Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld” тэмцээнээс манай улсын шигшээ багийнхан анхны алтан цомоо хүртсэн билээ. Эл тэмцээний дөрвөн төрөлд өрсөлдөж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн нэгэн бол “Eva” салоны захирал, “Elen beauty” академийн үүсгэн байгуулагч, артист Б.Энхцэцэг юм. Тэрбээр энэ удаагийн тэмцээний нүүр будалтын “Bridal”, “Creative” төрөлд хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн цахимаар зохион байгуулсан “Сreative lash” хэсэгт нэгдүгээр байр эзэлсэн юм. Харин “Stage” нүүр будалтаар тусгай шагнал гардсан аж.
-Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Монголын шигшээ багийнхан дэлхийн аваргын алтан цом авсан нь олон улсад ур чадвараа хүлээн зөвшөөрүүлэх эхлэл болжээ.
-Монгол Улсын багийнхан энэ жил эмэгтэй, эрэгтэй үс засалчдын болон гоо сайхны гэсэн төрөлд өрсөлдлөө. Оролцсон төрөл бүрдээ бүгд амжилт гаргасан. Бид аваргын алтан цомоос гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, зургаан тусгай байр, хоёр хүндэт медалийн эзэн боллоо.
-Манай улсын мэргэжилтнүүд уг тэмцээнд өмнө нь олон удаа оролцсон учраас туршлага ч их хуримтлуулсан байх. Энэ жилийн хувьд шигшээ багийнхан давуу талаа хэрхэн тодорхойлж, Парис хотыг зорьсон бэ?
-Бидний давуу тал бол маш хүчирхэг баг бүрдүүлсэн нь юм. Францын Парис хотыг зорьсон хамгийн том зорилго бол Монгол Улсдаа алтан цом авчрах байлаа. Энэхүү зорилгоо биелүүлж чадсандаа бүгд л маш их баярласан.
-Та дөрвөн төрөлд өрсөлдөж, шагналт байруудынх нь эзэн боллоо шүү дээ. Бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ тэмцээндээ бэлтгэх нь амаргүй даваа байв уу?
-Тийм шүү. Бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар гэр бүл маань бяцхан гишүүнтэй болж, ачаалал ч их байсан. Энэ үед шантармаар санагдсан ч ард нь гарах хэмжээний хүч, дэмжлэгийг “Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч, Б.Энхчимэг найз минь өгч байв.
Хамгийн анх 2019 онд дэлхийн аваргын тэмцээнд оролцсон минь саяхан мэт л санагдаж байна. Монголын оролцогчид 2019 оноос эхлэн энэхүү тэмцээнд оролцож буй. “Ковид-19” цар тахлын үед тэмцээний талбайд очиж өрсөлдөх боломж байгаагүй. Харин энэ жил бид 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр Парис хотыг зорилоо. Монголын артистууд шагналт байруудыг нь хүртэж, дэлхийн цомыг анх удаа авлаа. Үүгээрээ бид Монгол хэмээх нэрээ дэлхийн тавцанд гаргаж чадсан нь маш гайхалтай мэдрэмж байсан шүү. Цахимаар зохион байгуулсан тэмцээн бидэнд маш том боломж олгодог давуу талтай. Артистууд ур чадвараа бүрэн харуулж, санаагаа тултал гаргадгаараа энэ төрөл онцлогтой. Түүнчлэн сүүлийн гурван жилд монголчууд онлайн тэмцээнээр ч дэлхийд өөрсдийгөө батлан харуулж чадсан.
-Таны оролцсон төрлүүдийн онцлог нь юу байв. Тэмцээний зарим төрөлд цахимаар оролцох боломжтой байсан учраас онцлог, давуу талаа илүүтэй харуулж чадсан байх.
