
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн багш, судлаачид, Дундговь аймгийн музейн мэргэжилтнүүд хамтран “Умард говийн хүннүчүүд” сэдэвт судалгааны төсөл эхлүүлжээ. Археологичид өдгөө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт малтлага хийж байна.
Хүннүчүүд зөвхөн Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар нутаглаж байсан гэдэг ташаа мэдээлэл, дүгнэлтийг говийн бүс нутагт хийсэн малтлага, судалгааны үр дүнгүүд үгүйсгэсээр иржээ. Түүхч, археологичдын тогтоосноор Хүннүгийн түүхэнд холбогдолтой түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн зарим гол мөрөн, уул нуруу одоогийн Их говийн ар бие, Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутагт бий гэж үздэг. Тэгвэл “Умард говийн хүннүчүүд” судалгаа нь энэ маргаантай асуудлыг түүхэн баримтаар эцэслэж, Умард Хүннүгийн түүхэн газар зүй, говийн бүс дэх археологийн дурсгалуудыг илрүүлэн шинжлэх, тухайн бүс нутаг дахь соёлын өвийг хамгаалах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой гэнэ.