-Саньшиндуйгийн цогцолборыг дэлхийн ес дэх гайхамшиг хэмээн албан бусаар нэрлэдэг-
Гайхширах, бишрэх, алмайрах, мэлрэх, шүтэх, бахдах зэрэг үг сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Эдгээрийг “маш, үнэхээр, улам, бүр, мэл” гэхчлэн тэмдэг нэртэй хавсран хэрэглэснээр мэдрэмжийн хүчийг нэмэгдүүлнэ. Эсрэг утгатай “аймаар” гэдэг үгийг ярианы хэлэнд хүч нэмэх тодотгол болгох нь буруу хэдий ч хэрэглээнд “нэвт шингэсэн” учраас хүмүүс тэр бүр татгалзаж хэвшихгүй явсаар олон үеийнхэнд “моод” болон дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь заримдаа үнэхээр “аймаар” эрчимжүүлсэн тодотгол болдгийг үгүйсгэх аргагүй. Аян замын тэмдэглэлээ үргэлжлүүлэн дэлгэхээс өмнө монгол хэл, бичгийн хэрэглээ, дүрэм ярьж, нуршсан учир нь гарчигтай холбоотой. Хэт мэдэмхийрсэн, шууд дүгнэсэн, сэтгэл хөдлөлөө тулгасан шинжтэй гарчигт шүүмжлэлтэй ханддаг хэдий ч эртний нэгэн хотын туурь бүхий дурсгалт газрыг үзэж, бахдан ийнхүү илэрхийллээ.
Олон улсын эрдэмтэд “ХХ зууны археологийн хамгийн агуу нээлтүүдийн нэг” гэж тодотгосон, МЭӨ XII-XI зуунд оршин байсан Шугийн хаант улсын хотын туурь Хятадын Сычуань мужийн Гуанхань хотын нутагт бий. Нийт 12 ам км талбайтай. Үүнээс хэрмээр хүрээлэгдсэн гол хэсэг нь 3.6 ам км. Хотын өмнөд хэсэг тэр чигтээ тахилгад зориулагдсан гэдэг нь малтлагаар гарсан олдворуудаас илт. Эл туурийг түүх, археологийн дурсгалт газар болгон төвхнүүлж, музей байгуулаад, илрүүлсэн газрынх нь өвөрмөц тогтоцтой холбон Гурван одны дов буюу Саньшиндуй гэж нэрлэжээ. 2024 онд өргөн уудам танхимуудтай шинэ өргөтгөлийн цогцолборыг нь ашиглалтад оруулснаар тус музейг зорих нь эрс нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд зургаан сая гаруй хүн үзжээ.

БИЧИГ СОЁЛЫН ДУРСГАЛ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ
Энэ цагийн судлаачид Шу соёл хэмээн нэрлэсэн, эртний хаант улсын түүхийг гэрчлэх туурийг 1929 онд илрүүлжээ. Талбайдаа шуудуу ухаж байгаад эртний эдлэлүүд олсон Янь овогт тариачин эр гэр бүл, найз нөхдөдөө “хишиг” тарааж байгаа тухай мэдээлэл мэргэжилтнүүдийн чихийг дэлсэв. Холбогдох байгууллагынхан хавсран шуурхай хөдөлж, 400 гаруй олдворыг бүгдийг бүрэн бүтэн олжээ. Тариачин эр үнэлж баршгүй ач холбогдолтой зүйлс илрүүлснээ таамаглаагүй учраас хүүхдүүд нь хаш дугуйнуудаар тоглож байсан гэдэг. Үүнээс таван жилийн дараа 1934 онд АНУ-ын эрдэмтэн Дэвид Крокетт Грэм (хятадаар Гэ Вэйхань. 1911-1948 онд Сычуань мужийн нутгуудад ажиллаж, амьдарсан археологич)-ээр удирдуулсан багийхан албан ёсны анхны туршилтын малтлагыг тухайн газарт хийжээ. Хятад улсын дотоодын нөхцөл байдал, дэлхийн дайн зэргээс шалтгаалан судалгаа, малтлагын ажил “мартагдаж”, багагүй хугацаа өнгөрчээ. Тэгтэл 1986 онд тухайн бүс нутгаас тоосгоны үйлдвэрийн ажилчид дахин олдвор илрүүлсний дагуу удаах малтлагыг хийж, тахилын том нүхнүүд байгааг тогтоон, хосгүй үнэт “мэдээлэгчдийг” гарган авсан нь 2.62 метр өндөр, хүрэл баримал, бараг дөрвөн метр өндөр шүтээний мод, төрөл бүрийн хэмжээтэй баг зэрэг 1000 гаруй олдвор юм. Археологийн шинжлэх ухаанд тэсрэлт болсон энэ малтлагаар эртний Шугийн хаант улсын нийслэл хотын туурийг бүрэн илрүүлсэн нь Дундадын түүхэнд шинэ хуудас нэмсэн гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн байдаг. 