Манай улс оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд буй. Энэ өвөл гэхэд нийслэлд оргил ачааллын үеэр 80 хүртэлх МВт-аар цахилгаан хязгаарлах нөхцөл үүссэнийг салбарын удирдлагууд нь мэдэгдэж, үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн. Эрчим хүчний салбарт үүссэн доголдлыг шийдэж, менежментийг нь сайжруулахын тулд цахилгааны төлбөрийг 67, дулааныхыг 28 хувиар нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Салбарын сайд нь ч “Эрчим хүчний үнийг ойрын хугацаанд нэмэхээр тооцоолол хийж байгаа” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Эрчим хүчний хорооны реформын үндэсний хорооны гишүүд цахилгааны үнийг нэмж бус, чөлөөлж, өртөгт нийцүүлэх замаар шийдэх, цаашлаад эл салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эрх үүрэг, оролцооны ялгаа заагийг тодорхой болгох нь чухал гэдэг санал дэвшүүлж байна.
Манай улсын эрчим хүчний салбар 2024 оны байдлаар богино хугацааны 539.6 тэрбум, урт хугацаанд төлөх 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй буй гэнэ. Алдагдлын хэмжээ нь 2019 онд 59 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жилд 1.6 дахин өсөж, 98 тэрбумд хүрчээ. Харин энэ оны эцэс гэхэд таван жилийн өмнөхөөс 3.5 дахин их буюу 203 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцооллыг салбарын мэргэжилтнүүд хийжээ. Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслийн талыг нь хэрэгжүүлэхэд л дунджаар 600 МВт цахилгаан шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортоор хангаж буй нөхцөлд дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг зэрэг эхлүүлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр, хангамжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг суурь асуудлуудыг нэн түрүүнд шийдэх, цахилгааны үнийг чөлөөлөх замаар менежментийг нь шинэчлэх шаардлагатайг салбарын судлаач, мэргэжилтнүүд энэ өдрүүдэд хөндөж байна.
Н.МИШЭЭЛ