Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тулгамдаад байгаа асуудлуудыг уг хуулиар шийдвэрлэж чадах уу, ер нь гааллын эрх зүйн орчныг хэрхэн “зураглаад” байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцсан юм. Тус төвийнхөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийж, сайжруулах шаардлагатай зүйл заалтуудын талаарх саналаа боловсруулаад буй юм билээ. Ташрамд дурдахад, үүнээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээр төслийг нэгтгэн, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-д байгуулаад байна.
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛУУД ХИЙХГҮЙ БОЛ ҮР ДАГАВАРТАЙ НЬ ТЭМЦЭЭД АМЖИЛТАД ХҮРЭХГҮЙ
-Манай улс Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2016 онд баталж, өдгөө мөрдөж байна. Долоон жилийн “настай” энэ хууль үүргээ гүйцэтгэсэн үү?
-Өнгөрсөн хугацаанд дорвитой ахиц гарсангүй гэж дүгнэж болно. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурсангүй, харин ч нийгмийн том асуудал болчихлоо. Манай байгууллагынхан төслийг уншиж танилцсаны үндсэн дээр нэлээд сайжруулах шаардлагатай гэж дүгнэж, саналаа боловсруулсан. Төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн үүнийг процессын хууль гэж тайлбарлаад байгаа. Гэтэл яг нарийвчлаад харахаар процессынх гэж хэлэхэд хэцүү, үйл ажиллагаанууд уялдахгүй байна.
-Үйл ажиллагаанууд яагаад уялдахгүй байна вэ. Жишээ дурдаж болох уу?
-Логикийн хувьд эхлээд урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх арга хэмжээ байх нь зохимжтой. Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд мэдээлэл өгөх, эрсдэлт нөхцөл үүсгэж буй үйл ажиллагааг хязгаарлах, хориглох зэрэг өргөн хүрээний ажил хийнэ. Хүүхдийн эрхийг хамгаалахад хувь хүн, гэр бүл, байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэхийг таниулж, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа нь хүүхэд хамгааллын бодлогын үндэс байх ёстой. Ингэснээр юуг хүүхдийн эрхийн зөрчил гэж үздэг, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд юу хийх вэ гэдгийг олон нийт ойлгоно. Хоёр дахь шат бол хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоож, үр дүнтэй, шуурхай хариу арга хэмжээ авах, үйлчилгээ үзүүлэх юм. Гурав дахь нь нөхөн сэргээх буюу тухайн хүүхэд, гэр бүлийг хэвийн амьдралд нь оруулахад чиглэсэн үйлчилгээ. Хүүхдийг болон хүчирхийлэл үйлдээд, архидан согтуураад байгаа гэр бүлийн гишүүдийн бие махбод, сэтгэл зүйг илаарьшуулахад нь тусална гэсэн үг. Хүүхэд хамгаалах үйл явц ийм дараалалтай байж үр дүнд хүрнэ. Гэтэл хуулийн төсөлд эхлээд шуурхай тусламж, дараа нь хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг тусгасан. Хамгийн сүүлд нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оруулжээ. Тиймээс л үйл явцын уялдаа холбоо алдагдчихаж байгаа юм. Суурь шалтгаан руу нь чиглэсэн буюу иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг олон салбарын жигд оролцоотойгоор, өргөн хүрээнд хийхгүй бол үр дагавартай нь тэмцээд, хөрөнгө зарцуулаад амжилтад хүрэхгүй.
ТОГТОЛЦООГ ЗУРАГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
-Хүүхэд хамгаалах ажил нь олон байгууллагын оролцоонд тулгуурладаг. Холбогдох байгууллагуудын үүрэг, үйл ажиллагааг хуульд хэрхэн зурагласан бол?