1989-2017 онд Шугийн хотын шавар хэрэм, ханын бүтцийг тогтоох судалгааны малтлага хийсний үр дүнд цуглуулсан нэлээд хэсэг дээж болон шаврыг өдгөө музейгээс үзэх боломжтой юм билээ. Тодруулбал, Шугийн хотын хийцлэлээр, малтлагаар гарган авсан буюу өөрийнх нь үндсэн материалаар музейн нэг хэсэг ханыг үзүүлэн маягаар шавардсан нь тун ухаалаг шийдэл санагдав.
2019-2020 онд судалгааны явцад тууриас дахин тахилын зориулалттай таван нүх илрүүлсэн нь мөн л мэргэжилтнүүдийг гайхшируулсан олдворуудтай байжээ. Дараагийн хоёр жилд нь Шугийн хотын туурь дээр өндөр технологи бүхий тусгай шилэн байгууламж босгон, цаг агаараас үл шалтгаалан тасралтгүй судалгаа, малтлага хийх боломж бүрдүүлжээ. Энэ ажлын үр дүнд цэвэр алтаар хийсэн, янз бүрийн хэмжээтэй нүүрний баг, аварга зааны соёо, хаш, хүрэл эдлэлүүд олсон. Энэ малтлагаар илрүүлсэн 13 000 гаруй олдвор (3000 гаруй нь бүрэн бүтэн)-ын 543 нь алтан баг болон ялтас, 600 орчим нь хаш эдлэл гэхээр ямар өргөн хүрээг хамарсан судалгааны ажил өрнөх нь тодорхой буй за. Цаашид судалгааг үргэлжлүүлж, төлөвлөгөөт матлагуудыг хийх нь мэдээж, тэр үед чухам ямар гайхамшгууд илрэхийг ч таашгүй.

Ямартай ч анх илрүүлснээс эхлээд удаах малтлагуудаар олдсон бүх эд хэрэглэл, үнэт зүйлийг нэгтгэн, өнөөх шилэн байгууламжтай нь хамт багтаасан Саньшиндуйгийн музейд өдгөө үгүйлэгдэж буй ганц зүйл нь бичиг соёлын дурсгал. Тодруулбал, Хятадыг анх нэгтгэсэн Цинь улсад эзлэгдсэнээр МЭӨ 316 онд түүхийн хуудас нь дууссан, судлаачдын тэмдэглэснээр, өвөрмөц, бие даасан соёл иргэншилтэй байсан Шугийн хаант улсын талаар хүүрнэх бичиг соёлын өвүүд нь чухам хаана байгааг таамаглах боломжгүй. Дээр дурдсан шат дараалсан олон малтлагаар үг, үсэг шивсэн, сийлсэн цаас, чулууны хэлтэрхий ч олдоогүй нь хачирхалтай. Тиймээс өнөөгийн эл туурь дээр эрт цагт оршин байсан хотыг юу гэж нэрлэдэг байсныг мэдэх боломжгүй ажээ. Зарим археологчийн таамаглалаар бол газар хөдлөлт, үер усны гамшгаас болж Шугийн улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлсэн байх магадлалтай. Ийм шалтгаанаар цаасан бичиг, баримтууд олддоггүй байх гэж таамаглаж болох ч ядаж чулуу, хаш, хана, хэрэм дээр сийлсэн үг, үсэг байхгүй нь нэн гайхмаар. Өөр нэг таамаглалаар бол эрт цагт египет, хятад, маргуш, ацтекууд өргөн ашигладаг байсан шиг Шугийн хаант улс бичгийн соёлгүй, харин зурган бичвэр буюу пиктограм хэрэглэдэг байсан. Сонирхуулахад, Саньшиндуйн музейд хадгалагдаж буй хүрэл, алтан багнуудыг судалж, шинжилснээр монголоид төрхөөс илүүтэй Ойрх Дорнодын соёл иргэншлийн антропологийн төрөлд ойр гэж дүгнэсэн байдаг аж. Гэвч үндэслэл муутай таамаглал гэх нь ч бий.
