“Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Юуны түрүүнд ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой таны байр суурь, үнэлэлт дүгнэлтийг сонсъё?
-Монгол Улсын 2025 оны төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буй. Тэгэхээр өмнөх жилүүдийн адил өндөр алдагдалтай төсөв баталж болзошгүй байна. Түүнчлэн зээлийн үйлчилгээний төлбөрт 1.3 их наяд төгрөг төлөхөөр төсөвлөсөн. Энэ нөхцөлд юуны түрүүнд төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг оруулж ирэхдээ үр ашгийн тооцоо судалгааг нухацтай хийхэд анхаарах хэрэгтэй. 2025 онд дэд бүтцийн 38 шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Эдгээрийн ТЭЗҮ, нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд төдийгүй парламентын гишүүдэд хүртээмжтэй, дэлгэрэнгүй байдлаар ил болгож, төсвийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн хэлэлцүүлгүүдийг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай.
Ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг харахад зам, тээврийн салбарынх давамгай байна. Шинээр 19 чиглэлд зам тавихаар төлөвлөж, 640 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл бидэнд эрчим хүчний салбараа дэмжих, эх үүсвэр, хангамжийг нь нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага хамгийн их тулгарч буй. Хангамж муу учраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг хязгаарлах арга хэмжээг сүүлийн үед хэрэгжүүлж эхэлсэн. Эрчим хүчний эх үүсвэрээ нэмж, найдвартай байдлыг нь хангахын тулд энэ салбар луу чиглэсэн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх хэрэгтэй. Ирэх оны төсөвт эрчим хүчний есөн шинэ төсөлд 70 гаруй тэрбум төгрөг л хуваарилсан. Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдээ ач холбогдлоор нь үнэлээд, нэн тэргүүнд тавих шаардлагагүй ажлуудыг хойшлуулах замаар үүнийг шийдэх боломжтой. Тухайлбал, аялал жуулчлалын зориулалтаар Амарбаясгалант хийд, Өгий нуур луу тавихаар төлөвлөсөн авто замын ажлыг хойшлуулж болно. Үүнээс илүү эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нийслэлчүүдийн гол тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндийн асуудал хамгийн чухал нь юм.
2025 оны төсвийн танилцуулгад “БНХАУ, ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна” гэж тусгасан. Монгол Улс өмнөд хөрштэйгөө энэ чиглэлээр хэлэлцээр байгуулбал эдийн засагт нь ямар нөлөө үзүүлэх вэ. Энэ талаарх тооцоо, нөлөөллийн судалгааг мэдээж урьдчилан хийсэн байх ёстой. Хэрэв хийсэн бол үүнийгээ УИХ, олон нийт, судлаач, шинжээчдээр хэлэлцүүлэх шаардлагатай. Бид энэ том хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээр хийвэл яг ямар үр нөлөөтэй байх вэ гэдэг нь нухацтай авч үзэх асуудал. ОХУ-тай байгуулах хэлэлцээрийн тухайд ч ялгаагүй, хариуцлагатай хандах ёстой.
-Төсөвтэй холбоотойгоор анхаарал татаж буй сэдэв нь мега төсөл. Засгийн газар ирэх онд мега төсөл хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг төсөвлөсөн. Яг өнөөгийн нөхцөлд томоохон хэмжээний төслүүдийг нэгэн зэрэг эхлүүлэх, үүнтэй холбоотой бэлтгэл хангах, ТЭЗҮ боловсруулах зэрэгт их хэмжээний хөрөнгө зарцуулах нь хэр тохиромжтой вэ?
-Эдгээр төслийн ТЭЗҮ-ийг төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Алт цэвэршүүлэх, зэс, ган боловсруулах үйлдвэр барих зэрэг зарим төслийн ажилд Засгийн газар оролцох нь зүйтэй, эсэхийг хэлэлцэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж юу байна вэ гэдгийг эрэлхийлэх хэрэгтэй болов уу. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр боллоо гэхэд татварын болон бусад хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрхэн үзүүлэх талаарх санал, нөхцөлүүдээ авч үзнэ. Хөрөнгө оруулалт татах боломжгүй тохиолдолд ТЭЗҮ боловсруулахад төсвөөс хөрөнгө гаргах, мөн хувийн хэвшилтэй хамтрах алхмуудыг хийх нь зүйтэй.