-Хүүхэд хамгааллын тогтолцоог бид зураглахыг оролдсон. Байгууллага бүр өөр чиг үүрэгтэй. Тэдгээрийг хэрхэн нэгтгэж зангидах нь тодорхойгүй учраас тогтолцоог зураглах боломжгүй байна. Жишээ нь, нэг хэсэг нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахаар ажиллаад байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, архидалтыг сурталчилсан кино, уран бүтээл хийгээд, ямар ч хяналтгүйгээр цацаад байх уу. Түүнчлэн үйлчилгээний төрлүүд нь ч бүрхэг. Тухайлбал, эрсдэлд орсон хүүхдийг аюулгүй газарт байрлуулж болно гэж заажээ. Гэтэл аюулгүй газарт яг юуг хамааруулах нь ойлгомжгүй. Нэг цэгийн үйлчилгээний төв үү, түр хамгаалах байр уу. Эсвэл орон нутгийн Засаг дарга, хүүхдийн эрхийн байцаагч, хүүхэд хамгааллын мэргэжилтэн өрөөндөө түр тусгаарласныг аюулгүй газар байлгасан гэж үзэх үү. Мөн хүүхэд аюултай нөхцөл байдалд орсныг тодорхойлохоор төсөлд тусгасан атлаа хэн ямар аргачлалаар тогтоох нь мэдэгдэхгүй байна. Хэн нэгнийг хараад аюулд өртсөн, эсэхийг нь шууд мэдэх боломжгүй шүү дээ. Энэ талаар хуулийн төсөлд тусгаагүй учраас зарим тохиолдолд хийдэл, цоорхой гарна, ойлгомжгүй байдал үүснэ. Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх нь мэргэжлийн үйлчилгээний эхний алхам шүү дээ. Тиймээс ойлгомжтой болгох нь чухал.
-Хуулийн шинэчлэлийн хүрээнд хүний нөөц, санхүүжилтийг сайжруулах талаар холбогдох албаныхан ярьж байгаа. Төсөв, хүн хүч нэмлээ гээд хэдийн бугшсан суурь асуудлууд шийдэгдэх үү. Танай төвөөс үүнд ямар дүгнэлт өгсөн бэ?
-Хүүхэд хамгаалах ажлын санхүүжилтийг юунд зарцуулдаг нь тодорхойгүй байдаг. Ялангуяа үйлчилгээ үзүүлж байгаа анхан шатны нэгжид санхүүжилт төдийлөн хуваарилдаггүй. Төсвийн ихэнхийг шинээр байгуулсан байгууллагуудыг дэмжих, тохижуулах, чадавхжуулах үйлчилгээнд зориулаад, хүүхэд хамгаалалд зарцуулж чадахгүй байна уу гэж боддог. Цаашид төсөв нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 500 гаруй нийгмийн ажилтан нэмэгдэнэ гэж байгаа. Асуудал бүрийн араас орон тоо, бүтэц нэмээд, төрийн албыг данхайлгах бус, суурь шалтгаанаа арилгахад чиглэсэн ажлуудыг илүү үр дүнтэй, өргөн хүрээнд явуулах нь чухал. Тухайлбал, соён гэгээрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд хийх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл ажилгүйдэл, архидалт байгаа тохиолдолд хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарсаар байх болно. Хуулийн төсөлд тусгасан бас нэг шинэ зохицуулалт нь байгууллага, аж ахуйн нэгжүүд цалингийн сангийн нэг хувиа хүүхэд хамгааллын зардалд зарцуулахаар заасан нь юм. Ажилтнуудын татвар нэг хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь нэлээд хүндрэл учруулах болов уу гэж таамаглаж байна.
-Шинэчилсэн найруулгын төсөл нь одоо хэрэгжүүлж буй хуультай харьцуулахад дэвшил гаргаж чадаагүй гэсэн үг үү?
-Ямартай ч төслийг нэлээд сайжруулах хэрэгтэй. Тиймээс бидний хувьд ажлын хэсэгт оръё, хувь нэмрээ оруулъя гэсэн санал тавьсан. Яагаад гэвэл үүнийг ганц байгууллага, эсвэл мэргэжилтэн дангаараа шийдэж чадахгүй асуудал. Эрсдэлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон олон хүүхдийг манай төв хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг. Насанд хүрээгүй охид хүчингийн гэмт хэргийн хохирогч болж жирэмслээд, хүүхэд төрүүлж байна. Гэтэл дөнгөж 13-15 настай охидыг насанд хүрсэн хүнтэй адилтгаж үзээд, асрамжийн газрууд авдаггүй. Ийм хүүхдүүдэд хэрхэн туслах вэ гэдэг зохицуулалт хуулийн төсөлд алга. Эрсдэлд орсон хүүхдийг хамгаалах үйлчилгээг өдгөө олон нийтийн оролцоонд түшиглэсэн төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулах маягаар гүйцэтгэж байгаа. Хуулийн төсөлд үүнийг цаашид хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна.
ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ, ЭЭНЭГШСЭН ОРЧИНДОО БУЦААД ОЧИХОД АЮУЛГҮЙ БАЙХ НЬ Л ЧУХАЛ
-Өнгөрсөн есдүгээр сард хүүхэд алга болж, улмаар амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийг яаруу сандруу өргөн барьчихлаа гэж ойлгосон.
