
Уяанаасаа алдуурсан мэт л нийслэлчүүд зуны гурван сар уул, ус бараадан хөдөө амарцгаадаг билээ. Олон нийтийн анхаарал суларсан, аялал зугаалгын энэ үеэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд ханцуй дотроо наймаалцаж, иргэдийнхээ халаасыг тэмтрэх ажиллагааг эрчимжүүлдэг бичигдээгүй хууль манай улсад л үйлчилдэг. Үүний нэг нь олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн явдал. Ахиад л татварын дарамт, иргэдийн нуруун дээр ачаа ирэх нь тэр. Чухам юу болоод өнгөрснийг эргэн сануулъя.
ХУРААМЖИЙГ 2-5 ДАХИН НЭМСЭН ШИГЭЭ ЗАМАА ЗАС
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тодруулбал, эл шинэчилсэн тарифаар суудлын автомашины хураамж 1000 төгрөг байсныг 5000 болгосон. Харин ачааныхыг 10 000-аас 20 000 төгрөг болгож нэмсэн юм. Үүнийг Сангийн яаманд төвлөрүүлж, зам засвар, арчлалтад зарцуулах гэнэ. Эвдэрсэн зам дээр харайлгаж, эд хөрөнгө, цаашлаад эрүүл мэнд, амиараа хохирдог нь зөвхөн иргэдийн буруу юм байх. “Зам ашигласан төлбөр чинь засаж, сайжруулахад хүрэлцэхгүй байна, нэм” гээд төр алгаа дэлгээд суучихлаа. Уг нь бол иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг төр засаг хангах ёстой биш гэж үү. Иргэдээс авдаг татвар, шимтгэл багадаагүй, үүн дээр нэмээд “там” болсон замаар зорчсоны төлөө талхны мөнгөө хасуулах сонирхол хэнд ч байхгүй. Бусад улсынх шиг сайхан замтай, үгүй юм гэхэд зам ашигласны төлбөрийг ил тод, зүй зохистой зарцуулж, засаж сайжруулж ирсэн бол бас яая сан. Гэтэл улсаас олгож буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 1012 хувийг л хангадаг хэмээн Зам, тээврийн яамныхан хэлнэ лээ. Тэгвэл хураамжийг 2-5 дахин нэмээд чанарыг нь сайжруулах уу, энхэл донхол, эвдрэлгүй, өргөн сайхан зам барих уу гэдэг нь эргэлзээтэй.
Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг яагаад нэмэх болов гэдэг асуулт урган гарч буй. Зам, тээврийн сайд нь иргэдийнхээ амьжиргааг бодоод ердөө 5000-10 000 төгрөг болгосон гэх уярмаар тайлбар хэлсэн байна билээ. Ямар ч татварыг ингэж огцом 2-5 дахин нэмдэг улс манайхаас өөр байхгүй биз. Иргэддээ барьсан ээлжит “бэлэг”ийнхээ талаар өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Зам, тээврийн яамныхан мэдээлэл өгснийг уншигчид санаж буй биз. Тэд “Хөрөнгө оруулалт, шаардлагатай төсөв, санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар их засвар шаардлагатай хэмжээнд хүрдэг. Энэ хэрээр засварын зардал нэмэгдэн, замын чанар муудаж, осол, эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байна. Мөн авто замын барилгын материал, битум, шатахуун, тосны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан авто замын засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, авто замын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон” хэмээн түмэн зовлон тоочсон. Үүнээс ангижрах амар, дөт зам нь иргэдийн халаасыг сэгсрэх. Хэрэв хураамжаа төлөхгүй бол авто замаар зорчуулахгүй хэмээн хааж боох аж. Өөрсдийнхөө өндөр өртөгтэй зардлыг танаж, авлига, хээл хахуульд авсан хөрөнгийг нь хурааж, улсын орлого болгон, нийтийн сайн сайхны төлөө зориулахын оронд номхон тэмээг ноолоход амар гэдгээр нь ноомой иргэдээ л “мөлжихөөс” өөр хийж чадах зүйл энэ Засгийн газарт үгүй бололтой.
