрх баригчид хүсэж байна. Гэхдээ хэлэлцээр сунжрах нь Иранд хохиролтой. Ормузын хоолойг хааснаар тус улс нефтийн экспортоос олох орлого нь хаагдсан. Гэтэл энэ орлого одоо улсаа батлан хамгаалах, нийгмийн бодлогоо хэрэгжүүлэхэд амин чухал байдаг. Гэлээ ч зарим хөлөг онгоц тус хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрснөөр Иран зохих ашиг олж л байна.
-Ойрх Дорнодод ямар шинэ дэг журам тогтоохыг Иран үзэх хүсэлтэй байдаг юм бол?
-Ойрх Дорнодын асуудлыг тус бүс нутгийн орнууд өөрсдөө шийдэж байхыг Иран гол зарчим болгож буй. Исламын БНУ-ын гадаад бодлогын цөм нь бүс нутагтаа Америкийн оролцоог шүүмжлэх явдал юм. Тэдний нутаг дээр Америкийн цэрэг байх нь хамгаалалт, аюулгүй байдлын найдвартай баталгаа биш, харин ч эрсдэл, зардал, нэмэлт төвөг бэрхшээл гэдэгт бусад улсыг итгүүлэх нь Ираны зорилго болж байна. Бүс нутгийн аюулгүй байдал нь Ойрх Дорнодын орнуудын бат бэх тохиролцоонд түшиглэх ёстой гэж Ираны эрх баригчид үзэж буй. Ийм нөхцөлд л Ойрх Дорнод илүү энх амгалан байж эдийн засаг нь бүс нутгийнхаа улс орнуудын эрх ашигт үйлчилнэ. Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд зорчиход Иран, Оман хоёр хамтран хяналт тавих нь энэ логикт чухам нэг нийцнэ.
-Ираны цөмийн хөтөлбөрийг одоо юу хүлээж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд энэ хөтөлбөр ихээхэн хохирол үзлээ. Энэ нь объектууд, дэд бүтцийг нь сүйтгэж, эрдэмтэд, удирдлага нь амь үрэгдсэнийг, түүнчлэн атомын салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг боловсролын төвүүдийг нь устгасныг хэлж буй хэрэг. Тэгэхдээ хөтөлбөр бүрмөсөн үгүй болчхоогүй. Америк, Израилын нэг ч цохилт Ираны атомын үйлдвэрлэлийг сэргэшгүй болгочхож чадаагүй. Иранд атомын эрчим хүч тун хэрэгтэй байгаа. Түүнгүйгээр ойрын ирээдүйд эдийн засгаа үр бүтээлтэй хөгжүүлэх боломжгүй. Энхийн зорилготой атомоос татгалзаж болохгүйг саяны зөрчил тэмцэл Ираны удирдлагад итгүүллээ. -Цөмийн зэвсэгтэй болох талаарх Ираны эрх баригчдын бодлогод өөрчлөлт орсон уу? -АНУ-тай цөмийн хөтөлбөрийн талаар хийсэн яриа хэлэлцээрт урьд нь оролцож байсан олон хүн саяны дайнд амь үрэгдсэн. Халааг нь өөр хүмүүс авч байна. Тэдний хооронд харилцааны баттай тогтолцоо бий болоогүй, цөмийн зэвсгийн асуудлаар одоогоор зөвшилцөлд хүрээгүй байна. Цөмийн зэвсэг бий болгох нь ялангуяа одоогийн дарамт шахалт, хориг, цэргийн зөрчилдөөний нөхцөлд онцгой хөдөлмөр шаардах төсөл. Цөмийн хөтөлбөрийн явц алгуур болсон, Ираны удирдлага нэгэнт бий болсон нөөцдөө тун аригтай хандаж буй.
-Можтаба Хаменейг сонгосон нь Ираны улс төр дэх дээд удирдагчийн үүрэгт хэрхэн нөлөөлөх, өөрчлөх бол?
