Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бид сурагчийн дүрэмт хувцасны “эрэлд” гардаг. “Ядаж хоёр жилдээ гарын ая даачихаар эдэлгээтэй форм хаанаас авах вэ” гэхчлэн нэгнээсээ сураглана. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаар янз бүрийн л сэтгэгдэл байна. Тэдгээрийн дийлэнх нь таагүй.
Ганц сар ч өмсөөгүй байтал даавуу нь бөөстөөд, цахилгаанжаад хэрэг алга. II ангийн хүү формоо шохой, шавартай хутгаад иржээ, угаасан чинь агшчихлаа, бас их чийг даах юм. Өмдний цахилгаантай хэсгийн оёдол нь их хатуу юм. Хүүхэд цавиа маажаад байна гэхчлэн дүрэмт хувцасны “зовлон”-гийн талаар тоочжээ. Харин манай хөрш айлын бүсгүй охиныхоо формыг “Ёстой дажгүй” гэж магтлаа. Тэднийх энэ жил сурагч болсон охиндоо эгчийнх нь I ангийн формыг өмсүүлсэн гэнэ. Хэдэн жилийн өмнө том охиноо сурагч болоход хоёр янзын форм авч өгсний нэг нь шүүгээний “мухарт мартагдсан”-ыг олсон тухайгаа ярьсан ээж “Монголд үйлдвэрлэсэн форм нь азаар үлдчихсэн байна. Угааж цэвэрлэсэнгүй, сайхан сэгсрээд индүүдсэн чинь шинэ болчихсон” гэв.
2017-2018 онд Монголдоо үйлдвэрлэсэн хагас ноосон нарийн даавуун дүрэмт хувцсыг “элдэвлэсээр” байгаад зах зээлээс шахсан. Гэтэл таван жилийн дараа чанараа алдаагүй байна гэхээр юу гэсэн үг вэ. Энэ талаар уншиж, судаллаа. Зохион байгуулалт, нэгдмэл бус байдлаас болж эх орондоо үйлдвэрлэсэн сайн бүтээгдэхүүнээ “өлгийдөж” чадаагүй нь харамсалтай. Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлсэн тэр төсөл яагаад “унтарсан” талаар тодруулахаар хөнгөн үйлдвэрийн салбарт, тэр дундаа ноолуур, ноосны чиглэлээр тасралтгүй 30 гаруй жил ажилласан, Монгол Улсын ноос, ноолуурын зөвлөх инженер Л.Одгэрэлтэй уулзлаа. Яагаад энэ хүнтэй ярилцав гэхээр монгол хонины ноосоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийг хоёр гараа өргөн дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцсон мэргэжилтэн юм.
Тэрбээр “Тухайн үед уг төслийн оёдол, борлуулалт хариуцсан хэсгийнхэнтэй холбоотой асуудлаас болж ажил урагшлахаа больсон гэж боддог. Нөгөөтэйгүүр “Үнэтэй, бөөстдөг” зэргээр үндэслэл, судалгаагүйгээр шүүмжилж байсан. Цэвэр байгалийн түүхий эд ноос, ноолуур эхэндээ бага зэрэг бөөрөнхийлөгдөх нь байдаг ч эдэлгээний явцад байнга тэгэхгүй. Гадаадынхан бол үүнийг натурал ширхэгт гэдгийн баталгаа гэж үздэг. Үнийн хувьд ч жил ирэх тусам үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр бууруулах боломж байсан. Аливаа ажлын эхлэлийг тавиад жигдэрч, массыг хамарч үйлдвэрлэл явуулна гэдэг хялбар биш. Тэр тусмаа монгол хонины бүдүүн ноос буюу урьд нь хөнгөн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан үед ч зөвхөн эсгий, хивс хийдэг байсан ноосоор хамгийн хүнд технологи бүхий 52/2 номерын нарийн ээрмэл утас үйлдвэрлэн, түүгээрээ даавуу нэхэж, эцсийн гүйцэтгэн боловсруулалт хийж, бүх үйлдвэрлэлийг Монголдоо гүйцэтгэн, шинэ технологи суурьшуулсан явдал бол манай салбарын хөгжилд маш том дэвшил болсон. Энэ бол судалгаа, шинжилгээ, туршилт, тохируулга, технологи суурьшуулах, боловсон хүчнээ дахин сургах гээд нүсэр ажил. Хамгийн хүндрэл ихтэй ноосондоо гүн боловсруулалт хийж ээрмэл утас үйлдвэрлэж сүлжмэл эдлэл, нарийн даавуу нэхэж, түүнийгээ гүйцэтгэн боловсруулах нь ажлын гол цөм нь байсан.
