УИХ-ын нэгдсэн чуулганыг даваа гарагт болтол хойшлуулсны хэрэг бас л гарсангүй. МАН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутаг, гадаадад томилолттой байсан 7-8 гишүүнээ бүгдийг нь дуудсан гэнэ. Ажлаа таслаад алга болсон С.Лүндэг ч ирц бүрдүүлэхээр ирсэн байлаа. Мөн ХҮН намын дарга Т.Доржхандын томилолт ч дуусаж. Уг нь ингэсгээд ирц бүрдэхээр тооцсон ч өчигдрийн үдээс хойших чуулган эхлэхэд 56 хүн л цугласан байв. 14.57 минутад Ерөнхий сайд Н.Учрал орж иржээ. Ингээд өнгөрсөн пүрэв гаргийн ирцээс ердөө таван хүн нэмэгдсэн гэсэн үг. Зөрөөд Б.Дэлгэрсайхан сайд Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын Зам, тээврийн сайд нарын уулзалтад явсан юм байна. “30-ийн бүлэг”-ийн өмнөх хуралдаанд суусан хүмүүсээс найм нь ирж, тасалсан заримаас нь М.Энхцэцэг, Ц.Идэрбат нар ирцэндээ орсон байв. Ямартай ч үдээс өмнө Төрийн ордон тун хөл хөдөлгөөнтэй байлаа.
Хуваарь ёсоор өчигдөр үдээс өмнө АН, МАНын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдсан юм. АН-ынхан ирцийн бойкотоо үргэлжлүүлнэ гэлээ. Тус намын дарга О.Цогтгэрэл “МАН УИХ-д 68 гишүүнтэй. Засгийн газарт хамтарсан ХҮН, Үндэсний эвслийнхнийг нэмбэл нийт 80 гишүүн бий. Тиймээс ирцээ бүрдүүлэх, Засгийн газраа огцруулахгүй байх эрх нь ч тэдэнд байгаа. Хяналт, хариуцлагын үүргээ гүйцэтгэж буй цөөнхийн бүлгийг үүндээ буруутгах хэрэггүй. Ийм ёс зүйгүй үйлдлээ зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна. АН-ынхан цалин, тэтгэврийг бодитоор нэмэхийг шаардсан. Гэтэл Засгийн газар үнийн өсөлтөд “идүүлэх” бодлого оруулж ирчхээд байхад бид хариуцлага ярих нь зүй ёсных биз дээ. Хоёр жилийн дотор гурван Засгийн газар огцруулж, ХЗДХ-ийн таван сайд сольж байгаа нь хэвийн үзэгдэл үү. Ер нь сөрөг хүчин Засгийн газрыг огцруулдаггүй. Өмнөх хоёр танхимыг ч МАН өөрсдөө огцруулсан шүү дээ. Олонх ирцээ бүрдүүлсэн нөхцөлд л бид чуулганы хуралдаанд оролцоно” гэсэн юм. Пүрэв гарагт АН-ынхнаас ганцхан Д.Ганбат гишүүн чуулганы хуралд суусан. Тэрбээр өчигдөр бас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийг өргөсөн тангаргаа санаж, үндсэн ажлаа хийн чуулгандаа суухыг уриалав. Намынхаа бүлгээс зөрсөн байр суурьтай байгаагийнх нь учрыг асуухад “Бүлгээс зайлшгүй дагах ёстой шийдвэр гаргах бол хоёр, гурван одоор үнэлдэг. Чуулганд суухгүй байх тухай албан ёсны шийдвэр гараагүй. Төсвийн хэлэлцүүлгээс авсан гурав хоногийн завсарлага дууссан, тиймээс чуулгандаа сууна” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас “мултарч” буй С.Амарсайхан гишүүн “Намайг огцруулсан ч үзэл бодлыг минь өөрчлөхгүй. Амийг минь л авчихгүй бол мэдсэн баримт, мэдээллээ цаашид ч дэлгэнэ” гэсэн сүржин мэдэгдэл хийлээ. Засгийн газарт, намдаа итгэсэн олон хүн бий ч барьцаанд орсон байна гэсэн ноцтой үгийг бас хэлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван сар ажиллахдаа тэрбээр бүлэглэлийнхээ цөөнгүй хүний хэргийг ч хаацайлсан биш, бас олон “но” илрүүлсэн, үүнд нь дургүйцсэн мафийн бүлэглэл ажиллаад байна хэмээж буй. Нэгэнт түүнийг огцруулах шийдвэрээ Ерөнхий сайд гаргасан тул Г.Тэмүүлэнг ямартай ч дэмжих гэнэ. Бас түүнтэй уулзаж, зориг тэвчээр, хатуу зарчим хэрэгтэй болдгийг сануулсан байна. “Янз бүрийн нөлөөлөл их, гаргасан шийдвэрийг буцаах гэж оролдоно, олон дарамт ирнэ. Гэр бүл, амь насаар чинь ч барьцаалах гэж оролддог учраас ухарч буцаж болохгүй гэдгийг хэлсэн” гэв. Дараагийн сайдыг томилох ёстой учраас чуулгандаа сууна гэж тэр хэлсэн ч ирцэд ороогүй байлаа.