Тэгвэл нэр нь үл мэдэгдэх тус хотын туурийг “Дэлхийн ес дэх гайхамшиг” хэмээн албан бусаар нэрлэж, сурталчлах нь түгээмэл. Аялал жуулчлалын алдартай агентлаг, платформууд “Дэлхийн ес дэх гайхамшиг-нууцлаг Шугийн соёл иргэншлийн олдворууд” гэхчлэн танилцуулгадаа онцолсоор ирснээс гадна Америкийн “Тайм” зэрэг сэтгүүлээс нэрлэсэн “Дэлхийн хамгийн гайхалтай газруудын жагсаалт”-д Саньшиндуйгийн цогцолбор газар багтсан байдаг. Музейн шинэ байгууламжийг нээснээр энэхүү туурийг тусгайлан брэнд болгон, илүү хүчтэй сурталчилж байгаа аж.
Түүнчлэн Шугийн соёл иргэншлийг “Харь гаргийн” хэмээн тодотгож, сурталчилдаг нь хэтийдсэн том нүд, ам, хамартай хачирхалтай олдвортой нь, мөн эд өлгийн зүйлсийг зориудаар эвдэж, хэмхэлж булсан байдалтай нь холбоотой. Энэ нь мэдээж маркетинг. Нөгөөтэйгүүр, бичиг соёлын дурсгал олдоогүй нь ингэж “давсалж”, жуулчдыг татахад чухал зэвсэг болдог байх, нэгэн үе Египетийн пирамидуудыг харь гаргийнхан бүтээсэн гэж таамаглаж байсантай адил.
Ташрамд өгүүлэхэд, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нүсэр, чулуун байгууламж болох, МЭӨ 2600-2500 онд цогцлоож, Хеопс, Хафра, Менкаур хаадыг оршоосон Египетийн Гизагийн өндөрлөг дэх сац суваргууд дэлхийн эртний долоон гайхамшгаас өнөөдрийг хүртэл бүрэн бүтнээрээ үлдсэн цор ганц дурсгал. Хамгийн эхлээд матлага судалгаа хийсэн, фараон Хеопсын их пирамидыг бүтээн босгосон гэх нэг ч багаж, зэвсэг анхны болон дараагийн хэдэн малтлагаар олдоогүй түүхтэй. Үүний улмаас харь гаргийнхан, эсвэл ер бусын хүчээр бүтээсэн байх магадлалтай талаар шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглалуудаас эхлээд хачирхалтай онолууд хүртэл гарч байв. Гэхдээ лавтай харь гаргийнх биш гэдгийг батлах олдворууд дараа дараагийн малтлага болон техник, технологийн үр шимээр илэрсэн билээ. Энэ утгаараа 97 жилийн хугацаанд нууцаа бүрэн тайлаагүй, бичиг үсгээр илэрхийлсэн нэг ч “гэрчээ илчлээгүй” Шу улсын хотын туурийг агуу пирамидаас дутахгүй гайхашигт олдвор хэмээдэг бөлгөө.
ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД НЭР ДЭВШҮҮЛСЭН
Зэс, цагаан тугалгыг хайлуулан хольж хийсэн хүрэл зэвсэг, хэрэгслийн соёлоороо гойд анхаарал татдаг эртний Шу улсын соёл иргэншлийг илтгэх туурь, олдворуудыг хадгалдаг Саньшиндуй музейн цогцолборыг 2006 онд Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ. Ингэхдээ үүнтэй ижил Зинша туурь, завь хэлбэрт авсны олдворуудтай нэгтгэснийг 2013 онд “Эртний Шу улсын археологийн дурсгалт газрууд” нэрээр бүртгэж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны урьдчилсан жагсаалтад буй. Үндсэн жагсаалтаар албан ёсоор батлуулах бэлтгэл ажлыг 2021 оноос идэвхжүүлсэн талаар Хятадын Засгийн газрын албаны мэдээллээс харж болно.
Неолитын сүүл үеэс Хүрэл зэвсгийн үед оршин тогтносон Шу соёлын олдворуудын хэлбэр, дүрслэл, бүтэц, хийцлэлийг судлаачид урьд, хожид давтагдаагүй нэн өвөрмөц гэж тодотгодог. Ялангуяа алт, хүрэл баг, баримлуудын төрх нь ердийн хүмүүнийхээс өөр, аяганаасаа гарч бүлтийсэн нүд, урт далбагар чих, шанаа хооронд “сунасан”, нимгэн уруул. Зарим баг нь бүр хоёр хүний нүүрний хэмжээтэй дүйхээр том. Мэргэжилтнүүдийн таамаглалаар бол ийм дүр төрх нь шашин, шүтлэг, өвөг дээдэстэй нь холбоотой. Домог болон эртний Хятадын “Хуаяны тэмдэглэл”-д өгүүлснээр Шугийн анхны хаан дээрх багуудад дүрсэлсэн шиг жир бус төрхтэй байжээ. Мөн тэнгэртэй холбогддог тахилчдыг ер бусын чадвар шигээ содон төрхтэйгөөр төсөөлөн дүрсэлсэн байх магадлалтай. Ийм багийг тахилчид нь өвөг дээдсийнхээ сүнс, тэнгэр бурхадтай холбогдохдоо ашигладаг байсан гэдгийг музейн хөтөч олонтоо тайлбарласан. Яагаад нэг зүйлийг давтаж ярив гэхээр музейн танхимд залсан энэ төрлийн бүх олдвор ийм хачин төрхтэйн зэрэгцээ тууриас илрүүлсэн эд өлгийн зүйлсийн дийлэнх нь шашин, тахилгын үйлтэй холбоотой.
Ингээд бодохоор Шугийн хаант улс хэт шашинлаг байв уу, энэхүү хотыг тахилчдад зориулан тусгайлан босгосон уу, ард иргэдийг шүтлэгээр нь “барихын” тулд бичгийн сурвалжуудтай холбоотой зүйлсийг хаа нэгтээ нууж орхисон уу гэхчлэн элдэв “адын” таамаг толгойд эргэлдэж явлаа.
Хүрлээр цутгаж бүтээсэн тэнгэрийн ариун мод хэмээх баримал дэлхийн хэмжээнд энэ төрлийн археологийн олдворуудаас хамгийн өндөр буюу 3.95 метр бөгөөд дээд хэсгийг нь зориуд уу, эсвэл ямар нэг шалтгаанаар дутуу орхисон нь бас нэг оньсого гэмээр. Гурван үетэй, есөн салаа мөчир бүр дээр нь шувуу сууснаар дүрсэлсэн энэ модны их биеийг луу ороожээ. Үргэлж өөдрөгөөр бэлгэдэж, дүүлэн нисэж, асан бадарч буйгаар дүрслэгддэг “эрхэмсэг, ихэмсэг” луу Шу соёлд харин дээш биш, газрыг чиглэжээ. Уруудаж буй луугаар юу өгүүлсэн юм бол, 1986 онд тахилгын нүхнээс илрүүлсэн, хэмхэлж, эвдэлсэн (мэргэжилтнүүд олон жилийн турш эвлүүлэн сэргээн засварлаж танхимд залсан бөгөөд зориуд сүйтгэж булсан гэж үздэг) баримал, эд зүйлсийг бүтнээр нь булаагүйн шалтгаан юу сан билээ. Хэдийгээр олдвор бүрийн бэлгэдлийг хөтөч тайлбарлаж байсан ч энэ мэтээр ургуулан бодож, нэрээ “нууцалсан” хотоор аялж, элдвийг сониучирхан тольдох үнэхээр таашаалтай, басхүү хачирхалтай байлаа.