Манай ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүд технологийн хувьд хоорондоо харилцан хамааралтай, хамтарч ажиллаж чаддаг (одоогийнхоор кластериар) тулдаа л богино хугацаанд энэ ажлыг хийсэн. Хагас ноосон нарийн даавуу, сүлжмэл хувцас маань дулаан дамжуулдаг, амьсгалдаг, хөлс, чийгийг тодорхой хэмжээнд шингээдэг, эдэлгээ даадаг, галд тэсвэртэй гээд хэрэглээний олон үзүүлэлт хангасан бүтээгдэхүүн болсон. Бид анхнаасаа л хэрэглээний эдгээр үзүүлэлтийг хангах, олон улсын ижил төстэй бүтээгдэхүүний стандартад нийцүүлж үйлдвэрлэхийг гол зорилгоо болгосон. Би даавууг хийхэд оролцсон болохоор ингэж ярьж байгаа юм биш. Өнөөдөр манай зах зээл дэх дүрэмт худцасны материалуудын дийлэнх нь дан полиэстер байна. Ийм даавуунд хэрэглээний үзүүлэлтүүд байхгүйгээс гадна үйлдвэрлэлийн явцад ямар будаг, химийн бодис ашигласан зэрэг нь тодорхойгүй. Түүнчлэн хүнд металлын орц байгаа, эсэхийг хэн ч мэдэхгүй. Одоо оёдлын үйлдвэрүүд материалаа голчлон Хятадын зах зээлээс тус тусдаа худалдан авч байгаа, чанарын баталгаа гэдэг шалгуур байх боломжгүй л болов уу. Гэтэл дотооддоо үйлдвэрлэл явуулбал стандартын мөрдөлтөд хяналт тавьж, түүнийг тасралтгүй сайжруулж, хөгжүүлж болно. Өсвөр үеийнхнийхээ хувцасны материалыг зөвхөн өнгө, хямд үнэ гэдэг үзүүлэлтээр л сонгох нь туйлын гоомой асуудал. Иргэд сүүлийн үед хүнсний аюулгүй байдал, зөв хооллолтод анхаардаг болсон шигээ хүүхдүүдийнхээ хувцас, хэрэгслийн материалд ач холбогдол өгөхгүй бол тун хэцүү харагдах юм, зөвхөн дүрэмт хувцсаар нь л бодоход” хэмээлээ.
Ноос, ноолуурын салбарт тууштай ажиллаж буй мэргэжилтэнтэй уулзсаных энэ салбарын хөгжил болон өөрийнх нь оролцсон томоохон бүтээн байгуулалтуудын талаар ч ярилцав. Эцсийн дүндээ энэ бүхэн ч монгол ноосон материалтай сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой түүх юм.
-Манай үйлдвэрлэгчид эх орондоо сурагчийн дүрэмт хувцас хийх боломж, нөөц бүрэн бий гэдгийг хэдийн баталж, техник технолгио нутагшуулчихсан. Гэтэл формыг урд хөршөөс оруулж ирсэн хэвээр байна. 2018 онд “Могол ноос”, “Блю скай кашемир” компани хамтран Монголд төдийгүй дэлхийн стандартад нийцсэн ноосон драп, сурагчийн дүрэмт хувцас оёх нарийн давуу үйлдвэрлэсэн нь шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Уг ажилд тэргүүлэх зэрэгтэй оролцсон хүний хувьд та энэ талаар тодруулаач?
-Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо (НБҮХ)-ны тэргүүн, “Нэхээсгүй эдлэл” ХХК-ийн захирал Б.Ганбат, тус холбооны гүйцэтгэх захирал, “Могол ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат нар дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг болцгооё, бусад улсад ийм туршлага байна гээд 2018 онд төслөө танилцууллаа. “Сурагчийн дүрэмт хувцасны бүрэлдэхүүн хэсэг болох хагас ноосон сүлжмэл майк, цамцыг манай сүлжмэл эрхэлдэг компаниуд хийж байгаа, оёмол хувцасны хагас ноосон даавууг “Блю скай кашемир” “Могол ноос”-ны ээрсэн утсаар үйлдвэрлэхэд хамтран ажиллаач” гэсэн. Энэ салбарт хамааралтай, хамааралгүй хэн ч байсан ийм ажлыг дэмжихгүй байх аргагүй санагдсан. Үнэхээр зөв зүйтэй, хүүхдүүдийн төлөө, эх оронч санаачилга байсан учраас би эргэлзэхгүйгээр дэмжээд, ханцуй шамлаад орчихсон.
Манай “Блю скай кашемир” компанийн үйлдвэрийн төсөл ид явж байсан үе. Тодруулбал, ноос, ноолууран шааль, ороолт, драп нэхэж эцсийн гүйцэтгэн боловсруулах будах, ээрэх, сүлжих, нэхэх, нэхэхийн гүйцэтгэн боловсруулах гэсэн үйлдвэрүүдээс бүтсэн Үйлдвэр, технологийн паркийн хэмжээний том төсөл л дөө. Тухайн үед будах, сүлжих, нэхэх, ээрэх үйлдвэрүүд маань тоног төхөөрөмжөө суурилуулсан, нэхэхийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр проектын дагуу барилга засварын ажил дуусаад тоног төхөөрөмж суурилуулах ажил эхэлж байлаа. Үүнтэй зэрэгцээд сурагчийн дүрэмт хувцасны даавуу хийх ажил эхлэх гэтэл манай төсөлд нарийн даавууг гүйцэтгэн боловсруулах зориулалтын зарим тоног төхөөрөмж байгаагүй учраас хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаад нэмэлтээр захиаллаа. Гадаадын түншүүдийнхээ тусламжаар би эдгээр тоног төхөөрөмжийг маш хурдан олж авсан. Нэгэнт нэмж тоног төхөөрөмж суурилуулах болсон тул проектоо өөрчлөх, нэмэлт зай талбай гаргах, ус, уур, бохирын шугам хоолой татах гээд ажил нэмэгдсэн. Үүнд нэлээд хугацаа, гүйцэтгэл шаардлагатай. Ялангуяа шинэ тоног төхөөрөмжүүдэд зориулж инженерийн шугам, хоолой, дэд бүтэц бий болгох талбай чөлөөлнө гэдэг бол амар биш. “Блю скай кашемир”-ын хэрэгжүүлж буй төслийн хувьд бид өөрсдөө, өөрөөр хэлбэл манай монгол инженерүүдийн баг проект, зурагт төсөл, угсралт гээд бүгдийг хариуцаж хийсэн учраас ийм өөрчлөлт хийхэд хялбар байсан. Ингээд ажил буцалж, бужигнаж байсан үед дахиад нэг, маш том үйлдвэрлэл эхлүүлсэн дээ. Одоо бодоход ч аймаар санагддаг, яаж амжуулсан юм бол гэж.
Монгол хонины бүдүүн ноосны ноолуурлаг ширхэгтээр сүлжмэлийн 26/2, нэхмэлийн 52/2 номерын ээрмэл утас үйлдвэрлээд сүлжмэл хувцас, нарийн даавуу үйлдвэрлэх ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн энэ ажил бол хэдэн метр даавууг давхарлаж эсгээд оёхоос өөр, их ярвигтай л даа. Сүлжмэлийн ээрмэлийг “Сор”, “Саншеро” ХХК зэрэг хэдэн компани хийсэн, би тэдний сэтгэл, зүтгэлийг биширдэг.