-Энэ удаа өмнөх жилүүдийнхээс илүү бүтээлч байхыг эрмэлзсэн. Жишээлбэл, хуримын хувцасны нөмрөгт 353 ширхэг эрвээхэй шигтгэсэн. Үүнийг ажлын хамт олон, найзуудтайгаа хамт оёсон юм. Мөн “creative make up” төрөлд өрсөлдөхдөө гоёлын даашинзыг нүдний будалттайгаа уусгахын тулд ард нь том цэцгийн дэлбээ мэт цацраг оёсон юм. Бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийхийг эрмэлзсэн дээ.
-Тэмцээний шүүгчдийн зүгээс оролцогчдод ямар шалгуур тавьдаг вэ?
-Оролцогчдод тавьдаг тогтсон шалгуур гэж байхгүй ээ. Тэмцээн зохион байгуулах удирдамжид дүрмээ нарийвчлан тусгасан байдаг юм. Тиймээс тэдгээр заалтыг анхаардаг.
-Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ямар үе шаттайгаар зохион байгуулдаг вэ. Олон орны гоо сайханч нэгэн дээвэр дор цугласан болохоор өрсөлдөөн нэлээд ширүүн байсан болов уу?
-50-иад улсын, давхардсан тоогоор 3000 гаруй оролцогч эл тэмцээнд өрсөлдлөө. Дэлхийн аварга шалгаруулах учраас улс орон бүрийн төлөөлөл болсон артистууд хүч үзлээ. Тэд үндэстнийхээ онцлогийг тодотгосон болон орчин үеийн чиг хандлагын дагуу гээд янз бүрийн өнцгийг харуулдаг нь сонирхолтой санагддаг. Тэмцээний талбай дахь 35 минутын хугацаа бол хэн, юу хийж чаддагаа батлан харуулах супер боломж.
-Гэр бүлийн тань хүн моделийн зураг авалтыг хариуцсан юм билээ. Нэгнээ сайн ойлгодог хүмүүс хамтран ажиллах нь амжилт гаргахад нөлөөлсөн үү?
-Нөхөр минь мэргэжлийн зурагчин л даа. Хамтран ажиллахад амар бөгөөд түшигтэй байдаг. Цахимаар зохион байгуулсан тэмцээний бүх зургийг 2020 оноос хойш хань минь хариуцсан.
-“Eva” салоныхон охид, бүсгүйчүүдэд нүүрээ хэрхэн зөв будах талаар сургалт тогтмол хичээллүүлдэг шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд нүүрээ будахдаа гаргадаг түгээмэл алдаа нь юу бол?
-Олон жилийн туршлагадаа үндэслэн хэлэхэд, нүүр будахад хамгийн чухал зүйл нь уусгалт юм. Охид, бүсгүйчүүд нүүрээ будахдаа ясныхаа бүтцийг анхаардаггүйгээс алдаа гаргадаг болов уу. Сургалтад хамрагдаж буй хүмүүсээс ийм байдал ажиглагддаг. Бид сургалтаараа дамжуулан энэ талыг нь түлхүү тайлбарлаж, зааж өгдөг. Ташрамд дурдахад, артист болохоор эрмэлзэж буй охид, бүсгүйчүүдэд боломж үргэлж нээлттэй байдаг шүү гэж хэлье. Хүн дуртай, дурлаж хийсэн зүйлдээ хэзээ ч харамсдаггүй. Бас аз жаргалтайгаар ажиллаж чаддаг. Хамгийн гол нь сурахаар шийдсэн бол тууштай байх нь чухал.
-Цахим хуудаснаас тань харахад аялалд дуртай нэгэн гэж тодорхойлж болохоор санагдсан. Мөн дасгал хөдөлгөөнд ч цаг хугацаагаа зориулдаг бололтой.
-Амьдрал тэр чигтээ аялал гэж боддог юм. Хүн хөгжиж дэвшиж, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл гадаад руу явж нүд тайлах нь хамгийн зөв. Хүүхэд байхаасаа л дасгал хөдөлгөөнд маш их дуртай байсан. Аэробек, сунгалтын дасгал их хийдэг байлаа. Дасгал хөдөлгөөн хүнийг тэсвэр хатуужилтай болгодог гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Бас дотоод гоо сайхныг илтгэх хамгийн чухал зүйлийн нэг бол эрүүл мэнд. Энэ бол яалт ч үгүй амьдралын салшгүй нэг хэсэг.