Археологичдын онцолсноор Шугийн тууриас илрүүлсэн алтан багууд гойд уран хийцтэй, мөн энэ төрлийн олдвор харьцангуй олон байсан. Дэлхийн хэмжээнд цэвэр алтаар цутгасан энэ мэт олдвор түгээмэл биш бөгөөд тийм ч олон байхгүй. Египет, Грек, Перу, Болгар, Төвд, Хятадын эртний оршуулгын эд өлгийн зүйлсээс гадна пирамид, туурь зэргээс олдсон алтан багийг хаад, язгууртнуудын сүнсийг хамгаалах зорилгоор бүтээсэн гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Ташрамд өгүүлэхэд, эртний соёл иргэншлүүдийн мэдээллийг энэ цаг үед “задалсан” археологийн үнэт олдвор болох алтан маскуудаас хамгийн алдартай бөгөөд эрэмбээрээ тэргүүлдэг нь Египетийн хаан Тутанхамоных. 10.2 кг цэвэр алтаар цутгаж, үнэт чулуунууд шигтгэсэн. Удаах нь Агамемноны баг, Микений соёлд хамаарах бөгөөд 168.5 грамм. Гуравдугаарт бичигдэх баг нь Саньшиндуй музейд хадгалагдаж буй Шугийн соёлынх.
Өмнөд хөрш- сурталчилгааны мастер
Монгол, Хятадын сэтгүүлчдийн XVI форумын хүрээнд олон газар, албан байгууллагатай танилцах завшаан тохиосон. Бүгдийг дэлгэрүүлэлгүй заримыг нь товчлон тоон мэдээллээр хүргэе. Ташрамд өгүүлэхэд, өөрийн юмыг тордож, өрөөлд байхгүйг нь “ашиглан” маркетенг хийдэг ухааныг хятадууд өргөн хүрээнд харуулж байна. БНСУ, Япон зэрэг улсын том компани, байгууллага бүр өөрийн түүхийг өгүүлсэн тусгай хэсэгтэй байх нь түгээмэл. Энэ нь байгууллагын соёлын нэг хэсэг бөгөөд Хятадын компаниуд ч энэ талаар онцгой анхаардгийг тусгайлан байгуулсан музей зэргээс нь харж болно.
• Хятад Улсын ӨМӨЗО-ы төрийн мэдлийн радио, телевизийн хороо 3000 гаруй ажилтантай. 76 жилийн түүхтэй бөгөөд хятад, монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэн телевизийн 8, радиогийн 9 сувгаар цацдаг. Уламжлалт аргаас гадна “Benteng Media” аппликэйшн, систем хөгжүүлж, ухаалаг утас болон цахим орчинд нэвтрүүлгүүдээ хүргэдэг. Жилд дунджаар 5 тэрбум мэдээлэл түгээдэг. Олон улсад “Mongolia satellite TV” хэмээгддэг “Одон” телевиз нь Ази, Номхон далайн бүсийн 53 улсад нэвтрүүлгээ хүргэж байна.
•“Өвөр Монголын өдрийн сонин”-ы хороо нь 25 төсөвт байгууллага, үндсэн орон тооны 847 ажилтантай. Бүрэлдэхүүнд нь 4 сонин, 1 сэтгүүл, 3 вэбсайт, гар утасны “Тал нутгийн үүл”, “Хүлэг” гэсэн 2 аппликэйшн багтдаг. Гадаад сурталчилгаанд “Солонго” сэтгүүл, сонин, вэбсайт, аппликэйшнээ чиглүүлдэг.