За ингээд бид зорилгодоо хүрч даавуугаа үйлдвэрлэчихлээ. ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн шинжилгээгээр чанар, хийц сайн болсон нь нотлогдож салбарын мэргэжилтнүүдээс маш өндөр үнэлгээ авав. Монголд анх удаа ноолуур, ноосон драп гүйцэтгэн боловсруулж, дүрэмт хувцасны материал хийчихлээ шүүдээ. Энэ бол гарцаагүй түүхэн үйл явдал. Манай хөнгөн үйлдвэрийн салбарт өмнө нь хонины ноосоор ийм нарийн утас хийж байгаагүй. Энэ талаар “Хөнгөн үйлдвэрийн салбарт том нээлт боллоо” гэж дүгнэж, шуугисан. Ингээд ярихад хэдхэн өгүүлбэрт багтах боловч энэ бол олон жилийн судалгаа, шинжилгээнд тулгуурласан нүсэр ажил. Гэтэл эл төсөл удаан үргэлжлээгүй. Уг нь НБҮХ-ныхон дүрэмт хувцсаа тодорхой сургуулиудад тарааж, хэрэглээ талын судалгаа хүртэл хийчихсэн, машинт үйлдвэрлэлийнхэн дамжлага бүртээ нарийн зохион байгуулалттайгаар хичээж, зүтгэж хэрэгжүүлж эхэлсэн төсөл шүү дээ. Энэ бол зөвхөн сурагчийнхаар тогтохгүй цаашлаад батлан хамгаалахын зориулалттай болон төрийн албан хаагчийн дүрэмт хувцсыг дотооддоо бүрэн хийж, хангах үндэсний хэмжээний асар том бүтээн байгуулалт болж өрнөх ажил байсан юм.
-Үндэсний үйлдвэрүүд, оёдолчдоо дэмжих төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл гэж тухайн үед сурталчилсан. Тухайн үеийн статистик мэдээгээр, оёдлын 139 компани энэ ажилд оролцож, 3550 гаруй хүн ажлын байртай болжээ. Гэтэл тодорхой хэсэг хүний алдаанаас болж бусад аж ахуйн нэгж, холбоо, үйлдвэр, тухайлбал, овор, үнэ ихтэй тоног төхөөрөмж авчирч суурилуулсан “Блю скай кашемир”, “Могол ноос” хэр хохирол амссан бол?
-Сурагчийн дүрэмт хувцсыг заавал ноосон буюу хагас нарийн даавуугаар хийх болсон шалтгаан нь ноос бол манай орны уур амьсгалд нэн тохиромжтой, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зэрэг олон давуу талтай материал. Хамгийн чухал нь зориулалтынх нь дагуу ноосон утсыг өндөр технологиор үйлдвэрлэчихсэн, түүгээр нь өөр олон бүтээгдэхүүн хийх боломжтой. Ийм өргөн хүрээтэй, дотоодын үйлдвэрлэл төрөлжин, салбарлан хөгжих учраас би энэ төслийг дэмжсэн. Тухайн үед “Төсөл хэрэгжээд явахад манай үйлдвэр дангаараа гүйцэтгэж чадахгүй. Явцын дунд хүчин чадлаа нэмэх, эсвэл энэ төрлийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах компаниуд татагдан орох ёстой гэж мэргэжлийн хүний хувьд үгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, монгол хониныхоо ноосыг боловсруулаад, хөнгөн болон оёдлын үйлдвэрүүд хамтдаа өндийж хөгжих тийм л өргөн цараатай, өсөх өгөөжтэй, алсын хараатай ажил байлаа. Ингэж итгэл үнэмшлээрээ нэгдэж, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн ажлын үр дүн харагдахгүй болохоор харамсалтай л даа. “Блю скай кашемир”, “Могол ноос” гээд төсөлд хамрагдсан ноосны бүх үйлдвэр ямар нэг хэмжээгээр хохирол амссан.
-Үндэсний бахархлын хэмжээнд яригдах төсөл зогсжээ. Гэхдээ утсыг нь ээрч, даавуу үйлдвэрлэх технологи нь бэлэн байгаа энэ ажлыг цаашид дахин эхлүүлж, баттай хэрэгжүүлэх боломж хэр байдаг бол мэргэжлийн хүний хувьд юу гэж боддог вэ. Хэрэв сэргээхээр бол өдгөө хувийн хэвшлийнхэн бус, Засгийн газрын санаачилга чухал санагдана. Та санал нийлэх үү?