-Гоо сайхны салонтой болох нь таны мөрөөдөл байв уу. Яагаад энэ салбарыг сонгох болов?
-Багадаа ээж, ахтайгаа амьдардаг эрх охин байлаа. Гоо сайхны чиглэлээр ажиллахад ээж минь нөлөөлсөн. Ээж минь санхүүгийн чиглэлээр ажилладаг, уран гартай хүн бий. Бага байхад минь тухайн үед тренд болж буй хувцсыг ээж оёж, охиноо гангалдаг байлаа. Мөн нарийн боов маш гоё хийдэг. Ээжийнхээ мэдрэмж, авьяасыг нь өвлөж авсан байх аа. Арван жилийн сурагч байхдаа сургуулийнхаа загварын шоунд ороод алтан медаль авахад ээж минь сониноор хувцас хийж өгч байлаа. Одоо ч миний ээжид чадахгүй зүйл гэж нэг ч байхгүй мэт санагддаг юм.
Гоо сайхны салбарыг сонгох болсон нь хүүхэд наснаасаа урлагт дурласантай холбоотой. Хоёрдугаарт, энэ санааг анхны хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа олсон. Амралтаа авчихсан тэр үед өөртэйгөө ярилцах цаг зав, боломж олдсон юм. Нягтлан бодогч мэргэжлээр ажилласан ч ирээдүйд өөрийн бизнесийнхээ санхүүг зохицуулдаг, тайлан тооцоогоо хийдэг болох гэсэн томоохон зорилго дотроо тээж явлаа. Хийх дуртай зүйлсээсээ алийг нь хөгжүүлж болох талаар нэлээд удаан бодсон. Тэр үед эмэгтэй хүнийг аз жаргалтай, инээмсэглэл дүүрэн байлгахын төлөө би юу хийж чадах билээ гэж удаан бодсон. Нөхөр минь 2013 онд дуучин Бичүүгийн дууны клипийг хийж байсан юм л даа. Тэдэнд нүүр будалт хариуцах артист хэрэгтэй болж, надад санал тавьсан. Тухайн үед мэдрэмжээрээ будалт хийсэн нь хамтран ажилласан хүмүүст таалагдсан болохоор энэ салбар луу улам гүнзгий орж билээ.
Уг нь би нягтлан бодогч мэргэжилтэй. “Мандах” их сургуульд нягтлан бодогч, англи хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж, 2012 онд төгссөн. 2013 оноос сонирхлоо хөгжүүлж, “2B entertainment”-д нүүр будалтын чиглэлийн гараагаа эхэлсэн. Энэхүү энтертайнментыг манай нөхөр үүсгэн байгуулсан юм. Нүүр будалтын артист болоход хамгийн том тулгуур нь нөхөр минь байсан. Гэр бүлийн хүн маань “2B entertainment”-ыг 2005 оноос ажиллуулж, клип, зар сурталчилгаа хийж, зураг авч байна. Миний хувьд 2014 онд нүүр будалтын студиэ “Diva professional beauty academy” нэртэйгээр байгуулж байлаа. Ингэхдээ нөхрийнхөө энтертайнментын хажуу өрөөнөөс гараагаа эхлүүлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эргээд бодоход маш үнэ цэнтэй, хайрламаар, амьдралын минь алтан үе гэж хэлэхээр цаг хугацаа өнгөрчээ. 2015 онд Америк улсад нүүр будалтаар суралцаж, 2017 онд Солонгосын “Korea broadcasting art school”-д хөмсөг шивээсээрээ мэргэшсэн. Өдгөө “Eva” салоноо ажиллуулж, охид, бүсгүйчүүдийнхээ гоо сайхны төлөө зүтгэсээр буй бүсгүй байна, би.
А.Тэмүүлэн