“Хүйтэн ус залгилаад, хүйтэн хүн уйлнам. Зуны шөнө, усан бороо, зузаан уруул “Зуун жилийн ганцаардал”-ыг уншнам.
Үгс хөөрнөм. Үнс үнэн чанараа үйрүүлж Давлагаанд цохиулсан эргийн элс мэт норном”.
Орчуулагч, редактор Э.Цогзолмаагийн “Шөнийн гүн, таг дуугүй” бүтээлийг “Өнөөдөр” сонин “Уран зохиол” буландаа онцолж байна.
Энэ нь түүний яруу найргийн анхны түүвэр юм.
***
Минь, чинь, тань
хамгийн зэвүүцэх болсон хамаатуулах нөхцлүүдийг
миний дэргэд битгий хэлээч гэж гуйя, чамаас
мэдэхгүй, хэрэггүй л бол
мэнд солих, үг дуугарах, санаа тавихыг
эелдэг харилцаа гэж бодохгүй байна.
Жихүүцэм дүнсгэр, ганцаардал дунд
жишимгүй суухад
чимээ аниргүй, нам гүм л
чихэнд амар, аятай таатай.
Чи, би тэгэхээр юуг ч ярилцаагүй нь л
Үнэнээсээ эетэй санагдана.
***
Чи бол миний цорын ганц хана
Би бол чиний мөнхийн хоригдол.
Чимээгүй ярьж, хүрэлгүй тэвэрдэг
Чиггүй алс, өрнө.
Яавал бид нисэх вэ?
Яаж би чам шиг амьдралаас ангид
Яарамгүй, зовуурьгүй амгалан орших вэ?
Оюун санаа судас шиг
Оволзон лугшиж,
Одоо нэгэнт хайраас өөр хүч тэнхээгүй болжээ.
Одод оо, шөнө өө!
Өө, миний Бенингтон!
Орчлон ертөнц хоосон юм гэж үү.
***
Эмзэг уяхан, уйламхай
бас тунимхай, чиний
энэ л занд татагджээ.
Хожим, хагацаж чадахгүй болтлоо
хоргодох болсон гэхээр
чи л миний хүч тамир байж дээ.
Элэн халимаар, эсвэл хөшөө мэт гацчихмаар
Эргэлзээтэй, уйт өдрүүдэд
Тэсгим хүйтэн, тэсрэм халуунд ч
Тэмтрэгдэр зүрхэнд чи л, тэлэн агшиж байв даа.
Тэглээ ч бид хослоогүй
Тэврэлдэн уйлж, сэтгэлээ хоослоогүй ээ
Тэвчих юм л нэгээр нэмэгдсэн.
Тэгээд, мөнхөд хөндүүрлэх зовлонтой л болсон.
Үе үе үзэж далд хийгээд л, үүр шөнийн нулимс гашуурахад
Урамгүй, үнэмшимгүй амьдралд дасахад
Түүнийг, хайр гэж мэдэх гунигтай.
***
Цас
Амьдралдаа хэчнээн удаа гэрээслэл бичсэнээ санахгүй нь.
Адгаж цөхөөд, тэвчээргүйдээ л
сүүлчийнх гэж итгэн
Аминчлан шинийг бичиж сууна.
Анх хэзээ өөрөөсөө гутсанаа
Амьдралаас сайн сайхныг хүлээхээ больсноо
Бас л санахгүй байна.
Ахиад цас бударна
Амьд явах ичгүүртэй санагдана.
Хэзээ миний булшин дээр, хэдэн өдрөөр
ийм цас унах бол
Хэн нь намайг санаж бэтгэрэн уйлах бол
Цасан дээр цус л их ялгуун харагддаг сан
Хэн нь ийм цаснаар амиа тэвчих бол
Хэзээ бүгдийнх нь уйтгар
Бүрхсэн их цасанд даруулах бол.
***
Амьдралынхаа нэгэн шөнийг би зүгээр л
хэвтэж өнгөрөөлөө
Эргэж хөрвөөсөн ч үгүй тааз гөлрөн мэгшиж
Исгэрээ хүйтэн өвлийн шөнө, урт санагдсангүй.
Үүр хаяарч, үйрмэг сэтгэлээ сорчхоод
Маргааш ч бас, зүгээр л уншиж өнгөрөөнө
Нөгөөдөр харин уншсан номоо ухаан жолоогүй орчуулж
Цаад өдөр нь уйтгарлаж, бас л үйж
Тэгээд хавар болтол уншиж, уйтгарлаж, уйлж, орчуулж
Дахиад нэгэн жил амьдрахаар болж байна, би.
***
Энэ зүдсэн романыг орчуулж сүүлчийн цэгээ хатгав
Эгцэлж таныг зүрхлэн ширтэж дурлаж орхисон
Эрмэг үдшээ дурслаа.
Ингэж л өвчин минь эхэлж, зүрх сэтгэлээ сүлбэж орхисон сон.
Таныг санахаар дандаа л толгой өвдөнө Сэтгэлд хяруу унана
Чангахан шиг өөрийгөө ороолгомоор болно
Өвдөөгүй зовоогүй, өдөр бүрд би амьдраагүй шиг санагдана
Өдөө зулгааж, өдөр бүр амьд явна.
