Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Тус яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Шатахуун тасралтгүй нийлүүлж байна. Одоогоор АИ-92-ын 10, АИ-95-ын 13, дизелийн түлшний 28 хоногийн нөөц бий. Онгоцны түлшний таван долоо хоногийн хангамжийг татан авсан. Түгээлт 24 цагаар, хэвийн үргэлжилж буй. Энэ сард өвлийн дизелийн түлшний нийлүүлэлтийг эхлүүлдэг. Үүнтэй холбоотойгоор үнэ нь өөрчлөгддөг бөгөөд ханш нь өсөх магадлалтай” гэлээ. Тэгвэл Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа “Өвлийн дизелийн түлш хэрэглэж эхэлж байгаа энэ үед олон улсын зах зээлд уг бүтээгдэхүүний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Тиймээс дотоодод үнэ өсөх нь тодорхой боллоо. Одоогоор манай аж ахуйн нэгжүүд түлшний үнийг өсгөөгүй байгаа бөгөөд бидний хувьд аль болох бага хэмжээгээр, гадаад нөхцөл байдалтай уялдсан бодит ханш тогтооход анхаарна” гэлээ. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар литр дизелийн түлш 4780 орчим төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 60 гаруй хувиар өссөн дүн юм.
C.Дулам