Италийн Ром хотод зохион байгуулсан Дэлхийн хүнсний форумын үеэр хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйг алдаршуулах ёслол боллоо. Энэхүү хүндтэй номинацад Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутай” хоршооны тэргүүн Г.Алтанцэцэг Монгол Улсаас шалгарч, дэлхийн 100 эмэгтэй алдартны нэгээр тодров. Түүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас нэр дэвшүүлжээ. Энэ нь манай орны малчин эмэгтэйчүүдийн манлайлал, уламжлалт аж ахуйн мэдлэгийг орчин үеийн менежменттэй хослуулан хөгжүүлж буй туршлагыг олон улсад өндрөөр үнэлсэн чухал үйл явдал болов.
Дарви сум ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой байнга тулгардаг бүс нутаг юм. Г.Алтанцэцэг нь орон нутгийн малчдыг хамтын зохион байгуулалтад оруулж, уламжлалт мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ажил санаачлан хэрэгжүүлж иржээ. Тэрбээр өмнө нь Ардын жүжигчин Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит соёлын төвд номын санчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө 90 орчим малчин өрхийг нэгтгэсэн “Баялаг Сутай” хоршоог тэргүүлж буй. Тус хоршоо нь Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон “Сутай” хонины үүлдрийн генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийг сайжруулан, ашиг шимийг нь дээшлүүлэх замаар малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг юм байна.
У.Цэцэг