Тэр зуурт “30-ийн бүлэг”-ийн зарим гишүүн чуулгандаа суухгүй байх инээдэмтэй шалтгаан бодож олжээ. Б.Баярбаатар гишүүн “Боловсролын сайд Л.Энх-Амгалан жагсаалтын эмэгтэй гишүүдээс уучлалт гуйтал бид чуулганд суухгүй” гэлээ. Боловсролын сайд өмнө нь нам, төр улсыг хагалан бутаргаж байгаа “түгжил”- ээр А.Ариунзаяа ба түүний нөхдийг нэрлэсэн байсан юм. Ерөнхий сайдыг хувийн сургуульдаа төсөв хуваарилахыг завдсан гэсэн мэдээллийг “илрүүлсэн” О.Саранчулуун, түүнийг нь хараагүй ч тараасан А.Ариунзаяа нар гэнэт л их гомдсон юм байх. Ард түмний эрх ашгийн төлөө ажиллахаар орж ирсэн тэдэнд хэн нэгэнд эрхэлж, туньж, түүгээрээ шалтаглан ажлаа таслах эрх үгүй юм.
МАН-ын бүлгийн хуралдааныг 10.00 цагт зарласан ч ирц нь бүрдэхгүй цаг гаруй суулаа. Улмаар 68 гишүүнээс 44 нь ирснээр сая нэг хуралджээ. Тус намын бүлгийн дарга Ж.Батжаргал “38:30 гэж талцсан гэж та нар бүү хөөрөгд. Сая бүлгийн хуралд 44 хүн суусан, 38-аас олон байгаа биз дээ. Бид бүлэглэл гэлтгүй, хөдөө орон нутаг, гадаадад томилолттой байсан хүмүүсээ дуудсан учраас чуулганы ирц бүрдэнэ байх” хэмээсэн.
Гэвч 15.00 цаг болоход 57 хүн бүртгүүлж, 45.2 хувьтай хэвээр л байлаа. МАН-ын дарга Н.Учрал амралтын өдрүүдэд “30-ийн бүлэг”-ийнхэнтэй уулзсан гэсэн мэдээлэл бас гарсан. Ирцээ бүрдүүлэх, Засгийн газраа авч үлдэхийн тулд ийм уулзалт хийх нь зүйн хэрэг. Гэвч ойлголцолд хүрээгүй аж. Л.Оюун-Эрдэнийн талынхан МАНын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг огцруул гэсэн сурагтай. Учир нь генсек “Бодлогын эсрэг ажиллаж, Засгийн газрыг огцруулах санал өгвөл хөөнө намаас хүмүүсийг хөөнө” гэсэн юм. Нам парламентын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах ёсгүй гэж тэд үзсэн тул түүнийг явуул, үгүй бол Засгийн газрыг огцруулна гэсэн сурагтай. Нэгэнт олонхыг “атгаж” чадахгүй болсон Н.Учрал харин өөрийг нь оролдвол парламентыг тараах асуудал хөндөнө гэсэн тухай цахим мэдээллийн зарим хэрэгсэлд нийтэлжээ.
УИХ-ын чуулганы ирц бүрдэхийг 18.00 цаг хүртэл хүлээсэн юм. МАН-ын даргын араас П.Сайнзориг, М.Нарантуяа-Нарагаас гадна АН-ын Р.Сэддорж, А.Ганбаатар, Д.Энхтуяа нар бүртгүүлэв. Хамгийн сүүлд буюу 17.55 цагт Ц.Даваасүрэн гишүүн нэмэгдсэнээр ирц 50 хувь хүрсэн. Гэхдээ олонхын буюу 50+1 хувийн ирцээр чуулганыг нээдэг. Ингээд нэг хүнээр ирц дутаж, зэрэгцээд ажлын цаг дууссан учраас өнөөдөр чуулганыг үргэлжлүүлэхээр хойшлууллаа. Уг нь үүгээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилохоос гадна төсвийн тодотгол, ирэх оны төсөв зэрэг олон асуудлыг хэлэлцэх байв.
Энэ өдөр мөн Сүхбаатарын талбайд хэсэг иргэн “УИХ ажлаа хий, ирцээ бүрдүүл”, “Цалин, тэтгэвэр нэм” гэсэн уриа лоозон барьж суулт хийв. Тэдний шаардлагыг Шадар сайд Х.Ганхуяг гарч очин хүлээж авсан байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ 79 ХУВЬ ХАНГАСАН ГЭВ
ХҮН намын зөвлөлийн хурлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонссон аж. Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай яваа гэнэ. Тэрбээр “ДЦС-уудад нийт 20 зуух засах ёстойгоос ес нь дууссан, бусад нь 45- 85 хувийн гүйцэтгэлтэй байна. 12 генератороос наймыг нь дууссан. Ирэх өвөл цахилгааны оргил ачаалал 1956 МВт байна. Суурилагдсан хүчин чадал нь 1836 МВт. Тиймээс оргил үеэр дутууг нөхөхийн тулд ДЦС, усан болон салхин станц, батарей хураагуураас нөөц гаргана. Үлдсэн дутагдлыг урд, хойд хөршөөс авахаас аргагүй. “ТЭЦ3”-т өнгөрсөн жил турбо генератор шатсан осол гарсан. Үүнийг засах ажил 2028 оны хоёрдугаар сард дуусна орно. Турбо генератор-7 бас засварт байгаа. “ТЭЦ-3”-ын тавдугаар турбо генераторын хугацаа 2021 онд дуусаж, акталсан ч ашигласаар ирсэн. Одоо үүнийг зогсоож, шинийг барихаар ирэх оны төсөвт 37 тэрбум төгрөг тусгасан. “ТЭЦ3”-ыг ОХУ-тай хамтран өргөтгөхөөр ТЭЗҮ хийх гэрээнд удахгүй гарын үсэг зурна, тэгэхээр хүчин чадлыг 350 МВтаар нэмнэ. “ДЦС-4”-т есдүгээр зуух шинээр барихаар ажиллаж байна. “ДЦС-5”, “ДЦС-6”-г барихаар ирэх оны төсөвт тусгасан. Амгалангийн ДЦС-ыг өргөтгөх зэргээр тооцоо хийж байна” гэлээ.