-Хүүхэдтэй холбоотой хэрэг гарангуут яаралтай өргөн барьчихсан нь үнэн л дээ. Асуудлын гүнд нь орж, ойлгож мэдэхгүйгээр зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн бодлого боловсруулахаар “амьгүй” болчхоод байна шүү дээ. Бодлого, журам нь уялдаатай, хүн бүхний гүйцэтгэх үүрэг тодорхой бол хариу арга хэмжээ нь шуурхай, үр дүнтэй байна. Урьдчилан сэргийлэх ажлаа суурь болгоод, илэрсэн тохиолдол бүрт үр дүнтэй, шуурхай үйлчилгээ үзүүлж, эрсдэлт нөхцөлийг нь бууруулахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл манайх анхан шатны нэгжид буюу хамтарсан баг, нийгмийн ажилтанд бүх үүргийг үүрүүлчихсэн. Салбарын яам, холбогдох газар, хэлтсүүд нь хянан шалгана, арга зүйгээр хангана гэсэн чиг үүрэг л гүйцэтгэдэг. Уг нь хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага нь өндөр эрсдэлтэй кэйс гарахад хариу арга хэмжээг шууд удирдаж ажиллах хэрэгтэй. Филиппинд хүүхэд, гэр бүлийн газрын мэргэжилтнүүд хамгаалах байрандаа төвлөрч ажиллаад, тэндээ бодлого журмаа боловсруулж, үйлчилгээ үзүүлэх явцдаа туршаад, илүү сайжруулаад явдаг юм билээ. Манайд яагаад ингэж ажиллаж болохгүй гэж.
-Аймаг бүрд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бий. Тэгэхээр тэд хүүхэд хамгааллын үйлчилгээг хангалттай түвшинд сайжруулж, орон нутгийнхаа ажилтнуудыг ч чадавхжуулах боломжтой юм шиг санагдлаа. Та энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ч аймаг бүрд салбартай. Холбогдох байгууллагууд уялдаатай ажиллаж чадвал заавал олон орон тоо нэмээд, бужигнуулаад байх шаардлагагүй. Хамгийн гол асуудал нь орон тоонд байгаа юм биш. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг л болж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэхэд гэр бүлтэй төдийлөн ажилладаггүй. Хүүхэд хамгаалал, тэр дундаа зөвхөн 108 дугаарын утасны дуудлагын дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байранд долоо хонуулчхаад л архидалттай, хүчирхийлэлтэй орчин руу нь буцаагаад явуулж байна. Эсхүл аав, ээжийнх нь эцэг, эх байх эрхийг хасуулаад, хүүхдийг асрамжийн газарт өгчихдөг. Гэр бүлтэй нь ажилладаггүй. Хүүхдийн аюулгүй байдлыг хэд хоног хамгаалах нь эрсдэлийг бууруулах арга мөн ч суурь асуудлыг нь шийдэхэд анхаарахгүй байгаа юм. Хүүхэд гэр бүлдээ, ээнэгшсэн орчиндоо буцаад очиход аюулгүй байх нь л юу юунаас чухал. Үүнд л холбогдох байгууллагынхан нь төвлөрөн ажиллах ёстой. Бидний хүсээд байгаа гол зүйл нь энэ. Гэтэл хуулийн төсөл тэр өөрчлөлтийг бий болгож чадахааргүй санагдсан. Тийм учраас илүү сайжруул гэж байгаа юм. Тэгэхгүй бол төрийн албан хаагчийн орон тоо, цалин, зардал нэмсэн, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн татварын дарамтыг ихэсгэсэн, үр ашиггүй хууль л болно. “Амьд” хууль баталъя гэвэл процессоо л сайн тусгах хэрэгтэй.
-Улсын хэмжээнд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв 33 байдаг. Тэдгээрийн нөхцөл ямар байна вэ. Хуулийн төсөлд үйл ажиллагааг нь сайжруулах талаар дурдсан болов уу?
-Хамгаалах байрны үйлчилгээнүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Үүнийг хуульдаа тусгах замаар зохицуулж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ явуулдаг. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиар бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээг зохицуулсан. Энэ чиглэлээр төрөлжсөн хамгаалах байр ажилладаг. Бусад хэлбэрээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хаана, хэрхэн тусгаарлах нь тодорхойгүй. Гэрээсээ дайжсан, гэмт хэргийн замд татагдан орсон, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч нартай хамт байлгаж болохгүй. Хүчингийн гэмт хэргийн хохирогч хүүхдийг бэлгийн мөлжлөгийн хохирогчтой хамт байрлуулах боломжгүй. Үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах арга зам нь өөр. Мөн хамгаалах байруудын ихэнхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авдаггүй. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн ээж хүүхэдтэйгээ очсон тохиолдолд хүүхдийг нь л авдаг. Ээжийг авахгүй гэдэг нь хүүхэд хамгааллын зардалтай холбоотой. Хүүхэд хамгаалбал улсаас мөнгө авдаг. Насанд хүрэгчдэд хуваарилдаг зардал байхгүй. Ийм байдлаар ээж, хүүхэд хоёрыг салгачихдаг гэсэн үг. Хуулиар үүнийг шийдэх ёстой.