***
Хүйтэн ус залгилаад, хүйтэн хүн уйлнам.
Зуны шөнө, усан бороо, зузаан уруул
"Зуун жилийн ганцаардал"-ыг уншнам.
Үгс хөөрнөм.
Үнс үнэн чанараа үйрүүлж
Давалгаанд цохиулсан эргийн элс мэт норном.
***
Үдшийн бүрий, нөмрөхөд
Уйллаа
Завж хэнхдэг дотуур цэл хүйтэн ус мөрөн урсана.
Урссаар эхэр татахад хорсоно.
Үсээ үгтээж, хуссан ч
Үй түмэн үс буй биеэс минь ургаж
Сэтгэлээ хүүлсэн энэ үдэш
Сүүдэр минь ч надаас сэмэрч унана.
***
I
Чиний өмнө би хүлцэнгүй боол чинь болдог.
Чимээгүйхэн бөхөлзөж суугаад шүлгээ уншихыг нь сонсохдоо
Шуугиант орчлонгоос өөр ер бусын газраар тэнүүчилдэг.
Хөлийг нь угааж, хөлсийг нь арчиж
"Хүү минь, үр минь” хэмээн дуу алддаг.
Үүр цайтал чихэнд минь
“Үнэндээ би дөч хүрээд л үхнэ” гэж байн байн хэлэхэд чинь,
Үгүй ээ, та амьдарч дөнгөнө гэдгийг мэдэрдэг.
Миний эр зоригтон, урвагар дорой
Уушны газруудын бүгчимд дассан
Хүүхэн болгоны хүзүүнд хүрэлцсэн
Хэрмэл хүү минь!
Улаан шаргал үнэгхэн минь!
Өнөөдөр чи дахиад л
Орон гэртэй харилгүй лонх дэрлэж
хоносон уу?
Ороод ирнэ гэж хүлээх
Тархиа цууртал өвдөж
Нойргүй олон хонохоос ч
Долоон дор юм.
II
Шархирч туйлдсан сэтгэлээс
Шаналал, ганцаардлын үнэр сэнхийнэ.
Тартагтаа тулна, хоосорно, цөхөрнө
Даанч энэ бүхний хажуугаар улам хүснэ
Дуугаа хураана, доош унана.
III
Өө, хайрын өвчин үүгээр би үхэх нь гарцаагүй
Үлбэгэр дорой, арчаагүй энэ сэтгэлийн зовлон уу.
IV
Хамгийн хэцүү нь хайр сэтгэл
Хайр сэтгэл шүү!
Дуугүй дүнсгэр-би
Энэ өдрүүдэд амьгүй
Энэ өдрүүдэд амьгүй.
***
Бүдэг тэнгэртэй сэрүүхэн, ийм өглөө л
Бурхад, нас нөгчигсөд, үхлийн тухай бодлууд хөвөрдөг сөн
Бусдаас содон, ганцаардмал, зожиг
Хэтэрхий дүнсгэр, хэнд ч гайхууламгүй амьдралаа
Хамсунаар төсөөлж явсан сан.
Та минь хаана, тормолзож яваа бол
Тамирдаж эцсэн, турж гүйцсэн харагдсан
Таны тухай ийм өглөө л тухтайхан бодно.
Сүүлд уулзаад салахдаа санаж дурсах олигтой уг хэлээгүй
Санаа алдаад л, газар ширтэж
Харц мөргөлдөхгүйг хичээж хамт алхахдаа өвдөг чичирсхийж
Хайртайгаа л нууж алхсан сан.
Уруй татаж, тэнгэр бүүдийжээ
Урьд юу ч хэлэлгүй үдсэн шигээ
Урт яриа өрнүүлсэн
Уярам дурсамж үлдээхгүй нь дээ, бас л.
***
Час хийх шиг дурсамжууд хатгуулж
Чамайг учиргүй тэвэрмээр болдог л юм.
Чанд хатуу л байж дээ, би.
Чамлаж, амьдралд тунирхаж
Гомдож, гол зурахад автаж
Гарцаагүй дурласан гэж итгэж явав шүү.
Ганцаар амьдарч дадаад
Гадарлаад байдаг болжээ, сэтгэлээ
Санах бүрдээ утас цохиж
Санаандгүй тааралдвал ч
Сандарч, тэвдэхээ больжээ
Сар өдрүүд гэвч
Саадгүй хурдан урсжээ
Сайхан даа, чамайг бодох.
***
Хэлэхгүй л бол боломгүй тэвчээр алдам үедээ
Хэрхэвч болохгүй шүү, түүнийг зорьж
Хэрэггүй ээ, хүлээ, азна.
Хэн ч юм, юу ч юм тайтгаруулж
Хэзээ ч дурлаагүй шиг
Хэнд ч хатуурхаж, юуг ч сониучирхахаа больсон
Зөрүүд, ганцаардмал өдрүүдэд л
Зутарч, ганьхарсан өөртөө л
Зөвдөж үлдээсэн үгс зугаа болох вий.
