Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой энэ онд тохиож буй. Нэгэн зууны түүхийг ардаа орхисон тус салбарынхны хувьд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ тодорхойлох хариуцлагатай үе ирээд байна. Гэвч шинжлэх ухааны салбарын хөгжлийн суурь болсон материаллаг бааз, туршилт, судалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэл манай улсын хэмжээнд хангалтгүй хэвээр. Эрдэм инжилгээний хүрээлэнг үүдээс гадна ирээдүйн инженер, эмч, технологичдыг Бэлтгэдэг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад лаборатори, туршилтын орчин, хэмжилтийн багаж хэрэгслийн хангамж өнөөг хүртэл дутагдалтай. Шийдвэр гаргачид болон эрдэмтэн, судлаачид улс орны хөгжлийг шинжлэх ухаан, инновацтай холбон ярьж, “мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийг бий болгох зорилт дэвшүүлдэг. Гэвч үүнд хүрэхийн тулд юуны өмнө суурь шинжлэх ухаандаа тогтвортой хөрөнгө оруулж, судалгааны чадавхаа бэхжүүлэх шаардлагатай.
Учир нь судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, технологийн хөгжлөөрөө дэлхийд өрсөлдөж буй улс орнуудын амжилтын үндэс нь судалгааны хүчирхэг дэд бүтэц байдаг. Тиймээс судалгааны баазаа бэхж үүлж, лаборатори, тоног төх өөрөмжийн хангамжийг сайжруулахг үйгээр өндөр технологи, томоохон төсл үүдийн тухай мөрөөд өөд ч хэрэггүй. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх нь физик, хими, биологийн хичээлийн лаборатори гэх нэр төдий ганц өрөөтэй. Ялангуяа орон нутаг болон нийслэлийн гэр хорооллын сургуулиудын олонход зориулалтын лаборатори байхгүй, байлаа ч урвалж бодис нь дууссан, хэмжилтийн багаж хэрэгсэл нь жагсаалаас гарсан, хэт хуучирсан аж. Улмаар сурагчид туршилт хийж, химийн урвалыг нүдээр үзэхийн оронд сурах бичгийн зураг ширтэж, физикийн хуулийг самбар дээрх томьёогоор цээжлэхээс өөр аргагүйд хүрсэн нь харамсалтай. Ийм байдлаар суурь боловсрол эзэмшсэн залуус МУИС, ШУТИС, ХААИС зэрэг улсын тэргүүлэх их сургуулийг зорин суралцдаг ч нөхцөл байдал төдийлөн дээшилдэггүй. Сургалтын лабораториудын ихэнх нь Зөвлөлтийн үеийн буюу 1980-аад оны хуучин төхөөрөмжүү¬ дээ одоо болтол ашигласаар байгаа. Харин олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд арай гэж авсан цөөн хэдэн төхөөрөмжийг эвдчих вий гэх болгоомжлолоос үүдэн оюутнуудад хүргэлгүй, зөвхөн багш нар өөрсдөө ажиллуулж үзүүлэх нь олон аж.
Тухайлбал, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Дулааны цахилгаан станцын инженерчлэл” хөтөлбөр дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх чиглэлээр онол, практикийн мэдлэг олгох зорилготой. Гэтэл тус хөтөлбөрийн 2025 оны төгсөгч “Ус бэлтгэлийн хичээлийн кредит бага, лабораторийн түвшинд ажиллагааны зарчмыг нь туршаад үзүүлчих жижиг хэмжээний шүүлтүүр ч байхгүй. Мөн генераторын хичээлд нүүрс шатааж турших жижиг зуухнаас өөр лабораторийн багаж олддоггүй. Онолын тооцооноос гадна практикт хэрэг болохуйц мини загварын зуух галлаж турших боломж олгоогүйн улмаас ажлын байранд гараад мэдэхгүй, чадахгүй зүйл олон тулгарсан” хэмээв. Түүнчлэн ХААИС-ийн хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлийн лабораториудад хөрс, ургамлын генетикийн судалгаанд нэн шаардлагатай спектрометр, секвенатор зэрэг орчин үеийн, ашиглалтын шаардлага хангахуйц төхөөрөмж ховор аж. Улмаар багш, оюутнууд судалгааны дээжээ гадаадын лаборатори луу өндөр зардлаар илгээж, шинжлүүлэхээс өөр сонголтгүйд хүрдгийг салбарынхан нь хэлж байна. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн хөгжлийг авч явах инженер, физикч, химич, биотехнологичдыг бэлтгэж буй их сургуулиудад ч орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, дадлагажих боломж хангалтгүй байгаа юм. Судалгааны лабораториуд нь хуучирч, сургалтын орчин нь доголдсоор байхад инновац, өндөр технологи, мэдлэгт суурилсан эдийн засаг гэх үгс хоосон тунхаг төдий сүржин сонсогдож байна.