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас саяхан УИХ-д өргөн барилаа. Уг хуульд танай төвийнхөн дүн шинжилгээ хийв үү. Хүүхэд хамгаалалтай холбоотой зүйл, заалтуудыг тусгасан уу?
-Бид Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулах саналаа Хууль зүй, дотоодын хэргийн яаманд хүргүүлсэн. Харьцангуй цэгцтэй, ойлгомжтой төсөл байсан. Логикийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эхэлж батлах нь зөв байх. Эсхүл хамтад нь батлахгүй бол суурь хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Дээрх хоёр хуулийн төсөлд нэг мөр болгох шаардлагатай нэр томьёо цөөнгүй байна. Жишээ нь, Хүүхэд хамгааллын тухай хуульд “асралт гэр бүл” гэсэн нэр томьёо шинээр оруулсан. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн төсөлд алга. Гэр бүлийн тухай хуулийн төслийг уншихаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн аав, ээжийн эцэг, эх байх эрхийг нь хасаж, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулахаар тусгажээ. Мөн тухайн хүн сургалт, эмчилгээнд хамрагдаж, засарч хүмүүжсэн бол эцэг, эх байх эрхийг нь сэргээхээр заасан. Тэгсэн атлаа хүүхдийнх нь овог, нэрийг өөрчлөөд, бусдад үрчлүүлж болохоор уншигдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх эрхээ хасуулсан л бол дахин хүүхэдтэйгээ амьдрах боломжгүй. Үнэхээр алдаагаа ойлгож, засарсан эцэг, эхэд энэрэнгүй ёсны үүднээс хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг нэг удаа олгох нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
ХАМТАРСАН БАГУУД АЖИЛЛАХ ГЭЖ ХИЧЭЭГЭЭД БАЙГАА Ч САНХҮҮЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ
-Манай улсад хамтарсан баг ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл тэдний үйл ажиллагаа төдийлөн сайжрахгүй байх шиг. Танай байгууллагынхан үүнд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь ганц хүний асуудал мэт боловч аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, хууль зүйн өргөн хүрээний үр дагаврыг бий болгодог. Тиймээс манай төвийнхөн анх 2004 оноос хамтарсан багаар ажиллах загварыг нэвтрүүлж, туршиж, хөгжүүлсэн юм. 2007 онд анхны хамтарсан багийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж байв. Хамтарсан багт эмч, багш, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, Засаг дарга нар ажилладаг шүү дээ. 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтарсан багийг албан ёсны бүтэц болгосон. Одоогоор улсын хэмжээнд 700 гаруй баг бий. Манай төв Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2021 онд хамтарсан багуудын үйл ажиллагаанд мониторинг хийсэн юм. Уг нь тэд ажиллах гэж хичээгээд байгаа боловч санхүүжилт, хүний нөөц, арга зүйн дэмжлэг дутмаг байна.
Төрийн байгууллагууд хамтарсан багт зориулсан сургалтууд явуулдаг нь сайшаалтай ч агуулга, хөтөлбөр нь нэгдсэн биш. Мөн хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг эзэмшүүлэх талаар учир дутагдалтай. Хамтарсан багийнхан хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх ёстойгоо ойлгодоггүй. Улмаар үр дүнтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа юм. Мөн багийн бүх гишүүний ажил үүргийн хуваарь, үр дүнгийн гэрээнд юу хийх ёстойг нь бүрэн тусгаагүй. Өөрөөр хэлбэл, хуулиар үүрэг хүлээсэн ч ажлын үр дүнгийн үзүүлэлтэд нь оруулаагүй учраас тэд хамтарсан багийг хавсарга ажил гээд ач холбогдол өгдөггүй. Нийгмийн ажилтнууд гэхэд хамтарсан багийн чиг үүргийг гүйцэтгэхээсээ илүүтэй хог, нохой устгал, цэрэг татлага зэрэгтэй л зууралдаж байгаа. Өөрөөр хэлбэл, салбар салбарын мэргэжилтнүүдийн ажил үүргийг уялдуулах, холбох арга хэмжээ хангалтгүй. Ихэнх баг хааяа хуралддаг буюу хэлбэрийн төдий л ажилладаг.
