Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн тавдугаар сарын сүүлчээр “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд “Эхийн алдар” одонг Төрийн ордонд өчигдрөөс гардуулж эхэллээ. Энэ жил “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14 486 ээжид олгох юм байна. Өчигдөр энгэрээ мялаасан ээжүүдийн олонх нь 34-39 настай байв. Хамгийн залуу нь 22 настай. Эл одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл, зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, одон авч буй эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг энэ оноос хоёр дахин нэмэгдүүлэн олгож буй. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн, нэгдүгээр зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 400, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн буюу хоёрдугаар зэргийн одонтой бол 200 мянган төгрөг тус бүр олгох аж. “Эхийн алдар” одонгийн журмыг өнгөрсөн хоёрдугаар сард “Эхийн алдар одон” болгон шинэчилж, нас барсан хүүхдийг тооцох боломжтой болгосон юм. Тодруулбал, тухайн эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг нь тооцохоор өөрчилсөн. Өнгөрсөн онд 11 294 хүн “Эхийн алдар” одон хүртсэн бол энэ жил 3092-өөр нэмэгдсэн байна.
Ч.Болор