СУДАЛГААНД БИШ, АМЬ ЗОГООХОД ЗОРИУЛСАН САНХҮҮЖИЛТ
Шинжлэх ухааны академи (ШУА) бол тухайн улсын эдийн засаг, үйлдвэрлэл, биотехнологи, геологи, үндэсний аюулгүй байдал, хэл, түүх, соёлын дархлааг судалгаагаар тэтгэдэг гол институц. Эндээс шинэ мэдлэг, шинэ технологи, үйлдвэрлэлийн суурь тавигдах учиртай. Өөрөөр хэлбэл, Монголын ирээдүйн өрсөлдөх чадвар энэ байгууллагын судалгааны чанараас шууд хамаарна. Гэтэл ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд 2025 онд улсын төсвөөс 53.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Агуулгаараа их мөнгө мэт боловч бүтцийг нь задлан шинжилбэл, нийт төсвийн 78.6 хувь буюу 41.8 тэрбум төгрөгийг зөвхөн цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан байна. Харин лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урсгал засвар, материалын зардалд ердөө 2.89 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 5.4 хувийг л хуваарилжээ. Үүнийг академийн харьяа 16 хүрээлэнд хуваахад нэг байгууллагад жилд дунджаар 180 орчим сая төгрөг ногдоно. Энэ мөнгөөр лабораторио шинэчлэх нь бүү хэл, нэг иж бүрэн судалгааны төхөөрөмж ч худалдаж авахад хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс шинжлэх ухааныг хөгжүүлэх хөрөнгө оруулалт бараг хийдэггүйг үүнээс харж болно. Өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-7 хувийг шинжлэх ухаан, судалгаанд зарцуулдаг. Харин Монгол Улс ердөө 0.2-0.4 хувийг төсөвлөдөг. Манай улсын эдийн засаг төдийлөн томорч бэхжээгүй учраас суурь судалгаанд хуваарилж буй мөнгө хаанаа ч хүрдэггүй нь үнэн. Тэгвэл суурь судалгаа гэдэг өнөөдөр 500 сая төгрөг зарцуулаад маргааш нь ашиг олдог бизнес биш. Лаборатори байгуулж, баг бүрдүүлэн бодит үр дүнд хүртэл багадаа 1020 жил зарцуулахыг тэнэг хүн ч ойлгохоор.
БУРУУ ЭРЭМБЭЛСЭН ТӨСӨВ БОЛОВСРОЛЫГ ХОЙШ ТАТАЖ БАЙНА
Бүхэл бүтэн яамны төсвийг шинжлэх ухааны нэг байгууллагатай шууд харьцуулах нь өрөөсгөл байж болно. Гэхдээ төр ямар салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзэж байгааг жил бүрийн улсын төсөв өөрөө хэлээд өгдөг. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт улсын төсвөөс 2023 онд 316, 2024 онд 575, 2025 онд 525 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин шинжлэх ухааны салбарын судалгааны үндсэн ачааг үүрч буй ШУА-ийн харьяа 16 хүрээлэнд нийлээд жилд 53 тэрбум төгрөг ногдож байгаа нь соёлын салбарын төсвөөс даруй 10 дахин бага дүн юм. Уг нь жил бүрийн баяр наадам, соёлын арга хэмжээнд зарцуулдаг хөрөнгийн тодорхой хэсгийг урт хугацааны өгөөжтэй шинжлэх ухааны дэд бүтцэд чиглүүлсэн бол үндэсний хэмжээний физик, химийн иж бүрэн судалгааны төв байгуулах боломжтой байв. Гэтэл үе үеийн Засгийн газар, яамдууд үр ашиггүй элдэв чуулган зохион байгуулж, цай, кофены зардалд л гэхэд олон тэрбум төгрөг үрсээр иржээ. Төрийн байгууллагуудын тансаг тавилга, шинэ автомашин худалдан авахад гаргаж буй хөрөнгө оруулалт нь шинжлэх ухааны салбарын тоног төхөөрөмжид зориулсан 2.8 тэрбум төгрөгийн төсвийг хэд дахин нугалахаар хэмжээний их. Үндсэндээ энэ бол төр засаг бодит хөгжил, эдийн засгийн чадамжаас илүүтэй харагдах байдал, түр зуурын шоунд харамгүй санхүүжилт өгч, суурь шинжлэх ухаанаа хатавчиндаа хаясны бодит илрэл юм.
ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦӨӨ ХУУЧИН ТӨХӨӨРӨМЖӨӨР ЧӨДӨРЛӨДӨГ
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд нийт 30 академич, шинжлэх ухааны 19 доктор (Sc.D), 280 доктор (Ph.D) ажилладаг. Нийт эрдэм шинжилгээний ажилтнуудын 35.7 хувь нь докторын зэрэгтэй бөгөөд тэдний араас 374 магистр, 196 докторант суралцан, судалгаа хийж байна. Тэдний олонх нь гадаадын өндөр шалгууртай их, дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсан чадварлаг боловсон хүчин. Жишээ нь, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд гэхэд зургаан академич, 35 доктор ажиллаж буй. Тэд 2025 онд дэлхийн шинжлэх ухааны нэгдсэн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд 387 судалгааны ажил хэвлүүлснээс 25 нь салбартаа тэргүүлэгч, олон улсын нөлөө бүхий товхимол аж. Тэгвэл тус салбарын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, насжилтын талаар ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Хүнд кваркийн судалгааны лабораторийн эрхлэгч, LHCb судалгааны багийн ахлагч, доктор Б.Баасансү¬ рэнгээс тодруулахад “Манай салбарын тухайд хуучирч, ашиглах боломжгүй болсон олон төхөөрөмжөө хаясан. Энэ жил манай хүрээлэн 1.3 тэрбум төгрөгөөр Раман спектрометрийн шинэ багаж авсан. Гэхдээ судалгааны үр дүн тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шууд хамаардаг учраас багаж хэрэгслийн дутагдал нь олон улсын түвшний судалгаа хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон саад болдог. Тоног төхөөрөмжийн хангамжийн тухайд дундаж болон түүнээс доогуур түвшинд байна” гэсэн юм. Монгол судлаачид өнгөрсөн онд өөрсдийн боломжоор гадаадын төсөл, хөтөлбөрөөс 5.6, гэрээт ажлаас 14.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олж лабораторио тордсон ч санхүүжилтийн хомсдолоос үүдэн тэдний цалин хангамж, ахуй нөхцөл туйлын хүнд хэвээр байна.
Байр, хоолныхоо мөнгөнд санаа зовж суугаа хүнд ертөнцийн үүсэл, хиймэл оюуны шинэ нээлтийн тухай яриад сонирхолтой санагдахгүй нь ойгомжтой. Эрдэмтдийнхээ нийгмийн баталгааг шийдэхгүйгээр шинжлэх ухааны хөгжлийн тухай ярих нь бүр ч утгагүй юм. Түүнчлэн материаллаг баазын хоцрогдол нь боловсролын системээр дамжин улс орны ажиллах хүчинд сөргөөр нөлөөлж буй. Сургалтын лабораториуд нь хуучирсан учраас дадлага хийж, тоног төхөөрөмжтэй харьцаж сураагүй, зөвхөн онолоор “бөмбөгдүүлсэн” мэргэжилтнүүд сургууль төгсөж байна. Улмаар чадавх муутай сурагч чадваргүй оюутан болно. Чадавх сул оюутан их сургуулиа яаж ийж байгаад төгслөө гэхэд чадваргүй мэргэжилтэн л болж хувирна. Үр дүнд нь хувийн хэвшил, компаниуд тухайн мэргэжилтнийг ажлын байран дээр эхнээс нь дахин сургахад асар их цаг хугацаа, санхүүгийн хохирол амсдаг аж. Угтаа шинжлэх ухаан бол богино зайн тоглолт хийдэг талбар биш, урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг салбарынхан нь онцолдог. Манай нийгэмд нүүрлээд буй импортын хамаарал, технологийн хоцрогдол, ажиллах хүчний чадамжгүй байдал зэрэг тулгамдсан асуудлын зангилаа нь ерөөсөө л суурь шинжлэх ухаанаа орхигдуулснаас үүдэлтэй. Тиймээс бодлого боловсруулагчид болон төсөв баталдаг дарга нар сэтгэлгээний реформ хийж, суурь шинжлэх ухааны материаллаг баазад дорвитой хөрөнгө оруулж, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.
Э.СҮЙЛЭН