• Ази, Европ тивийг холбосон хуурай замын тээвэр, ложистикийн хамгийн том зангилаануудын нэг Чендүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийн 137 хоттой холбогддог. Жилд 4 сая гаруй чингэлэг ачаа хүлээн авах хүчин чадалтай. Азийн хамгийн том чингэлэг өртөө гэгддэг бөгөөд нийт 31.7 ам километр талбай эзэлдэг.
• Тянь И Лаохао музей буюу Сычуаний Мианжу хотын эртний Жианнань гудамжинд байрладаг архи нэрэх үйлдвэрийн байгууламж Цин гүрний үед баригдсан, 1500 гаруй жилийн түүхтэй. 50 000 ам метр талбай эзэлдэг энэ газарт тус бүр нэг тонн жинтэй 23 000 шавар торхонд 60 хүртэл градустай Хятадын үндэсний нэрмэл байжюг уламжлалынхаа дагуу эрдэнэ шиш, тутрага, буудай, арвай зэрэг үр тариаг исгэж, нэрээд хадгалж байна. Тянь И Лаохаог 2006 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд нэр дэвшүүлэх жагсаалтад оруулжээ.
• Хятадууд аварга пандаг мөхлөөс гэтэлгээд зогссонгүй, олон талаар сурталчлан таниулахын зэрэгцээ зөвхөн Хятадын гэх соёлын харилцааны суваг бий болгожээ. “Панда дипломат ажиллагаа”-наас эхлээд “Алтан панда” шагнал зэргээр улс орноо илүү таниулж, сурталчилж буй. Пандагаар дамжуулан Хятадыг тольдох нь өвөрмөц маркетинг аж.
Жишээ нь, 2023 оноос эхлэлтэй “Пандаг ажиглахуй” (Panda wandering) нэвтрүүлгийг брэндээ болгосон Сычуаний радио, телевизийн хороо Австрали, Англи, Араб, Египет, Орос зэрэг улсын сошиал нөлөөлөгчидтэй хамтран ажилладаг. Соёлын дипломат ажиллагаа гэсэн үг. Нэвтрүүлгийн хөтлөгч нь хиймэл оюунт, “Бэйбэй” нэртэй панда. Хулсны баавгайн уугуул нутгийн соёл, уламжлал, онгон байгалийг таниулах зорилготой “Пандаг ажиглахуй”-г дэлхийн 125 бүс нутагт англи, хятад зэрэг 11 хэлээр түгээдэг.
Өөр нэг сурталчилгаа бол олон улсын кино, телевизийн соёл, урлагийн наадам “Алтан панда”. Хоёр жил тутам зохион байгуулж, 4 төрлөөр шилдгүүдийг тодруулдаг наадам шүүгчдийн тусгай шагнал зэрэг нийт 27 шагналтай. Номинациас хамаарч 75 000 хүртэл юанийн шагналтай.
•Чэндү хотод байрладаг Сычуань их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлгийг 1907 онд Канадын шүдний эмч Эшли Вудворд Линдсей байгуулжээ. Улсын шүдний эмнэлгийн шанг татсан энэ байгууллага 1917 онд Баруун Хятадын холбооны их сургуулийн дэргэд шүдний сургууль байгуулсан нь мөн л Хятадын түүхэн дэх анхдагч. Улсдаа тэргүүлэгч бөгөөд дээд зэрэглэлтэй эмнэлэг эмчилгээний иж бүрдэл 300 гаруй сандалтай, мөн тооны хэвтэн эмчлүүлэх ортой. 10 секундэд 179 хүртэл анатомийн тэмдэглэгээ хийж, оношилгоонд ашигладаг зэрэг өндөр технологийн төхөөрөмжүүдээр өвч тоноглосон энэ газарт жилд дунджаар 2000 гаруй гадаад өвчтөн хүлээн авч, хиймэл суулгац, нүүр ам, эрүүний мэс засал, гажиг засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг.