Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өчигдөр баталлаа. 2002 оноос хойш ярьсан, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхтэй холбоотой уг хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар баталснаар ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэг үйлдэх боломжтой болжээ. Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын аль ч хот руу нислэг үйлдэх боломж нээлттэй ч эхний ээлжид Сан-Франциског онцолсон байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ковид” гарахын өмнө хоёр улсын хооронд жилд 60 мянган хүн 30-50 цаг нисдэг, тасалбарын үнэд 2000-4000 ам.доллар зарцуулдаг байсан. Харин одоо 10-12 цаг зарцуулан АНУ-д хүрэх боломжтой болж байна. Тасалбарын үнэ 1000-1500 ам.доллар болж буурна” гэлээ. Шууд нислэг үйлдэхийн тулд АНУ-ын зүгээс тодорхой шаардлага тавьж, шалгалт хийдэг аж. Үүнд бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулан байгуулсан байна.
Мөн өнгөрсөн долдугаар сараас МИАТ ХК-ынхан есөн аймаг руу нислэг хийж буй. Өмнө нь зөвхөн Баян-Өлгий, Ховд аймаг руу “Хүннү эйр”, “Эйр Монголия” компани нисдэг, тасалбарын үнэ 1.6 сая төгрөг байсныг эдүгээ 50 хувь бууруулжээ. Аялал жуулчлалын улиралд бүх чиглэлд онгоц дүүрэн нисдэг байсан бол одоо Өмнөговь, Говь-Алтай, Дорнод зэрэг аймаг руу зорчигчдын тоо эрс цөөрсөн гэнэ. Тиймээс салбарын сайд нь “Эдгээр аймаг руу 200 мянган төгрөгөөр нэг цаг л нисэж очно. Машинаар явбал илүү цаг зарцуулах ч шатахууны зардал нь бараг адилхан. Тиймээс тухтай, адил зардалтай агаарын тээврийн үйлчилгээг сонгохыг иргэдэд уриалъя. Зорчигч хангалттай байхгүй бол дээрх аймгууд руу хийх нислэгийг зогсооход хүрнэ” гэлээ.