-Хэрэв монгол ноосон даавуугаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлээд ирсэн бол өдийд оёдол болон бусад чиглэлээр үндэсний үйлдвэрүүд нэгдсэн зохион байгуулалтад орчихсон, чамлахааргүй чадавхжаад, туршлагажиж, эдийн засгийн эргэлт нь багагүй өсөж, гадагшаа гардаг мөнгөн урсгал тодорхой хэмжээнд эх орондоо үлдэх байлаа. Тэр ч бүү хэл оёдлын үйлдвэрүүд гадаадын том брэндүүдийн хувцас захиалга орж ирэхэд бэлтгэгдчихсэн байх хугацаа, боломжийг алдсан. Тэгэхээр энэ төслийг дахин эхлүүлэх, сэргээх нь нэн чухал ач холбогдолтой, тэр цагт хатуу бодлого ч хэрэгтэй гэж боддог. Төслийн цар хүрээ нь ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс гадна оёдлын үйлдвэрлэл бүтэн салбараараа кластрын журмаар хамтран ажиллаж сэргэн, хөгжих цаашлаад ноосоо тогтмол дотоодын үйлдвэрүүддээ нийлүүлснээр малчид ч энэ ажилд оролцдог тогтолцоо үүсэх боломж. Монгол хонины ноосоо ашиглана, энэ мөнгө Монголдоо үлдэнэ. Даавуу үйлдвэрлэхэд ажлын байр нэмэгдэнэ, өртөг нэмэгдүүлсэн бүх зардал мөн л эх орондоо үлдэнэ гэхчлэн яривал олон зүйл бий. Ер нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Энэ салбарт ажлын байр байнга тогтвортой нэмэгдэнэ гэдэг бол нийгэмд маш их ач холбогдолтой. Бидний тооцоогоор сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 8000-10 000 ажлын байр нэмэгдэхээр байсан, цаашид батлан хамгаалах, төмөр зам, бусад дүрэмт хувцасны хэрэгцээг тооцвол энэ тоо 5-6 дахин өснө шүү дээ.
-Манай ноолууран бүтээгдэхүүнүүд олон улсад эрэлттэй. Ноосны чиглэлээр ийм хэмжээнд хүрэх боломж хэр байдаг бол. Ер нь Монголын ноос, ноолуурын салбарын хөгжлийг та хэрхэн хардаг вэ?
-Монголд ноолуурын салбарын хөгжил өндөр түвшинд хүрч олон улсын тавцанд өрсөлдэхүйц хэмжээнд очсон. Ноолуур бэлтгэлээрээ дэлхийд хоёрдугаарт явж байна. Манай экспортын дийлэнх хувийг хялгасыг нь ялгасан ноолуур эзэлдэг. Энэ салбарынхан эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой маш идэвхтэй ажиллаж байна. Ер нь ноос, ноолуураар сүлжмэл эдлэлээс гадна нэхмэл эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хардаг, энэ тал дээр ч илүү анхаарч ажиллаж ирсэн.
Нэгэн үед монголчууд ноосоо үнэгүйдүүлж, 2000-аад оны эхээр “Ноосоо буурин дээрээ хаяад нүүж байна” гэсэн таагүй мэдээ түгээмэл байлаа. Тэр үед энэ чиглэлийн олон үйлдвэр, аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Тийм хүнд хэцүү цагт ч шантралгүй өдийг хүртэл ноостойгоо “зууралдаж” үлдсэн, урт түүхтэй компани өнөөдөр цөөхөн бий. НБҮХ-ны санаачилгын үр дүнд төр, засгийн шийдвэр гарч үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчдад ноосны урамшуулал олгодог болсон. Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн, үйлдвэрүүд түүхий эд материалтайгаа байх, цаашид хөгжихөд нь ихээхэн түлхэц болсон шийдвэр. Өдгөө монгол хонины ноосоор даавуу, драп, ноосон бордоо, төрөл бүрийн дулаалгын материал үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна шүү дээ.
