Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс хоёр нь “өвдөг шороодож”, дөрөв нь парламентад суугаад буй билээ. УИХ-ын босго давах “гүүр болдог” энэ албан тушаалыг ирэх дөрвөн жилд хэн хэн хаших вэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ. Нөгөөтээгүүр, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, өдөр тутамд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалд үнэхээр шалгуур, шаардлага хангасан хүн “очив” уу гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс дүүргүүдийг хэн хэн удирдахаар болсон талаарх мэдээлэл хүргэе.
Нийслэлийн “парламент”-д МАН олонх болж, 45 суудлын 40-ийг нь авсан. Харин АН-ынхан үлдсэн суудлыг нь авч, бусад нам, эвсэлд орон зай олдсонгүй. Дүүргүүдээс зөвхөн Сүхбаатарт АН, бусдад нь МАН-ынхан олонх болоод байна. Тиймээс найман дүүргийг МАН-ын “бүтээгдэхүүн”, нэгийг нь АН-ын төлөөлөл удирдана. Аль нэг дүүрэгт улс төрийн намууд ойролцоо тооны суудал аваагүй учраас Засаг даргыг сонгохтой холбоотой хэл ам, маргаан энэ удаа гараагүй, харьцангуй нам жим байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.2, 56.5.2-т дүүргийн ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, нийслэлийн Засаг даргын захирамжаар томилохоор заасан. Үүний дагуу дүүргүүдийн ИТХ анхны хуралдаанаа хэдийн хийж, Засаг даргад нэр дэвшигчдээ тодруулаад байна. Засаг дарга нь дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, хугацаа хэтэрсэн өргүй, ялгүй байх ёстойг дээрх хуульд тусгасан байдаг.
Дүүргүүдийн Засаг даргаар голчлон 1980-аад оны төлөөлөл ажиллах нь. Тэднээс хамгийн залуу нь 35 настай. Харин хамгийн ахмад нь 51 настай аж. Хүйсийн хувьд тэгш байдал гэсэн ойлголт үндсэндээ “устаж”, бүх дүүрэгт эрэгтэйчүүд “эзэн суух”-аар болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатар дүүрэг л эмэгтэй Засаг даргатай байсан билээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргийн Засаг даргын “давхар дээл” өмсдөг нь бараг уламжлал гэхэд болно. Жишээ нь, өмнөх дөрвөн жилд найман дүүргийн Засаг дарга нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албыг хашиж байлаа. Харин энэ удаад “давхар дээл”-тэй Засаг даргын тоо зургаа болж буурах нь. Бас нэг онцлох үзүүлэлт бол таван дүүргийг өмнөх Засаг дарга нь үргэлжлүүлэн удирдах бололтой.
Багануурыг С.Даваасүрэн дахин удирдана
Багануур дүүргийн ИТХ 25 суудалтай. МАН 13 суудал авснаараа олонх болж, АН-ын найм, ХҮН намын дөрвөн төлөөлөгч сонгогджээ. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 68 хувийн саналаар өмнөх Засаг дарга С.Даваасүрэнг улираан ажиллуулахаар нэр дэвшүүлээд буй гэнэ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Багануур дүүрэгт нэр дэвшиж, 4618 хүний саналаар сонгогджээ. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болон дүүргийн Засаг даргын албыг хавсран гүйцэтгэх нь.
С.Даваасүрэн нь 45 настай бөгөөд 2020 оноос хойш нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр 2002-2008 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д инженер, менежер, хэлтсийн даргаар ажилласан туршлагатай юм. Харин 2008 оноос дүүргийнхээ удирдлагын багт ажиллах болсон аж. 2016-2020 онд дүүргийн ИТХ-ын дарга байснаа дөрвөн жилийн өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогджээ.
Багахангайд ч өмнөх дарга нь ажиллах нь
Багахангай дүүргийг ч өмнөх Засаг дарга А.Сүхболд үргэлжлүүлэн удирдах нь. Дүүргийн ИТХ энэ сарын 17-нд анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргад нэр дэвшигчээ тодруулсан аж. Тус дүүргийн ИТХ 25 суудалтай. Үүнээс МАН 19 суудал авч олонх болсон тул Засаг даргад нэр дэвшигчийг “ногоон гэрэл”-ээр тодруулжээ. Нийслэлийн Засаг дарга ч батламжилж, томилжээ. Харин АН-ын зургаан төлөөлөгч тус дүүрэгт сонгогдсон байна.
А.Сүхболд нь математик, физикийн багш мэргэжилтэй. 2003 онд Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулиас ажлын гараагаа эхлүүлжээ. 2020 он хүртэл тус сургуульд багш, сургалтын менежер, захирлаар ажилласан байна. Өдгөө 42 настай бөгөөд 2008 оноос өдий хүртэлх хугацаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдсон гэнэ. 2022 онд дүүргийн Засаг даргаар томилогджээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн “давхар дээл”-гүй гурван Засаг даргын нэг.
