Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын хамтарсан “Найртай сайхан” уран бүтээлийн үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Монгол зургийн зураач Ш.Баатар нь 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргаснаас хойш 1997, 1998, 2019 онд Голланд, Франц, Өмнөд Солонгост өөрийн уран бүтээлүүдээ бие даан толилуулж байв. Эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлийг бүтээл бүрдээ гүн шингээдэг тэрбээр монгол зураачдын хамтарсан үзэсгэлэнгүүдэд олон арван удаа оролцож ирсэн бөгөөд түүний зургуудыгСан Франсиско хотын Азийн урлагийн музей болон дотоод, гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалж байдаг юм.
Тэгвэл МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайханы хувьд уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлуудаар эхэлж, орчин үеийн “хэллэг” бүхий чимэглэлийн аястай бүтээлүүдээ 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв. 1994 оноос дотоод, гадаадад дэлгэсэн монгол зураачдын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Өмнөд Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг оронд “Art work shop” үйл ажиллагаанд хамрагдаж иржээ. Тэрбээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг өөдрөг баясгалант өнгөөр илэрхийлдгээрээ онцлогтой.
“Найртай сайхан” үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн нийт 60 гаруй шилдэг зургийгдэлгэжээ. Тус тусын уран бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд ньчмөн багтаж байна. Монгол орны найртай сайхан зуны өнгө төрх хийгээд нүүдэлчдийн эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах сэтгэлгээ, гэр бүлийн хайр, халуун дулаан орчин, амар амгаланг гадаад, дотоодын үзэгчдэд мэдрүүлэх зорилготой эл үзэсгэлэн наймдугаар сарын 3 хүртэл олны хүртээл болно.
Г.САНСАР