Ноос, ноолуурын үйлдвэрийн салбарт сүлжмэл, нэхмэл гэсэн хоёр чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Ингэхдээ сүлжмэлийн үйлдвэрлэл илүү хөгжиж, нэхмэл нь учир дутагдалтай байлаа. Яагаад гэхээр, түүхий эд ширхэгтийг явуулж, дараа нь утас хийгээд, будаад нэхмэл бүтээгдэхүүн хийж, түүнийг гүйцэтгэн боловсруулна гэдэг бол асар олон дамжлагатай машинт үйлдвэрлэл юм. Тэр тусмаа мэргэжлийнхний хэллэгээр түүхий даавууг боловсруулахад өндөр технологи бүхий овор ихтэй, урт циклүүдтэй машинт тоног төхөөрөмж шаардлагатай. Асар том дамжлагат үйлдвэр гэсэн үг. Өртөг, үнэ ихтэй учраас тэр болгон компаниуд авах боломжгүй. Энэ утгаараа нэхмэлийн чиглэлээр олон компани бий болж, өсөж тэлж, нэр төрлөө нэмэгдүүлж чадаагүй байдаг. “Говь” компани гэхэд л нэхмэлийн үйлдвэртэй ч тэмээний ноосон хөнжил, ороолт, шааль л нэхэж байсан. Чанарын шаардлага хангасан даавуу, драп үйлдвэрлэдэггүй байлаа, энд гол нь өргөн хэрэглээний материал даавуу, драп үйлдвэрлэхэд гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэл хамгийн чухал. Энд л нөгөө ноос, ноолууран материалын гол үзүүлэлтүүд өөрөөр хэлбэл, үзэмж (боловсруулалтын олон арга бий), дулаан хадгалах, агаар, ус нэвтрүүлэх, үл нэвтрүүлэх чадвар зэрэг үзүүлэлтийг бий болгодог юм.
Би ноос, ноолууран нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү ажилласан. Энэ чиглэлээр “Говь” компани нэхмэл бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, экспортод гаргах зорилгын хүрээнд намайг урьснаар 2007 онд тус байгууллагад орсон. Тэнд ургамлаар үслэх гэж нэрлэдэг технологиор шааль, ороолт боловсруулж эхэлсэн нь ноолуурын хэрэглээ ихтэй, өндөр хөгжилтэй орнуудын захиалагчдын эрэлт, шаардлагад нийцэж, энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт эрс нэмэгдсэн. 2009 онд “Говь” компани ноолууран даавуу, драпаа нэхэж зах зээлийн шаадлагад нийцүүлсэн эцсийн боловсруулалтыг БНСУ-д туршлага бүхий компанид хийлгэх санал, санаачилгыг мэргэжлийн хүний хувьд гаргаж, зохион байгуулж, амжилтай хэрэгжүүлсэн маань “Говь” компанийн дэлхийг ноолууран пальтогоор хангах том зорилгын эхлэл болсон. Тухайн үед Ц.Баатарсайхан захирал намайг маш сайн дэмжиж, богино хугацаанд үр дүнд хүрсэн. Өдгөө энэ чиглэлээр арвин туршлагатай болсон “Говь” компани дэлхийг ноолууран пальтогоор хангах том зорилготой явж байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хийсэн технологийн шинэчлэл, шийдлүүд ийм чухал нөлөөтэй байдгийн ганц жишээ энэ.
-Та “Блю скай кашемир”-т ажиллах хугацаандаа компанийн төдийгүй Монголын түүхэн бүтээн байгуулалтад оролцож, шинэ технологиудыг амжилттай нэвтрүүлжээ. Салбарынхан энэ талаар “нүсэр ажил” гэж тодотгодог юм билээ.
-“Блю скай кашемир” ХХК-ийн төсөл нь 350 тн ноос, ноолуур будах хүчин чадал бүхий Будах, 60-70 тн 12/1-26/2 номерын ноолууран бүдүүн ээрмэл үйлдвэрлэх Ээрэх, 90-100 000 ширхэг ноолууран сүлжмэл эдлэл хийх Сүлжих, 650 000 метр даавуу, драп нэхэх Нэхмэлийн, ноос, ноолууран нэхмэл материалыг гүйцэтгэн боловсруулах Нэхэхийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрүүдээс бүтдэг. Итали, Герман, Японы тоног төхөөрөмжүүдтэй том төсөл, Үйлдвэр технологийн парк гэсэн үг л дээ. Арьс, шир боловсруулах үйлдвэрийн хуучин барилгын 13 000-14 000 ам метр талбайг ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн технологийн шаардлагын дагуу өөрчлөн засварлаж цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны шугам хоолой, хий, агааржуулалтын систем бүхий инженерийн дэд бүтцийн цогц бүтээн байгуулалттай бие даасан таван үйлдвэр, хоёр лабораторитой энэ том бүтээн байгуулалтыг проектоос нь эхлэн би удирдсан боловч чиглэл чиглэлээрээ мэргэшсэн монгол сайн инженер, менежерүүдийн баг гүйцэтгэсэн, бид үүгээрээ бахархдаг даа. Ингэж манайх олон улсын жишигт нийцүүлэн ноос, ноолууран даавуу, драпанд эцсийн гүйцэтгэн боловсруулалт хийдэг Монголын анхны үйлдвэр болсон юм. Үүгээр салбарыхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог.