Ө.Сумъяабаатар ирэх дөрвөн жилээ амар тайван өнгөрөөх үү
Баянголд ч өмнөх Засаг дарга Ө.Сумъяабаатар улиран ажиллах нь. Өмнөх дөрвөн жилээ тэрбээр тун “донсолгоотой” өнгөрөөсөн. 2020 оны сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-ын 41 суудлын 21-ийг МАН, үлдсэн 20-ийг нь АН, ХҮН намынхан авсан юм. Өөрөөр хэлбэл, МАН болон бусад намын төлөөлөгчийн тоо ойролцоогоос шалтгаалан Ө.Сумъяабаатарын суудал байсхийгээд л ганхдаг байв. Өөрөө ч энэ үеэ “их эвгүй” гэж тодорхойлсон байна билээ. Тэгвэл энэ удаад Баянгол дүүргийн ИТХ-д Үндэсний эвслийн хоёр төлөөлөгч сонгогдож, МАН 39 суудал авч, үнэмлэхүй олонх болсон. Тиймээс Ө.Сумъяабаатарын ирэх дөрвөн жил маш амар тайван өнгөрч магадгүй юм.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Гэсэн ч нийслэлийн ИТХ-д өрсөлдөж ялснаар хотын “парламент”-д хоёр дахь удаагаа хөл тавиад байна. Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд “өвдөг шороодсон” хүмүүсийг орон нутгийнхад нэр дэвшүүлэхгүй гэж мэдээлж байсан. Гэтэл яагаад ч юм Ө.Сумъяабаатар түүний “ивээл”-д багтчихсан билээ. Улс төр судлаач мэргэжилтэй түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “хүн” гэсэн тодотгол байнга дагадаг. Өөрөөр хэлбэл, гишүүн Ж.Ганбаатар Ө.Сумъяабаатараар дамжуулан Баянгол дүүргийг “захирдаг” гэх нь бий.
Баянзүрхийн удирдлагыг бас л улираалаа
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн ИТХ 43 суудалтайгаас МАН 38, АН тавыг нь аваад байна. Ингээд эрх баригч намынхан бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Жаргалсайханыг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, хотын дарга ч батламжилжээ. Тэрбээр мөн л нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болон Засаг даргын “давхар дээлтэн”. Нийслэлийн ИТХ-ын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж, 17 905 иргэний саналаар сонгогдож, анх удаа төлөөлөгч болсон.
Г.Жаргалсайхан мөн л Засаг даргын үүргийг улиран гүйцэтгэхээр болоод буй юм. Гэхдээ өмнө дурдсан дарга нартай харьцуулахад тийм ч удаан хугацаанд эл албыг хашаагүй. Тодруулбал, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт Засаг дарга Н.Баярмөнх нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээж, өнгөрсөн долоодугаар сард дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингээд түүний оронд Г.Жаргалсайханыг томилж байв. Тэрбээр 2020 оноос хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Өдгөө 36 настай бөгөөд залуу Засаг дарга нарын нэгт тооцогдож байна.
Налайхад хөтлөгч залуу “ирэв”
Дүүргүүдээс Налайхын ИТХ хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийж, Д.Наянбаярыг Засаг даргаар томилуулах санал гаргалаа. Тус дүүргийн ИТХ 25 суудалтайгаас АН хоёр, МАН 23-ыг авч, үнэмлэхүй олонх болсон. Тиймээс нийслэлийн ИТХ-ын 12 дугаар тойрог буюу Налайх дүүрэгт нэр дэвшиж, 6716 иргэний саналаар сонгогдсон Д.Наянбаярыг Засаг дарга болгох саналыг дүүргийн төлөөлөгчид нь 100 хувь дэмжээд байна. Ийнхүү тэрбээр “давхар дээлтэн” Засаг дарга нарын тоог нэмж буй юм.
38 настай Д.Наянбаяр улс төрийн хүрээлэлд төдийлөн танигдаагүй, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдсон, шинэ хүн. Радио, телевизийн дээд сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 2017 оноос хойш “Налайх тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байжээ. Түүнээс өмнө богино долгионы радио болон МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан гэнэ.
Х.Нямбаатарын “баруун гар” уу
Сонгинохайрханы ИТХ 43 суудалтайгаас бүгдийг нь МАН-ын төлөөлөгч эзлээд байна. Бараг л МАН-ын “хувийн” дүүрэг болсон Сонгинохайрханы Засаг даргаар тус намын гишүүн Ц.Баттөр ажиллахаар боллоо. Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 94 хувь нь дүүргийн Засаг даргад Ц.Баттөрийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Уг саналыг нийслэлийн Засаг даргын захирамжаар ч баталсан байна.
Ц.Баттөр нь 2013-2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон ИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. 2006-2011 онд “Орхон” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм байна. Түүний товч намтар хотын дарга Х.Нямбаатарынхтай тун төстэйг эндээс харж болно. 2020 онд анх удаа нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны зэрэгцээ “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн даргын албыг давхар хашиж байв. Тэрбээр энэ удаа нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож, мөн дүүргийн Засаг даргын албан тушаалыг ч хашихаар боллоо.