***
Ижлээ олбол эндээс зугтана
Хаашаа ч яах вэ, бороо их ордог газар луу
Дараа нь, Норвег тэгээд Исландад хүрнэ
Хүү төрүүлнэ, хүйтнийг ч тэвчиж сурна.
Аав минь ганцаараа байх дуртай сан
Адилхан л байх даа гэж таамаглана.
Ажин түжинд сэтгэлээ түшиж суух таны
Ариун гунигийг цочоолгүй үлдээнэ.
Яг л Сапфо мэт шүлгээ уншихад нь
Салхи сэвэлзэж, цаг хугацаа амсхийнэ.
***
Бусдыг тэнэгээр нь дуудах бүдүүлэг хэрэг л дээ
Гэгээн минь дээ, гэхдээ.
Арьсыг нь тэмтэрч үзмээр
Ам хэлийг нь ажиглаж тогтмоор
Адын амьтас ч бий шүү, бий.
Мунхаг харанхуй, чалчаа, зайдан.
Мунагуудын дунд амьдрах
Тэнгэр минь, тэвчээрийг жинхэнэ барна шүү дээ.
Ичгүүргүй тэд
Инээх, худлаа уйлах, чанга ярих дуртай
Эвээргүй үг нь болхи, бодлогогүй доромж
Шүлэг ч бичүүлэхгүй
Шүүрс алдахад минь ч алиалж
Эмзэг сэтгэлийг чинь
Эрээлэлгүй дэвсэлнэ шүү дээ, дэвсэлнэ.
Улс төржинө,уншаагүй мэдээгүй юмаа
Буурьтай хүн шиг л бурна.
Буцах аргагүй болтлоо
Буруудсан амьтастай буу хална гээд төсөөл
Гомдмоор нь, өөрөөсөө тийм үнэр үнэртэх вий гэхээс л
Үсэрчихмээр шүү.
***
5 цаг 16 минут, тамирдан сулбайж зогслоо
Та хэдийн сэрүүн
Хувинтай нүүрсээ бариад гэр лүүгээ орно.
Холхид утаа замхрахад
Гэрт гал ноцож нүүрс цогшино
Халгамаар, сэтгэл энэ үед
Та надад ээнэг бүлээн ч, бэргэх ёстой төөнөсөн галын адил
Холын хүн шиг санагдана.
Хөглөрсөн ном, гаанс, хүүхнүүдийн оймс
Хөгжим, зурагт, сонин сэтгүүл аль ч үгүй амьдран суусаар
Өрөөнийхөө хоёр буланд өөд өөдөөсөө бид инээхчээ аядаж
Өрөвдөнгүй, нүдээ анивчих юм.
Зам за! Та аль гарагийн хүн бэ?
***
Бэх мэт гүн хар
Судас мэт нарийн
Зовлонт бараан үсээ би зоргоор нь тавилаа.
Ургахын хэрээр уулгамч
Ургахын хэрээр уйтан
Улаан нүдэт, цэнхэр цээжит
Урагшгүй эм болжээ.
Хоног өдрүүдийг барах гэсээр хоёр нүдээ ч шөргөлжээ
Хожимджээ, дурлал хүртэл сэтгэлийг торгоохгүй нь дээ.
***
Гэнэт ирсэн эрх чөлөө, яахаа мэдэхгүй хэсэг жийрхэнэ
Ном шагайна, уран төсөөлнө.
Сэмээрхэн төрөх энэ мэдрэмж үү!
Бодохын төдийд л цээж агдасхийнэ.
Аяа, үнэнхүү жигшүүртэй дэгсдүүлэл буюу
аль бүхнээ чамтай хуваах амьдралаас минь үлдэх юу бол?
Аяга нэрмэл, балчир нас apxar apхичид, суурины мануулууд л
явган суугаад сэржим өргөдөг сөн ямар ч гудиггүй уудаг сан.
Тэдний дунд нэг хүн хормойгоо чирээд л, холоос харахад ичмээр сэн.
Бүрэг дорой миний амьдрал ингэж
Бүтэлгүй, дээрэнгүй хүмүүсийн
Бүтэн нулимсан бөмбөлөг дотроос хага үсэрч харьдаг сан.
Чамд минь гэвч энэ амьдрал тохиогоогүй байтал
Хачин их зовлон даадаг сан.
***
Зургаа билүү долоотойдоо
Ээжийгээ хачин их санадаг байсан сан.
Зургаан гөлөгтэй тэнэмэл жингэрт үүр бариад
Хажуугаар нь шурган орж
Энд л хамгийн аюулгүй гэж итгэн
Эвхэрч, бээцийн өнждөг байв.
Тэгээд зүүрмэглэж орхино
Тэгэхэд л нуруунаас минь ямар нэг зүйл ургах шиг болсон
Тэр хэсэгтээ хөндүүр!
“Ээждээ л хүрэх сэн”
Энэ далиа дэвээд, дэвээд.
Ээж минь!
Хожим тэр, хос даль биш
Хоосон
Үхтэл минь дагах
Үгүйрэл, гансрал байж.
Үргэлж гунигладгийг минь андахгүй тэр
Үг холбох бүрийд нулимс зурна.