“Шинэ Хархорум” төслийн тухайд Хархориныг улсын нийслэл болгох уу, эсвэл түүхэн аялал жуулчлалын бүс байдлаар хөгжүүлэх үү гэдгээ бүрэн шийдэж байж зураг төсвөө боловсруулах нь илүү бодитой. Улсын нийслэл болгоно гэвэл мэдээж илүү нарийн стандарт тавих, хүчин чадалтай байх шаардлага үүснэ. Энэ мэтчилэн төслүүдийнхээ цар хүрээг тодорхой болгосны дараа ТЭЗҮ-ээ боловсруулбал төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадна. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөөд буй. Том төслүүдийг зэрэг эхлүүлэх нь бодитой, тохиромжтой биш гэж харж байна. Цөөн цөөнөөр, ээлж дараатай эхлүүлэх хэрэгтэй болов уу. Эдгээр төсөлд Засгийн газар өрийн баталгаа гаргахаар төлөвлөгөөндөө тусгасан. Энэ бол нэг төрлийн өр л гэсэн үг. Үүнийг ч мөн нухацтай авч үзэх шаардлагатай.
-Мега төслүүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацааны төлөвлөлт шаарддаг, боловсон хүчин, өндөр технологиос эхлээд “хэрэгцээ” ихтэй. Харин манай улсад ийм чадамж, туршлага байхгүй. Жижиг төслүүдийг хүртэл хэдэн он дамнуулан сунжруулж, төсөвт дарамт учруулдаг, алдагдал хүлээдэг. Хэрэв мега төслүүдээ төлөвлөсөн ёсоороо урагшлуулж чадахгүй бол эдийн засагт ямар эрсдэл учрах вэ?
-Засгийн газар өрийн баталгаа гаргана гэдэг нь төсөвт тодорхой хэмжээний ачаалал үүсгэх эрсдэлтэй л гэсэн үг. Тиймээс эрсдэлийн тооцооллоо сайтар хийсний үндсэн дээр төслүүдээ эрэмбэ дараатай урагшлуулах хэрэгтэй болов уу. Ажиллах хүчний бодит нөөц боломжоо ч тооцох шаардлагатай. Манай улсад хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн гүйцэтгэгч нь ихэнхдээ гадаадын компани байдаг шүү дээ. Энэ тохиолдолд тухайн төслийг санхүүжүүлж байгаа төсвийн хөрөнгө дотоодын эдийн засагт төдийлөн шингэдэггүй, гүйцэтгэгчдэд очдог. Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, төсвийн зарлагаа хэмнэх боломжтой
-Бүсчилсэн хөгжлийг дэмжих, үүний суурийг тавих зорилгоор ирэх дөрвөн жилд 4400 км зам тавихаар төлөвлөсөн. Үүний тэн хагас орчим буюу 2100 км замын ажлыг ирэх онд 1.6 их наяд төгрөгөөр хийхээр төсөвт тусгасан байна. Энэ нь хэр оновчтой, цагаа олсон төлөвлөлт вэ?
-Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, аймгийн төвүүдийг холбох авто замуудын ажлыг ирэх онд хийхээр зардлыг нь төсөвт суулгасан. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгаа улсын хувьд зөвхөн уул уурхай, нүүрсний экспортыг дэмжих дэд бүтцэд анхаарах нь тохиромжгүй. Бусад салбар, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ гэдэг нь илүү чухал. Манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортолж, гадаад худалдааны үзүүлэлт түүхэн дээд түвшинд хүрсэн. Харин цаашид үүнийгээ нэмэгдүүлэх боломжтой юу, тийм хэрэгцээ бий юү, энэ эрэлт хадгалагдсаар байх уу гэдэг нь эргэлзээтэй.
-2025 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэдэг байр суурь судлаачдын дунд зонхилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийн өсөлтийг найман хувьд, ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон. Энэ бол нэлээд өндөр үзүүлэлт. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа БНХАУ-д нийлүүлдэг нүүрсний эрэлт багасах зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад төсвийн орлого буурах эрсдэлтэй. Эдийн засгийн өсөлтөө хамгийн дээд түвшнээр нь бус, ядаж дунджаар тооцон зарлагаа төлөвлөж байвал илүү бодитой юм. Ер нь төсвөө аль болох алдагдалгүй батлах хэрэгтэй.
-Төсвийн орлого 33.9, зарлага 35.8, алдагдал 1.9 их наяд төгрөг гэж тооцсон. Алдагдлаа бууруулахын тулд ямар зардлыг хэмнэж, тэвчиж болох вэ?