ТӨВ, ӨМНӨГОВЬ, ХЭНТИЙ, ХОВДОД ДИЙЛЭНХ ОСОЛ ГАРДАГ
Манай улс нийт 111 916 км авто замтай. Үүний 8000 орчим км нь олон улс болон улсын чанартай, хатуу хучилттай авто зам. Өнөөдрийн байдлаар 21 аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон бөгөөд 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд нэгдсэн байна. Хэдийгээр жил ирэх бүр авто замын сүлжээ нэмэгдэж буй ч тээврийн хэрэгслийн тоо өсөж, арчлалт, завсар үйлчилгээ төдийлөн сайжирсангүй. Олон арван жилийн өмнө хагарсан зам улам эвдэрч, нурсан гүүр нь балгас болчихсон нь цөөнгүй. Ганц жишээ хэлэхэд, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэлх авто замын бетон гүүр нь нураад цөөнгүй жил өнгөрлөө. Зам мэдэхгүй жолооч бол харануй шөнө “нисэж” мэдэх аюул тэнд байсаар л. Шил толь шиг замтай бол зам, тээврийн осол ч бага гарна шүү дээ. Жолооч нар онгорхой нүх тойрох, эсвэл нарийн замаар гүйцэд түрүүлэх гэж давхиад мөргөлдөж, осолдох тохиолдол их байдгийг Тээврийн цагдаагийн албаныхан хэлдэг. Угтаа Монгол Улсад мөрдөж буй дүрэм журам, стандартын дагуу бол хатуу хучилттай авто замд зургаан жил тутамд ээлжит, 12-13 жилд их засвар хийх шаардлагатай. Ингэж чаддаггүйн цаад шалтгааныг мөн л төсвийн хүрэлцээгүй байдал гэж албаныхан ам тагладаг. Төсөв үнэхээр хүрэлцэхгүй байна уу, эсвэл улс төржилт үү гэдэг өөр хэрэг.
“Хүч” хэрэглэж сурсан зангаараа ямартай ч Засгийн газраас 273 дугаар тогтоол гаргаж, авто зам ашигласны төлбөрийг нэмж, хэрэгжүүлээд эхэлчихлээ. Улсын хэмжээнд 220 км тутамд байрлах төлбөр авах 33 цэг ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, эдгээр цэгээр дамуулан авто зам ашигласны төлбөрийг автоматаар авч байна. Үүнийг Улсын авто замын санд төвлөрүүлдэг. Оны эхний зургаан сарын байдлаар 22.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсжээ. Үүнээс есөн тэрбум нь төлөгдөж, 13.7 тэрбум орчмыг нь төлөөгүй байгаа аж. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэлд 20 орчим тэрбум төгрөгийн “өр” үүссэн байна. Үүнээс 637 иргэн, аж ахуйн нэгж нэг сая төгрөгөөс дээш төлбөртэй гэнэ. Тэгвэл тоо бодож үзье. Дээр дурдсан авто зам ашигласны төлбөрийн 22.7 тэрбум төгрөгийг шууд 2-5 дахин ихэсгэвэл 45.4-113.5 тэрбум болж огцом өсөх нь. Үүний хэдийг нь орон нутгийн зам буюу хүртэх ёстой “эзэн”-д нь зориулах бол. Манай улсын ихэнх авто зам 13-аас дээш жил болсон буюу хуучирч муудсан. Ялангуяа Говьсүмбэр, Сайншанд, Өндөрхаан, Мандалговь, Зуунмод, Эрдэнэт, Дархан, Мөрөн, Сэлэнгийн Сүхбаатарынх 13-аас дээш жил болсон “хөгшин” зам. Эдгээр замд осол их гардаг нь бодит жишээнээс бэлхнээ харагддаг. Цагдаагийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн осол Өмнөговьд 293, Төвд 245, Сэлэнгэд 153, Хэнтийд 123, Ховдод 120, Дорноговьд 106 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Төв, Өмнөговь, Хэнтий, Ховд аймаг чиглэсэн авто замуудад дийлэнх осол гарчээ.