-Үйлдвэрийн проектоос эхэлнэ гэхээр тун ярвигтай, бараг барилгын инженерийн хэмжээнд ажилласан уу?
-Уг нь үйлдвэр өөр газарт байрлаж, нэг хэсэг нь ажиллаж байсан юм. Гэхдээ тухайн байрлалд үйлдвэр бүрэн, тогтвортой ажиллах шаардлагад нийцэхгүй байсан учраас өөр газар сонгож бүгдийг нэг дор төвлөрүүлэхээр шийдсэн хэрэг. Барилгаа сонгох, хийц, даац, элэгдэл, барилгад өөрчлөлт хийх боломжийг судлах гээд бараг барилгын инженер болсон доо (инээв). Ер нь аливаа үйлдвэрийн проект хийхдээ багаар бодоход 30-40 жилийн алсыг харж үйлдвэрлэл, нэг бүрийн үйл ажиллагаа, технологи, технологийн дарааллыг хөдөлмөрийн зөв зохион байгуулалттай, хамгийн бага зардал, өндөр бүтээмжтэйгээр тооцоолдог учраас тун хариуцлагатай ажил, тэр тусмаа олон төрлийн үйлдвэрийг нэг дор зангидахад.
“ЗХУ-д Нэхмэлийн дээд сургуульд будаг, хими технологийн чиглэлээр сурч, 1985 онд төгсөж ирээд би Ээрмэлийн үйлдвэрийн будах цехэд ажилласан. Удалгүй яамнаас Нэхмэлийн үйлдвэрт томилон, технологичиос эхлээд үйлдвэр эрхэлсэн захирал хүртэл ажиллаж байтал 1999 онд өмч хувьчлал болсон. Тэр үед ажлын байргүй болж, “лааз өшиглөсөн”. Олон сайхан мэргэжилтэй боловсон хүчин зүгээр л гудамжинд хаягдсан шүү дээ. Үүний дараа “Ээрмэл” компанид ажилласан. Дан ээрмэл утас хийдэг байсан тус компани зах зээлд шилжиж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийхээр зорьсон. Нэхмэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр надад санал тавьснаар тэр хамт олонтой богинохон хугацаанд хамтран, төслийн зөвлөхөөр ажилласан. Чамлахааргүй үр дүнд хүрсэн гэж боддог. Дараа нь “Говь” компанид уригдан ажиллахдаа монгол ноолуураар дэлхийн стандартад нийцсэн ноолууран драпыг үйлдвэрлэх боломж байгааг баталсандаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн ажил амьдралынхаа гараа, өрнөлийн талаар намуухан өгүүлэх энэ хүн явсан газар бүртээ тод мөр үлдээж, тэр болгонд Монголын ноос, ноолуурын салбарын түүх баяжсан нь бахархалтай.
Түүний дотны нэг найз “Хаа явсан газарт нь ажил буцалдаг хүн гэж бий. Одгэрэл тийм л хүн” гэсэн нь оносон үг аж. Л.Одгэрэл өөрөө “Бодоод байх нь ээ, үнэхээр л миний амьдралд ажил буцалсан он жилүүд өрнөсөөр иржээ. Ер нь ямар ч хүн хөдөлмөрийн ачааллыг даагаад, даваад гардаг их хүчтэй байдаг юм билээ” хэмээн аанай л зөөлхөн инээмсэглэнэ.
Л.Одгэрэл хэмээх энэ хүнийг салбарынхан нь “Нөр хөдөлмөрч, итгэлтэй, санаачилгатай, тулхтай, жинхэнэ хамтрагч, чиглүүлэг удирдагч, Монголын ноос, ноолуурын салбарт од шиг тод хүн” гэж тодорхойлдог юм билээ. Тэрбээр эцгийнхээ нэрнээс гадна “Ээрмэлийн”, “Говийн”, “Блю скай кашемирын” хэмээх давхар “овогтой” явдаг нь ажилласан газар бүртээ мөрөө үлдээж, салбарынхаа түүхийг түүчээлэн бүтээлцсэнийг нь гэрчлэх буй за.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