-Дээд удирдагч Али Хаменейг залгамжлагчийн тухай асуудал дайн эхлэхээс өмнө ч Ираны гол үйл явдлын нэг байсан юм. Боломжит нэр дэвшигч хэмээн Можтаба Хаменейг биш Ерөнхийлөгч Ибрахим Раисийг үзэж байсан ч тэр нь хоёр жилийн өмнө зам, тээврийн ослоор өөд болсон. Энэ явдал хийгээд АНУ, Израилын үйлдэл уг албанд өмнөх удирдлагчийн хүүг сонгохоос аргагүй байдалд хүргэсэн. Удирдлагаа сонгосон өмнөх үйл явдлууд огт өөр нөхцөлд болсон байдаг. Ирактай хийсэн дайн дуусаж, Иран улс найман жилийн дараа чөлөөтэй амьсгалахтай болоод байхад дээд удирдагч Рухолла Хомейни ертөнцийн жамаар амьсгал хураасан. Ираны улс төрийн бүхий л салбарт Можтаба Хаменейн үүрэг тун бага байв. Батлан хамгаалах салбарт Исламын хувьсгалыг хамгаалах корпус гол үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн өдөр тутмын удирдлагыг Ерөнхийлөгч Масуд Пезешкиан зохицуулж, шашин шүтлэгийн ажлыг шинжээчдийн зөвлөл эрхэлж байлаа. Можтаба Хаменеи ийм нөхцөлд гол нь бэлгэ тэмдэг болж л үлдэх ёстой болсон юм.
-Шинэ удирдагч шархадсан тухай мэдээлэл, олон нийтийн арга хэмжээнд тэрбээр үзэгдэхгүй байгаа нь Ираны тогтолцоонд ямар нөлөө үзүүлж байх шиг байна?
-Өөрийн үүргийг гүйцэтгэхийн тулд Можтаба Хаменей заавал амьд байх шаардлагагүй. Ираны шийтүүдийн ихэнх нь 12 дугаар хамба нууц байх ёстой гэдэгт итгэдэг. Түүнийг амьд, эсвэл үхсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Можтаба Хаменей амьд юм уу, үхсэн байлаа ч өөрийгөө улс төрчид, цэргийнхэн, нийгмийн зүтгэлтнүүдэд илэрхийлж байх нь улс төрийн тогтолцооны эрх зүйн байдлыг сайжруулдаг.
-Европын орнуудад иранчууд одоо хэрхэн хандаж байдаг вэ?
-Тэднийг олон улсын харилцааны бие даасан нөлөө бүхий оролцогч гэж үздэггүй. Тэд Америкийн хийгээд Израилын улс төрд нөлөөлдөггүй. Ормузын хоолойд АНУ дангаар саад хийх боломжгүй гэж үздэг. Түүнээс гадна АНУ болон түүний Европын Холбоотнуудын хооронд санал зөрөлдөөн бий бөгөөд Ираны байр суурийг яриа хэлэлцээрт бэхжүүлэхэд түүнийг ашигладаг гэж Иранд тэмдэглэдэг юм.
-Ираны улс төрийн тогтолцоог одоо ямар ирээдүй хүлээж байгаа гэж хэлмээр байна?
-Дайны дараа Иран баян тарган болохгүй нь ойлгомжтой. Дайн асар их зардал шаардсан болохоор тус улсын эрх баригчид айхтар хүнд үеийг үзэхэд эргэлзэх юмгүй. Байгалийн болон эдийн засгийн бэрхшээлүүд алга болохгүй, гэтэл түүнийг шийдвэрлэх нөөц боломж нь маш бага үлдсэн. Тусгаарлах хийгээд хүлээж авахуйц нөхцөлөөр хамтран ажиллахад бэлэн улсуудтай харилцаагаа хөгжүүлэх явдлыг тэнцүүлж байж Иран улс тэсэж үлдэнэ. Ираны дайснууд түүнийг “үнс, чандруу” болгоход хүч нь хүрэлцэхгүй болохыг одоогийн зөрчил, тэмцэл харуулчихлаа.