Уг нь тэдэнд тухайн орон нутгийн бүх айлын судалгаа бий. Хэдэн хүн ам, хэчнээн өрхтэй, тэдгээрээс хэд нь хүчирхийллийн харилцаатай, архины хамааралтай гэхчлэн 20 гаруй судалгаа, бүх төрлийн мэдээлэл нь байдаг. Харамсалтай нь, цуглуулсан судалгаа, мэдээллээ ашиглаж чаддаггүй. Жишээ нь, орон нутагт хүчирхийлэл үйлдэгдлээ гэхэд буруутай этгээдийг түр тусгаарлах байр байдаггүй. Хохирогчоо аймгийн төв рүү хамгаалах байранд хүргэж өгье гэхээр зардал байхгүй. Зардлаа төсөвлөж мэддэггүй, орон нутгийнхаа ИТХ-даа төлөвлөгөөгөө танилцуулаад, төсвөө шийдүүлж чаддаггүй. Энэ мэт ур чадвар байхгүй учраас хамтарсан багийнхан дээрээс мөнгө ирэх нь үү, үгүй юү гэж хүлээж суудаг.
Ирэхээр нь юунд зарцуулахаа мэддэггүй. Газар дээр нь очихоор манайд асуудал гараагүй л гэдэг. “Тэгвэл яагаад танайд хамгаалах байр хэрэгтэй болсон юм бэ” гэхээр “Согтохоороо эхнэрээ зоддог хүн зөндөө бий. Тийм үед эхнэрийг нь түр байлгах байр хэрэгтэй” гэх жишээтэй. Гэр бүлийн хүчирхийллийн кэйс гэдгийг таньж мэддэггүй ийм л хүмүүс ажиллаад байгаа юм. Уг нь хамтарсан багийнхан сумынхаа иргэдийг соён гэгээрүүлэх, хуулиа сурталчлах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтээ л төвлөрч ажиллах ёстой. Гэтэл энд тэндхийн шалгалт, судалгаа хийхээс хэтэрдэггүй юм билээ. Ийм учраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн ноцтой асуудал үүсэнгүүт дээр, дооргүй сандарч, бужигнадаг. Хэдэн мэргэжилтнээ шөнөжин суулгах юм уу, ийш тийш нь явуулж стресстүүлдэг. Уг нь хэн ямар үүрэг хүлээх нь тодорхой, төлөвлөгөөтэй, төсөвтэй бол хамтарсан багийнхан өөрсдөө мэдээд л ажлаа хийчихнэ.
-Хамтарсан багийн үйлажиллагааг цаашид Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд зохицуулахаар төсөлд тусгасан юм билээ. Энэ нь хэр оновчтой зохицуулалт вэ?
-Хамтарсан багийн үйл ажиллагааг зөвхөн хүүхэд хамгаалалд төвлөрүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь гэр бүлээс хүүхдийг нь салгаад, хамгаална гэсэн үг. Зөвхөн хүүхэд хамгаалдаг хамтарсан баг байгуулах нь маш оновчгүй зохицуулалт. Одоогийн нөхцөл байдлаас дээрдэх биш, дордоно гэсэн үг. Хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хасахаар хуулийн төсөлд заажээ. Ийм тохиолдолд хамтарсан багт гэр бүлийн хүчирхийлэл хамааралгүй болно гэсэн үг.
“Бид зөвхөн хүүхэд л хамгаална, бусад нь хамаагүй” гэх нь байна шүү дээ. Хүүхдийн асуудлыг гэр бүлээс нь салгаснаар суурь шалтгаантай биш, үр дагавартай тэмцдэг данхайсан бүтэц бий болно. Иймээс хуулийн төсөл боловсруулж буй болон үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Манай улс уг нь маш цөөхөн хүн амтай шүү дээ. Бараг л томхон компанийн ажилчидтай тэнцэнэ биз дээ. Тийм атал дотор нь бужигнуулаад, тал тал тийш нь тараагаад, хүүхдийг чинь л хамгаална, ээж, аав нь цаашаа гэж болохгүй. Тэгснээ та хоёр ерөөсөө бүтэхгүй нь гээд эцэг, эх байх эрхийг нь хасаад, хүүхдийг нь өөр хүнд үрчлүүлнэ. Боловсруулаад буй хуулийн төслүүдийг харахаар ийм л дүр зураг буугаад байна. Төрийн бодлого уг нь хүн төвтэй, хүний эрхэд суурилсан байх нь чухал шүү дээ.