Сүхбаатарт АН-ынхан үргэлжлүүлэн засаглана
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын төлөөлөл удирдаж байсан ганц дүүрэг бол Сүхбаатар. Тэр дундаа эмэгтэй Засаг даргатай ганц дүүрэг байсан. Энэ удаад ч тус дүүргийн ИТХ-ын сонгуульд АН ялалт байгуулж, 35 суудлын 23-ыг нь аваад байна. Харин МАН-ынхан 12 суудалтай. Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 16-нд болж, М.Алтангэрэлийг Засаг даргаар томилуулах санал гарган, нийслэлийн Засаг даргад хүргүүлээд буй аж. М.Алтангэрэл нь нийслэлийн ИТХ-ын “давхар дээл”-гүй гурван Засаг даргын нэг. Мөн хамгийн залуу буюу 35 настай Засаг дарга юм.
Тэрбээр бизнесийн болон төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. БНХАУ-ын Яншаны болон Нанкайн их сургуулийг төгсжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр суралцсан аж. 2012 оноос хувийн хэвшилд ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Өмнөх Засаг дарга Х.Болормаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялснаар М.Алтангэрэл түүнийг түр орлож байсан юм. М.Алтангэрэлийг өмнөх дарга Х.Болормаагийн “хүн” гэсэн мэдээлэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд гарах болсон. Өөрөөр хэлбэл, Х.Болормаа М.Алтангэрэлээр дамжуулан Сүхбаатар дүүрэгт үргэлжлүүлэн засаглах нь гэсэн хардлага бий.
Хан-Уул хамгийн “ахмад” даргатай
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн “давхар дээл”-гүй Засаг дарга Хан-Уул дүүргийг удирдах нь. Тус дүүргийн ИТХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон Б.Цэрэн эл үүргийг гүйцэтгэхээр болоод байна. Хан-Уулын ИТХ нь хамгийн олон нам, улс төрийн хүчнээс бүрдсэн гэдгээрээ бусдаасаа ялгарч буй. Тодруулбал, 41 суудалтайгаас МАН 30, АН найм, ХҮН нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Шинэ нэгдсэн эвсэл тус бүр нэг суудалтай. Тэднээс олонх болсон МАН-ын төлөөлөгч Б.Цэрэнг Засаг даргаар улираан томилохоор нэр дэвшүүлээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Алдаржавхлан өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентад сонгогдсон. Тиймээс дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Цэрэнг түүний оронд томилж байв.
Б.Цэрэн нь 51 настай, энэ удаагийн Засаг дарга нараас хамгийн ахмад нь. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1992 оноос үнэт цаасны “Мэргэн санаа” компанийн туслах ажилтан, дилерээс ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн “Сүү”, “Улаанбаатар сүү”, “Номин холдинг”, “Энко трейд” компанид удирдах албан тушаал хашиж байж. 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч зэрэг улс төрийн албан тушаал хашиж буй юм байна. 2020 онд анх Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ жил дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр улираад байна.
Даргын “тавилантай” Н.Мандуулын дараагийн “зогсоол” нь Чингэлтэй
Даргын “авшиг”-тай Н.Мандуулын дараагийн “зогсоол” нь Чингэлтэй дүүрэг болж байна. Чингэлтэй дүүргийн ИТХ энэ сарын 18-нд хуралдаж, түүнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн бөгөөд хоёр хоногийн дараа нийслэлийн Засаг дарга захирамж гарган, батламжилжээ. Н.Мандуул энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын есдүгээр тойрогт нэр дэвшин сонгогдсон, “давхар дээл”-тэй Засаг дарга нарын нэг. Дүүргийнх нь ИТХ-ын тэргүүлэгчид түүнийг Засаг даргаар томилуулах саналыг 100 хувь дэмжжээ. Чингэлтэйн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 33 нь МАН-ынх бол үлдсэн хоёр нь АН-ынх.
Н.Мандуул нь салбар бүрд, ер нь аль ч байгууллагад дарга л хийх “тавилантай” гэдгээрээ олон нийтэд танигдсан хүн. Жишээ нь, сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, “Ондо холдинг” компанийн ерөнхийлөгч, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч гэх тэс өөр үүрэг, чиглэлтэй дөрвөн ч том албан тушаалыг сэлгэн ажилласан, хэтэрхий “хүртээмжтэй” нэгэн. Ямар сайндаа л ямар нэгэн даргын орон тоо гарангуут “Н.Мандуул очих юм биш биз дээ” гэсэн хошигнол олон нийтийн сүлжээнд гарах вэ дээ.
Тэрбээр өмнө нь ч дандаа л даргаар ажиллаж байж. Тухайлбал, 2008 оноос Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, дараа нь Санхүүгийн бодлогын газарт нь хэлтсийн дарга, 2019-2021 онд “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК-ийн тэргүүн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Н.Мандуул бизнесийн удирдлагын чиглэлээр Болгар, АНУ-д боловсрол эзэмшсэн аж.
М.Оч