ЗАМ ДЭЭР ӨДӨРТ 1-2 ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА
Баярлаж наадаж, амарч зугаалж яваад гэр бүл, найз нөхдөөрөө зам дээр хэдэн зуугаараа амь тавьдаг эмгэнэлтэй дүр зураг манай улсад хэвийн үзэгдэл болсон. Шалтгаан нөхцөлийг нь тогтоож, дахин ийм осол гаргахгүйн төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс нь өнгөрсөн жил төд, энэ жил хэд гээд тоолоод суухаас өөр хийсэн ажилгүй гэхэд хилсдэхгүй. Зам, тээврийн ослыг хэдий санаатай үйлддэггүй ч сэрэмжлэх боломжтой. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, дүрэм зорчиж, осол гаргаж байгааг санаандгүй үйлдэл гэж цагаатгахад хэцүү. Шаардлага хангахгүй, аюул, эрсдэлтэй зам дээр явж буйгаа тооцоолохгүй хурд хэтрүүлж осол гаргах нь аминдаа хайргүйн илрэл мэт. Сая Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант орчимд зам, тээврийн ноцтой осол гарч, нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан. Согтуу жолооч урсгал сөрж орж ирснээс энэхүү харамсалтай хэрэг гарсан гэдэг. Энэ нь ганц гэр бүлийн асуудал биш, нийт монголчуудад хамаатай хэрэг. Жолооч нар дүрмээ баримталж, маш хянуур, анхаарал болгоомжтой зорчихын зэрэгцээ тэднээс үл шалтгаалах замын аюулгүй байдлыг төр хангаж өгөх ёстой. Нийт ослын 0.9 хувь нь замаас шалтгаалдаг гэж албаныхан хэлдэг. Энэ нь бага үзүүлэлт биш. Холын аялалд авто зам дээр нүх бүү хэл, хагархай зураас ч байх ёсгүй. Гэтэл зам, тээврийн осол энэ оны эхний зургаан сарын байдлаар 2330 бүртгэгдэн, үүний улмаас 297 хүн амиа алдаж, 1578 иргэн гэмтсэн байна. Осол бага зэрэг буурсан ч амиа алдсан хүний тоо нэмэгдэж буйг Тээврийн цагдаагийн газраас анхааруулсан. Өөрөөр хэлбэл, орон нутагт илүү ноцтой осол бүртгэгдэх болжээ.
ЦУЦЛУУЛАХЫГ ХҮССЭН ИРГЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРСААР
Орон нутгийн замын хураамжийг 10 000 төгрөг болгосныг цуцлуулах хүсэлтийг иргэн Э.Батбаяр санаачилж, нийтийн өргөдлийн системд иргэдээс цахим гарын үсэг цуглуулж буй. Тэрбээр “Зам, тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласны хураамж төлбөрийг 10 000 төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн. Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч, хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Хураамж, татвар ихэдсэн үү гэхээс огт буураагүй. Шинээр нэмсэн хураамжийг цуцлахыг хүсэж байна” хэмээн өргөдөлдөө дурджээ. Цахим өргөдөлд өчигдрийн 17.00 цагийн байдлаар 13 530 хүн гарын үсэг зурсан байв. Энэ нь галт тэрэг хэдийн хөдөлсөн ч найдвар тасраагүй гэсэн үг. Нийслэлд авто зам ашигласны жилийн төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 100-250 мянган төгрөг болгон өсгөсөн. Мөн орон нутгийн улсын дугаартай автомашин нийслэлд 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн төлбөр төлөх зохицуулалт хэрэгжүүлсэн. Ингэлээ гээд нийслэлийн авто зам сайжирсан бил үү. Ийм байхад хураамж нэмээд орон нутгийн замыг сайжруулна гэх “үлгэр”-т итгэх хүн нэгээхэн бээр ч алга.