Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Японд ирэх сард эхлэх “АйчиНагоя 2026” Азийн наадамд оролцоно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадмын өмнө эмэгтэйчүүд БНХАУ болон эзэн орон, Шинэ Зеландын шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжин хотыг өчигдөр зорив. Тус тоглолтын дараа манайхан тэнд олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, сургуулилалтаа үргэлжлүүлэх юм. Энэхүү бэлтгэл нь Азийн наадмын өмнөх тоглолтын бэлэн байдлыг хангах, багийн уялдаа холбоог сайжруулах, олон улсын түвшний өрсөлдөөний туршлага хуримтлуулахад чухал нөлөөтэй юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн баг Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Японы сагсан бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Их наран улсад хөл тавилаа. Тус улсад бэлтгэл, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд тэд Японы шигшээ багийнхантай хоёр тоглолт хийх бөгөөд энэ сарын 16 хүртэл хамтарсан бэлтгэлд хамрагдана. Энэ удаа Монгол Улсын шигшээ багтай “Kelme” брэнд хамтран ажиллаж, тамирчдад тээшийн цүнх болон үүргэвч, хувцсыг гардуулан өгчээ.