-Нэн түрүүнд тоног төхөөрөмжийн зардал байна. УИХ-ын Тамгын газрын ч юм уу, төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжүүдийн зардлыг жил болгоны төсөвт тусгадаг. Энэ нь багагүй хэмжээний мөнгө байдаг. Цаашлаад төрийн албан хаагчийн тоог цөөлөхөд анхаарах хэрэгтэй. Засгийн газар цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд нэлээд олон, шинэ программ хангамж (цахим платформууд)-ийг хэрэглээ, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Худалдан авах ажиллагааны цахим сайтаас харахад программ хангамжийн зардал маш өндөр байдаг. Тэгвэл үүний үр дүнд юуг хэмнэж болохоор байна, төрийн албан хаагчдын тоог бууруулах боломжтой юу гэдгийг тооцож, төрийн бүтцийг цомхотгох боломжтой.
-Төрийн албыг цомхотгох, санхүүжилтийг нь хэмнэхэд анхаарч байна гэх боловч төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал нь эсрэгээрээ “данхайгаад” байдаг нь хачирхалтай. Уг нь төрийн бүтцийг цомхон байлгахын гол зорилго нь эдийн засгийн хэмнэлт шүү дээ.
-Нэмж төрийн өмчит компани байгуулахгүй байхад анхаарах цаг болжээ. Мөн төр аж ахуйн шинж чанартай аар саар ажилд оролцохоо болих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд төрөөс маш олон жижиг төсөлд хөрөнгө оруулсан. Жишээ нь, 2022 онд Булган аймгийн Тэшиг сумд цөцгийн тос үйлдвэрлэх сүүний ферм байгуулах ажлыг эхлүүлсэн боловч өнөөг хүртэл дуусаагүй байгааг төсвийн хөрөнгө оруулалтын цахим хуудаснаас харж болно. Төр аж ахуйн ажилд оролцохгүй гэдэг байр суурин дээрээ бат зогсож, жижиг төслүүдийг нэмж санхүүжүүлэхгүй байх нь нэг төрлийн хэмнэлт. 2025 оны тухайд хуучин төслүүдийн ажлыг дуусгах зорилго тавьсан учраас шинэ төсөл харьцангуй цөөн оруулж ирсэн.
-Засгийн газрын тэргүүн “Манай улс өмнө нь жилд 400-500 төслийг улсын төсвөөс санхүүжүүлдэг байсан. Харин одоо ач холбогдлоор нь эрэмбэлж, энэ тоог 10 дахин бууруулаад байна” гэж мэдэгдсэн. Засгийн газар төсөл, хөтөлбөрүүдээ нийгэм, эдийн засгийн үр өгөөж, хэрэгцээ шаардлагаар нь үнэхээр эрэмбэлж чадаж байгаа юу. Эсвэл зүгээр тоогоор нь л “оролдоод” байна уу?
-Төслүүдийн ач холбогдлын эрэмбэ, оноо, үнэлгээний мэдээллийг олон нийтэд ил болгох шаардлага бий. Ингэснээр илүү бодитой, ул суурьтай дүн шинжилгээ хийх, нийтээрээ хэлэлцэх боломж бүрдэнэ. Энэ мэдээлэл ил тод биш учраас эрэмбэлж, харьцуулах боломж хомс байна. 2024 оны төсвийн төсөлд ач холбогдол, үр өгөөж нь бүрхэг, эргэлзээтэй цөөнгүй төслийг тусгасан. Одоо яригдаж буй мега төслүүдийн ач холбогдлын эрэмбэ, үнэлгээний мэдээллийг Сангийн яам ил болгох хэрэгтэй.
-Үүнтэй холбоотой мэдээллийг нууцлах хууль зүйн үндэслэл бий юү?
-Уг нь Төсвийн тухай хуулиараа бол төсвийн мэдээлэл ил тод байх ёстой. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс хөрөнгө оруулалтын төслийн талаар бүрэн мэдээлэл авч байж үндэслэлтэй, зөв шийдвэр гаргах нөхцөл бүрддэг.
-2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон улсын нөхцөл байдлыг хэр бодитой харгалзсан байна вэ?
-Геополитик, нүүрсний ханш зэргээс шалтгаалсан эрсдэлүүд бий талаар төсөлд дурдсан ч төсвийн орлогоо маш өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн өсөлтийн таамаглал, тооцооллыг гуравдугаар сард хийгээд Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яаманд хүргүүлдэг. Эдгээр тооцооллоос нэлээд дээгүүр төсөөлөл, үзүүлэлттэй байна гэдэг дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргаад буй.
Төсвийн төслийг салбар бүрд хэлэлцүүлэхээр хуульчилсан ч хэрэгжүүлэхгүй байна
-Та төсөв төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой зарчмын асуудлыг нэлээд хөнддөг юм билээ. Бусад эдийн засагч, судлаач ч жилийн жилд төсөв тойрсон асуудлаар чамгүй ярьдаг. Засгийн газар мэргэжлийн байгууллага, хүмүүсийн санал, байр суурийг тусгаж авах, ажил хэрэг болгох тал дээр хэр уриалгахан ханддаг юм бол?
-Иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан зарим саналыг хүлээж авдаг. Харин байгууллагуудаас албан бичгээр илгээсэн саналыг ямар байдлаар тусгах боломжтой, боломжгүй вэ гэдэг талаар хариу мэдээлэл өгдөггүй. Төсөв батлах үйл явцад иргэд, олон нийтийг оролцуулъя гэвэл тэдний санал, зөвлөмжийг хүлээж авсан, эсвэл татгалзсан талаараа тайлагнах ёстой. Өнгөрсөн оны долоодугаар сард Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар тухайн жилийн наймдугаар сард багтаан ирэх оны төсвийн төслийг салбар бүрээр хэлэлцүүлж байхаар болсон. Гэвч энэ онд ийм хэлэлцүүлэг биечлэн зохион байгуулаагүй. Яамдаас цахимаар санал авсан юм билээ. Төсөвтэй холбоотой мэдээ, мэдээллийг ил тод тайлагнаж хэвшвэл иргэдийн идэвх оролцоо сайжрах ач холбогдолтой. “Нээлттэй нийгэм форум” жил болгоны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүлдэг. Баталсных нь дараа харахад бидний дэвшүүлсэн саналаас заримыг нь нааштайгаар хүлээж авч, тусгасан байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан албан ёсоор хариу өгдөггүй, эргэх холбоотой ажилладаггүй.
-Мэдээлэл нь хаалттай байдгаас болдог уу, төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоо, дуу хоолой сул байдаг. Нийгмийн сүлжээнд шүүмжлэх байдлаар л холоос “оролцож” байх шиг харагддаг юм.
-Засгийн газар, УИХ төсөв батлахаас өмнөх үйл явцад иргэдийг оролцуулах чиглэлд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингэхдээ мэдээллээ иргэдэд наалдацтай байдлаар өгөх нь чухал. Судлаачид төсвийн төсөлд дүн шинжилгээ шуурхай хийгээд, үнэлэлт дүгнэлт өгөх гэхээр төсвийн танилцуулгын тооцооллын хавсралт, хөрөнгө оруулалтын жагсаалт зэрэг баримт бичиг нь PDF юм уу, зурган хэлбэрээр нийтлэгдчихсэн байдаг. Үүнийг хөрвүүлэх гэж өчнөөн ажил болдог. Наанадаж л төсөвтэй холбоотой мэдээллүүдээ боловсруулалт хийхэд төвөггүй байдлаар ил тод болгомоор байна. Судлаачид үндэслэлтэй, сайн тооцоо судалгаа хийж гэмээнэ олон нийтэд хүргэх мэдээллийн урсгал сайжирна шүү дээ.
-Олон улсын жишгээс харахад төсөв боловсруулж, батлахдаа тогтвортой хөгжлийн бодлоготой маш сайн уялдуулдаг юм билээ. Манайх энэ тал дээр хэр анхаардаг вэ?
-Уялдаа нь сул байдаг. Төсвийн төлөвлөлтийг хийхдээ Төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг баталдаг. Боловсролын салбарт гэхэд сурагчдын сургуульд хамрагдалтын хувийг нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу. Гэхдээ төсвийн зардлаа тухайн зорилтыг хангахад хэрхэн чиглүүлж, хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа талаар хангалттай мэдээлэл олон нийтэд хүрдэггүй. Үр дүнд үндэслэн төсвийн төлөвлөлт хийхэд анхаарч эхэлж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Бас нэг зүйлийг энд онцлоход, сүүлийн жилүүдэд Төсвийн тухай хуулийг дагалдуулан олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлах болсон. Энэ жилийн хувьд харьцангуй цөөн буюу 10-аад хуулийг дагалдуулан өргөн бариад буй. Ихэнх нь татварын холбогдолтой. Өнгөрсөн жил маш олон хуулийг дагалдуулж баталсан. Хамааралгүй гэж хэлж болохуйц хуулиуд ч үүний дунд байсан. Төсвийн тухай хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нарийвчилсан тооцоо судалгаа, хэлэлцүүлэг шаардахгүйгээр баталж байгаа. Үүний хоморгонд маш чухал хуулиудад ирэх оны төсвийн тухай хуулийг дагалдуулан хэлэлцүүлэг, тооцоо судалгаагүй өөрчлөлт оруулж баталдаг явдал даамжирсан. Энэ байдлыг цаашид зогсоох хэрэгтэй.