“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хотын төв рүү нийтийн тээвэр тогтмол явуулдаггүйгээс жуулчид цаг, эдийн засгаараа хохирч байна. Уг нь иргэдийн санал гомдлыг харгалзан БОАЖЯ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-өөс гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газар өнгөрөгч зургадугаар сарын 24-нөөс Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүр гэсэн маршрутаар тогтсон цагийн хуваарийн дагуу хоёр цахилгаан автобус явуулж эхэлсэн юм. Автобусны цагийн хуваарийг нислэгийнхтэй уялдуулан гаргасан, жуулчдын урсгалаас хамааран цаашид хүртээмжийг нь сайжруулна хэмээн дээрх байгууллагынхан тухайн үед мэдээлж байв. Гэтэл өдгөө тухайн чиглэлийн автобус хуваарьт цагийнхаа дагуу явахгүй жуулчдыг хүлээлгэж, төвөг чирэгдэл учруулах болжээ. Хүртээмжийг нь сайжруулах бус, хоёр автобусаа ч алдаг оног явуулж байгааг зорчигчид хэллээ.
Энэ сарын 11-ний нислэгээр Монголд ирсэн нэгэн иргэн “Нисэх буудлаас хотын төв рүү автобусаар явах гээд гурван цаг орчим хүлээлээ. Цагийн хуваарийн дагуу явдаггүй юм билээ. Жолооч нь төлбөрөө бэлнээр болон хувийн дансаар авч байсан. Дээрээс нь гадаад хэлгүй, жуулчдад үйлчилдэг гэхэд наад захын соёлгүй. Автобусандаа тамхи татсан. Тус чиглэлд ганцхан цахилгаан автобус явуулж байгаа гэж хэлсэн. Хоёр давхар автобусны оронд энгийнийг явуулаад, тоог нь олшруулах хэрэгтэй. Энэ чиглэлд явах гэж байгаа хүмүүс автобусны цагийн хуваарьт итгэж, нислэгээсээ, төлөвлөсөн ажлаасаа хоцрох эрсдэлтэй” хэмээн ярьсан юм.
Харин үүнийг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийнхнөөс тодруулахад “Автобус хэвийн зорчиж байгаа. Тоог нь яагаад нэмэхгүй байгаа шалтгааныг нийтийн тээврийнхнээс асуу” гэв. Уг нь аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагынхан л энэ асуудалд хамгийн их санаа тавих ёстой юм. “Монголд зочлох жил” санаачилга гаргасны хувьд “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбар хариуцсан яам, агентлагууд өмнөхөөс ч илүү хариуцлагатай баймаар сан. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй “Үүнд мэдээлэл өгөх хүн нь амарч байгаа. Яг одоогийн нөхцөлд хоёр автобусыг энэ (дээрх) маршрутын дагуу явуулахад хангалттай. Суудал дүүрсэн тохиолдол ховор. Онгоц хөөрөх, буух цагтай уялдуулан хуваарь гаргасан. Ачаалал ихэссэн үед нэмэлтээр автобус гаргахаар төлөвлөсөн. Цахилгаан автобусыг цагийн хуваарийн дагуу явуулж буй” гэсэн ньзорчигч, жуулчдын ярьсантай зөрж байлаа. Албаны хүмүүс бодит нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй, чиг баримжаагүй гэдэг нь эндээс харагдаж байна.
Манай улсын аялал жуулчлалын хамгийн идэвхтэй үе нь одоо тохиож буй юм. Олон сая дагагчтай инфлүүнсэрүүдээс эхлээд жуулчид мянга мянгаараа ирж байна. Энэ үед л монголчууд, аялал жуулчлалынхан дор бүрнээ хичээж, тэдэнд хамаг сайнаараа үйлчлэх ёстой. Гэтэл нийтийн тээврийн газрынхан нь “Хөшигийн хөндий рүү тогтмол автобус явуулах нь алдагдалтай” гэж гэдийсээр, аялал жуулчлалынхан нь тэдний аманд багтсаар энэ зуныг үдэх нь. Хариуцлагагүй, цаг үеэ мэдрээгүй гэмээр энэ байдал такси үйлчилгээ эрхлэгчдэд тэнгэрт хадсан үнэ хэлэх сиймхийг ч олголоо. Тэд нисэх буудлаас хотынтөв хооронд жуулчдыг хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр тээвэрлэж байна. Онгоцны буудлаа хотын төвөөс зайдуу байгуулсны, нийтийн тээврийн үйлчилгээг одоо болтол шийдэж чадаагүйн горыг жуулчид амсах ёсгүй билээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл