Улсын циркийн уран бүтээлчид энэ жил циркийн сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орсон хэдий ч өөрийн гэсэн байргүй, явуулын майханд бэлтгэлээ хийж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний энэ байдалд төр засгийн зүгээс "Улсын цирк засварт орсон. Хуучин цирк буюу Дайшчойлин хийдийн дуганд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл шинээр цирк байгуулах төсөв мөнгө байхгүй гэсэн хариу өгдөг" гэдгийг уран бүтээлчид мэдээллийн эхэнд онцлон хэлэв.
Үргэлжлүүлэн уран бүтээлчдийн зүгээс "Циркийн урлаг өөрийн гэсэн стандартын нарийн тоног төхөөрөмж, барилгатай байх ёстой. Үе үеийн циркчид дэхийд энэхүү урлагаар нэрээ гаргаж байна. Тухайлбал, манай циркийн сургуулийн төгсөгчдийн 97 хувь гадаадад ажлын байраар хангагддагаас бидний сургалтын чанар ямар хэмжээнд гэдгийг харж болно.Энэ жил циркийн сургууль байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна.
Өмнөх хэдэн сар цар тахлаас болж төлөвлөсөн олон ажлууд маань дотоод үйл ажиллагааны чиглэлээр явсан.Одоо харин төр засгийнхаа шийдвэрийн дагуу иргэдэд нээлттэй байдлаар тоглолтуудаа хүргэнэ. Циркийн урлаг гэдэг тусгай орон зай, техник тоног төхөөрөмж шаарддаг учраас нэг өрөөнд ороод хийж болдоггүй. Гэхдээ сургуулийн төгсөгчид маань зүтгээд явуулын асар барьснаар бид үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулж байна" хэмээв.
Мөн уран бүтээлчдээс Циркийн сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазарын охин Нарантуяа "Жар гарсан би циркийн сургуулийн жил бүрийн ойн арга хэмжээнд оролцож ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл ийм гунигтай байдалд орж үзээгүй. Циркийн уран бүтээлчдийг ийм байдалд арчаагүй байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна. Бид өөрсдөө байгуулсан зүйлсээ нурааж байгаагийн тодорхой нэгэн жишээ энэ юм. Мөн циркэд засвар хийж байгаа гээд л байгаа юм.
Чухамдаа циркийнх нь зориулалтаар засаж байгаа юу, өөр зориулалттай болгож байгаа юу гэдгийг мэдэхгүй байна. Урд хэсгээр нь худалдааны газрууд болсон байсан. Худалдааг хаана ч хийж болно шүү дээ. Харин циркийн зориулалттай барилга бол барихад хэцүү. Бид барилга булаацалдаад байгаа юм биш шүү. Циркийн уран бүтээлчид, циркийн урлагийн асуудал яригдаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.
Түүнчлэн улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас Циркийн сургууль болсон юм. Тиймээс энэхүү хэвлэлийн хурлаараа дамжуулан улсын циркийг буцааж төрийн өмчид авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд 80 жилийн ойн тоглолтоо энэ сарын 10,11-ны өдрүүдэд явуулын асартаа хүргэнэ гэв. Тус явуулын асар нь 600 хүний суудалтай байна.